Зууны манлай харваач, Монгол Улсын Гавьяат тамирчин, Үндэсний сурын харвааны Дархан мэргэн Шагжсүрэнгийн Даваахүүг “Өглөөний зочин”-оор урилаа. Тэрбээр Монгол төрийн их наадамд 40 сумнаас 40 онож өнөө хэр эвдэгдээгүй үнэмлэхүй рекорд тогтоосны зэрэгцээ улс, аймгийн цолтой шавь олныг төрүүлж, Үндэсний сурын харвааг хөгжүүлэх, дүрэм, техникийг шинэчлэн сайжруулах чиглэлээр ихээхэн ажил хийсэн юм.
-Монгол төрийн наадам Үндэсний сурын харваагаар эхэлдэг. Гэтэл эрийн гурван наадам дундаас сурыг дутуу үнэлдэг тал харагддаг нь ямар шалтгаантай вэ?
-Өнөөдрийн бодит байдал үнэхээр тийм харагддаг. Миний уншиж, харснаар эртний монголчуудын ахуй төрөлд энэ байдал яг эсрэгээрээ байжээ. Нотолгоо гэвэл Их эзэн Чингис хааны Чулууны бичээс хэмээх бодит түүхэн дурсгал юм. Тэнд монгол харваач Есүнгэ мэргэний суу, билиг, авьяас, чадварыг тод томруун, гайхамшигтай сайхнаар мөнхлөн үлдээсэн нь бий. “Чингис хааны өмнө Мухулай анд мэхийж " Таны ач Есүнхэ 335 алд газарт харваж түрүүлэв" гэхүйд их хаан "Ач Есүнхэгийн мэргэн сум намайг тэнгэрт хальсан Хасар дүүтэй минь учруулав. Миний дүү Хасар төрийн их бичгийг зохиолгож, бичиг эрдмийг дэлгэрүүлсэн билээ. Би дүүгээ мартахыг шахжээ. Монгол Улс үүнийг мартаж болохгүй. Түүний хүү, миний ач Есүнхэгийн 335 алд газарт харваж түрүүлсэн алдрыг эмтэршгүй бөх чулуун дээр элшгүй эрдэнэ монгол бичгээр сийлэн мөнхжүүлсүгэй хэмээжүхүй” гэж Чингисийн Чулууны бичгийг бүтээсэн түүхэд дурддаг.
Цаг хугацааны эрхээр өнөөдөр хүмүүсийн эрэлт, үнэлэмжээс шалтгаалж бөх, морь хоёр яалт ч үгүй харваачдаасаа илүү үнэлэгдэж, сонирхол татдаг боллоо. Уг нь эрийн гурван наадмаа адил тэнцүү, ижил түвшинд авч явах ёстой юм. Энэ гурван наадам тулгын гурван чулуу шиг салшгүй холбоотой, монгол түмний бахархал, соёл, дархлаа эдгээрт суурилдаг гэж боддог. Их сурыг хөгжүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч байсан. Монгол Төрийн үе үеийн тэргүүн улсын их баяр наадмаар сурын талбайд ирж өөрийн биеэр сум тавьж, монголчуудынхаа ирээдүйг харж, бэлгэдэж, ард түмэн, наадамчид ч түүнийг харж баясдаг. Ингэж харвал сур бас ч анхаарлаас гарчихаагүй байна уу даа гэж санагддаг.
-Бөх, морь хоёр сүүлийн үед илт бизнесийн хандлагатай болсон. Сур бол хуучин уламжлалаа дагаж байгаа. Сур нөгөө хоёр төрөл шигээ болох боломжтой юу?
-Бөх, морь хоёрт үзэгчид сураас илүү хандлдаг болсон нь бизнестэй холбоотой. Нийгмийн өгөө аваа гэж ил далд юм байна. Нэг ёсны менежмент юм. Тэр хэрээрээ бөхчүүд, уяачдын амьдрал, ахуй тодорхой хэмжээгээр дээшлээд байх шиг. Сурын харваанд тийм боломж байхгүй. Дэндүү шударга. Түмний нүдэн дээр тавьсан сум нь агаараар нисэж очоод байгаа оносон оноогүй нь ил харагддаг. Иймдээ сур бол бизнес хийх боломж, нөхцөл муутай дээд зэргийн шударга өрсөлдөөн юм. Орчин цагийн хэллэгээр бол уламжлалт сайхан спорт. Эртнийхээ хэллэгээр бол эрхий мэргэчүүдийн наадам. Гэхдээ сурыг сонирхолтой болгох талаар залуус дотроо юм бодож л байж таарна.
-Таныг анх орж байхад сурын хөгжил хэр байв?
-Аав минь харваач хүн байсан. Намайг дагуулж сурд оруулсан юм. 1989 он л доо. Тэр үед харваач цөөхөн, ахимагдуу хүмүүс голдуу харвадаг. Уламжлалаа хадгалж үлдсэн хэдхэн хүн л арай гал тасалчихалгүй сэтгэлээсээ авч үлдсэн хэрэг л дээ. Өнөөдөртэй харьцуулбал сурын хөгжил их л сул байж дээ. Нийгмээ дагаад 1990-ээд оноос хойш л сур хөгжих замдаа орсон шүү дээ. Уламжлалаа сахиж үлдсэн хүмүүс ч зүтгэсэн. Сэтгэлээсээ ханддаг залуучууд ч орж ирсэн. Үндэсний харваа гэдэг монгол хүний ген, цусанд байдаг учраас амархан сэргэсэн. Эрийн гурван наадамд оролцож тоосоо өргөх, хийморио сэргээх ч гэдэг юм уу, эсвэл монгол дайчин уламжлал ч юм уу, маш олон шалтгаанаар сур сайхан хөгжих эхлэл тавигдсан.
-Анх Завхан аймагтаа харваж эхлэв үү. Удалгүй шил шилээ дарсан олон амжилт гаргасан байдаг?
-Би Завхан аймгийн Тосонцэнгэлд төрж өссөн. Дунд сургуулиа төгсөөд сургууль соёлд явж нутгаасаа хэсэг холдоод, буцаж очсоныхоо дараа сурын харваатай холбогдож аавыгаа дагаж харваж эхэлсэн дээ. Эцэг эхээс, байгаль ээжээс гайгүй мэдрэмж, авьяас чадвар заяасан шиг байгаа юм. Маш хурдан хугацаанд өндөр амжилт гаргасан. Судалдаг хүмүүс тийм үнэлгээ өгсөн байна лээ. Би 1989 онд анх сур харваад л сумынхаа наадамд түрүүлж, 1990 онд аймгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүү авчихаад улсын аваргад ирж Спортын мастер гэдэг тухайн үедээ их нэр хүндтэй цол авч байлаа. Үргэлжлүүлж улсын наадамд харваж түрүүлээд Монгол Улсын Мэргэн цол авсан. Тэр намар Монголын нууц товчооны 750 жилийн ой болж, Үндэсний их баяр наадамтай дүйцэхүйц цол олгох төрийн шийдвэр гарч, тэнд түрүүлж, нэг жилийн дотор хоёр түрүүтэй болж, тэр цагт хошой Мэргэн гэж нэрлэдэг байсан, одоогийнхоор бол Даян Мэргэн цол авлаа. Сайхан амжилттай жил байсан.
-Одоо та Эрдэнэтэд байна. Эрдэнэт монгол сурын бас нэг том голомт боллоо шүү дээ. Энэ таны ажилтай холбоотой юу?
-Ш.Отгонбилэг гэдэг холч ухаалаг хүний дэмжлэг туслалцаа, түүнээс хойших үеийн удирдлагуудын дэм тус, миний өөрийн чин сэтггэлээсээ зүтгэсэн зүтгэлийн үр дүнд өнөөдөр Эрдэнэт Монголын үндэсний сурын харвааны оргил амжилтуудыг гаргасан цөм боллоо. Тэнд очоод би өөрийгөө давхар хөгжүүлж, дайчилсны хүчинд төрийн их баяр наадамд түүхэнд анх удаа 40 сумнаас 40 оносон үнэмлэхүй рекорд амжилт тогтоолоо. Шавь нар бэлтгэх ажилд ханцуй шамлан орж Эрдэнэт хот 200 гаруй харваачтай болсон. Энэ дотроос төрийн их баяр наадамд онцгой амжилт гаргасан олон сайхан залуус гарлаа.
-Одоогоор сураар Эрдэнэтийн өмнө гишгэх газар байна уу?
-Миний бахархаж ярьдаг нэг зүйл бол шавь нартайгаа нийлээд 1990 оноос хойш 30 жилийн хугацаанд төрийн их баяр наадмын 15 түрүү буюу 50 хувийг авсан байдаг. Энэ бол нэг аймаг, орон нутаг, нэг клубын харваачдын хувьд үнэхээр том амжилт юм. Манай шавь тамирчдын багийн амжилт үнэмлэхүй өндөр. Улсын аварга шалгаруулах багийн харвааны тэмцээнд бид 14 удаа түрүүлсэн нь бусад баг харваачдаас тасархай өндөр амжилт. Энэ бүхнээрээ бахархаж байдаг даа. Яалт ч үгүй өнөөдөр Эрдэнэтийн харваачид Монголын үндэсний сур харвааны амжилтын оргил цэгийг бүрдүүлээд байна гэж хэлж болно.
-Сурын харвааны хөгжлөөр манлайлдаг өөр ямар бүсүүд байна вэ?
-Уламжлалаа харах юм бол Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Дулаанхаан хавиар сайн харваачид ажиллаж амьдарч, амжилт нь дэлгэрч байсан. Дорнод, Төв аймаг сайн харваачидтай. Буриадууд бүр эртнээс өөрийн онцлог харваатай, хүн болгон багаасаа харваж ирсэн байдаг. Явцын дунд тэд их сурд орж өндөр амжилт үзүүлцгээсэн. Дорнодын Баян-Уулынхан их сураар маш амжилттай харваж байсан түүхтэй. Сүүлийн үед Өмнөговь, Дорноговь аймагт сур сайн хөгжиж байна. Баян-Өлгий аймаг урианхай сур дээрээ тулгуурлаад сүүлийн жилүүдэд сайн харваачидтай болж байгаа. Багаасаа л бас урианхай харваагаараа наадаж байсны үр дүн л дээ.
-Та халх харвааг Их сур гэж нэрлэж байх шиг байна. Их сур буюу халх харваа буриад, урианхай сураас ямар ялгаатай билээ?
Хэдэн онцлог бий. Нэгд, их сурын харвах талбай нь үндсэндээ хоёр дахин хол. Хоёрт, бай нь арай өөр. Гуравт, дүрмийн хувьд өвөрмөц онцлогтой. Дөрөвт, нийтлэг хөгжсөн. Миний хувьд халх харваа гэж нэрлэхээсээ жаахан цэрвэдэг. Их сурын харваа гэж нэрлэх нь зохимжтой гэж санадаг. Их сураа төрийн наадамдаа голчлоод, нутгийн онцлогтой буриад, урианхай харваагаа орон нутагтаа хөгжүүлээд явах нь зүйтэй гэж боддог. Их сураар төрийн их баяр наадамд амжилт гаргасан харваачдаа бөх, уяач хоёр шигээ үнэлдэг бол сурын хөгжилд ч, үнэлэмж дээр ч хэрэгтэй юм даа. Нэг үеэ бодоход залуу харваачид ч их олширлоо.
Манайд бас уламжлалт харваа, морьт харваа их хөгжиж байна. Бөмбөг намнах харваа байна. Ер нь Монголд харвааны төрлүүд бүр эртнээсээ их олон байсан юм билээ. Улсын наадамд их сураар шалгарсан харваачдаа дээд зэргээр үнэлж, өргөмжилж, хүндэтгээд явах юм бол сурын үнэлэмж бөх, морины үнэлэмжтэй дөхөж очих боломж, бололцоо нэг талаар нээгдэнэ л гэж дотроо бодож явдаг.
-Таны 40 сумнаас 40 онож үнэмлэхүй дээд амжилт тогтоосон наадмыг дурсая. Ямар тохироо бүрдэв, ямар бэлтгэлтэй орсон бэ?
-Энэ наадмыг би өмнөх тэмцээнүүдтэйгээ холбож дурсах дуртай. Би 1991 онд улс хувьсгалын 70 жилийн ойгоор 39 онох онооны буурин дээр буюу сүүлийн дөрвөн сум тавихын өмнө 35 оноотой очсон юм. Сүүлийн дөрвөн сумаа яг л онохоор бодож харватал оносонгүй. Ингээд би түрүүгээ алдсан. Товх харваанд надаас дөрвөн сумаар хоцорч явсан дараагийн хүн болох Нямсүрэн мэргэн дөрвөн сумаа гүйцэд онолоо. Би 35 оноотой хэвээрээ байдаг. Ингэж бид хоёр адилхан 35 оноогоор товхолсон. Тухайн үеийн дүрмээрээ би хэдийгээр ижил оносон ч гэсэн миний оноог тооцолгүйгээр Нямсүрэн мэргэн маань 35 оноотой түрүүлж байсан. Би сүүлийн дөрвөн сумаа оносон бол 39 оночих байлаа. Тэр цагтаа 39 оноо бол төрийн их баяр наадмын рекорд оноо байсан л даа. Тэгэхэд настай өвгөчүүд “Болохгүй юм болдоггүй юм аа. Чиний оноо дүүрчихэж” гэж байсан. Би ч “За тийм байдаг юм байж” гээд л өнгөрсөн. Амьдралын хүнд тохиолдлоос шалтгаалж 1992 оны наадамд ирж оролцож чадаагүй. Дараа нь 1993 он боллоо. Тэр жил дахиад л 1991 оны түүх давтагдлаа. Мөн л сүүлийн дөрвөн сум тавихын өмнө 35 оноотой зогсож байлаа. Өөрийн эрхгүй өмнөх наадам бодогддог юм. “Өмнө нь би яг ийм оноотой харваад сүүлийн дөрвөн сумаа алдсан. Яах л бол доо. Ямар ч гэсэн харваад үзье” гээд сум тавихад ямар ч бэрхшээлгүйгээр дөрөв онож 39 оноо авсан. Дараа нь 1995 оны наадмаар сүүлийн дөрвөн сум тавихын өмнө 36 оноо авчихлаа. Хашир өвгөд “Юм эзэнтэй, зурагтай байдаг. Болох юм болно. Болохгүй юм хэзээ ч бүтэхгүй” гэж хэлдэг байсныг би аль ч үед үргэлж боддог юм. Амьдралын бүх л үед хүний сэтгэл зүйг тогтвортой байлгах талаас нь хэлсэн өвөг дээдсийн их мундаг сургаал юм байна гэж би дотроо санадаг. Сүүлийн дөрвөн сум тавихдаа энэ үгийг санаж нэлээд тайвшраад харвасан. Гэхдээ алдахгүйг бас хичээнэ л дээ. Дөрвөн сум маань их сайхан онолоо. Харвааны техник, тоноглол ч сайхан болчихсон байсан үе. Дөчин сумнаас 40 оночихоод баярлаж бахархах зэрэгцсэн дээ. Аав маань амьд сэрүүн байсан. Бахархахдаа би аав ээжээрээ их бахархаж байлаа. Надад тусалж дэмжиж байсан харваачид, багш шавийн барилдлагатай хүмүүс, гэр бүл, хань ижил, бүх хүнд маш их баярласан. Азтай байсан. Түүнээс хойш хүрсэн амжилтаа хамгаалахын төлөө, дахиж давтахын төлөө мэрийдэг юм билээ. Гэхдээ төрийнхөө их баяр наадамд давтаж онож чадаагүй. Бусад наадам тэмцээнд бол онож байсан. Дараагийн онох хүн олон байгаа даа гэж хардаг. Гэтэл 1995 оноос хойш өнөөдрийг хүртэл төрийн их баяр наадамд 40 оносон тохиолдол гарсангүй. Шавь нараас маань бусад тэмцээн, уралдаанд онож л байгаа. Гэхдээ үндэсний их баяр наадмын босго гэдэг маш их өндөр юм байна. Төрийн наадамд ононо, түрүүлнэ гэдэг бол дээд тэнгэрээс харсан хэмжээнд байдаг юм болов уу л гэж боддог доо.
-Юм бүхэн хөгждөг жамтай. Сур харвааны техник, нум, сумны бүтэц технологид өөрчлөлт орж байна уу?
-Би сурд орж сэтгэлээсээ зүтгэсэн хугацаандаа шавь нар бэлтгэж, тэднийгээ өндөр амжилтад хүргэхээс гадна сурын спортын ерөнхий хөгжилд анхаарч, юу нь болж, юу нь болохгүй байгааг нэлээд ажигласан. Тэмцээн, уралдаан зохион байгуулдаг дүрмийн хувьд асуудлууд байсан. Сум тавиад онож байгаа боловч оноог тооцдог дүрэмд засах зүйлүүд гардаг. Түүнээс шалтгаалж харваачдын дунд маргаан гарах нь элбэг. Энэ маргааныг арилгах нь чухал учраас ажилласан. Санаа оноогоо ажилдаа, өөр дээрээ, шавь нар дээрээ туршаад, нийт харваачдаараа хэлэлцүүлээд, тэд маань маш сайхан дэмжээд, ажил хэрэг болгоод өнөөдрийг хүрлээ. Түүний үр дүнд харвааны дүрэмтэй холбоотой маргаан байхгүй болсон. Хүн юмыг өөрөө үзэж байж л мэддэг хойно. Зурхайн урд татдаг зураас байдаг. Миний эхэлж харваж байх үед зүгээр л зураас зурчихдаг байсан юм. Тэр зураас дээр сумны булцуу унах, урд хойно нь тусах гээд маргаан их гардаг байлаа. Тэрийг яаж шийдэх вэ гээд бодоод л явсан. Манай үндэсний бусад харваанд маш сайхан шударга зүйлс бий. Буриад харваанд ганга гэж зурхайн урд шуудуу, ирмэг ухчихдаг. Түүнийг халх сурд авъя гэтэл эсэргүүцэлтэй тулсан. Их сурыг бусад төрлүүдтэй хольж хутгах гэлээ гээд. Тэгэхээр нь би хэлсэн. “Сайн талуудыг нь авах л ёстой. Авах гээхийн ухаанаар хандах учиртай” гэж. Тэгээд тэр гангыг авсан. Түүнээс хойш маргаан гарах нь зогссон. Дутсан сум бол гангад хүрээд зогсоно. Онох сум гараад л байдаа хүрнэ. Өөр нэг зүйл нь хойд талд онооны хана харваан дээр хэц татчихдаг байлаа. Хэцний дээгүүр доогуур сум гарахаар бас бөөн маргаан үүснэ. Тийм учраас ерөөсөө битүү болгож өрье. Уламжлалаа сэргээе гэлээ. Хуучин цагт бол битүү өрдөг байсан. Сур өрөхөд цаг хугацаа ордог зэрэг хүндрэл гардаг бол сурыг тоотой болгоё, цөөлье. Харьцангуйн онолооор хасаа сур 30 хасаа болдог бол ханаа хоёр дахин нэмээд 60 сур өрье. Жаран сураа өрөхдөө хамгийн дээр 19, дунд нь 20, хамгийн доор нь 21 гэсэн гурван үеэр, монголчуудын ярьдгаар ам дараад өрөхөд тогтвортой болно гэж хэлсэн. Би өмнө нь зөндөө туршиж үзсэн л дээ. Харваачид маань үүнийг зөвшөөрсөн. Хэрэгжүүлсэн, маш сайхан болсон. Нөгөө давсан, орсон, гарсан гэх маргаан бүрмөсөн тасарсан.
-Товхны маргааныг та тасалсан гэдэг бил үү?
-Миний өөр нэг харамсаж явдаг зүйл бол товх харвааны дүн байлаа. Тэр цагийн дүрмээр харваач товх харваад оноход оносон нэг сур маань сур өрсөн газраас хойш нэг метрийн шугамыг давсан байх учиртай. Тэгж байж оносонд тооцно. Сум онодог, оногдсон сур маань байран дээрээ нураад, шугам давж унаагүй бол оноо биш гэдэг. Энэ үнэхээр биш байсан. Дайны цаг гэж төсөөлье. Би эсрэг талын дайснаа харвалаа. Оночихлоо. Тэгтэл нөгөө хүн маань “Намайг оноогүй ээ. Би хойшоо үсрээгүй, дороо нам унасан” гээд гүйгээд явчихаж байгаатай л ижил юм. Гол зорилго бол уг нь онох л шүү дээ. Тэрнээс биш оногдсон сур хаашаа нурах нь хамаагүй.
“Хэрэв өнөөдрийн мөрдөж буй дүрмээр харвасан бол би төрийн их баяр наадамд ес түрүүлчих байлаа. Дөрвөн түрүүгээ товхны алдаатай дүрмээс болж алдсан. Надаас хойш битгий тэгээрэй. Оносон л бол оносон. Гэхдээ товх нарийн байх ёстой. Хуучин бол товхыг бид бүтэн хасаандаа, 30 сурандаа авчихдаг байсан. Тийм учраас товхыг илүү нарийсгая. Илүү жижиг болгоё. Тэрийг онодог байя. Бас логикийн хувьд хананаасаа хасаа нь хоёр дахин бага, хасаанаасаа товх нь хоёр дахин бага байя, 16 сур өрье. Тэр сураа ингэж ингэж өрье” гээд тайлбарлахад харваачид бүгд дэмжсэн. Одоо бол товхон дээр ямар ч маргаан байхгүй.
-Харваачдыг бэртэл гэмтлээс хамгаалах хэрэгсэл санаачилсан гэж бас дуулсан...
-Анх харваанд орсноосоо хойш мэдэрсэн зүйл бол харваач хүний эрхий хуруу маш их гэмтдэг. Тэр үед одоогийнх шиг жилийн дөрвөн улирал яваад харвадаг байсангүй. Хавраас намар хүртэл харваад өвөл завсарладаг. Дараагийн хавар эргээд нум сумаа барихаар эрхий хуруу цэврүүтээд, задраад, цус шүүрээд, яс янгинаад маш хэцүү байдаг. Яаж үүнээс гарах вэ гэж бодож байгаад хатуу хамгаалалт хийгээд үзье гээд эврээр эрхийвч хийж үзсэн чинь үнэхээр гайхамшигтай сайхан байсан. Тэр хатуу эрхийвч өнөөдөр бүх харваачийн хэрэгсэл болж хувирсан. Энэ бол миний үндэсний сур харваанд оруулсан хөдөлмөр хамгааллын талдаа маш том ахиц ололт л гэж боддог. Шавь нар маань түүнийг сайжруулаад, эврээр хийдэг байсныг залуучууд янз бүрийн полимер материал, төмөр болгоод, сүүлдээ бүр үнэт металлаар хийж, алт, мөнгөн эрхийвч барьдаг болжээ./инээв/ Дараагийн миний гаргасан нэг дэвшилтэт санаа бол өсвөрийн харваачдын харвадаг зайны хувьд жаахан өөрчилмөөр юм харагдсан. Нас ахих тусам жил бүр зай нь өөрчлөгддөг, тэмцээн уралдаан явуулахад их төвөгтэй байсан. Би түүнийг нь ерөөсөө л бага, дунд, ахлах нас гэж гурав ангилаад зайг нь тогтоож өгсөн. Тэр маань харваачдад бас их үнэлэгдэж, дэмжицгээсэн.
-Бөхчүүд баяр наадмын дээл, гутал, малгайн гоёлыг тодорхойлдог болсон. Уяачид эмээл, хазаарын тоног, мориороо гоёно. Харваачдын гоёл юу билээ?
-Харваач хүний гол гоёл бол оноо л байдаг юм даа. Нум чанартай, дээр нь их үзэмжтэй байх ёстой. Сүүлийн үед хэрэглэл, материал хийдэг залуус олширчээ. Энэ маш сайн. Хийц, үзэмж, чанарт ч их дэвшил гарч байна.
-Эртний хадны зургаас харахад хүн адуу гаршуулж морь унахаасаа ч өмнө явган харваж байсан бололтой дүрс их байдаг шүү дээ?
-Нум сум эртнээс хүний амьдралын нэг хэсэг болж байсан. Ерөөсөө л амьдралын шаардлага байж л дээ. Ан хийнэ, араатнаас амиа хамгаална. Тэр нь хөгжсөөр дайснаа дардаг, дайснаас өөрийгөө хамгаалдаг зэвсэг болсон. Өнөө цагт цэнгэл наадам, спортын төрөл болжээ.
-Та унаган мэргэжлээрээ бол эмч. Сүүлд спортын хүн болсон уу?
-Нийгэм солигдож, олон зүйл өөрчлөгдөх үеэр Ш.Отгонбилэг захирлын урилгаар Эрдэнэтийн Спорт цогцолборт ажилд орохоор болсон. Тэнд спортын мэргэжилтэй болох шаардлага гарлаа. Тэр шаардлагаар биеийн тамирын багш, дасгалжуулагчийн мэргэжил эзэмшээд, дараа нь удирдлага, эдийн засаг талыг сонирхох хэрэгтэй болж Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн Худалдааны удирдлага, менежментийн ангийг төгссөн. Ингээд гурван сургууль төгссөн дөө. Спорт цогцолбортоо анх нийтийн биеийн тамир, чийрэгжүүлэлтийн арга зүйч багшаар орсон. Ахиж дэвшсээр тэндээ ахлах дасгалжуулагч, маркетингийн ахлах менежер хийж байгаад 2017 оноос удирдах нь ажлыг хийгээд явж байна. Манай Спорт цогцолборын үйл ажиллагааны гол зорилт бол Эрдэнэт үйлдвэрийн ажилчин, албан хаагчдыг спортоор хичээллүүлж, чийрэгжүүлж, бие бялдрыг нь эрүүлжүүлж хөдөлмөрийн бүтээмж өндөр байлгах нөхцөл боломжоор хангах зорилготой. Одоо манайх 6000 гаруй ажилчин, албан хаагчтай. Спорт цогцолбор маань хуучин цагт Зөвлөлтийн дэг зургаар хийсэн маш сайхан комплекс. Өнөөдөр Монгол Улсдаа номер нэг спорт комплекс болсон. Зуу гаруй хүн энд ажилладаг. Үйлдвэрийнхээ ажилчдаас гадна орон нутгийн хүүхэд залуучууд, иргэдэд нийтийн биеийн тамир, спортоор үйлчлэх, эрүүл чийрэг байлгах ажлыг өндөр түвшинд гүйцэтгэх ажилд зүтгээд явж байна даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )