Урт цагааны барилгын буулгалтаас гарсан хогийг зөөн тээвэрлэж байна

2024 оны 01 сарын 16

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 28 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 90.4 хувьтай байв. Тухайлбал, хот, нийтийн аж ахуйн чиг үүргийг дүүргүүдэд шилжүүлсэнтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн арчлалтыг дүүргүүд бүрэн хариуцаж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн. Энэ хүрээнд УБЗАА-наас өнгөрсөн долоо хоногийн хугацаанд тус гурван чиглэлээр хяналт шалгалтыг зохион байгуулсан байна.

Урт цагааны барилгын буулгалтаас гарсан хогийг зөөн тээвэрлэж байна

Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг бүрэн буулгасан. Буулгах ажлыг давхардсан тоогоор 354 ажилтан 149 машин техниктэйгээр гүйцэтгэсэн бөгөөд одоогийн байдлаар буулгалтаас гарсан хогийг зөөн тээвэрлэж байна. Нийт ажлын гүйцэтгэл 87 хувьтай байгаа юм. Чөлөөлсөн талбайд иргэдээс авсан санал асуулгын дүнгийн дагуу ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна.

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх хөрөнгийн шинэчилсэн бүртгэлийг зохион байгуулна

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө. Тодруулбал,

  • Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийтийн болон амины орон сууцны бүсийг тогтоох, шинэчлэн боловсруулах
  • Нийслэлийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх хөрөнгийн шинэчилсэн бүртгэлийн зохион байгуулах
  • Нийслэлийн иргэдийн эрт илрүүлэг, үзлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх
  • Орон нутагт мах худалдан авах явуулын цэг ажиллуулах боломжийг судалж, холбогдох шийдвэрийг гарган арилжааны банкнуудтай хамтран ажиллах талаар судалж танилцуулах
  • Хог хаягдлаас үүсэж буй байгаль орчны бохирдол, доройтол нь агаар, хөрс, усны бохирдлыг ихээр үүсгэж байгаатай холбогдуулан Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төлөвлөлт хийх
  • Дулаан, эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч болон технологийн уур үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын уурын зуухнуудын тооцоо судалгааг стандартад нийцүүлэн гаргах ажлыг эрчимжүүлэх
  • Нийтийн тээврийн чиглэлийн дахин төлөвлөлттэй холбоотойгоор автобусны буудал дээрх чиглэл, маршрутын мэдээллүүдийг шинэчлэх
  • Дүүргүүд хариуцсан зам, талбайн цэвэрлэгээ, халтиргаа гулгааг арилгах, сэргийлэх ажилд УБЗАА-наас тавих хяналтыг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгаврыг өгсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top