ЭСРЭГ ТЭСРЭГ БАЙР СУУРЬ I Б.Ганхуяг хордсон, хордоогүй

2023 оны 12 сарын 08

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн ар гэрийнхэн "Монгол ньюс" мэдээллийн төвд өчигдөр /2023.12.07/ хэвлэлийн бага хурал зохион байгуулж, түүний биеэс хүнцлийн хор ихээр ялгарсан хэмээн мэдэгдэв. Уг мэдээллийн дараа Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын  461 дүгээр хорих ангийн ерөнхий эмч Г.Эрдэнэчимэг хариу тайлбар өгсөн юм.


"ШИНЖИЛГЭЭГЭЭР Б.ГАНХУЯГААС ХҮНЦЭЛ ИХЭЭР ИЛЭРСЭН НЬ САНААТАЙГААР ХОРДУУЛАХ ГЭСЭН ГЭМТ ХЭРЭГ"

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн ар гэрийнхэн "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгуулах үеэр түүний эгч "Ганхуягийн гэр бүлийнхэн 2023 оны арванхоёрдугаар сарын 5-нд нүүрсний сонсголд түүнийг оролцуулах саналыг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд, Түр хорооны дарга Б.Энхбаярт хүргүүлсэн. Гэвч нүүрсний сонсголд оролцох боломжгүй гэсэн хариу ирсэн. Энэ талаар өмгөөлөгчид нь албаны хүмүүсээс тодруулахаар явж байгаа байх. Монгол Улсад цагдан хоригдож байгаа, гэмтэй, гэмгүй нь шийдэгдээгүй энэ нөхцөлд ямар ч хүн эрүүл мэндээ хамгаалах, эмнэлгийн үйлчилгээ авах, эрүүл явах бүрэн эрхтэй гэж боддог.

2022 оны арванхоёрдугаар сарын 7-ноос хойш 461 дүгээр ангид хоригдож байгаа Ганхуягийн биеийн байдал энэ оны есдүгээр сарын 25-наас хойш огцом муудсан. Урьд нь даралт унах зэрэг эмгэг илэрч байгаагүй. Эхнэр болон гэр бүлийнхэн нь долоо хоног бүр эргэж уулздаг байсан.

Есдүгээр сарын 12-нд Ганхуяг шүүх хурал дээр ноцтой мэдээллүүд хэлсэн. Үүнээс болоод Ганхуяг ар гэр, өөрийг минь хамгаалалтад авч өгөөч, эрсдэл байхгүй бол үнэн бодит мэдээллийг энэ шүүхийн танхимд хэлэхийг хүсье гэсэн боловч прокурор болон бусад байгууллагаас боломжгүй гэсэн хариу хэлсэн. Энэ нь телевизүүдийн бичлэгт байгаа байх.

Улмаар есдүгээр сарын 23-нд Ганхуягийн даралт огцом унаж, толгой нь хүчтэй өвдөн их хэмжээгээр бөөлжиж, суулгаж муудсан. Энэ үед гэр бүлийн зүгээс 461 дүгээр хорих ангийн эмнэлэг, ШШГЕГ болон холбогдох байгууллагуудаас түүний биеийн байдлын талаарх тодорхой мэдээллийг өгөх хүсэлтийг өмгөөлөгчөөр нь дамжуулан хүргүүлсэн. Есдүгээр сарын 25-ны даваа гарагт өмгөөлөгч нь өөрийн биеэр очиж, уулзаж, биеийн байдлыг үзсэн. Бидний хүсэлтийн дагуу энэ өдрийн үдээс хойш эмнэлэгт хэвтсэн. Манай гэр бүлийн хүн тухайн өдөр хорих ангид очиж, эмчлэгч эмчтэй нь уулзахад биеийн байдал тогтворжиж эхэлж байгаа гэх мэдээллийг өгсөн.

Өмгөөлөгчөөр нь дамжуулан нарийн шинжилгээнд хамруулах, биеийн байдлын талаарх мэдээллийг үнэн зөвөөр явуулах хүсэлтийн байнга өгсөн боловч энэ бүхэнд биеийн байдал тогтвортой, ямар нэгэн эмгэг, зовуурьгүй гэсэн хариуг өгч байсан.

Аравдугаар сарын аравдаар бид ШШГЕГ-т Ганхуягийн хөл дээр их хэмжээний шарх үүссэн байна, арьс өнгөний эмнэлэгт үзүүлж, оношийг олж өгөөч гэхэд 461 дүгээр хорих ангиас биеийн байдал хэвийн, үзлэгээр биед гарсан ил шарх байхгүй гэсэн эмчийн тодорхойлолтыг авсан. Хорих ангийн эмч нар хүний биед ил шарх байхад шарх, сорвигүй хэвийн гэсэн мэдээлэл өгсөнд гомдолтой байна.

Ингээд хорих ангийн хяналт дор арваннэгдүгээр сарын 21-нд "Сонгдо" эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. "Сонгдо" эмнэлгийн эмч нар Ганхуягийн үс, шээс, цуснаас хүнд металл, хордлогын шинжилгээ авч хариуг өмгөөлөгчөөр нь дамжуулан бидэнд ирүүлсэн. Шинжилгээгээр түүнээс илэрсэн хүнцлийн хэмжээ 9.02, мөн хар тугалга байх ёстой хэмжээнээс их илэрчээ. Хүнцэл нь хүнд металлын хор юм байна. 461 дүгээр хорих ангиас энэ төрлийн шинжилгээг өчигдөр авсан, хариу нь ирээгүй байна.

Хүнийг ямар нэгэн байдлаар хордуулаад, цагдан хориод, цуснаас нь хүнцэл гэдэг хор их хэмжээгээр илэрч байгаа нь санаатайгаар хордуулах, санаатайгаар хүн алах гэсэн гэмт хэрэг гэж гэр бүлийн зүгээс үзэж байна" хэмээв.

Г.ЭРДЭНЭЧИМЭГ: ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР Б.ГАНХУЯГИЙН БИЕД ЗОВУУРЬГҮЙ, АМИН ҮЗҮҮЛЭЛТҮҮД ТОГТВОРТОЙ, ХОРДЛОГЫН ШИНЖ ИЛРЭЭГҮЙ

Уг асуудлаар Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газраас хариу тайлбар өгөв.

461 дүгээр хорих ангийн Ерөнхий эмч Г.Эрдэнэчимэг хэлэхдээ "Б.Ганхуяг 2022 оны арванхоёрдугаар сарын 7-нд анх цагдан хоригдсон. Тухайн өдрийн жижүүр эмч "биеийн эрүүл мэндийн байдал тогтвортой, амин үзүүлэлтүүд хэвийн, хоёр хөлийн шилбэнд хуучин харшлын сорвитой" гэж тэмдэглэн, хүлээж авсан байдаг.

Түүнд 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт гурван удаа, 401 дүгээр хорих ангийн эмнэлэгт нэг удаа, Интермед, Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, тусламж үйлчилгээг үзүүлсэн. Лабораторийн зургаа, багажийн шинжилгээнд гурван удаа хамрагдсан. Шинжилгээгээр эмгэг, өөрчлөлт илрээгүй. Өнөөдрийн байдлаар Б.Ганхуягийн биед илрэх зовуурьгүй, амин үзүүлэлтүүд тогтвортой, шинжилгээнээс гарсан өөрчлөлтгүй. Хордлого нь бөөлжих, гүйлгэх, ядрах, булчин сулрах, амин үзүүлэлтүүд хэлбэлзэх шинж тэмдгүүдээр илэрдэг. Одоогийн байдлаар амин үзүүлэлтүүд хэлбэлзээгүй. Хордлогын шинж тэмдэг илрээгүй байна.

Хөл гараар нь тууралт үүссэн гэх мэдээллийн дагуу аравдугаар сард арьс судлалын зөвлөх эмчийг авчирч үзүүлж, шинжилгээ өгүүлэхэд хордлогын шинж тэмдэг илрээгүй. Нарийн дүгнэлтийг Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгээс гаргана. Б.Ганхуягийн эрүүл мэндийн асуудалд шинжээч томилж өгөх хүсэлтийг тус хүрээлэнд энэ сарын 5-нд өгсөн. Хүнцлийн хувьд google системээс хайгаад үзэхэд Википедиа нэвтэрхий тольд хүний биед агуулагдах шаардлагатай хэмжээг 6.5-12.5 мкг хэмээн заасан байна. ДЭМБ-ын стандарт, удирдамжид хүнцэл бүхэл цусанд 10 мкг байдаг гэсэн учир 9.29 мкг нь хэвийн хэмжээнээс хэтрээгүй байна гэж үзэж байна. Эцсийн дүгнэлтийг шинжээч гаргана" хэмээн тайлбарлалаа.

ШШГЕГ-ын Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга, хурандаа Ч.Нэргүй "Монгол Улсад ял эдэлж байгаа хоригдол, хоригдогч нарын аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг ШШГЕГ хариуцдаг. Ял эдэлж, хоригдож хүмүүсийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хэвийн байгаа. 461 дүгээр хорих ангид  мөн адил хэвийн байгаа. Б.Ганхуягийн ар гэрийнхний өгсөн мэдээллийг няцааж байна. Хэн нэгэн гэмт хэрэгт холбогдоод хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагын нэр хүндэд ямар нэг байдлаар халдаж болохгүй. Баттулгын Ганхуяг гэдэг хоригдогчийн биеийн байдал хэвийн байгааг хэлье. Нүүрсний сонсголд түүнийг яагаад оруулахгүй байгааг шүүхийн байгууллага шийднэ. Цагдаагийн байгууллага хоригдогч Б.Ганхуягийн гаргасан өргөдөл, гомдлыг шалгаж байгаа" гэсэн юм.

Д.ОЮУН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Г(103.57.92.64) 2023 оны 12 сарын 08

бааш бааш

0  |  0
Top