“Мандалын ногоон дэлхий”-гээс Монголынхоо хүүхдүүдийг номд хөтөлсөн багш

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 12 сарын 28

Ахмад сэтгүүлч, монгол хэл, уран зохиолын багш Л.Оюунчимэгтэй ярилцлаа. Сэлэнгэ аймгийн Зүүнхараад “Мандалын ногоон дэлхий” хүүхдийн номын ордон байгуулан өсвөр үеийнхнийг номоор төлөвшүүлж, оюун санааг нь тэлж, дэвжээж яваа багш, сэтгүүлч, нийгмийн зүтгэлтэн түүнтэй номын ертөнц болоод уншигч  хүүхдүүд, уран бүтээлийн тухай  хөөрөлдсөн юм.


-Дандаа ном ярьж байдаг хүнээс “Уран бүтээлийн ургац арвин уу” гэсэн асуултаар ярилц­лагаа эхлэх нь зүйд нийцэх байх?

-Энэ намар  уран бүтээлийн даллага их байлаа. Багш, сэтгүүлч хүний хувьд, редакторын хувьд ч олон хүний бүтээлд зөвлөж, редактор хийж, нэлээн хэдэн газар уригдаж очлоо. Дорнод аймагт “Утгын чимэг” наадам болох үеэр “Дорнод медиа”-гийн ой тохиож, “Агланхан талаасаа”  наадамд  ирээч гэж урьсны дагуу очсон. Сайхан наадам боллоо. “Агланхан талаасаа” наадамд 10 мянган төгрөгийн үнэтэй  билет борлуулах гэсэн нь тиймхэн болсон тул “Утгын чимэг”-ийг  таксгүй хийснээр үзэгчид танхимд дүүрэн, тэр сайхан өгүүллэгүүдийг хүмүүс амьсгаа даран чагнасан  нь олзуурхмаар. Монголчууд оюуны цэнгэлийг мэдэрч чаддаг, соён гэгээрэлтэй ард түмэн гэдгийг тэнд тултал харууллаа. “Утгын чимэг”-т Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав гуайн бүтээл түрүүлсэн. Харин уран уншигчдын шагналыг байнга оролцдог нөгөө л Г.Равдан гуайд болоод бусад хууччуулд өгч байхаар  СУИС-ийн багш  Б.Даваа болон шинэ залуу жүжигчдэд өгсөн бол гэж бодогдсон. Түүнчлэн дэлхийн болон Монголын шилдэг уран зохиолын 200 гаруй номыг унших хөдөлгөөнийг   Сэлэнгэ аймгийн ИТХ-ын  ажлын албатай хамтран уламжлал болгон жил бүр хилийн цэрэг, зэвсэгт хүчний ангиудад өрнүүлснийг 0243-р анги  дэмжиж, Засаг дарга нь шийдэж, номын гэрээг үзэглэх ажлыг давхар амжууллаа. Буцах замдаа МЗЭ-ийн Сүхбаатар аймаг дахь салбарын тэргүүн, яруу найрагч Ц.Оюундэлгэрийн урилгаар Баруун-Уртад зочиллоо. Биднийг очиход арванхоёрдугаар  сарын 17-ны өдөр таарсан юм. Гэтэл Ц.Оюундэлгэр найрагч ажил хүлээж авснаасаа хойш сар бүрийн 17-нд уншигч, идэвхтэн бичигч, зохиолчдын өдөрлөг уулзалт хийдэг уламжлал тогтоожээ. Шүлгүүдээ уншиж, уран бүтээлээ ярилцаж, бүжиглэж, дуулж байна. Энэ сард 12 дахь удаагаа  өдөрлөг хийж байхад та бүхэн ирж таарлаа гэж  биднийг их баяртай, бэлэгшээж хүлээж авсан. Ц.Оюундэлгэр найрагчийн тухай тодотгож хэлэхэд, тэр өөрөө байгалиас заяасан бурханлаг яруу найрагч. Гал цогтой, иссэн айраг мэт шуугисан сайхан шүлгүүд, байгалийн мэдэрсэн, хайрыг тэмтэрсэн, эмэгтэйчүүд, эхчүүдийг өмгөөлсөн хүчирхэг бүтээлүүд түүнд олон. Шүлгийн таван ном гаргасан юм билээ. Одоо нутгийнхан нь дахиад ч номоо хэвлүүл, ивээн тэтгэе гэсэн байна. Энэ бол маш том мэдрэмж, уран бүтээлчээ дэмжих сайхан дэмжлэг юм. Монголчууд сүүлийн үед оюун санааг анхаарч, сайн уран бүтээл рүү мөнгө хийдэг сайхан цаг үе  иржээ. Бид ном эрдмээр, оюун санаагаар л нийгмээ түүчээлнэ шүү дээ.

-Та “Судар эгшиглэн” төслийн гурван жилийн ойд оролцох азтай завшаан тохиолоо гэж байсан. Номын тэмдэглэлийн уралдаан  сонирхолтой болов уу?

-“Судар эгшиглэн” гэж сайхан  төслийг Сүхбаатар аймгийн номын санч В.Энхтуяа санаачилж, энэ жил гурав дахь удаагаа хийж байгаа юм байна. Өнгөрсөн намрын хунгийн чуулганы үеэр намайг зорьж ирээрэй гэж урихад нь номд ойрхон, ном бүтээлд сэтгэл талбиж явдаг хүний хувьд зориод очсон. Үнэхээр сайхан ажил зохион байгуулж байгааг нь харж баярлалаа. Энэ жил “Судар эгшиглэн”-гээс зарласан номын тэмдэглэлийн уралдаанд 5000 орчим  бүтээл иржээ. Энэ уралдааныг УИХ-ын гишүүн Н.Ганибал жил бүр 20-иод сая төгрөгөөр ивээн тэтгэдэг юм билээ. Энэ жил 25 саяар ивээн тэтгэж, аймаг нь мөн 5-10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.Гэхдээ энэ уралдаан нь бага, дунд, ахлах насныхан, насанд хүрэгчид гэсэн ангиллаар  зохион байгуулагддаг. 1800 хүүхэд материалаа ирүүлэхэд тавхан хүүхдийг шалгаруулсныг хараад хамт олноор нь шалгаруулсан бол гэж бодогдсон.Тэгж байж уг нь хамт олны эвсэг найрсаг уур амсьгал бүрдэж, хамтач бүтээлч байдал бий болдог юм.

-Та өөрийн арга туршлагаас хуваалцаач?

-Бид Сэлэнгэ аймгийн Зүүнхараад “Мандалын ногоон дэлхий” хүүхдийн номын ордонтой, хүүхдийн номын баяраас эхлээд олон ажил зохион байгуулдаг. Энэ содон нэрийг уншигч хүүхдүүд өгсөн юм. Би байгальд ойр болохоор ногоон гэдэг үг оруулъя гэсэн. Гэтэл хүүхдүүд бид дэлхийн дэвжээнд хүрч сэтгэнэ гээд дэлхий гэдэг үгийг нэмсэн. Ингээд ногоон дэлхий боллоо. Дээр нь Зүүнхараа Мандал сумынхаа нэрийг оруулъя гэснээр “Мандалын ногоон дэлхий” болсон түүхтэй. Манайхан номын өдөрлөг, баярт түрүүлсэн хүүхдүүдийг  анги хамт олноор нь аялалд урьдаг. Дарханы “Хүүхдийн төмөр зам” гэж Д.Жигжиднямаа агсны  санаачилгаар байгуулагдсан том төсөл байдаг юм. Тухайн үед хотод авах гэтэл Хотын мэр Д.Сумъяабазар газрыг нь шийдэж өгөөгүй. ОХУ-д тавхан байдаг, зургаа дахийг нь Монголд хийе гэхэд газрыг нь шийдэж өгөөгүй. Ингээд Дарханд байгуулагдсан. Тэр аялалд бид номын тэмдэглэл, номын баярын уралдаанд оролцсон хүүхдүүдийг анги, хамт олноор нь хамруулдаг. Ээж аавд нь хариуцлага үүрүүлж, ирэх  очих зардлыг даалгаж, бид өөрсдөө тухайн хүүхдүүдийн үзвэрийн болон өдрийн хоолны зардлыг даадаг, үүнд  нийтдээ хагас сая төгрөг л ордог. Мөн хүүхдийн шүлгийн болон  эссэ бичлэгийн уралдаан зарлаж, “Эх орон хилийн торгон  цэгээс эхэлдэг” гэсэн сэдэвтэй хүүхдүүд  хил дээр очиж аяллын тэмдэглэл  хөтөлдөг аялал зохиодог.Энэ бүхэнд хамт олноор нь оролцуулдаг. Ингэхдээ энэ удаа долоодугаар ангийнхныг авч явья. Дараагийн удаад найм, есдүгээр ангийнхныг оролцуулъя гэх мэтчилэн  25-30 хүүхдийг хамруулдаг.Заримыг нь ДБЭТ-т дуурь, балет үзүүлнэ. Хүүхдийн номын ордны номын үдэшлэгт оролцуулна. Хүүхдийн номын ордны  Дариа багшийн зохион байгуулдаг номтой үдэшт бид 2-3 удаа хүүхдүүдээ хамруулсан. Ийм маягаар хүүхдүүдийг урамшуулах нь илүү үр дүнтэй байдаг учраас хойшид ингэж зохион байгуулаасай гэсэн бодол төрлөө. Өөр нэг зүйл нь нөгөө л хоёр хүн гарч ирж хөтөлдөг, тайзан дээр хэдэн хүнд шагнал өгдөг байдал одоо хоцрогдсон. Эхэндээ хүүхдүүд алга ташиж байснаа, сүүлдээ дургүйцээд алгаа ташихаа болиод ихэнх нь гараад явчихаж байгаа нь харагдсан.

-Яаж зохион байгуулбал сонирхолтой болох бол?

-ТББ, эмэгтэйчүүдийн болон иргэний нийгмийн, хүүхдийн байгууллагад ажиллаж явсан хүний хувьд хэлэхэд тэртэй тэргүй танхимаа тойрог хэлбэрээр зассан бол хүүхдүүдэд уншуулсан 20, 20 номоо гарт нь бариулаад, түүнээс шигтгээ болсон шидээвэр үгийг хэлүүлэх зэргээр амьд харилцаатай зохион байгуулах хэрэгтэй. Тэгэхгүй хоёр хөтлөгч яриад байхаар номын баяр нь намын хурал шиг уйтгартай болно. Уг нь жил бүр өргөжиж байгаа, эхний ээлжинд 1000 хүн, дараа жил нь 2000, 3000, 4000 гээд оролцогч нэмэгдээд байгаа гэсэн. Тэд юуг нь шалгаруулж байна гэхээр, номын тэмдэглэлээ бичихдээ чимэглэсэн байдлаар нь дүгнээд байна. Энд гадаад үзэмж хамаагүй шүү дээ. Номоос бид дотоод мэдрэмж авах, зүрх сэтгэлдээ хүргэх гэж л уншдаг. Тэгэхээр хэлбэр чухал биш. Агуулга руу орохын тулд хүүхдүүдэд номыг нь бариулж, шидээвэр үг хэлүүлэх, эсвэл хэлэлцүүлэг явуулах байдлаар хийвэл илүү үр дүнтэй болно. Ирэх онд сонгогдох, эсэх нь дараагийн асуудал, гол нь сонгогдохгүй байсан ч энэ ажлаа битгий таслаарай гэж Н.Ганибал гишүүнд хэлмээр байна. Ээж нь номын сангийн эрхлэгч байсан хүн гэсэн. Тэр утгаараа энэ ажлыг дэмжсэн байх. Номд ойр гишүүд тийм ч олон биш байдаг учраас залуу гишүүнд баярлалаа гэж энэ ярилцлагаар дамжуулъя. Энэ сайхан буянтай ажлаа бүү таслаарай. Яагаад гэвэл ном бол хүүхдүүдийг хөгжүүлэх, өсгөж дэвжээх, бойжуулах, оюуныг нь тэлэхэд яндаж баршгүй далай юм.

-Та бас СӨХ-ийн дэргэдэх хүүхдийн номын сан, ном уншлагын цаг гэж хөөрхөн хөтөл­бөрийн тухай ярьсан. СӨХ-үүд нэвтрүүлээсэй гэж бодогдсон. Энэ тухай ун­шигчдад санаа өгвөл сайн сан?

-Номын ордонтой, номоор дамжуулан хүүхдүүдийг төлөвшүүлэхэд сэтгэл зүтгэлээ зориулж явдаг хүний хувьд СӨХ-ийн дэргэдэх номын сан байгуулах бодол төрж ажил хэрэг болгосон нь тэр л дээ. Манай  тойргоос  Х.Нямбаатар гишүүн хоёр удаа сонгогдсоны хувьд хүүхдүүдийн номтой нөхөрлөхийг ихээхэн дэмждэг. Ямар ном хэрэгтэй байгааг асууж, яг хэрэгтэй байгаа номыг нь олж өгдөг. СӨХ-ийн дэргэд орой 19.30-20.30 цагт үлгэрийн цаг буюу ном уншлагын цагтай. Доод тал нь 30-40, дээд тал нь 100-гаад хүүхэд цугладаг. Зарим ээж аавууд бага насны  хүүхдээ хөтлөөд ирдэг. Ойлгох, ойлгохгүй нь хамаагүй, гол нь тэнд тийм зүйл болдог гээд ирж байгаа нь чухал. Эхэндээ бид үлгэр уншиж өгдөг байсан. Сүүлд оюутнууд тусалж дэмжиж идэвхтэй оролцдог болсон. Номоор дамжуулж хүүхдийн төлөвшилд нөлөөлж  болохыг мэдрүүлсэн сайн жишээний нэг нь энэ. 2017 онд Дэлхийн яруу найргийн чуулганд манай СӨХ-оос хүүхдүүд оролцож, идэвжиж эхэлсэн. Ковидын үед энэ ажил тасарч, өнгөрсөн жилээс эргээд сэргэж байгаа.

-Та хөдөө аймгуудаар явахдаа энэ санаагаа хэлэв үү?

-Ийм маягаар аймгийн төвдөө 50 мянган хүн ам амьдардаг Дорнодынхон номтой нөхөрлөх ажил хэрэгжүүлмээр санагдсан. Хүн амын 50 хувь нь орон сууцанд амьдардаг учраас тэнд ийм ажил зохион байгуулах орчин нөхцөл боломжтой. Дээр нь эцэг  эхчүүд  ч дуртай  дэмжинэ. Иймээс сүүлийн хэдэн жил ЭЕШ-д Дорнодын хүүхдүүд оноогоороо тэргүүлж байна. Засаг дарга М.Бадамсүрэн найман жил бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ “Хүн болох багаасаа” хөтөлбөрийн дэмжлэгийг 10 сая байсныг хоёр тэрбум болтол нэмэгдүүлжээ. Анх хүмүүс эсэргүүцэж бараг жагсахдаа тулсан бол одоо тэр хөтөлбөрийн үр шимийг бүгд ойлгож, дэмжиж, нийтээрээ ам сайтай байна. Нэг хүүхдэд төслөөс 30 мнган төгрөг төлөхөөр ээж аавууд нь 20 мянган төгрөг нэмж, хүүхдээ  номтой ойр байх гурван ч  хөтөлбөрт зэрэг явуулж байх жишээтэй. Дорнодын жишгээр Сүхбаатарынхан номд хайрлагдсан бяцхан үрсээ дэмжиж, хөгжүүлж яваасай гэдгийг  энэ ташрамд хэлье.

-Та олон ном санаачилж хэвлүүлсэн, заримыг нь редакторласан. Ямар бүтээлүүд эрэлттэй байдаг вэ?

-“Номын цагаан хишиг" цувралаар “Багшийн лавлах” , “Зурхайг сонирхохын учир”, “Монгол хэлний дүрмийн лавлах”, “Сутай хайрханы хүү”, " Бөмбөөлий, бөмбөөлий..." номууд, мөн  хүүхдийн, эмэгтэйчүүдийн  гарын авлага, “Орос хэлний дүрмийн лавлах”,  "Дуунд дуртай болов оо” цуврал  номууд гаргасан. Зах зээл эхэлж хүний хөгжлийн номууд гарч эхлээгүй байхад манайх анх “Эмэгтэйчүүдийн лавлах”, Сурагчийн лавлах” номуудыг гаргаж байсан. Энэ номууд одоо ч эрэлттэй байдаг юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top