Нийслэлчүүдэд наалдаагүй нийтийн тээврийн өөрчлөлт

2024 оны 01 сарын 22

 

Хотын дарга Х.Нямбаатар нарын гаргасан нийслэлчүүдийн амьдралд огтхон ч нийцээгүй нэгэн шийдвэрийн балгийг Улаанбаатар даяараа амралтын хоёр өдөрт амслаа. “Сарын өмнөөс танилцуулаад байхад та нар дуугараагүй” гэж орлогч Д.Сайнзориг нь хэвлэлийн хурал дээр хэлнэ лээ. Танилцах нь танилцсан, гэхдээ хуучин чиглэлүүд дээрээ нэмэлт тийм чиглэлүүд гаргаад шинэ автобуснуудаа явуулах юм байна гэж бодсоноос биш, хот даяар нь төөрүүлээд, будилуулаад, хөхөө өвлийн хүйтнээр дааруулж бээрүүлээд туршилтын туулай болгоно гэж санаагүй.

Ганц жишээ. Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга байсан байж яагаад Баянхошуу, Баруунсалаа, Зүүнсалаанд тийм олон хүн амьдардгийг мэддэггүй байсан бэ.

Ганц хороо нь л 20-30 мянган хүнтэй, хүн ам шигүү тэдгээр газарт Баруунсалаанаас Баянхошуу, Зурагтаар дайрч Баруун дөрвөн зам орох ганц чиглэл явуулж яаж чаддаг байна вэ. Зам дээр өчнөөн хүн автобусанд багтахгүй үлдэж байна. Даарч хөрч, зутарч байна. Ам амандаа бувтнасан тэр олон хүн ерөөл тавиагүй, маань уншаагүй нь лавтай. Таван шар дээр автобуснууд багтахгүй вагон болоод цувчихсан байна. Аргаа ядсан хүмүүс сүүлийнхээс нь буугаад хамгийн түрүүчийнх рүү нь гүйж байна.

Офицер дээр ч тийм байгаа сурагтай. Ердөө энэ хоёр талд хамаг автобусаа чихчихэж.

Төвийн буудлууд дээр чиглэл бичсэн хуудсыг хорхой гүйсэн мөр шиг жирийтэл бичээд наачихсан. Харааны бэрхшээлтэй иргэд, хөгшид өтгөс нь уншаад өгөөч гэж хүн царайчлаастай. Захын хорооллууд дээр тийм бичиг ч байхгүй, уртаашаа ганц чиглэлтэй юм чинь. Гэтэл Баянмонгол хавьд “Шинэ 100 айл” гэсэн хов хоосон автобусууд бөөн бөөнөөрөө явж байх юм гэнэ.

Шугам алдаатай төлөвлөгдсөнөөс нэг унаагаар, эсвэл ганц дамжаад хүрэх газраа хүрдэг хүмүүс 2-4 дамжиж, ажил сургуулиасаа хоцорч “амьтан” болж очиж байна. Дөрвөөс илүү суувал суусан тоогоор мянган төгрөг гэдэг захирамжаа удахгүй гаргах биз. Тэгэхээр 1000-1500 төгрөгөөр ирж очдог байсан хүн өдөртөө 3000-4000 төгрөг халааснаасаа гаргах юм биз дээ. Амьжиргаа тааруу дээрээ үргүй зардал гэдэг энэ.

Улаанбаатарт 16-20 см цастай байна гэж холбогдох газар нь мэдээлж байна. Захын гэр хорооллоор үүнээс их байгаа. Малгүй л болохоос нийслэлд зуд болсон. Халтиргаа гулгааг ч хэлэх юм биш. Шинэ автобуснууд явж байсан холын чиглэлүүдээсээ нөгөөдүүлээ татаад, аль л халтиргаа гулгаатай, налуу замтай газрууддаа хуучны хуучин автобусуудаа явуулчихсан, нөгөөдүүл нь хий эргэж, чарлаад газар хороох ч шинжгүй.

Удахгүй хичээл эхэлж хүүхдүүд сургуульдаа явна. Оюутнууд цуглана. Бага ангийн сурагчид яаж тэр олон дамжиж сургуульдаа очих вэ гэдгийг бодож үзсэн дарга Хотын захиргаанд лав байхгүй л дээ. Нөгөө жаахнуудаа сургуульд хүргэдэг, авдаг өвөө эмээ нар ч чангаланд орж байгаа. Ядахад тэдэнд суух суудал ч олдохгүй, дахин дахин дамжих гэж хүүхдээ хөтөлж чирч гүйсээр нялхтай, хөгшинтэйгээ хамт сэнсрэх биз.

Цаг тавирах болоогүй, хүйтний эрч чангарсан хоёр өдрөөр туршилт хийсэн дарга нарт “Албан тасалгааны цонхоор Амьдрал сайхан харагдана” гэдэг шиг л санагдаж байх бололтой.  Ямар ч тооцоо шийдэлгүй хийсэн шинэчлэлт болох нь хэвлэлийн шуурхай хурлаас харагдсан. Хэл ам ахиухан хийсэн газруудад дөрвөн чиглэл шууд нэмж ч байх шиг.  Хоёрдугаар сарын 1 хүртэл 1111 утсаар мэдээлэл авъя ч гэх шиг. Ингэж бушуу туулай борвиндоо баас нааж харайхгүй ээ.

Иргэдийн хэлж ярьж байгааг ядахдаа нэг болгооно уу, дарга нар аа. Хуучин маршрутаар нь явуулаад өгөөч л гээд байгаа. Инженерийн үндэслэлтэй, 50-60 жилийн өмнөөс хэвшчихсэн чиглэл шүү дээ. Ядахдаа шинэчлэлт хийх цагаа ч олохгүй хөхөө өвлийн хүйтнээр туршиж байдаг. Өмнө нь 2015 онд бага зэрэг шинэчлэлт хийсэн. Гэхдээ наймдугаар сард, ажил сургууль амраад, хот сийрэг болчихсон үед шинэчилсэн. Есдүгээр сард ажил, сургууль жигдрэхэд хэвшчисэн байсан юм. Цөхөрсөн иргэд бас нэг юм хэлээд байгаа. “Хийсэн болгон чинь бүтэлгүйтээд байна, хотын дарга нар аа. Зүгээр л сууж бай л даа” гээд. Нийслэлчүүдэд наалдаагүй нийтийн тээврийн өөрчлөлт гэж нэг ийм зүйл иргэд бидэнд ёстой хөхөө өвлийн хүйтэнд мөстэй жин тавилаа даа. Эргэн харах биз ээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
E(202.9.40.223) 2024 оны 01 сарын 24

har psda tudeviin sheesnuud tsusandaa jiven

0  |  0
gvggghjjjjkkkfdhkkkl(120.193.220.237) 2024 оны 01 сарын 22

niislelchuud gej yuu gesen ug ve? -uud gesen dagvar tusgailan huniig zaahad heregledeg gej hel zuiin duriimiig martav uu , niislel gej gazariin ner , huniig zaaj bgaa bsh , harin yaahlaaraa mongol ugee ch zuv hereglej chadahgui bolchilhsn be?

0  |  0
Зочин(66.181.176.154) 2024 оны 01 сарын 22

Нямбаатар юуч хийх чадамжгүй байж дордуулж иргэдийг хохироож зугаацахаар боль чамайг юуч хийж чадахгүйг нийслэлчүүд мэдэж бгаа багахан гай болооч

0  |  0
а(112.72.15.198) 2024 оны 01 сарын 22

зарим автобус огт хүнгүй нэг хоер хүнтэй ойрхон хар хэрээ шиг эргээд зарим таван шар офицер гэх мэт нь хүн нь багтахгүй үлдээд \n дахиж огт ирэхгүй усанд хаясан чулуу мэт байхгүй бн

0  |  0
х(122.201.23.219) 2024 оны 01 сарын 22

Цамбагарав-Зайсан гэсэн автобус хагас бүтэн сайнд хүнгүй шахам ойр ойрхон эргэлдээд байсан. Тэгэхээр нь анхандаа Хүмүүсээ амралтын өдөр Зайсан уул руу гар гэж байгаан байх гэж бодож зогссон. Тэгсэн харин шинэ маршрут гэнэ. Шинээр маршрут гаргаж байгаа бол эрэлт хэрэгцээндээ судалгаа хийдэггүй юмуу. Сонсоод байх нь Зүүн талаасаа Зайсан чиглэлийн унаа байхгүй гэх юм

1  |  0
Never (66.181.191.173) 2024 оны 01 сарын 22

Айл болгоны орц хашааны үүдэнд Автобус зогсох уу ? Never

0  |  1
Top