- Харилцаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрсэн гэв -
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Арабын нэгдсэн эмирт улс болон Саудын Арабд ажлын айлчлал хийлээ. Тэрбээр АНЭУ-ын Ерөнхийлөгч Мухаммед бен Заид Аль Нахайянтай уулзахдаа ОХУ болон АНЭУ-ын харилцаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрснийг онцолсон байна. Дараа нь Путин Эр-Риядад очиж, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бен Салман Аль Саудтай уулзав. Түүнтэй хэлэлцээр хийх үеэрээ Путин хоёр улсын улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа тогтвортой байгааг онцолжээ.
Оросын Ерөнхийлөгч Арабын орнуудын удирдагч нартай хоёр талт хамтын ажиллагаа, олон улсад яригдаж байгаа сэдвүүдийн талаар ярилцжээ. Түүнийг Абу-Дабид Мухаммед бен Заид Аль Нахайянтай уулзахаар газардсаных нь дараа тус хотын тэнгэрт Оросын төрийн далбааны өнгө зурайн АНЭУ-ын Агаарын цэргийн хүчний долоон онгоц ниссэн байна.
В.Путин “Ийм сайхан нөхөрсгөөр хүлээж авч байгаад талархаж байна” гээд “Өнөөдөр та бүхний байр суурийн ачаар манай хоёр улсын харилцаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрсэн. Бид байнга холбоотой байж, бие биентэйгээ хамтран ажилладаг” гэжээ.
Мөн АНЭУ бол Арабын ертөнц дэх Оросын худалдааны гол түнш юм гэдгийг хэлээд “Өнгөрсөн онд худалдааны эргэлт 67.7 хувиар өссөн бол энэ жил бүр ч их байх болов уу гэж бодож байна. Энэ өсөлт нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд ч мөн адил хамаарна” гэжээ.
Түүний хэлснээр хоёр орны аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагаа ахиж, газрын тос, байгалийн хийн салбарт хэд хэдэн төсөл хэрэгжиж, ОПЕК+ шугамаар хамтын ажиллагаа хийгдэж, хүмүүнлэгийн харилцаа хөгжиж байгаа аж. Мөн олон улсын тавцанд үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлж байгааг Оросын Ерөнхийлөгч онцоллоо. “АНЭУ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний хувьд дэлхийн нөхцөл байдлыг тогтворжуулахад асар их хувь нэмэр оруулж байна” гэж Путин онцолсон байна.
АНЭУ-ын удирдагч ОХУ болон тус улсын ард түмэнд хөгжил дэвшил, цэцэглэлтийг хүсэхийн зэрэгцээ хоёр орны харилцаа түүхэн шинж чанартай гэдгийг тэмдэглэв. “Сүүлийн жилүүдэд хоёр орон, ард түмний ашиг сонирхолд нийцүүлэн олон салбарт харилцаа идэвхтэй хөгжиж байна” гэж Аль Нахаян хэлсэн байна. Тэрбээр Путинд хандан “Хоёр орны харилцааг бэхжүүлэхэд таны хувь хүний үүрэг оролцоог би маш их үнэлж байгаагаа онцлон хэлмээр байна. Мөн АНЭУ бол Оросын эдийн засагт хамгийн том хөрөнгө оруулагч гэдгийг тэмдэглэхийг хүсэж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд газрын тосны бус салбарт оруулсан хөрөнгө оруулалт 103 хувиар өссөн байна... Энэ бол урьд өмнө хэзээ ч байгаагүй үсрэлт бөгөөд энэ нь Оросын эдийн засагт онцгой анхаарал хандуулж байгааг харуулж буй манай хоёр улс хоорондын харилцааны мөн чанар юм” гэжээ.
Эр-Рияд
Хэдэн цагийн дараа Владимир Путин тэргүүтэй Оросын төлөөлөгчид Эр-Риядад хүрэлцэн ирж, Саудын Арабын Сайд нарын зөвлөлийн дарга, Вант улсын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салман Аль Саудтай уулзжээ. Владимир Путин уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Орос, Саудын Араб нь улс төрийн хамтын ажиллагаа, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт маш сайн харилцаатай. Сүүлийн долоон жилийн хугацаанд харилцаа илүү хөгжиж, урьд өмнө хэзээ ч байгаагүй түвшинд хүрсэн” гээд үүнд хаан Салман бин Абдулазиз Аль Саудын онцгой гавьяаг тэмдэглэжээ. Эхлээд угсаа залгамжлагч хунтайж тэргүүтэй Саудын Арабын төлөөлөгчид Москвад айлчлах ёстой байсан ч нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас төлөвлөгөөнд зохицуулалт хийсэн байна.
Путин Мухаммед бен Салман Аль Саудыг Оросын нийслэл хотод айлчлахыг уриад “Гэхдээ бидний найрсаг харилцааг хөгжүүлэхэд юу ч саад болохгүй. Үнэндээ энэ бүс нутагт Арабын нэгдсэн эмирт улсад хийхээр төлөвлөсөн айлчлалаар ирсэн болохоор би таны урилгыг далимдуулан сүүлийн долоон жилийн хугацаанд харилцаа холбоогоо үнэхээр идэвхтэй хөгжүүлж ирсэн тантай болон бүх найз нөхөдтэйгөө уулзаж ярилцлаа” гэсэн байна. Хунтайж Москва хотод айлчилна хэмээн зөвшөөрчээ.
Москва, Эр-Риядын харилцаанд сүүлийн жилүүдэд эрчим хүч, хөрөнгө оруулалтын харилцаа, хөдөө аж ахуйн салбарт ихээхэн амжилт гарсныг Саудын Арабын Сайд нарын зөвлөлийн дарга онцлон тэмдэглэжээ. Нэгдмэл сонирхолтой олон сэдвийг олж, дэлхийн тогтвортой байдал, хөгжилд хүрэхийн тулд хамтран ажиллаж чадна гэв. Улс төрийн хамтын ажиллагаа, харилцан үйлдлийн ачаар тэд хэд хэдэн асуудалд эерэгээр нөлөөлж, Ойрх Дорнод дахь аюулгүй байдлыг нэмэгдүүлсэн гэжээ... “Бидний өмнө өргөн, том боломжууд байгаа бөгөөд үүнийг ашиглан бид дэлхийн бүх ард түмний сайн сайхны төлөө хамтран ажиллах боломжтой” гэж Мохаммед бин Салман Аль Сауд онцолжээ.
Агаарын “дагалдан”
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр олон улсын нислэгийн үеэр Төрийн тэргүүнийх нь онгоцыг Оросын цэрэг, сансрын хүчний дөрвөн “Су-35С” сөнөөгч онгоц дагалдан явсан байна.
Оросын сансрын хүчний “Су-35С” сөнөөгч онгоцнууд нь агаарын хөлгийн бүх нислэгийн замд агаарын дэмжлэг үзүүлсэн гэж мэдээлжээ.
Батлан хамгаалах яамнаас тодруулахад уг сөнөөгч онгоцнуудыг нэгдүгээр зэрэглэлийн нисгэгчид жолоодож, “Су-35С” онгоцыг цаг агаарын хүнд нөхцөлд, аадар бороо, ширүүн салхитай үед ажиллагаатай нисэх онгоцны буудлаас хөөргөсөн байна.
Оросыг тусгаарлах оролдлого бүтэлгүйтсэн гэв
Владимир Путины гадаад дахь ажлын айлчлалын өмнөхөн “Блүүмберг” агентлаг ОХУ-ын Ерөнхийлөгчийн Ойрх Дорнодод хийх айлчлал нь Барууныхны Оросыг тусгаарлах гэсэн оролдлого бүтэлгүйтсэнийг тодорхой харуулж байгаа талаар материал нийтэлжээ.
Путин Персийн булангийн хоёр гол гүрэнд айлчилж байгаа нь Орос улс тусгаарлагдаагүйн тодорхой шинж тэмдэг гэж тус агентлагийн ажиглагчид тэмдэглэсэн байна. Түүгээр ч барахгүй Москва ийм байдлаар Ойрх Дорнодод нөлөөгөө баталгаажуулах зорилгодоо хүрч, Америкийн уламжлалт холбоотон АНЭУ болон Саудын Араб гадаад бодлогоо тэнцвэржүүлэхийг эрмэлзэж байгааг харуулж байна гэж үзэх ажиглагч байгаа аж.
Үүний зэрэгцээ өчигдөр Москвад Путин болон Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раиси нарын хэлэлцээ болжээ. Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, Төрийн тэргүүнүүд хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн хөтөлбөрийг авч үзэхийн зэрэгцээ ирээдүйтэй хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд онцлон анхаарч, олон улсын болон бүс нутгийн гол сэдвээр санал солилцсон байна.
Сэтгэгдэл ( 2 )
Кремлийн авторитари дэглэм унаж сүйрэх эцсийн шатандаа аль хэдийн орсон.мөнгө,эрх мэдэлдээ дөрөөлөөд хэр удаан дэнжигнэж бгаад бүрмөсөн унах бол гэдэг нь зөвхөн цаг хугацааны л асуудал болсон.энэ орос улсад зохих хэмжээгээр демократи ардчилал үнэртсэн,солигддог төртэй болбол эргэн тойрны улсууд нь бага ч гэсэн нуруу тэнийх юм даа.
Арабууд бол инээж байгаад хутга шаадаг.Лалууд бол итгэж болохгүй хүмүүс.