“ANNA” -ын ээлжит бус чуулга уулзалт БНСУ-ын Сөүл хотод амжилттай зохион байгуулагдлаа

2023 оны 12 сарын 13

АФРИК ТИВИЙН “GHANA“ УЛС ISIN ДУГААР ОЛГОХ ЭРХТЭЙ ДЭЛХИЙН 101 ДЭХ ГИШҮҮН ОРОН БОЛОВ

“Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ТӨХХК-ийн төлөөлөл 2023 оны 11 дүгээр сарын 30 -ний өдрөөс 12 дугаар сарын 2-ны өдрийн хооронд зохион байгуулагдсан ANNA /Association of National Numbering Agency/ ISIN дугаар олгодог олон улсын байгууллагын ээлжит бус чуулга уулзалтад оролцов.

ANNA-д Үнэт цаасны ISIN дугаар олгох эрх бүхий 100 гишүүн орон байдаг бөгөөд Монгол улсын, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь жинхэнэ гишүүнээр 2019 онд элсэж олон улсын FISN:2015, CFI:2015, ISO стандартын дагуу олон улсын хэмжээнд үнэт цаасанд дахин давтагдахгүй дугаарыг/ISIN/ өгч баталгаажуулж ажилладаг. ANNA /Association of National Numbering Agency/ нь ХБНГУ-н Франкфурт хотод төвтэй олон улсын байгууллага юм. Тус холбоо нь жил бүр чуулга уулзалт зохион байгуулж хийсэн ажлаа тайлагнадаг мөн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний судалгаа шинжилгээ хийснээ танилцуулж, шинээр гишүүн орон, жинхэнэ гишүүн орноор элсүүлэх зэрэгт бусад гишүүн орнуудаас нээлттэй санал хураалт явуулах, нээлттэйгээр хэсэгчилсэн санал асуулга авах яриа өрнүүлэх, тулгамдаж буй асуудал, шинэчилбэл зохих асуудлуудыг харилцан санал солилцож ярилцаж зөвшилцсөнөөр шийдвэрээ гаргадаг.

Энэ жилийн чуулга уулзалт БНСУ-ын Сөүл хотноо 4 хоногийн хугацаатай үргэлжилж амжилттай зохион байгуулагдлаа. Монгол Улсаас “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ТӨХХК-г төлөөлж ТУЗ-ын дарга, МУ-ын Сангийн яамны Төрийн Захиргааны Удирдлагын Газрын дарга Ч.Тавинжил, “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ТӨХХК -ын Гүйцэтгэх захирал М.Энхсайхан, Гадаад харилцаа хариуцсан ахлах менежер Х.Баттулга, Маркетингийн менежер Г.Билэг-Ариун нар оролцлоо.

Монгол Улс гадаад орнуудтай тухайлбал гадаадын үнэт цаасны хадгаламжийн болон арилжаа эрхлэх байгууллагуудтай харилцан холбоо тогтоож туршлага солилцохоор нээлттэй яриа өрнүүлэн оролцсон бөгөөд тус холбооны гишүүн орнууд болох Энэтхэг/CDSL/, Польш/KDPV/, Тайланд/Stock Exchange Thailand/, Оман/Muscat Clearing & Depository/ зэрэг орнуудын мэргэжилтнүүдтэй уулзаж мөн Сингапур/Cusip Global Services/-ын Ази номхон далай хариуцсан захирал Eng Ban Ho, “Association of National Numbering Agency”-ын ТУЗ-ын дарга Torsten Ulrich нартай харилцан яриа өрнүүлж туршлага судлах зорилготой хамтын ажиллагааны хүрээнд холбоо тогтоох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэнд талууд бүгд боломжтой, нээлттэй гэсэн байр суурийг илэрхийлж байсан нь тус уулзалтын чухал үйл явдлын нэг байлаа.

Тус хурлын үеэр нэгэн асуудал шийдэгдсэн нь Африк тивийн ГАНА/GHANA/ улсыг ANNA-н жинхэнэ гишүүн орноор элсүүлэх санал хураалтад Монгол улс санал өгсөн бөгөөд Гана улсын хувьд зах зээлийн үнэлгээ Монгол улстай ойр, дэд бүтцийн хувьд Хадгаламж, Бирж, Клирингийн байгууллагууд нь тусдаа зохион байгуулалттай ажилладаг нь мөн ижил төстэй байсныг онцлох нь зүйтэй.Монгол улс элсүүлэхийг дэмжиж санал өгсөн ба нийт гишүүн орнуудын 100 хувийн саналаар жинхэнэ гишүүнээр элсэж ISIN дугаар олгох эрхтэй дэлхийн 101 дэх гишүүн орон болсныг удирдах зөвлөлөөс зарлан баяр хүргэв. Дараагийн чуулга уулзалтыг Чили, Польш, Испани улсууд өөрийн оронд зохион байгуулах хүсэлт гаргасны дагуу нийт гишүүн орнуудаас санал хураалт явуулсны эцэст 2024 оны 6-р сард Испани улсын Мадрид хотноо зохион байгуулахаар боллоо.

"ANNA" ISIN NUMBERS THE WORLD

https://anna-web.org/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top