Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгааны багийн ахлагч, ахлах судлаач Б.Анартай ярилцлаа.
-Иргэд, олон нийтийн дунд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрыг МХЕГ-ын оронд байгуулагдсан, тус газартай ижил төстэй үйл ажиллагаа явуулах ёстой гэх ойлголт байдаг. Тиймээс танай байгууллагын үндсэн чиг үүргийн талаар ярилцлагаа эхэлье?
-Мэргэжлийн хяналтын чиг үүргийг татан буулгаагүй. Холбогдох яамд руу нь шилжүүлж илүү оновчтой удирдлага, зохион байгуулалтад шилжүүлсэн. Ийм зохион байгуулалт хийсэн тухайн цаг үед манай байгууллагыг байгуулсан учраас иргэд, олон нийт андуурдаг тал бий. Манай байгууллагын чиг үүрэг МХЕГ-аас өөр. Засгийн газар дахь Хяналтын тухай хуулийн хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрыг 2023 оны нэгдүгээр сарын 1-нд байгуулсан. Монгол Улсын гүйцэтгэх засаглалын оновчтой, үр нөлөө, үр ашигтай байдлыг бэхжүүлэх томоохон зорилгын төлөө таван чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Товчхондоо, бид төрийн болон төрийн өмчит 3000 гаруй байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Тухайлбал, хууль ёсыг сахиулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хууль тогтоомж хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нь хяналт тавих, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.
-Танай байгууллага бүтэц зохион байгуулалтын хувьд бас арай өөр, шинэлэг санагдсан. Ийм бүтэц зохион байгуулалттай ажиллахад ямар давуу талтай байна вэ?
-Манай байгууллага үнэ цэнд суурилсан менежментийн тогтолцоотой. Өөрөөр хэлбэл, дарга төвтэй тогтолцооноос багийн менежмент, чадамжид суурилсан удирдлагын тогтолцоог хэрэгжүүлдэг. Багийн гишүүд өөрийн чиг үүргийн хүрээнд мэдлэг чадвар, туршлагадаа үндэслэн, бусдыгаа манлайлж үнэ цэн үүсгэн ажиллахыг хэлж байгаа юм.
Харин бусад нь өөрийн харьяа газар, алба гэсэн амбиц, хуваагдалгүйгээр түүнийг нь дэмждэг. Ийм шинэлэг, бүтэц зохион байгуулалтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Манай байгууллага үндсэн болон дэмжих гэсэн хоёр бүтэцтэй. Дэмжих хэсэг нь менежментийн болон дотоод хяналт гэсэн багтай бол үндсэн чиг үүргийн хэсэг үнэлгээ мониторинг, тандалт судалгаа, хяналт шалгалт, хуулийн багаас бүрддэг. Эдгээр багийн хамтран хэрэгжүүлж буй томоохон ажлуудын нэг бол процессын дахин инженерчлэл. Бид үүнийг эхний ээлжид ХНХЯ, түүний харьяа НДЕГ болон ХХҮЕГ-ын 60 гаруй байгууллагад хийсэн.
-Уншигчдад илүү ойлгомжтой байлгах үүднээс процессын дахин инженерчлэл гэдгийг энгийнээр тодруулж, тайлбарлах нь зүйтэй болов уу?
-Процессын дахин инженерчлэл гэдэг нь төр өөрийн үйл ажиллагаагаа дахин загварчлах замаар өнөөгийн хурдацтай өөрчлөгдөж байгаа нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өндөр бүтээмжтэй, үр дүн, үр нөлөөнд суурилсан процесс суурьтай тогтолцоонд шилжихийг хэлж байгаа юм. Төрийн байгууллагууд хүн суурьтай, дарга төвтэй байснаар зарим тохиолдолд иргэнд хүндрэл, чирэгдэл ихээхэн учруулсаар байна. Жишээ нь, төрийн зарим байгууллага 50 гаруй жилийн настай процесс дамжлагаар өнөөдрийг хүртэл үйлчилгээ үзүүлж байгаа нь яах аргагүй иргэн, төр хоёрын хооронд үл нийцлийг бий болгодог. Ийм тохиолдолд хэсэгчилсэн байдлаар хуучин процесс үйл ажиллагаандаа сайжруулалт хийгээд бодит үр дүнд хүрэхгүй. Тиймээс үсрэнгүй хөгжиж буй технологийн эрин үе, мөн аж үйлдвэрийн дөрөв, ирж буй тав дахь хувьсгалтай бид хөл нийлүүлэн алхахын тулд өөрчлөлт, шинэчлэлтийг богино хугацаанд хийх зайлшгүй шаардлага үүсэж байна. Үүнийг хийхийн тулд ашигладаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал бол процессын дахин инженерчлэл юм. Тиймээс бид түрүүн хэлсэн салбарт доороос нь дээш буюу иргэний бодит хэрэгцээ шаардлага болон тэдгээрт үйлчилгээ үзүүлж буй нэгжүүдэд тулгарч буй асуудлуудыг судалж, илрүүлэн тухай бүрд нийцсэн шинэ процессыг бий болгох зарчим баримталж ажилласан. Ингэхдээ чиг үүрэг, процесс, мэдээллийн системийн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, ажлын байрны зураг авалт, сэтгэл ханамж, бүтээмжийн судалгаа, асуудлын шинжилгээ гэсэн найман арга ашигласан. Манай улс өмнө нь энэ найман аргыг цогцоор нь ашиглаж байгаагүй. Эдгээр аргыг нэг нэгээр нь бус цогцоор нь ашиглаж судалгаа шинжилгээ хийснээр тухайн асуудлыг том дүр зургаар нь харж, улмаар цогцоор нь шийдвэрлэх давуу тал үүсэж байгаа юм. Хяналт, шалгалт хийх чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд асуудал гарсан тохиолдолд зөвхөн хүнтэй нь тэмцэж, торгох, шийтгэх, ажлаас нь чөлөөлөх гэх мэт арга хэмжээ авдаг. Энэ бол асуудлын учир шалтгаантай бус үр дагавартай нь тэмцэж буй байдал. Ингэж тэмцээд асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Харин асуудлын учир шалтгааныг олж, улмаар зохицуулалт, процессыг нь зөв болгосон тохиолдолд цаашид гарах эрсдэлийг хааж чадах юм.
-ХНХЯ болон түүний харьяа газруудад энэхүү судалгаа шинжилгээний ажлыг зохион байгуулаад ямар дүгнэлт гаргасан бэ?
-Бид эхлээд зарчим, үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүдээ тодорхойлсон. Төрийн үйлчилгээ авахад иргэдэд учирдаг олон шат дамжлагыг багасгаж, түргэн шуурхай, хүртээмжтэй оновчтой процесс үйл явцыг бий болгох гэж тодорхойлсон. Мөн бусад улс орны адил иргэнд эрүүл амьдралын хугацаа бэлэглэнэ гэсэн үг. Төрийн хүнд суртлаас үүдэлтэйгээр илүү шат дамжлага дамжиж, алдаж буй цаг хугацааг иргэн болон төрийн албанд олгох юм. Иргэн төрөөс нэг үйлчилгээ авахын тулд хоёр цаг зарцуулж байна гэж бодоход үүнийг нь багасгаснаар тэр цагийг өөртөө, гэр бүлдээ болон илүү үнэ цэн бүтээхдээ зарцуулах боломжтой болно. Процессын дахин инженерчлэлийн хүрээнд иргэдийн сэтгэл ханамж нэмэгдэх, төрийн албан хаагчийн хувьд бүтээмж нь дээшилж, мөн сэтгэл ханамж нь нэмэгдсэн байх ёстой. Ингэхдээ төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх арга хэлбэр, сонголтыг нь нэмэгдүүлэхийг чухалчилж байгаа. Өөрөөр хэлбэл, цахим үйлчилгээнээс гадна иргэн өөрөө хүсвэл биечлэн, утсаар, цаасан байдлаар гэх мэт олон боломжит хэлбэрээр үйлчилгээ авах сонголттой байх ёстой. Тухайн хоёр байгууллагад 1999 бодит эрсдэл байгаагийн 1000 гаруй нь процесстой, 900 гаруй нь байгууллагын үйл ажиллагаатай холбоотой болохыг тогтоосон. Хэрэв тухайн байгууллагууд процессын дахин инженерчлэлийг зөв хийж чадвал эдгээр эрсдэл, асуудал арилах, дахиж гарахгүй байх бүрэн боломжтой.
-Та бүхэн тухайн байгууллагуудад өгөх санал, зөвлөмжөө эхлээд Засгийн газрын хуралдаанд танилцуулж, улмаар хэрэгжүүлэх эсэхийг тус газраас эцэслэх зарчмаар явдаг уу. Энэ удаагийнх дээр ямар шийдвэрт хүрсэн бэ?
-Бид процессын дахин инженерчлэлийн хүрээнд тухайн байгууллага богино, дунд, урт хугацаандаа ямар өөрчлөлт шинэчлэлт хийх вэ гэдэг санал зөвлөмж гаргасан. Тэрхүү санал, зөвлөмжөө Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлж, улмаар нэн яаралтай буюу ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлэх ёстой гэдэг шийдвэр гаргасан. Дөрвөн түвшинд буюу төрийн үйлчилгээ, менежмент, процесс болон засаглалдаа шинэчлэлт хийх ёстой гэдэг санал, зөвлөмж гаргасан. Хэдий сайн процесстой байлаа ч засаглал нь буруу байвал сөрөг үр дагавар дагуулдаг. Тухайн салбарын хяналтын тогтолцоон дээр маш нарийн дүн шинжилгээ гаргаж ирсэн. Нэг хүнийг есөн шат дамжлагаар хянадаг байх жишээтэй. Үүнийг нэг талаас нь харвал хяналт сайтай юм шиг хэрнээ нөгөө талдаа чиг үүргийн хувьд давхардсан, хэлбэр төдий хяналт олон байгаа юм. Олон улсын арга барил бол шугаман гурван хамгаалалтын тогтолцоо буюу нэгдүгээрт, ажилтнууд нь өөрсдөө, хоёрдугаарт, байгууллагын дотоод хяналтын газар, гуравдугаарт, хараат бусаар хянадаг дотоод аудит байдаг. Түрүүний ярьсан есөн шат дамжлагын зургаа нь чиг үүргийн хувьд давхардсан, үүний гурав нь хэлбэр төдий явж байгааг тогтоосон. Тиймээс үр дүнтэй, илүү оновчтой хяналтын тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлагатай нь эндээс харагдаж байгаа юм. Мөн олон улсын түвшинд амжилттай хэрэгжүүлж буй орчин үеийн төрийн албаны чиг хандлага, онол, сайн туршлага дээр үндэслэн дундын зарчим буюу дундын үйлчилгээний төвийн тогтолцоог бий болгох санал дэвшүүлсэн. Нэг аймаг, дүүрэгт нэг л газар, хэлтэс байх ёстой бус хүн амын тооноос гадна бодит хэрэгцээ шаардлагад нь үндэслэж, үйлчилгээний төвүүдийг бий болгох нь зүйтэй. Харин тухайн төвүүд нь нэг загвар, менежмент, стандартын хүрээнд ажилладаг процесс суурьтай ухаалаг засаглалтай байх ёстой.
-Танай байгууллагаас өгч буй санал зөвлөмжийг тухайн байгууллагууд хэрэгжүүлснээр төрийн үйлчилгээний шат дамжлага хэрхэн багасах вэ. Тухайн салбарт ямар өөрчлөлт, шинэчлэлт, ахиц дэвшил гарах вэ?
-Процессын дахин инженерчлэлийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлснээр төрийн үйлчилгээг нэг газраас нэгээс илүү дамжлагагүйгээр нэг төрийн албан хаагчаас бүх төрлийн үйлчилгээг авах боломж бүрдэх бөгөөд бидний хүрэхийг зорьж байгаа нэг нэгийн зарчим биелэх суурь тавигдана. Харин төрийн байгууллагын хувьд чиг үүргийн давхардалгүй, дотоод удирдлага зохион байгуулалт нь өндөр бүтээмжтэй, төрийн албан хаагч нь сэтгэл ханамжтай байх нөхцөл байдал бий болох юм. Жишээ нь,нийгмийн даатгалын 96, халамжийн 72 үйлчилгээний 70 орчим хувь нь иргэнээс цаасан баримт шаарддаг. Тиймээс төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс шаардахгүй байснаар иргэний хувьд шат дамжлага багасна. Харин төрийн байгууллагын дотоод процессыг дахин загварчилснаар төрийн байгууллагын хувьд дотоод процесс дамжлага 2-3 дахин багасах боломжтой. Гарц чухал ч үүнээс илүү үр нөлөө маш чухал. Жишээлбэл, сургууль барих бол гарц. Сургууль барьснаар хэдэн хүүхэд хамрагдаж, улмаар их, дээд сургуульд орох, цаашлаад ажлын байранд гарч чадсан эсэх нь үр нөлөө. Анх байгуулагдах үед баталсан хууль тогтоомж, үйлчилгээ, түүнийг дагаж бий болсон процесс нь тухайн үедээ нийгэм, эдийн засгийнхаа хэрэгцээг хангадаг, зөв байсан байж болно. Гэхдээ нөхцөл байдал богино хугацаанд эрс өөрчлөгддөг эрин үед бид амьдарч байна. Гэтэл үүнийгээ шинэчилж, өөрчлөхгүйгээр уламжлалт арга, зохицуулалт, процесс ашигласаар байгаа нь өнөөдрийн энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгож байгаа юм. Процессын дахин инженерчлэл төрийн албаны инновацыг хэрэгжүүлэхэд ашиглагдах гол хүчин, аргачлал. Бид инновацыг хэрэгжүүлэхдээ гол анхаарах зүйл нь өөрчлөлтийн менежментийн онол практикт суурилах ёстой. Богино хугацаанд өндөр хэмжээний үр нөлөө авч ирэх энэ аргачлалыг хэрэгжүүлэхэд үе шат дамжина. Эхлээд шок, дараа нь эсэргүүцэлтэй тулгарна, улмаар өнгөц асуудлууд гарч ирж болно. Гэхдээ энэ нь эрүүлжих, зөв өөрчлөлтийн үед гардаг богино хугацааны шилжилтийн үед илэрдэг. Тиймээс тухайн байгууллагын удирдлага, хамт олон нэг хүсэл, зорилго дор нэгдэж, тухайн шатыг даван туулж чадвал өөрчлөлт, шинэчлэлтийг амжилттай богино хугацаанд хийж, үр дүнд хүрэх бүрэн боломжтой.
-Процессын дахин инженерчлэлийн судалгаа шинжилгээний ажлыг одоо аль салбарт хийхээр төлөвлөж байна вэ?
-Засгийн газраас өнгөрсөн сарын 29-нд байгаль орчны болон эрүүл мэндийн салбарт процессын дахин инженерчлэлийн ажлыг хийх шийдвэр гаргасан. Тухайн салбарууд дээр ажиллаж, холбогдох санал дүгнэлтийг 2024 оны эхний улиралд багтаан гаргасан байх ёстой гэсэн үүрэг чиглэлийн дагуу ажиллаж байна.
-Олон улсад төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор хэрэгжүүлж буй ямар сайн туршлага, арга барил байна вэ?
-Олон улсын сайн туршлагыг харахад иргэн болон төрийн албан хаагч хоёрын сэтгэл ханамжийг харьцуулж судалдаг. Төрийн албан хаагчийн сэтгэл ханамж хоёр хувиар өсөхөд дагаад иргэдийн сэтгэл ханамж нэг хувиар нэмэгддэг. Тиймээс бид иргэн, төрийн албан хаагч хоёрыг жинлүүрийн хоёр талд тавьж, хоёуланд нь хандсан цогц өөрчлөлт, шинэчлэлт хийхгүй л бол үр дүнд хүрэхгүй. Дэлхийн улс орнууд өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, орчин үеийн төрийн албаны концепцийг дэвшүүлж, шат дараатайгаар үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн. Тиймээс орчин үеийн төрийн албыг болгох олон улсын онол, практик, сайн туршлагыг өөрийн улсын нөхцөл байдалд нийцүүлэн цогц байдлаар хэрэгжилтийг хангахад анхаарах нь чухал юм. Мөн улс орнууд төрийн албаны инновацыг бодлогын, төрийн үйлчилгээний гэсэн хоёр тусдаа концепцийн хүрээнд процессын дахин инженерчлэлийг төрийн бүх түвшинд тогтмол хийдэг. Манай улсын хийж буй процессын дахин инженерчлэлийн ажил эхлэхээс дуусах хүртэлх арга барил, шат дамжлага, хэрэглэж буй аргачлал нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн менежментийн болон бусад мэргэжлийн онол, практикт, арга барилын хүрээнд явдгаараа давуу талтай.
С.ЮМСҮРЭН
Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24577/
Сэтгэгдэл ( 0 )