П.Нямлхагва: МЗЭ-ийн нэр хүндийг доройтуулсан хүмүүсийн нэрийг зарлахад бэлэн

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 11 сарын 15

МЗЭ-ийн орлогч дарга, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч П.Нямлхагватай ярилцлаа.


-Зохиолчдын хоёр байгууллага нэгдээд нэг жил гаруй хугацаа өнгөрлөө. Нэгдсэн том төв болсноор ямар бодлого чиглэл барьж ажиллаж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал санаачилгаар зохиолчдын хоёр байгууллага нэгдсэн. Монголд социализм  байхгүй болж ардчилал бий болсноос хойш мэргэжлийн холбоодыг төрийн байгууллагуудын дэргэд хамтарч ажиллах түшиц байгууллага болгож ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Соёлын яам байхгүй байсан үед мэргэжлийн холбоод болох Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Монголын урчуудын эвлэл гэсэн гурван том салбарыг дэргэдээ авч төрөөс урлаг, соёлын бодлого явуулах түшиц байгууллага болгон ажиллаж байсан юм билээ. Гэсэн хэдий ч энэ байгууллагууд маань төрийн бус байгууллагын статустай. Ийм байдлаар явсаар нэг асуудал гарч ирсэн. Тэр нь юу вэ гэвэл Монгол Улс хүний эрхийн хүрээнд, өөрийнхөө ажил мэргэжлийн чиглэлээр ямар ч хүмүүс эвлэлдэн нэгдэж, ТББ, холбоод үүсгээд үйл ажиллагаа явуулах эрхтэй гэж хуульчилсан орон.

Энэ дагуу Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын чөлөөт зохиолчдын холбоо гэсэн хоёр байгууллага бий болсон. Тиймээс “Төрийн гол түшиц байгууллага нь хоёр үзүүртэй зүү шиг байгаад байна. Иймд нэгдэж нийлээд нэг мэргэжлийн том холбоо болж, Монголын утга зохиолын талаар төрөөс баримталж байгаа бодлого чиглэл, мөн зохиолчид дунд барих бодлого чиглэлээ нэг болгоод явъя” гэсэн санал санаачилгууд гарч зохиолчдын хоёр байгууллага нэгдээд жил гаруй болж байна.Өнгөрсөн жил “Болор цом” наадмаа хийсэн. МЗЭ-ийн үндсэн гол ажил, зохиолчдын байгууллагын гол тулгуур, ард түмэн хүлээж байдаг  гурван том ажил бол яруу найраг, үргэлжилсэн үг, хүүрнэл зохиолын наадам байдаг. “Болор цом”, “Утгын чимэг”, “Алтан Өд” буюу оны шилдэг бүтээл шалгаруулах наадам. Ард түмнийхээ дунд уламжлал болгон зохион байгуулж, үүгээрээ тухайн жилийн утга зохиолын өнгө төрхийг тодорхойлж явдаг. Ноднингийн “Болор цом”-ыг СТӨ-нд хийсэн. Өнгөрсөн 20-иод жилд цомын дараа гарч байсан янз бүрийн хэл ам гараагүй, ийм наадмыг бид хийж чадсан. Энэ чиглэлээр МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга Б.Ичинхорлоо нэг бодлого барьж байгаа нь “Болор цом”-ыг төв суурин газар буюу Улаанбаатарт хийж байя. Өмнө нь хөдөө орон нутагт утга зохиолыг сурталчлан дэлгэрүүлэх чиглэлээр “Болор цом”-ыг хөдөө орон нутаг руу гаргаж, хэд хэдэн удаа хийсэн. Энд нэг сөрөг үр дагавар анзаарагдсан нь  “Болор цом”-ын нэр хүнд ч унаж эхэлсэн. Доктор Ү.Хүрэлбаатар, Х.Батсуурь нар “Болор цом”-ын дараа “Болор цом бол борог өвс боллоо...” гэх мэт судалгааны томоохон шүүмжүүд бичсэн. Судлаачид төдийгүй ард түмний дунд нэлээд шүүмжлэлд өртөж эхэлсэн.

-Энэ юунаас болж байна вэ?

-Учир нь тухайн орон нутгаас  зардал, хөрөнгө, санхүүгийн дэмжлэгийг авч наадмаа хийдэг. Ингэхээр тухайн орон нутгийн  яруу найрагчийг “Болор цом”-д түрүүлгэх ийм хандлагууд гарч эхэлсэн. Үүнээс зайлсхийхийн тулд Улаанбаатар хотдоо хийж байя гэсэн шийдвэрт хүрч байна. Энэ бол “Болор цом”-ыг аль болох шударга болгож, ард түмний хүсэл бодлыг хангасан ийм наадам хийе гэсэн саналыг МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Б.Ичинхорлоо гаргасан хэрэг л дээ. Энэ дагуу өнгөрсөн жилийн “Болор цом” болсон. Энэ жил мөн ийм шугамаар явна. Энэ сарын 17-ныг дуустал шүлгээ аваад 26-ны өдөр Соёлын яамны “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд  СТӨ-нд “Болор цом”-оо уламжлал ёсоор зохион байгуулна. Соёлын яам хамтран ажиллаж байгаа. Одоогоор оролцогчдын шүлгүүдийг аваад эхэлчихсэн байна.

-Шүүгчдийн бүрэлдэхүүнд ямар шалгуур тавьж байгаа бол?

-Ноднин анхан шатыг  долоон шүүгч, таван утга зохиол судлаач, Яруу найргийн үндэсний төвийн хоёр төлөөлөлтэйгөөр  зохион байгуулсан. “Болор цом”-ыг шударга сайхан зохион байгуулах талаас хариуцлага хүлээж байгаа учраас Яруу найргийн үндэсний төвөөс төлөөлөл оролцуулсан. Хоёдугаар шат буюу тайзан дээр шүлгээ уншихад таван шүүгч шүүсэн. Утга зохиол судлал шүүмжийн үндэсний төвөөс мэргэжлийн зохиолч, судлаач, доктор, профессорууд шүүгчдийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Энэ журмаараа “Болор цом” наадмаа хийнэ. Аль болох тухайн жилд бичсэн шилдэг шүлгүүдийг шалгаруулах зорилт тавьж байна. Үүний тулд мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт, саналыг авах, үнэлүүлэх ийм л зорилгыг барьж байгаа.

-Өнгөрсөн жилийн “Болор цом” элдэв хэл ам, шүүмжлэлээс ангид, хүмүүсийн сэтгэлд хүрсэн  наадам болсныг шүүгчдийн бүрэлдэхүүнтэй холбож үзэж байна уу?

-Ер нь бол өмнө нь яруу найрагчид шүүж л байдаг, хүүрнэл зохиолынхон ч шүүж л байдаг. Дараа нь хэл ам гарч л байдаг. Нутаг орон, тал тохой татсан  гэх асуудлууд явж л байдаг байсан. Ноднин тийм зүйл гараагүй. Тэгэхээр “Болор цом”-ыг шударга сайхан хийхээр зүтгээд, тэмцээд хийхэд болдог юм байна гэсэн урам зориг авсан. Гэхдээ аливаа наадам гэдэг тэнд оролцсон хүмүүсийн гомдол тунирхал, хардалт сэрдэлт тасрахгүй л дээ. Хүн болгоны үзэл бодол, юуг хэрхэн хүлээж авах вэ гэхчлэн тэр мэдрэмжүүд  өөр өөр  шүү дээ.

-“Утгын чимэг” наадмын тов гарсан уу?

-Энэ жил  Монгол Улсын Төрийн гурван удаагийн шагналт, академич, Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн 115 жилийн ойд зориулан  “Утгын чимэг” наадмыг түүний  нэрэмжит болгон  арванхоёрдугаар сарын 10-нд  төрсөн нутаг Дорнод аймагт  нь хийхээр болсон. Матад сумын нутгийн зөвлөл хамтран ажиллаж байгаа. Шинэ он гараад МЗЭ-ийн 95 жилийн ой болно. Ой угтсан хоёр том ажлын нэг нь энэ юм. Дээр нь зохиолчдын хоёр байгууллага нэгдсэнээр гишүүн элсүүлэх журмаа  сая шинэчлэн баталлаа.

-Шинэ журамд ямар өөрчлөлт оруулсан бэ?

 -Өмнө нь хоёр ном хэвлүүлсэн, хоёр хүнээр батлан даалт хийлгэсэн, аль үндэсний төвд хамааралтай  байна, тэр төвөөсөө нэр дэвшиж орж ирж баталдаг байсан бол журамдаа өөрчлөлт оруулж, үүрэг, хариуцлагыг тодорхой болгож өгсөн. Шүүмж судлалын үндэсний төвөөс мэргэжлийн судлаачдыг гаргаж, тухайн  хүний уран бүтээл  МЗЭ-д элсэх шалгуурыг хангаж чадаж уу, үгүй юу гэдэг дүгнэлтийг гаргаж, түүнийхээ дараа Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж гишүүнээр элсүүлэх, эсэхийг шийдвэрлэхээр шинэ журамд оруулсан. Гишүүнээр элсэх  хураамж гэх мэт зүйлүүдэд жижиг өөрчлөлтүүд орсон. МЗЭ-ийн цахим хуудаст энэ мэдээллүүд нээлттэй байгаа. Хэн ч ороод танилцаж болно.

-Зохиолчдын байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагаа ямар чиглэлээр өрнөж байна?

-Зохиолчдын хоёр байгууллага нэгдэж нийлснээр ард түмний дунд уламжлал болгон явуулж ирсэн дээрх гурван том ажлаас гадна Монгол туургатны зохиолчдын уншлага, уулзалтууд, мөн гадаад харилцааг дээдэлж, дэлхийн  сонгодог зохиолуудыг  эх хэлнээ хөрвүүлэх, Монголынхоо зохиолчдын бүтээлийг гадаад хэлнээ хөрвүүлэх, үүгээр дамжуулан тухайн улс үндэстэнд улс орноо, үндэсний уран зохиолоо сурталчлан дэлгэрүүлэх ажлуудыг санаачлан зохион байгуулж  байна. Үүний хамгийн эхнийх нь Засгийн газар, Соёлын яамтай хамтарч Хятадын сонгодог зохиолыг монгол хэл рүү орчуулах, Монголын сонгодог зохиолыг хятад хэлэнд хөрвүүлэн, БНХАУ-д Монголын уран зохиолыг сурталчлан дэлгэрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Өнгөрсөн намар ОХУ-ын Буриад улсад болсон “Байгалийн уншлага, номын цамхаг” нэртэй соёлын форумд оролцоод ирсэн. Тэнд Оросын зохиолчдын эвлэлтэй хамтран ажиллах талаар санамж бичигт гарын үсэг зурсан. Үүгээр улбаалан хуучин социализмын үед Монголын уран зохиолын холбоо харилцаа ямар байсан тэрийгээ сэргээе. Монголын уран зохиолыг орос хэл рүү, Оросын сонгодог зохиолыг монгол хэлэнд хөрвүүлье гэж ярилцаж, энэ чиглэлээр хамтарч ажиллаж байна.

-Сүүлийн үед хувь хүний хөгжлийн болон чадавхижуулах сургалтууд олон болжээ. Гишүүд рүүгээ чиглэсэн, зохиолч, уран бүтээлчдийг хамруулсан ийм сургалт явуулдаг уу?

-Зохиолчдынхоо мэдлэгийг дээшлүүлэх, мэдлэг, мэдээллийг сайжруулах чиглэлээр сургалт, хөтөлбөрүүд гаргаж зохион байгуулаад явж байна. Залуу уран бүтээлчдэд Өрнийн болон Дорнын уран зохиолын лекц сургалт явуулдаг. Эхлэн бичигчдэд зориулсан сургалтыг МЗЭ-ийн гишүүн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Ц.Буянзаяа тэргүүтэй хүмүүс санаачлан МЗЭ дээр зохион байгуулаад явж байна. 

-МЗЭ төрөөс соёл урлагийн бодлого явуулах түшиц байгууллага атал ТББ-ын статустай байх нь учир дутагдалтай юм. Хэл соёл, монгол монголоороо байх өвийг авч явах чинь  том бодлого шүү дээ. Гэтэл төрөөс төсөв санхүүгийн дэмжлэг өгдөггүй. Зохиолчид сэтгэлээрээ, бор зүрхээрээ авч явна гэдэг  байж боломгүй биш үү?

-Төрөөс ямар нэгэн дэмждэг байхгүй. МЗЭ өөрийн өмч болох гурван давхар байшинтай.Энэ байшингийнхаа зарим өрөө тасалгааг түрээслээд, түүгээр нь цахилгаан, дулаан, ажил явуулж буй цөөн хэдэн хүнийхээ цалин хөлсийг өгөөд явдаг. Соёлын яамнаас,  тухайлбал “Болор цом”-д зориулсан тодорхой дэмжлэг хүсэх юм уу, түүнд нь дэмжлэг үзүүлэх гэх мэт зүйлүүд байдаг. Өөр юм байхгүй.

-Зарим зохиолч бие дааж  сан, холбоо гэх ТББ байгуулж, төсөл бичээд Соёлын яамнаас 100 сая төгрөг  авч хувийн юм хийгээд явдаг юм байна лээ. Зохиолчдын нэр барьж соёлын өв хулгайлж байгаа  нэр бүхий хүмүүс ч байдаг. Уг нь салбарын яам нь зохиолчдын байгууллагаа дэмжих зорилгоор тэр төсвөө МЗЭ-д өгч яагаад болдоггүй юм бол?

-Хуулиараа хувь хүн холбоо, эвсэл байгуулаад явах эрх нь байдаг учраас МЗЭ-тэй  адил түвшний ТББ-ууд олшроод байна. Үүнийг цэгцэлмээр байгаа юм. Би дээр хэлсэн, 95 жилийн түүхтэй Монголын мэргэжлийн зохиолчдын төвлөрсөн гол цөм байгууллага нь МЗЭ. Энэ байгууллага Монголын утга зохиолын бодлогыг бариад явдаг. Монголын нөлөө бүхий томоохон зохиолчдын нэгдсэн, эрхээ хамгаалуулдаг, уран бүтээлээ сурталчилж байдаг ийм л байгууллага. Гэтэл Монгол Улсын Үндсэн хууль болоод ТББ-ын тухай хууль, дүрэм журамд хүн бүр эвлэлдэн нэгдэж ТББ, холбоо байгуулах эрхтэй гэж хуульчилсан байдаг. Ингээд МЗЭ дундаас үзэл бодол таарахгүй юм уу, ямар нэгэн байдлаар гарсан хүн нэг гишүүнтэй  ТББ байгуулчихдаг. Тэгээд ийм урлагийн холбоо, тийм утга зохиолын холбоо байна гээд Соёлын яаман дээр төсөл хөтөлбөр бичээд гүйдэг. Гэтэл Соёлын яам нь мөн дүрэм журмынхаа хүрээнд ганцхан МЗЭ гэдэг мэргэжлийн холбоотой хамтарч ажиллана, бусад эвлэл, холбоотой хамтарч ажиллаж болохгүй гэсэн хууль дүрэм байдаггүй учраас Монгол Улсын хэмжээнд хэрэгжих боломжтой тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг нь дэмждэг. Жишээлбэл, “Номын соёлт ертөнц” гэж гарч ирээд Сүхбаатарын талбайд номын худалдаа гаргаад л. Энэ нь дэлгүүрүүдээр борлуулагддаг байсан зохиолчдын ном бүтээлүүдэд сайн ч талтай, сөрөг ч талтай болж ирсэн. Тэр дунд зохиолчид өргөнөөр хамрагдаж байна уу гэвэл үгүй. Тэр нь асар түрээслэдэг, төрөөс тэтгэмж авдаг ийм зүйлүүд байна. Ийм зүйлүүдийг МЗЭ дээр төвлөрөөд аваад явья гэхээр тухайн ТББ-ын тэргүүний нэр дээр Оюуны өмчийн газраар патентжуулаад авчихсан байдаг. Тэгэхээр ийм зүйлүүд хэн нэгэн сэргэлэн бөгөөд заль­жин хүний л идэш ууш болох гээд байна л даа.

-Сая бид бэлхэнээ харлаа шүү дээ, “Дорнын гэгээн аялгуу” гэсэн байх, нэг ТББ монгол туургатны яруу найргийн наадам зохион байгуулж, хятад ханз үсэгтэй өргөмжлөл өгсөн гэсэн шүүмжлэл, хэл ам гарсан. Аль нь мэргэжлийн холбоо, аль нь сайн дурынхан гэдэг  ялгарахаа байчихаар, тодруулбал, мэргэжлийн  бус хүмүүс самрахаар  ёс зүйгүй үйлдлүүд их гардаг, үүний бодит жишээ юм биш үү?

-Тэр хүмүүс эхлээд МЗЭ дээр орж ирсэн, хамтраад хийе гээд. МЗЭ-ийн бодлого, чиглэлтэй нийцэж байгаа учраас тэгье гэсэн. Тэгэхдээ гадаад, дотоодын ямар уран бүтээлчдийг урих вэ, энэ чиглэлээр Соёлын яам, Гадаад харилцааны яамтай харилцаа холбоотой байж, үнэхээр Монгол Улсын хэмжээнд монгол туургатны олон улсын наадмыг хийх бол томхон хийе гэдэг байр сууриас хамтарч ажиллая гэж амаар ярьсан. Гэтэл гэрээ  бичиг байгуулалгүй, эргэж холбогдолгүйгээр, амаар ярьснаа гэрээ гэж ойлгодог юм уу, “МЗЭ-тэй хамтарч ажиллаж байгаа, МЗЭ-ийн хийж байгаа ажил” гэж гадаад, дотоодын уран бүтээлчдэд  ойлгуулаад дураараа  хийчихсэн. Өвөрмонголын уран бүтээлчид гэхэд л “Бид Улсын дэсийн наадам гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хэмжээнд зохион байгуулагдаж  байгаа мэргэжлийн холбоо, төрөөс нь дэмжиж, түүний дор байгаа нэг ТББ санаачлаад явж байгаа юм байна гэж ойлгоод иртэл ийм наадам боллоо” гээд гомдол гаргаад явж байна.

Тэгээд юу болов гэхээр МЗЭ-тэй хамтраагүй байж лого, нэрийг нь ашиглаад, тэр бүү хэл Соёлын яам, Соёлын бүтээлч сарын нэр хүндийг ашиглаад зохион байгуулсан байгаа юм. Соёлын яам руу  би хэд хэдэн удаа ярьсан. Соёлын яам, Гадаад харилцааны яамнаас чиглэл авч байж олон улсын том наадмыг хамтраад зохион байгуулъя гэж. Монгол нутагт болж байгаа олон улсын наадамд хилийн гаднаас зочид, төлөөлөгчид ирж байгаа бол бид Гадаад харилцааны яамтай хамтарч ажиллах ёстой гэсэн хариу өгсөн. Гэтэл  тэр ТББ-ынхан өөрсдөө дангаараа хийгээд явсан. Мөн ханз үсэгтэй өргөмжлөл өгсөн гэх яриа байна. Хамгийн гол нь тэнд байр эзэлсэн нэр бүхий уран бүтээлчдэд Соёлын яамнаас шагнал орж ирэхээр шагналын чинь мөнгийг өгнө гээд дансыг нь аваад үлдсэн байх жишээтэй. Үүнийг би хардаж байгаа. Цэвэр залилангийн  хэлбэртэй юм боллоо гэж. Өөрөөр хэлбэл, энд ирж оролцсон өвөрмонгол зохиолчид байна, ирж чадаагүй тэндээ  үлдсэн нь ч байна. Гэтэл тэднээс бүгдээс нь татвар татаас авсан байгаа юм. Ингээд утга зохиолын нэрийг өөртөө наасан ТББ нэртэй дурын нэг хүний үйл ажиллагаа яваад эхлэхээр Монголын зохиолчдын нэр хүнд гадаад дотоодод юу болох вэ. Энд хуулийн ямар хариуцлага хүлээх вэ. Энэ асуудалд МЗЭ болон Монголын зохиолчдын мэргэжлийн байгууллагын удирдах шатанд ажиллаж байгаа хүний хувьд би шүүмжлэлтэй хандаж байгаа.

-Ер нь бол том, жижиг янз бүрийн яруу найргийн наадам энд тэнд болдог. 21 аймаг дахь МЗЭ-ийн салбар хорооноос зохион байгуулж байгаа наадмуудыг бол утга зохиолыг сурталчлах, “Болор цом”-ын оршил гэж ойлгосон. Бусдыг нь цаашид хэрхэн эмхэлж цэгцлэх вэ?

-Зохиолчдын хоёр байгууллага нэгдсэнээс хойш хөдөө орон нутаг дахь салбаруудаа идэвхжүүлж эхэлсэн. Бүгдийг нь хуулийн этгээд болгож, тэр аймаг дахь тийм салбар гэсэн тамга тэмдэгтэй, зохих түвшний хүмүүсийг нь томилж зохион байгуулалтад оруулсан. Энэ чиглэлээр хамтарч ажиллаж байгаа, хөдөө орон нутгийн салбаруудын маань хийж байгаа яруу найргийн наадмуудад бол МЗЭ зохион байгуулагчаар хамтран оролцож байгаа. Тухайн наадмыг шударга сайхан болгох үүднээс МЗЭ-ээс төлөөлөл, шүүгч  томилон оролцуулж байна. Шүлэг сонирхдог хүмүүс фэйсбүүкт групп байгуулаад, тэрийгээ ТББ болгоод, өөрсдөө яруу найргийн наадам хийгээд явж байгаа явдал  зөндөө байна. Ийм зүйлд МЗЭ шүүгч битгий оролц гэсэн шаардлага тавьж байгаа, энэ бол байгууллагын нэр хүндтэй холбоотой асуудал.

-ТББ байгуулаад Соёлын яамаар гүйж утга зохиолын нэрээр 100 сая хүртэл төгрөгийн дэмжлэг авч хувиараа юм хийж байгаа, эсвэл танай байгууллагын нэрийг барьж элдэв наадам зохиодог хүмүүсээ  МЗЭ цаашид  яах вэ?

-Шударга биш зүйл ер нь олон байна. Нэр бүхий яруу найрагч өөрөө хөрөнгө мөнгө босгож, яруу найргийн наадам зохион байгуулсан явдал гарсан. Яаж хөрөнгө босгосон гэхээр маш ноцтой. Нэг уран бүтээлчийнхээ автомашиныг ломбардад тавиулаад, тэр мөнгөөр нь яруу найргийн наадам зохион байгуулаад, өөрөө шүүгчдээ томилж, өөрөө уралдаад түрүүлж байсан шүү дээ. Ийм л зүйлүүд болж байгаа.

Жишээ нь, хөдөө орон нутагт нэг идэвхтэй нөхөр гүйгээд, тухайн орон нутгийнхаа том үйлдвэр, компаниар ивээн тэтгүүлж яруу найргийн наадам зохиогоод өөрөө түрүүлж байсан. Ийм асуудлууд юунаас болов гэхээр энэ олон ТББ байгуулж, элдэв наадам хийж байгаа хүмүүсээс гараад байна. Тэгэхээр энэ зүйлүүд болдгоороо болж л байг, шударга бус зүйлд ард түмэн дургүй. Аяндаа цэгцрэхийн онолоор тэр ТББ-ууд шударга бусаар наадам маягийн юм хийгээд, хүмүүс шүүмжилж, эсэргүүцэхээр болих биз. Хамгийн гол нь мэргэжлийн холбоо МЗЭ шударга үнэний талд зогсож, өөрсдийнхөө зохион байгуулж байгаа наадмыг л шударга хийх ёстой. Тийм учраас сая “Дорнын гэгээн аялгуу” ТББ-ын зохион байгуулсан наадамд бид албан ёсоор мэдэгдэл гаргасан. Манайхтай хамтарч ажиллаагүй,  бидэнтэй холбоогүй шүү гэж. Гэтэл дотооддоо бид  ингээд мэдэж болох ч гаднаас ирсэн уран бүтээлчид маш гомдолтой буцаж байна шүү дээ. Өвөрмонголоос  олон уран бүтээлч ирсэн, зарим нь ирж чадаагүй. Тэд гайхаж, зохиолчдоос нэг ч хүн ирсэнгүй, нэг ч үзэгч ирсэнгүй, юу болов гээд гайхаж гомдож буцсан. Ийм учраас энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад гомдол гаргана, шалгуулна. Нэг хүн зохиолчдын байгууллагын нэр хүндийг ашиглаж, би ийм сайхан яруу найргийн наадам хийх гэж байна гээд томоохон компани дээр очиж ивээн тэтгүүлээд, хөрөнгө санхүүг нь өөртөө наах гэсэн ашиг сонирхлын зөрчилтэй зүйл яваад байна шүү дээ. Ер нь бол цаашид давхар гишүүнчлэлийн асуудлыг байлгамааргүй байгаа юм. Гэхдээ энэ бол миний хувийн бодол. Удирдах зөвлөл дээр болохоор уран бүтээл хүний эрх учраас халдаж хамаагүй цэгцэлж болохгүй гээд байгаа. Гэсэн хэдий ч би нийт уран бүтээлчдийн дунд санал асуулга явуулна. Нэг хүн МЗЭ-ийн гишүүн, дахиад “Дорнын гэгээн аялгуу” ТББ-ын гишүүн гээд хоёр байгууллагын гишүүн байж болмооргүй байна шүү дээ. Тэгээд аль ашигтай талд нь үйлчлээд явдаг. “Дорнын гэгээн аялгуу” ТББ нь хөрөнгө мөнгө сайтай бол тэнд үйлчлээд, МЗЭ нь мөнгө төгрөггүй бол цаашаа хараад явчихдаг байж таарахгүй. Тэгэхээр давхар гишүүнчлэл байж болмооргүй. Жишээ нь, улс төрийн намууд ч гэсэн эвлэлдэн нэгдсэн ТББ-ын зарчмаар үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Ардын намын гишүүнийг Ардчилсан намын гишүүнтэй давхар хийгээд явдаггүй биз дээ. Гэтэл зохиолчдын дотор давхар гишүүнчлэлтэй хүн зөндөө байна. Иймд нэг талдаа гар гэдэг шаардлагыг тавимаар байгаа юм.

-Соёлын яам руу утга зохиолын нэр барьж  төсөл бичиж, танил талаараа  авдаг хүмүүс хулгай хийж байгаатай  адил. Лавшруулбал  авлигын асуудал ч гарч мэднэ. Ийм юм зөндөө дуулддаг. Та ч бас сонссон байх. Ийм байж болохгүй биз дээ, МЗЭ гишүүддээ энэ талаар шаардлага тавьдаг уу?

-Ер нь бол “Болор цом” ийм тийм болсон гэх шүүмж, зальжин аргаар МЗЭ-д элсчихлээ гэх дургүйцэл, эсвэл МЗЭ-ийн шагналыг арга залиар авлаа, авьяастай хүнд өглөө, авьяасгүй хүнд өгчихлөө гэх хэл ам байнга гарч байдаг. Энэ бүхний цаана тодорхой түвшинд, тухайн үедээ МЗЭ-ийн тодорхой түвшний албан тушаал дээр байсан мэргэжилтэн, бодлого зохицуулдаг ийм хүмүүсийн алдаа эндлээс гарсан шүүмжүүд ч бас байна. Тодорхой баримтууд ч бас байгаа. Шаардлагатай гэж үзвэл, би энэ түвшинд хүртлээ ард түмний дунд МЗЭ-ийн нэр хүндийг доройтуулсан хүмүүсийн нэрсийг зарлахад ч бэлэн байна. Жишээ нь, Өвөрмонголд очоод Д.Нацагдоржийн шагнал гэж Д.Нацагдоржийн зурагтай тэмдгийг өвөрмонголчуудад зараад явж байсан тохиолдол гарсан. Энэ уран бүтээлчид өөр хоорондоо бүгд найзууд, нүүр нүүрээ харангуутаа “миний найз” гээд явдаг. Далдуур бие биенийхээ тухай энэ мэтийг  яриад явдаг. Энэ бүхнийг цэгцэд оруулах шаардлага бий. Ийм хүмүүст хариуцлага тооцъё гэхээр гэнэт Нямлхагва гарч ирээд тэр ч уран бүтээлчийг минь  ад үзлээ, ингэлээ гэдэг.

Жишээ нь, шагнал зарсан хүнд хариуцлага ярихаар гэнэт  бүгд нөгөө хүнийхээ талд гарч тэглээ, ингэлээ, гадуурхлаа, тэрэн шиг авьяастан байхгүй, энэ шиг гайхамшигтай хүн байхгүй гээд унадаг. За, больё, хүнтэй муудаад яах вэ гэхээр ингэж ч болохгүй байна, тэгж ч шударга бус юм хийлээ, хууль бус юм ингэлээ гээд унана. Сархад хүртэж алдаа эндэл гаргасан нэгэнд хариуцлага ярихаар “Гайхамшигтай авьяастай хүн рүү дайраад эхэллээ, ер нь зохиолчид нанчид хүртэж л байдаг шүү дээ, юун сүртэй юм. Хэзээ ийм болчихов, ийм байгаагүй” гээд өмөөрөөд туйлширдаг.

Энэ байгууллага дотор алдаа эндэл байвал тэрийг нь алга болгож, өнгөтэй өөдтэй юм байвал тэрийг нь зүлгэж өнгө оруулж, хамтдаа хөгжиж, улс орныхоо  оюун сэтгэлгээний түүчээ  болоод явах боломж, эрх нь байгаа. Ийм байтал бид яахаараа өөрсдөө арагшаа чангаалдаад байгаа юм бэ гэдэг асуулт өөрийн эрхгүй төрдөг. Энэ дээр би хувьдаа шүүмжлэлтэй хандаж байгаа. Ноцтой асуудал ч байна, алдсан зүйл ч байна, мөн оносон зүйлүүд ч бий. Энэ бүхэн дээр дуугарч, нэг ёсондоо дуу хоолой нь болж, соён гэгээрлийн түүчээ нь болоод явах хэрэгтэй, ийм л  байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.114.80) 2023 оны 11 сарын 17

Янзын гоё байгаа юм байна. Хөгжлийнхөө оргилд хүрчээ.

0  |  0
зочин(66.181.181.147) 2023 оны 11 сарын 16

хогийн юмнууд их болж дээ ичмээр

1  |  0
S(59.153.112.82) 2023 оны 11 сарын 15

44DESH SEKSY ERTEI MERGJLN SEXSEER80955877

0  |  0
S(59.153.112.82) 2023 оны 11 сарын 15

SEKSDI90955877

0  |  0
зочин(66.181.166.196) 2023 оны 11 сарын 15

Монголын утга зохиол, даан ялангуяа яруу найраг бол бүрэн сүйрч дуусч байх шиг, түрүүчээсээ шоронгийн хадаас болоод эхэллээ дээ

0  |  0
Top