Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг нар тээвэр, логистикийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад төр болон хувийн хэвшлийн байгууллагынхан оролцож, Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах төслийн талаар санал солилцсон юм.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод тээвэр зууч, логистикийн үйлчилгээ эрхэлдэг 200 гаруй аж ахуйн нэгж байдаг бөгөөд Улаанбаатар, Амгалан, Толгойт өртөөний 362 салбар төмөр замаар дамжуулан импорт, экспортын ачаа барааг хүлээн авах, илгээх үйл ажиллагаа явуулж байна.
Энэ нь түгжрэл, газар ашиглалтад сөргөөр нөлөөлөх томоохон хүчин зүйлсийн нэг болоод буй юм. Иймд “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-иас нийслэлийн зүүн урд зүгт, хотын төвөөс 34 км зайд, 130 га талбайд Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах төсөл хэрэгжүүлж байна. Уг төсөл дөрвөн үе шаттай бөгөөд 2050 он хүртэл хэрэгжинэ. Энэ оны эхний улиралд төслийн I, II шатны бүтээн байгуулалтыг, улмаар 2025 оны эхний улиралд тус төвийн үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Алтанбулаг болон Замын-Үүд боомтоор орж ирж буй бүх ачаа тээвэр Улаанбаатар хотод ирж, нийслэл болон аймгуудад түгээгддэг.
Улаанбаатар хотын дундуурх төмөр зам, түүнээс салаалсан олон салбар төмөр зам дээрх хөдөлгөөн нь авто замын түгжрэлд нөлөөлж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийг бууруулж байна.
Тиймээс Улаанбаатар хотын хоёр захад тээвэр ложистикийн төв байгуулахаар ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгасан” гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Тээвэр ложистикийн үйл ажиллагаа эрхэлдэг бүх байгууллагыг хотын хоёр захад гаргана. Ингэхдээ хоёр төвийн үйл ажиллагааг хооронд нь уялдуулах шаардлагатай. Мөн тухайн байгууллагуудын үйл ажиллагааны тэгш оролцоог нийслэлийн зүгээс хангаж өгнө. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Улаанбаатар хоттой хамтын ажиллагаатай олон улсын байгууллагуудтай уулзаж, санал солилцох, хувийн хэвшлийн байгууллагууд санаачилгатай оролцох хэрэгтэй байна” хэмээлээ.
Уулзалтад ирсэн төлөөллүүдийн зүгээс Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулахдаа байгууллагуудын бодлогыг нэгтгэж, тодорхой болгох нь зүйтэйг хэлж байв.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )