"ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ"-ыг хүүхдийн хоолноос эхлүүлье, Ерөнхийлөгч өө!

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 11 сарын 17

Монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх суурь асуудлын нэг бол хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх явдал гэдгийг жил хагасын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тодотгож байлаа. Тэрбээр хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулахыг Засгийн газар, УИХ-аас хүссэн билээ. 

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төрийн тэргүүний санаачилгаар "ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ"-ыг эхлүүлээд байгаа юм. Энэ нь ойрын таван жилийн дотор гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, "ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ" хийхээр төлөвлөсөн гэсэн үг. Үүнд, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, саримс, хүрэн манжин, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тосоор хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, цаашдаа элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэнээр хангах ажлыг эрчимтэй эхлүүлэхийг  уриалсан байдаг. 

Тэгвэл "ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ" чинь сургууль, цэцэрлэгийн хоолноос эхлэх юм биш үү, ЕРӨНХИЙЛӨГЧ өө.

Өнөөдөр сургууль, цэцэрлэгийн хүүхдэд өгдөг хоолны амт, чанар шаардлага хангахгүй байна. Хамгийн гол нь, хүүхдүүд тэрхүү хоолноосоо өдөрт авах ёстой аминдэм, илчлэг тэжээлийг авч чадахгүй байна. Энэ зовлонг хэдэн жилийн өмнөөс мэдэх ч, тэр хэрээр ярьж шүүмжилдэг ч өнөөг хэр нь анхаарахгүй, ярихаас хэтрэхгүй "ДҮЛИЙ ТӨР"-тэй явж иржээ. 

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө өдрийн 2475 төгрөг байна. Сургуулийн хүүхдийн хоолны мөнгө 1500-хан төгрөг байна. Хүүхэд авах ёстой шим тэжээлийнхээ 40 хүрэхгүй хувийг л авч байна гэх тооцоо хүртэл гарчээ. 

Монгол төрийн бодлогын цөмд МОНГОЛ ХҮН, МОНГОЛ ӨРХ байж ирсэн, цаашид ч байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал нь МОНГОЛ ХҮН бүрийн аюулгүй байдалтай шууд холбоотой. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх та "Хүнээ хамгаалъя, хүнээ хөгжүүлье гэвэл хүнсээ сайжруулах ёстой" гэж хэлсэн. 

Одоо бүгдээрээ Монголын хойч ирээдүй болсон ХҮҮХДҮҮДЭЭ ХАМГААЛЪЯ. Ингэхийн тулд "ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ"-ыг сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолноос эхлүүлцгээе.

Учир нь, “Эрхэт Монгол” медиа групп сар тутамд нийгэмд хүлээлт болсон нэг сэдвийг сонгон, тухайн сэдвийн хүрээнд олон талын эх сурвалжтай, тэнцвэртэй, асуудал дэвшүүлсэн, шийдэл хайсан мэдээ, сурвалжилга бэлтгэх зорилготой “Нэг сэдэв – Нэг сар” нөлөөллийн мэдээллийн хөтөлбөрийг эхлүүлээд байгаа юм. Энэ хүрээнд медиа группийн харьяа TВ8 телевиз, өдөр тутмын “Өглөөний сонин”, мэдээллийн Zindaa.mn сайтын редакц хамтран өдөр бүр тухайн сэдэвт хамаарах мэдээ мэдээлэл, ярилцлага, нийтлэл, зөвлөмж, хэлэлцүүлэг зохион байгуулж, хууль эрх зүйн орчин, иргэдийн болон салбарын мэргэжилтэн, шийдвэр гаргах түвшний эх сурвалжуудын байр суурийг цувралаар хүргэж байна. Энэ дагуу АРВАННЭГДҮГЭЭР САРД бид цэцэрлэг, сургуулийн хоол, хүнсний стандарт, шинэчлэлийн асуудлыг хөндөхийн сацуу “Үдийн цайг сүүтэй болгоё” сэдвийг онцлоод байна.

Энэ бол ганц бид онцолж, хөндөөд өнгөрөх сэдэв биш юм. Төр, засаг нь зайлшгүй анхаарах шаардлагатай, анхаарах ёстой ТОМ АСУУДАЛ юм. Бүр үндэсний аюулгүй байдал хөндөгдөх хэмжээний чухал зүйл гэдгийг зориуд тодотгох байна.

 Ганцхан жишээ дурдахад л олон зуун жилийн нүүдлийн мал аж ахуйн соёлтой, 70-аад сая малтай, сүү, сүүн бүтээгдэхүүнээрээ дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах нөөц бололцоотой манай улс өнөөдөр импортын хуурай сүүгээр хийсэн сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна. Түүн дотроо нялх нярай, бага насны хүүхдүүд эх орондоо үйлдвэрлэсэн шим тэжээлтэй сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж чадахгүй байгаа нь Монгол Улсын хүнсий үйлдвэрлэл, хангамж хэр эмзэг байгааг тодхон илтгэнэ.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.98) 2023 оны 11 сарын 20

ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮДИЙН ХООЛ ЗҮГЭЭР Л НОХОЙН ХООЛ ХҮҮХДҮҮД ГОЛООД ИДЭХГҮЙ ЗҮГЭЭР АМТГҮЙ ГУРИЛАН БООВ АРВАЙН ГУРИЛ УСАНД CААМРААД. ХӨЦ БУДАА ГУРВАЛЖИН БУДАА ГЭЭД ЗҮГЭЭР НОХОЙ ГАХАЙН ХООЛ ӨГӨХӨӨР ЯАЖ ХҮҮХЭД ИДЭХ ВЭ. Тэгээд өдөржин хоолоо идээгүй хүүхдүүдийн дархлаа яаж тэсэх юм бэ тэгээд ч ЦЭЦЭГЛЭГҮҮД ХҮҮХЭД УНТАХААР БҮХ ЦОНХ САЛХИВЧИЙГ ДЭЛГЭЖ ХАЯНА ТЭГЖ БАРАГ ХҮҮХДҮҮДИЙН ДААРУУЛЖ ХАНИАД ӨВЧИН ТУСГАЖ ЦӨӨХӨН ХҮҮХДҮҮДТЭЙ АЖИЛЛАХ АРГАТАЙ НӨХДҮҮД ДЭЭ.

0  |  0
зочин(66.181.189.102) 2023 оны 11 сарын 19

Маш зөв сэдвийг хөндөж бичсэн байна. Сургуулийн хүүхдийн төрөөс өгч байгаа хоолны мөнгийг 2 дахин нэмээд, цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгөний талыг эцэг эхчүүдээр төлүүлдэг болгож өөрчилмөөр байна. Цэцэрлэгийн хоолны мөнгө одоо байгаа 2450 төгрөг дээр нэмээд тйим мөнгийг эцэг эхчүүд нь гаргаад, хяналтаа сайн тавиад хариуцлагаа хүлээгээд явдаг болгоё.\n

0  |  0
Зочин(59.153.115.117) 2023 оны 11 сарын 18

Өөрсдийнхөө хүүхдүүдийг хулгайн мөнгөөрөө тансаглуулчдаг болхоор ардын хүүхдүүдийг үл тооношдээ бид ийм л дарга нэртэй хулгайчуудтай

2  |  0
Top