Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Сэлбэ голын ус хайлж, халиа тошин үүсэн, түвшин нь нэмэгдэж буй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр тус байршилд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Сэлбэ голд үүссэн халиа тошинд тогтмол хэмжилт хийж байгаа. Сэлбийн гүүрний харалдаа доод хэсэгт, голын гүнд суваг нээн, урсгалыг сайжруулахаар ажиллаж байна. Халиа үүссэн гол шалтгаан нь хөрсний ус юм. Өнгөрсөн жилийн үерийн хохиролтой холбоотойгоор хөрсний ус ихээр хуримтлагдсан. Бүтээн байгуулалтын улирал эхлэхээр юун түрүүнд Сэлбэ голын далангуудыг хүчитгэнэ” хэмээлээ.
Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Халиа тошин үүссэн байршилд усны түвшин 14 хоногт ойролцоогоор 10-20 см-ээр нэмэгдэж байна. Дулааны шугамтай хэсгүүдэд ус бүрэн хөлдөхгүй байгаагаас шалтгаалан шөнөдөө бага багаар нэмэгдэн хөлдөж мөсний түвшин дээшилж буй. Дэнжийн мянгын гуравдугаар сувагт халиа тошингийн нөхцөл байдал хүндэрснийг амралтын өдрүүдэд ажиллан, нөхцөл байдлыг сайжруулсан. Мөн “Шунхлай” шатахуун түгээх станцын хэсэг, 39 дүгээр сургуулийн урд талын сувагт Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн тохижилтын хэлтэс тус тус ажиллаж байна. Улаанбаатар хот Туул, Сэлбэ, Толгойт, Улиастай голын сав газарт байрлалтай. Үүнтэй холбоотойгоор сав дагасан халиа тошингийн асуудал их байна. Нийслэлийн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс сэргийлэх, мөсний түвшнийг нэмэгдүүлэхгүйн тулд шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авч, тогтмол хэмжилт хийсэн. Өнөөдрийн байдлаар машин механизм ашиглан сувагчлах, гарсан мөсөөр нь далан босгохоор ажиллаж байна” гэв.
Сэтгэгдэл ( 0 )