“Хан уулын ард түрүүлсэн аваргыг чинь би хар сээрээр нь тавина аа, хараарай”

2024 оны 01 сарын 24

Хүчирхэг далиа хумин суугаа сүрлэг хүрэн бүргэд шиг аварга, заан хоёр хоймор эзлэн сууна. Тэд нэг нэгнийхээ зүг мэхийх мэт үл мэдэг бөхийн суугаад, идэр залуу насныхаа ид хавыг эргэн дурсах бүрийд нь тэртээ ууланд цас нурж, энэтээ ууланд адуу янцгаах шиг болно. Хаа нэг мөрөө хөдөлгөн цээжээ түрж, ханцуйгаа шуухыг нь харах хүртэл урамтай аж. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Хорлоогийн Баянмөнх, Монгол Улсын манлай заан Донровын Долгорсүрэн хоёрыг ийн бишрэн, аманд нь орох шахан яриаг нь сонордон суухын жаргалыг юутай ч жишмээр юм билээ дээ. Аавынхаа тохойг түшээд, жаахан хөвүүн шиг өвдөглөөд суучихсан Монгол Улсын гарьд Б.Гантогтох, гэрийн зүүнтээ удаан уулзаагүй залуу охид шиг бие биенээ нудран, амьдралын нарийн ширийн бүхнээ уудлан жигтэйхэн шивнэлдэн буй аварга, заан хоёрын маань гэргий нар энэ агшны чимэг болж, шигтгээ нэмж байв. Ингээд олныг үл нурших аварга заан хоёрын халуун ярианд таныг ч бас урин залъя.


Гэрэл зургийг: Ц.Мягмарсүрэн

Сурв: Аварга аа, таны төрсөн нутгаар би өнгөрсөн зун анх удаа явж үзлээ. Үнэхээр нэг өөр, сүрдмээр нутаг юм?

Х.Баянмөнх: Харахад нэг шалдан улаан уулнууд. Тэрний тэр энерги нь ямар гайхамшигтай гээч. Дээр үед “Диваажин гэж хаана байна” гэж Төвөдийн лам нарын дотор асуулт явуулсан байгаа юм. 200 гаруй лам “Баруун хойшоо 2000 километр яваад л диваажин байна” гэсэн нь Алтайн нурууг хэлж л дээ. Монгол Алтайн нурууг бол хүний амьдралын диваажин гэдэг гэнэ лээ. Эрчим хүч, янз бүрийн хүний мэддэг мэддэггүй түмэн юмыг цуглуулсан, лус савдгийн орон. Тэр дундаа манай Бор хайрхан бол хэтэрхий сайхан л даа. Гантогтох чи хэл дээ, хоёр цаг болоход яасан гэлээ?

Б.Гантогтох: Хаана?

Х.Баянмөнх: Бор хайрхан дээр сууж байхад чи юу гэж хэллээ?

Б.Гантогтох: Аан, дөрвөн улирлыг үзлээ гэсэн. Ерөөсөө л нэг дор дөрвөн улирал үзсэн.

Х.Баянмөнх: Ерөөсөө л тийм шүү дээ. Манайхны нэг гардаг овоо байдаг юм. Тэрэн дээр гараад хоёр цаг гаруй суухад л дөрвөн улирлыг үзчихсэн. Цасаар шуурч байснаа хаврын хавсарга тавьж, тэгснээ бороо орж, удалгүй нар гарлаа гэж байгаа юм. Хоёр цаг суухад л дөрвөн улирал солигдчихож байгаа нь тэр.

Сурв: Тэгэхээр тийм эрс тэс байгальд төрж, өсөж бойжсон тулдаа л та ийм лут бөх болсон байж болох уу?

Х.Баянмөнх: Тэгэлгүй яадаг юм. Тэр маргаангүй. Тэр хатуу ширүүн байгаль, бага насны тарчиг ядуу байдал л энэ биед тэсвэр хатуужил, тэмцэх чадвар суулгасан. Хад асгатай, зун гэж бараг үзэхгүй тийм нутагт тавдугаар сар дөнгөж цухуймагц л гутал тайлаад авчихна шүү дээ. Тэгээд аравдугаар сар хүртэл гутлын бараа үзэхгүй. Намар өмсөх гуталгүй болчихно гээд ганц муу майга монгол гутлыг минь тайлаад авчихна. Тэгээд л хөл нүцгэн хоцорч байгаа юм чинь.

Д.Долгорсүрэн: Аав ээж хураагаад авчихна, тийм ээ?

Х.Баянмөнх: Тэгэлгүй яах юм, тэр чинь. Өвөл болтол хөл нүцгэн л явна. Бороо орвол цамц байхгүй. Нэг муу хөх даалимбан өмдтэй. Өөр юу ч байхгүй. Тэгээд тэр хүйтэнд чинь гүйж л явна.

Д.Долгорсүрэн: Тийм. Юу ч байхгүй. Бандааж энэ тэр байхгүй шүү дээ.

Х.Баянмөнх: Би бол нэг муу хэвтдэг гудастай л. Тэр нь нэг адууны арьсан дэвс­гэр. Дээгүүр нь ах эгч нарын багадсан дээлийн тасархай чулуудчихна. Тэгээд л өглөө босоод нүцгэн гараад л ухасхийчихнэ. Би баригддаггүй тугалыг их хад асга руу оруулж байж барьж авдаг байсан шүү. Миний хөл өвдөнө гэж байхгүй. Тугалын хөл өвдөөд гишгэж чадахгүй баригдаж байхад... (Инээв)

Д.Долгорсүрэн: Дээр үед тийм л ядуу байсан. Тийм ээ, Баянаа? Най байхгүй. Сургуульд хөл нүцгэн очиж байлаа шүү дээ.

Х.Баянмөнх: Яадаг ч арга байхгүй шүү дээ. Тийм л байсан.

Д.Долгорсүрэн: Дарга нарын хоёр гурван охид л бажийнхтай. (Ботинкийг хэлж байна. сурв). Нэг ангийн 55 хүүхдээс шүү дээ. Бусад нь дандаа хөл нүцгэн. Гутал олдохгүй. Цүнх гэж цайны уут шиг хөгийн юм хийгээд үүрүүлчихэж байгаа юм.

Х.Баянмөнх: Би 11 нас хүртлээ өөрийн гэх дээлтэй байж үзээгүй. Ах эгч нарын багадсан юм л өмсөнө. 11 настайдаа би хүүхдийн барилдаанд түрүүлээд, 48 төгрөг авсан юм. Түүнээс минь илүүчилж нэг хөх даалимба авч, би дээлтэй болж байлаа. Өмссөн чинь шинэ даавууны үнэр ханхлаад л. Тэгээд түүнээ өмсөөд сургуульд орох гэсэн, гутал байдаггүй. Ахын нэг далжгий гиш­гэсэн гутлыг шөнөжин зуухаар даруулж хонуу­лаад, өмсгөөд явуулж байсан. Зулагийг нь тэгш болгож байгаа нь тэр юм байна л даа.

Дэжимбээ: Зэрлэг шахуу л өссөн хүн шүү дээ, наадах чинь. Гутал бол нэг хонохдоо дургүй шүү. (Инээлдэв) Угаасаа тийм хатуу ширүүн байгальд өөр нөхцөлгүй юм билээ. Ямар сайндаа л үхэр шээж бааж байхад хөлөө түүнд дүрж дулаацдаг байсан гэхэв дээ.

Х.Баянмөнх: Өө, тэр бол юу ч биш. Тэр үеийн бүх хүүхэд тэгдэг байсан.

Д.Долгорсүрэн: Бүгд ээ, бүгд. Гутал байх­гүй, дотуураа бандааж байхгүй. Бөгс арчих юм ч байхгүй шүү дээ. (Бүгд хөхрөлдөв)

Х.Баянмөнх: Би 11-тэйдээ сургуульд орсон. Тэгээд дотуур байрны зөвлөлийн дарга болчихсон. Нөгөөдүүлээсээ хоёр насаар ах, том биетэй юм чинь би дарга болохгүй яах юм. Туж дарга хийдэг тийм байлаа шүү дээ. Тэгээд бөөс цохино гэж том ажил байлаа. Хүүхдүүдийн ариун цэврийг сахиулах гэж хувцсыг нь тайлуулна. Өмдийг нь шувтлаадахлаар л цөм шалдан. Гутлыг нь авахаар л оймс байхгүй.

Д.Долгорсүрэн: Оймс гэж мэдэх ч үгүй байсан. Мөн ч ядуу байсан шүү, бас.

Х.Баянмөнх: Дайны дараахан болохоор арга байж уу. Чи бодоод үз дээ. Тавдугаар гурил гэж байсан шүү дээ, тэр үед. Бараг овьёос шахуу. Тэр тавдугаар гурилаар ээж бин хайрч өгнө. Амттай гэж тоймгүй. Зурамны арьс их авдаг байсан юм. Би бол их зурам алдаг. Зурамны хүзүүг нь тас мушгичихаад л, арьсыг нь дарайтал элдээд агентад аваачиж өгнө.

Д.Долгорсүрэн: 20 мөнгө. Нэг зурам 20 мөнгө байсан.

Х.Баянмөнх: Одооны хүүхдүүд мэдэхгүй. Яриад ч нэмэргүй. Хүнд байсан шүү. Өрөвдмөөр байсан.

Д.Долгорсүрэн: Юу л байна, бөөс л байсан даа. (Инээлдэв)

Сурв: Та хоёр ер нь яаж танилцаж байв. Наадмын дэвжээнд таарав уу, эсвэл өөр тохиолоор уулзав уу?

Х.Баянмөнх: Заан цэргийн албанд анх ирсэн. Би тэр үед Улаанбаатар хотын намын хорооны лектор хийж байсан. Хааяа “Алдар” нийгэмлэг дээр очиж лекц уншина. Би Даш хурандаагаас “Бөх болох хүн байна уу” гэж асууна. Тэгэхэд анх Долгорсүрэнг жагсаалд зогсож байхыг нь хараад “Энэ бөх болно оо. Ийм хүзүүтэй хүн бөх болохгүй байна гэж байдаггүй юм” гэж хэлээд би яваад өгсөн.

Д.Долгорсүрэн: Би 1966 онд цэрэгт ирсэн. Дотроо бол жолооч болох сонирхолтой. Тэгсэн Өвөрхангайгаас 11 машин дүүрэн шинэ цэргүүд татагдаад, замдаа Шархайн хөндийд биднийг барилдуулсан юм. 365 цэрэг дундаас би түрүүлээд дарга маань “Би чамайг ангидаа авна” гээд Цагаан хуаранд ирлээ. Тэгээд “Бөх болъё, жолооч болъё, албаа хаая” гэсэн гурван зорилготой болсон. Удалгүй бөхийн “Алдар” нийгэмлэгт орж, цэргийн жагсаалаас бөх болох гараа тавигдсан даа.

Х.Баянмөнх: Шинельтэй цэрэг бөхийн аманд гараад, ер нь хувираад, задраад ирвэл хүн дийлэхийн аргагүй тийм ясархуу хүн байсан шүү. Яс их сайтай. Эндээ гэж хэлэхэд хөл, гуя жаахан нарийхан. Банзандуухан гуятай. 

Сурв: Зааны хувьд цэрэгт татагдсан жилээ л улсын наадамд зодоглосон гэдэг байх аа?

Д.Долгорсүрэн: Тэгсэн шүү. Би “Алдар” нийгэмлэгт ороод удаагүй байхад улсын наадам боллоо. Бид нэгийн давааны аманд гарахаар талбайд жагсаж байлаа. Бороо ороод зогсохгүй болохоор бөхийн саравч руу орлоо. Тэнд ногоон дээлтэй Баянаа аваргыг хараад “Ийм л бөх болох юмсан” гэж бодсон шүү. Тэгээд нэгийн даваанд Хөвсгөл аймгийн заан Гүрбадам гэж хүний аманд очлоо л гэнэ. Үзсээр байгаад арай гэж давлаа. Тэгсэн цэнгэлдэх тэр чигтээ үерт автаад... Морин тэрэгтэй хүн далд ороод, мориных нь хоёр чих л цухуйгаад хөвж байсан.

Сурв: Аан, нөгөө 1966 оны айхтар үер...?

Д.Долгорсүрэн: Өө, тэр чинь. Цэнгэлдэх тойроод битүү ус. Тэр үед Туулын голын сав анх удаа дүүрсэн гэдэг байх шүү.

Х.Баянмөнх: Би хоёрын даваанд барилдах гээд зодог шуудагтайгаа цүнхээ үүрчихсэн Энхтайвны гүүрэн дээр алхаж явсан. Тэндээс цэнгэлдэх рүү хартал “Зил 130” машин хөвөөд явж байгааг хараад ухаан алдчихсан. Хана нь онгорхой гэрүүд ярзайж байсан шүү.

Д.Долгорсүрэн: За, тэгээд наадам завсарлаад олон хонолоо. “Алдар” нийгэмлэг дээр долоо хоногийн дараа хоёрын даваа эхэлсэн.

Х.Баянмөнх: Хоёрын даваа эхлээд, барилдаан яг дунд орж байхад дахиад л...

Д.Долгорсүрэн: Алаагүй юу.

Х.Баянмөнх: Өө, ёстой алаад хаялаа. Орох байх газар байхгүй. Үер хамаг юм урсгаад, баллаад хаялаа. Тэгээд монгол гуталтайгаа ус туулж явсаар нэг унаа олоод гэр рүүгээ явсан. Тэр үед манайх спортын төв ордны зүүн талд гэр бариад амьдарч байсан юм. Тэгсэн манай гэрийн ойролцоо хүмүүс шавчихсан, машин тэрэг дүүрэн байна. “Юу болж байгаа юм” гэсэн “Спортын төв ордонд барилдаан болж байна” гэнэ. Самбуу дарга, Цэдэнбал дарга бүгд ирээд суучихсан. Тэгээд байхгүйг нь шууд унасанд тооцоод, нөгөө бөхөд даваа өгч байсан.

Д.Долгорсүрэн: Би хоёрын даваанд Наваан гэж харьж яваа начинтай таараад, арай ч унасангүй хоёр давсан. Тэгээд маргааш нь цэргүүд жагсаагаад, намайг сайшааж “Хоёр давлаа. Одоо гурвын даваа ч чамд амархан байна даа” гээд л. Тэгсэн гурвын даваанд намайг Ч.Бээжин авч дээ. Мижиддорж гуай тэгж байна “За, Бээжингийн элэг бүс л барьж аваарай” гэсэн. Тэр элэг бүс нь яаж надад олдох вэ дээ. Барих арга байхгүй. Шинэ цэрэг надад олддог эд биш.

Х.Баянмөнх: Хөл гар хоёр нь салга өвчтэй хүн шиг зэрэг л ирнэ. Барилдахад мөн ч эвгүй дээ.

Д.Долгорсүрэн: Хэлэх юм биш.

Х.Баянмөнх: Цаадахтай чинь сайхан золгоод л гол ясанд нь хүрвэл гайгүй.

Д.Долгорсүрэн: Золгооноос муу. Ангайгаад явчихна. Аа, тэр дөрвөн мөчийг барихад ч эвгүй дээ.

Х.Баянмөнх: Ээ, хэцүү. Барьц бол өгнө гэсэн тооцоо байхгүй. Гялс гээд суйлаад л, эргэж гуд татаад л, этээд л, нэг юм босоод ирэхээр таллаж ийшээ тонгойгоод л, эргэхэд өмсөж дороо хийгээд л. Ерөөсөө маш эвгүй. Тэгээд бид яадаг гэхээр дайраад л хав дөрвөлжин золгоно. Тал мал хамаа байхгүй, золгоод л авна.

Д.Долгорсүрэн: Золгож л хаяна. Золгохгүй л бол аюултай.

Х.Баянмөнх: Өө, золгох бас аюултай. Салтаа дэлгэж тонгойно. Нүгэлтэй тонгойно шүү дээ. Салтаа нь бүр тээр дээр, толгой нь газар шүргэн алдаад л. Тэгээд л дороо хийчихнэ. Тонгороход нь нөгөө урт халимаг нь газар шүргээд л, мөн ч маягтай шүү. Барилдахад үгүй ээ мөн ч адармаатай шүү.

Д.Долгорсүрэн: Тэгж л би анх энэ хэдийн чинь барилдахыг харж байлаа. Жамц гуай, Цэрэн гуай, тэгээд энэ Баянаа аварга, Мөнхбат аварга гээд л. Тэнд муухай амьтан алга аа. Ийм бөх болох юмсан л гэж бодож суулаа.

Сурв: Та харин тэр жил яаж барилдсан бэ?

Х.Баянмөнх: Тэр жил би Мөнхбатыг хаях ёстой байж байгаад, том Санжаатай хоёр дахин барилдуулаад... “Хүний хөл дээр хаялаа” гэж Лхагвасүрэн жанжин тэндээс босч ирж хашгираад, тэгсээр байгаад дахиж барилдуулсан. Том Санжаа чинь их үетэй, хэцүү бөх шүү дээ. Хүний тамир их авдаг, Ө.Эрдэнэ-Очир бас тийм. Тэгээд хоёр барилдаж, хоёр хаяад, долоогийн даваанд Эрдэнэ-Очиртой таарсан. Тэгээд шөвгийн дөрөвт Мөнхбатад юу ч бололгүй унасан. Би бараг тахимаа өгсөн шүү дээ. Хоёр гарт барих юм байхгүй. Би дууссан шүү дээ.

Д.Долгорсүрэн: Би Баянаа аваргын том Санжааг давсан барилдааныг мартдаггүй юм. Санжаа гуайн хоёр хөл нь газар хүрэхгүй. Баянаа ганц гараараа өргөсөн шүү дээ, тэгэхэд. Ингэж. (Ганц гараа дээш нь өргөж үзүүлэв)

Аймар... Баянаа чинь аймар байсан шүү. Би ер нь хүнийг ганц гараараа тэгж өргөж байхыг хараагүй. Тэр нь том Санжаа гуай шүү дээ. Зүгээр нэг амны цэрэг биш.

Сурв: Ингэхэд аварга, заан хоёрын нөхөрлөл яаж эхэлж байв?

Д.Долгорсүрэн: Баянаа бид хоёр олон жил нөхөрлөж яваа найзууд аа. 1968 онд би начин болчихоод, Увс аймаг тэр жил шинэ заалны нээлт хийсэн юм. Тэнд Дүвчин, Түвшин заан, бүдүүн Намжил, Завханы Батбаяр баахан бөхчүүд очсон. Тэгээд хоёр гурав хоноод, ар гэр ажил төрөл гээд явцгаасан. Би цэрэг юм чинь арагшаа яарах юм байхгүй, тэнд үлдээд Хяргаст очоод хонож өнжлөө. Түүнээс хойш олон жил сайхан нөхөрлөсөөн.

Х.Баянмөнх: Манай Долгорсүрэн бол боловсролын хувьд дээд сургууль төгсөөгүй. Гэхдээ ардын хар ухаанаар ямар ч эрдэмтнээс илүү. Ой тогтоолт, юмны арга эвийг олохдоо бол агуу хүн. Хэцүү бэрх үед амьдралыг хөдөлмөр, оюун ухаанаараа бий болгосон. Гавьяат тээвэрчин цол авсан шүү дээ. Үнэхээрийн тээвэрт явж байсан хүн байхгүй юу. Ноён нуруу их сайтай. Манай бөхчүүд их хүндэтгэнэ.

Сурв: Та хоёр хэдий найз нөхөд гэвч дэвжээн дээр бол өрсөлдөгчид байсан биз дээ?

Х.Баянмөнх: Тэгэлгүй яахав. Бидний үеийн бөхчүүд чинь барилдахаараа начигнаад л үзчихдэг, яриа хөөрөө гэж байхгүй. Тийм л байсан.

Сурв: Долгорсүрэн заан бөхийн хувьд хэцүү өрсөлдөгч байв уу?

Х.Баянмөнх: Аа, эвгүй байлгүй яахав. Долгорсүрэнгийн хоёр гарын тамир бол мундаг л даа. Базарваанийн хум пад. Сарвуу марвууны атгалт гэж айхтар. Шуу том. Тээвэр хийгээд амьдралын төлөө зүтгээд байсан юм даа. Түүнээс биш, бидэн шиг бөхийн төлөө явсан бол арслан, аварга авчих байсан юм. Яахав, тээврээ хийж явж явж ирээд л наадамд барилддаг тийм л бөх байсан. Одоо нас нь яваад, яс нь улам мэдэгдээд байна шүү, харин. Залуу байхад нь Мөнхбат нарын хүнд нэр хоч өгдөг хүмүүс “Янгир хийцийн тэх” гэж явуулдаг байсан. “Гуя нь нарийхан, цээж нь ярих юм байхгүй ээ” гэдэг байлаа. Тэгсэн хэрнээ авдаггүй. Мөнхбат ер нь Долгорсүрэнг амалж авдаггүй байсан шүү.

Д.Долгорсүрэн: Мөнхбат авахгүй. Бас та ч аваагүй биз дээ?

Х.Баянмөнх: Би ч авахгүй. Би нэг л авсан. Гол нь эвгүй байхгүй юу. Тэгээд л авахгүй байхгүй юу. Түүнээс юуг нь хайрлах вэ дээ. Амархан учраа байсан бол амалж авч унагаад, тахимаа аваад л явуулчихна. Гэтэл эвгүй, ясархаг. Хоёр гар бол лантуу шүү дээ. Цэрэнтогтохыг ид түрүүлж байх үед нь Долгорсүрэн илүүрхэж давж байсан шүү. Тохойноос нь татаад, эгэмд алгадаад л унагаж байгаа юм. Би яг хажууд нь барилдаж байсан чинь таньдаг шуудаг л тас гэдрэгээ хараад уналаа даа. “Үгүй ээ, Цэрэнтогтохыг хэн ингэж унагадаг билээ” гээд харсан чинь энэ нөхөр цаашаа дэвж явсан.

Сурв: Баянаа аварга аа, ер нь барилдахад эвгүй, барилдаан таарахгүй бөх гэж байна биз? Танд тийм бөх ер нь байсан уу?

Х.Баянмөнх: Ер нь тэгээд муу бөх гэж байдаггүй юм. Тун эвгүй юм гараад л ирнэ. Мэндсайхан гэж Өвөрхангайн арслан байх аа. Жоохон дөрвөлжин бөх. Таадгалзсан юм. Тэрэнтэй Цагаан сарын дөрвийн даваанд нэг барилдаад ёстой хаширсан. “Үгүй ээ, тэгж барилддаг хүн гэж бас байна аа” л гэж бодсон. Ганц ч барьц өгдөггүй шүү, бүр. Тэр үед чинь надад шуудагдуулдаггүй хүн гэж байхгүй, татахаар л гарт ороод ирдэг байсан байхгүй юу. Тэгээд л хоёр гурван мэх хийгээд л хөдөлгөчихөөр гарын аясаар болоод ирдэг байхгүй юу. Гэтэл тэр бүр шонгүй. Ёстой нэг хаадганаж байгаа юм аа. Сүүлдээ би бүр “Унавал ч унаг, яршиг” гэж бодоод, засуул дайруулж барьж авч байж нэг юм хаясан.

Д.Долгорсүрэн: Жоохоон бор юм байгаа биз дээ?

Х.Баянмөнх: Тийм. Модны зах дээр мод зардаг байсан. Барьц өгнө гэж байхгүй. Намайг хашраасан бас нэг хүн бий. Улсын начин “Чапаев” Дашзэвэг гэж...

Д.Долгорсүрэн: Өө, ёстой “хогийн” эр бий. Ёстой аймар. Өрөөсөн гарыг бүр мэдээ байхгүй болгоно шүү дээ.

Х.Баянмөнх: Би бас нэг цагаан сараар авчихсан чинь өрөөсөн гарнаас барьчихаад тавьдаггүй. Хоёр гараараа бариад тонгой­чихно. Тэгээд арай гэж өргөнө. Өө, уул шиг гозойтол өргөж байгаад л тавина. Байх­гүй, тап хийгээд хоёр хөл дээрээ бууна. Базар­ваанийн хум пад. Аюултай хүн байж билээ.

Д.Долгорсүрэн: Зальдах гэнэ, бас.

Х.Баянмөнх: Өө, найгүй найгүй. Ар өврөөс дайрна. Ер нь хийхгүй юм байхгүй. Тэгээд уурладаг арга байхгүй. Тахим өгнө гэж үхэж байгаа амьтан шиг өгнө. Уурлах ямар ч арга байхгүй. Өө, тэндээс гүйж ирээд л тахим өгч байгаа нь бүр хөөрхөн гэж жигтэйхэн шүү дээ. Яг барилдахаараа л бүр хамаг юм бараад хаяна даа.

Д.Долгорсүрэн: Өрөөсөн гар доош дарж татаад, тэгээд л мэдээгүй болгочихно. Би анх мэдэхгүй ойчоод...

Х.Баянмөнх: Яг тэгдэг. Өргөж гаргаж ирээд, гутал нь тэр дээр харагдаж байгаа юм чинь. Тэгээд л тавингуут байхгүй. Хоёр хөл дээрээ тап гээд л бууна. Шүд нь тачигнаад л байна. Ёстой нээрээ аймшигтай. Сонин сонин бөхчүүд байсан шүү.

Д.Долгорсүрэн: Баянаа аварга аа, та Бээжин Дэмүүлийг хаяхыг мэднэ, тээ? Би унахдаа тэгж хойшоо гурав өнхөрч байгаа хүнийг хараагүй.

Х.Баянмөнх: Тэр чинь хөлөөрөө суйлдаг байхгүй юу. Халз тонгорох гэж өөрөө туйлж байгаад гэв гэнэтхэн хүн чинь өөрөө чирна аа даа. Тэгэнгүүт тахимдаж суйлаад л, угсруулж этээд, цээжин дээр нь алгадчихаар тэгж унаж байгаа юм. Тэгээд бөөрөнхий хүн юм чинь өнхөрчихгүй юу.

Д.Долгорсүрэн: Ёстой хачин барилдаан. Хөл нь гозойгоод л гурав өнхөрсөн шүү дээ. Араг­шаа хөл нь даваад л өнхрөөд байгаа юм.

Х.Баянмөнх: Би байгаагүй л дээ. Гадаадад байсан.

Д.Долгорсүрэн: Өө тийм байх. 1970 оны наадам. Та нээрээ гадаадад тэмцээнд явчихсан. Тэгээд Бээжин түрүүлээгүй юу?

Х.Баянмөнх: Би ирээд зураг үзсэн л дээ. Гурав өнхөртөл суйлсан байна лээ.

Сурв: Та хоёр ер нь бие биенийхээ барилдаанд хэр зөвлөгөө өгдөг байв? “Тэр бөхийг ингэж хаяарай” гэж зөвлөж, мэх зааж өгөх тохиолдол байсан уу?

Д.Долгорсүрэн: Тэр үед яаж мэх заадаг байсан гээч. Цэрэнчимэд, Нанжид гээд бөхийн багш нар байсан л даа. Тэд “Мэх заана” гээд дуудна. Яваад очихоор “Биеэ сулла” гэнэ. Тэгмэгц “Ип” хийтэл ачаад л. Ёстой нус сугартал ачна. Мэх заахгүй шдээ, биеэ суллаж бай гээд л алаад өгнө.

Х.Баянмөнх: Тэгдэг. Мэхийг хаяж байж биш, тэр мэхэнд унаж байж сурдаг. Хашрааж байж л юм сургана шүү дээ. “Далбаанаас ингэж бариад, ингэж мэх хийдэг” гэж заалгасан монгол бөх нэг ч байхгүй. Барилдаж үзээд л, ингэж болдоггүй юм байна гэж мэдэхээс. Тэгээд унаж хашраад л бөх болсон, одоо бодоод байхад.

 

Гэрэл зургийг: Ц.Мягмарсүрэн

 

Сурв: Барилдана гэдэг дан ганц биеийн хүчний ч ажил биш шиг байгаа юм аа, тийм ээ?

Д.Долгорсүрэн: Угаасаа л огцом мундаг ухаан гарч байж л барилдаж байгаа юм.

Х.Баянмөнх: Бөх хүнд гурван үйл явдал зэрэг шийдэгддэг байхгүй юу. Нэгдүгээрт, эсрэг хүн ямар мэх хийв гэдгийг зөв таних хэрэгтэй. Хоёрдугаарт, би энэ тохиолдолд яах вэ гэдэг шийд гаргана. Гуравт нь, гаргасан шийдээ гүйцэтгэж чаддаг байх хэрэгтэй. Ийм гурван юм нийлж байж мэх болж, өрсөлдөгчөө хаядаг юм. Аюултай юм байхгүй юу, энэ чинь.

Б.Гантогтох: Аавын нэг үг байдаг. Чи бодож мэх хийх юм бол хоцорчихдог гэж. Тэр үнэн байгаа юм. Заримдаа эгзэгтэй барилдаанд яаж хаяснаа мэддэггүй. Ямар мэх хийгээд хүн хаяснаа мэдэхгүй шүү дээ. Хэрэв мэдчихээд хийсэн бол магадгүй хоцорно. Хаяхгүй гэсэн үг.

Х.Баянмөнх: Бөх хүний мэх, хөдөлгөөн гэдэг бол ердөө 15-30-хан сантиметр дотор байдаг. Бөхчүүдийг хурд суулгаж байна гээд 100 метрт гүйлгээд байдаг. Тэр огт биш. Тийм хурд байхгүй. 15-30 сантиметр дотор л явагддаг тэсрэлт. Тэр л унагадаг байхгүй юу, хүнийг.

Сурв: Хэт их төлөвлөж, бодож тооцож барилдвал бас бурууддаг гэсэн үг үү?

Х.Баянмөнх: Леван Тедиашвили гэж гэж олимпын гурван удаагийн аварга мундаг бөх байдаг. Юрий Шахмурадов гэж дэлхийн аварга. Леван бол Грузины маш мундаг биетэй, Шахмурадов бол бөхийн бүх техник эзэмшсэн хүн байхгүй юу. Тэгээд л Леван яаж ч тооцоолж барилдаад Шахмурадовыгаа бардаггүй байж. Тэгээд хөнгөн жинд барилддаг Владимир Лойсик гэж Беларусын нэг мундаг бөхтэй уулзаж. “Би бяраар Шахмурадовоос хамаагүй илүү. Гэтэл улсын аваргад ялагдаад болдоггүй. Би дэлхийд очвол Шахмурадовоос илүү түрүүлнэ” гэсэн юм байна л даа. Тэгсэн хэлж гэнэ. “Шатарт нэг юм байдаг. Нүүдэл бүрээ тооцоолсныхоо дагуу нүүгээд байхад л нөгөөх нь нэг хүүгээр илүү гараад хождог юм. Яаж ч оролдоод хожигдоод байдаг. Түүнтэй адил чи яаж сайхан мэх зохиогоод, явсаар байгаад тэр хүн чинь л хаяна. Тийм учраас би тэртэй тэргүй ялагдах юм чинь гэж бодоод хамаа намаагүй барилд. Чамайг огт тоолоогүй хөдөлгөөнүүд хийхээр нөгөө хүний хөдөлгөөн алдагдаад, чиний биеэ барих, чангалаад байдаг юм чинь сулраад, нөгөө хүн чинь эсрэгээрээ биеэ чангалж өгөөд, ингээд алдагдалд ордог байхгүй юу” гэж зөвлөсөн гэдэг. Тэгээд л Леван Тедиашвили яг хэлснээр нь барилдаад хожсон гэж байгаа юм. Тэгээд Олимпод гурав түрүүлсэн.

Сурв: Аварга аа, та түрүүнд Долгорсүрэн зааныг нэг л удаа амалж авсан гэж ярьсан. Та хоёр улсын наадамд нэг л удаа таарч барилдсан гэсэн үг үү?

Д.Долгорсүрэн: Үнэндээ манай хоёр аварга намайг авч байгаагүй юм шүү дээ. Авсан хоёр л тохиолдол бий. Мөөеө аварга 1979 онд нэг, Баянаа аварга 1982 онд нэг авсан, тийм ээ? Миний сайных биш л дээ, найз нөхөр байсан болохоор авдаггүй байсан.

Х.Баянмөнх: Найз нөхөр байсандаа ч биш. Энэ чинь аралтай, бяртай. Зовооно. Барьц таарвал тахимдана. Эгэм, тахим гэдгийг бол янзтай хийнэ шүү дээ. Ёстой пад гээд явчихна. Унаж байгаа хүн хөл, гаргүй унаж байгаа юм шиг л ойчдог.

Д.Долгорсүрэн: Би 1968 онд начин болсон. Тэгээд 1976 онд Ж.Хайдаваараа долоо давж, улсын заан болсон. Заанаа дараа нь баталсан хүн. Хэрвээ Д.Цэрэнтогтохыг давдаг тэр жил таныг давчихсан бол ер нь түрүүлэх байсан шүү.

Х.Баянмөнх: Өө, баараггүй. Тэр жил миний гар муу. Би бүр ганц ч бэлтгэл хийгээгүй хүн байхгүй юу. Жанчивдоржтой нэг майханд ороод тувт тариа хийлгэсээр байгаад ирсэн.

Сурв: Хэдэн оны наадам бэ?

Д.Долгорсүрэн: Тэр 1982 оны наадам. Тийм ээ, Баянаа? 1982 оны хавар би Хархоринд ачаа буулгаад буцаж явтал Цэрэнтогтохтой таардаг юм. Тэгсэн тэгж байна. “Би өнгөрсөн жил Баянмөнхөд унасан. Галдаа том хүн авахгүй, дандаа жижиг хүн аваад нэмэргүй байна. Энэ жил наадмын бэлтгэлд чи хамт гарах уу” гэнэ. Би ч “Тэгье ээ” л гэлээ. Тэгээд зургадугаар сарын 20-ны өдөр дахиад зам дээр таардаг юм. “За, Харзтайн амралтанд бүх юм бэлэн болсон. Одоо очоорой чи” гэлээ. Би хүүхдүүдийн амралт энэ тэр гэсээр байгаад долдугаар сарын 1-нд очсон. Хоцроод очиж байгаа юм. Тэгсэн мань хүн хүрэн хар болчихсон л, жигтэйхэн. Би гэдэг хүн хувхай цагаан юм. Цэрэнтогтох Бандицэрэн начинтай хамт хамгийн захад майхан барьчихсан. “Ус сайн байдаг юм” гээд өглөө бүхэн хүйтэн усанд орж шогшоод л. Тэгээд л долдугаар сарын 5, 6 гээд л тэд чинь барилдахаа больчихож байгаа юм чинь. Надтай бэлтгэл хийх хүн байдаггүй. Цэрэнтогтохтойгоо нэг барилдлаа, би ойчлоо. Дахиад барилддаггүй. Өөрөөсөө доош хүнийг барьж авч барилдаад, дээш хүнтэй барилдахгүй болчихов оо. Би тэгээд улаан ягаан юм, арай ч нэг хувхай цагаан биш, хүрэндүү болоод л буцлаа. Тэгсэн наадмаар зургаа давчихаад зогсож байтал Баянаа надад хэлдэг юм. “Чамайг Тогтох авна даа“ гэж хэлдэг юм. Би “Үгүй байлгүй. Хамт бэлтгэлд гарсан улс юу гэж тийм юм байх вэ” гээд л тэглээ. Тэгсэн долоогийн даваанд Цэрэнтогтох нээрээ намайг авчихсан байна шүү. Мөнхбат тэр жил барилдаагүй. Тийм ээ, Баянаа?

Х.Баянмөнх: Тэгсэн.

Д.Долгорсүрэн: Тэгээд би дотроо Цэрэнтогтоход аймар уур хүрч байгаа юм. “Чамтай би үзнэ дээ. Чамд миний  бяр байхгүй, миний рам байхгүй. Аварга л юм байгаа биз, үзнэ дээ” гээд дотроо л бодоод байлаа. Баянаа надад “За, сайхан барилдаарай. Чиний наад хоёр гар ч атгана даа, Атгана даа, чиний хоёр гар атгана даа” л гээд байгаа юм. Тэгээд гарлаа даа. Өрөхдөө харсан чинь мань хүн халимаг нь хийсээд л жаахан шаналж байгаа болтой байна шүү. “Чи намайг хаях аргаа олсон бол би унахгүй байх аргаа олно доо” гээд дотроо өөртэйгээ яриад байгаа шд, би. Тэгээд л гуд татаж авчраад л, хагалж цавчаад байхгүй юу. Тэгсэн тэр нэг хөлөө хойш шидчихээд, нөгөө хөлөө үлдээчихгүй юу. Тэгэнгүүт нь ганц тойгдоод л аваад явчихсан.

Х.Баянмөнх: Тас гээд миний хажууд нэг их таньдаг шуудагтай хүн тас гэдрэгээ хараад унасан. Тэгсэн энэ нөхөр л тийшээ дэвж явна.

Д.Долгорсүрэн: Тэгээд Цэрэнтогтохыг давсны дараа улсын наадмын үзүүр, түрүү ойрхон харагдаад эхэлсэн. Арслан цол ч бодогдоод. Тэгсэн чинь Баянаа аварга Амгаа заантай хамт юм яриад л зогсоод байна шүү. Амгаа толгойгоо шидээд л “Үгүй” гээд байгаа болтой байна. Тэгэнгүүт нь би шууд гүйгээд очсон. Яриаг нь тасдаад л, тийм ээ?

Х.Баянмөнх: Тийм.

Д.Долгорсүрэн: Тэгээд би Баянаад “Та Амгаагаа авах юм байгаа биз дээ? Таны замыг би цэвэрлэж өглөө” гэсэн. Баянаа аварга толгой дохиод л үлдлээ. Тэгээд ам аваад дууслаа. Мөнгөн, Амгаа хоёр зүүн, баруун тийш гараад явчихлаа шүү. Тэгэнгүүт л Баянаа аварга “Би чамайг авчихсан шүү” гэдэг юм даа. Би ч тэгээд яахав, “Өө” гээд л... Тэгээд л барилдсан. Тийм ээ, Баянаа?

Х.Баянмөнх: Тэгсэн, тэгсэн.

Д.Долгорсүрэн: Тэгээд хоёулаа зөндөө үзсэн дээ. Тийм ээ, Баянаа?

Х.Баянмөнх: Тийм. Миний өрөөсөн гар муу, ерөөсөө дээшээ өргөж болдоггүй. Доогуур бол нэг юм атгаад байдаг. Тэгээд би энэ нөхрийг чинь “Унавал ч унаг” гэж бодоод авахгүй юу. Тэгсэн чинь толгой дарчихаад хөдөлгөдөггүй.

Д.Долгорсүрэн: Тумбарайдаад...

Х.Баянмөнх: Тэгсэн чинь засуул нь цаанаас “Дараад бай, дараад бай” л гээд байдаг. Тэвчээд нэлээн байлаа. Сүүлдээ ч ерөөсөө унах нь ээ. Өрөөсөн гар дээш нь татаж болдоггүй. Тэгээд л бодлоо. “За, ерөөсөө нэг суугаад л үзье. Ирвэл ирнэ биз, ирэхгүй бол тэгээд дуусч байгаа юм байна” гэж. Тэгээд хоёр хөл дээрээ ганцхан суугаад сэжсэн чинь толгой уургалсан чигтээ толгой дээр гараад ирдэг юм. Тэгээд л гар ч хүрсэн юм байхгүй, газар тавьчихсан.

Д.Долгорсүрэн: Тэгээд Мөнгөнийг хаяж түрүүлснийх нь дараа уулзлаа, хоёулаа. Баяр хүргэж үнсчихээд явах гэсэн чинь Баянаа араас татаад “За, миний гар муу байсан. Амгаа мэдэж байсан байхгүй юу. Тийм болохоор Амгааг аваагүй юм. Чамд би гараа муу гэж яаж хэлэх вэ дээ” гэж байгаа юм, надад. Тийм ээ, Баянаа?

Х.Баянмөнх: Тийм тийм. Яг тэгсэн байхгүй юу. Гар муу болохоор ерөөсөө барилдах арга байхгүй, нөхдүүд чинь цөм мэдэж байгаа юм чинь. Өглөөд нүүр гараа угааж чадахгүй, тийм л байсан. Даваад туг тойроход гар босохгүй байсан шүү дээ.

Сурв: Тэр таны хэд дэх түрүү байсан билээ, арав дахь түрүү юү?

Х.Баянмөнх: Үгүй, ес дэх түрүү. 1982 он шүү дээ. Арав чинь 1987 он байхгүй юу. Би тэгж ес дэхээ түрүүлчихээд “Би түрүүлэх бодолгүй байсан. Унаж яваа бөхийг татаж босголтой нь биш дээ. Яахав, тэгээд түрүүллээ” гэж хэлээд нэлээн шүүмжлүүлсэн.

Д.Долгорсүрэн: 1983 онд та яасан юм бэ?

Х.Баянмөнх: Мэдэхгүй.

Д.Долгорсүрэн: Цэрэнтогтох таныг араас чинь хаядаг чинь хэзээ билээ?

Х.Баянмөнх: Өө, тэгвэл Цэрэнтогтох миний араас хаядаг жил юм байна. Барилдаж байгаад бид хоёр явган хүний зам дээр гараад ирсэн байхгүй юу. Тэгсэн засуулаад “Дотогшоо ор” гээд. Талбайгаас гарвал дотогшоо ороод шуудагддаг дүрэм тэгэхэд гарчихсан байсан. Би чинь шуудагдвал илүү барилддаг болохоор баяртай нь аргагүй барьцаа тавиад, эргээд явдаг юм болтол хойноос дайраад хаячихсан юм.

Сурв: Та тэгээд маргаан үүсгэлгүй тахимаа шууд өгчихсөн юм уу?

Х.Баянмөнх: Юу гэж хүлээн зөвшөөрөх вэ дээ. Тэгтэл Цэнгэлдэхийн тайлбарлагч болохоор Цэрэнтогтох, Хадаа хоёрыг гар гээд зарлаад байдаг. Миний асуудал шийдэгдээгүй байдаг. Хоёр засуул болохоор “Барьцаа тавиад дотогшоо ор гэсэн” гэдгээ хүлээн зөвшөөрөөд байдаг. Тэгээд хөлийн цэцээс дахиж барилдуулах шийд гарсан байхгүй юу. Гэтэл үзүүр түрүүнд барилдах хоёр бөх аль хэзээний гарчихсан байсан. Би дахиж барилдаад Цэрэнтогтоход унавал бүр шившиг боллоо, за хаясан ч дахиж барилдсан булхай. Тэгээд Хадааг давах уу, үгүй юу. Ингээд бодохоор миний байдал маш хүнд байхгүй юу. Тэгээд л би Цэрэнтогтох руу очоод тахимаа өгөөд “За, чи яв. Чи муухай юм хийлээ шүү” гэсэн.

Д.Долгорсүрэн: Өө, уг нь дахиж барилдах шийд гарсан юм уу?

Х.Баянмөнх: Тэгсэн.

Д.Долгорсүрэн: Тэр жилийн наадмын дараа биднийг шууд Төв аймгийн ойн барилдаан руу автобусаар авч явлаа. Би чинь гэртээ харилгүй шууд явсан л даа. Очоод нэгийн даваанд барилдчихаад, Лхагвасүрэн заантай хоёулаа 10 жилийн сургуулийн байранд хоносон. Сайхан амраад хоол унд идээд өглөө боссон чинь бие сэвэлзсэн, хачин гоё болчихсон байна. “За даа, надад тэр хойд индэр олдохгүй, энэ индэр олдож магадгүй юм байна даа” гэж дотроо бодоод. “Хэн ч таарсан яадаг юм” гэж ч бодож байх шиг. Тавын даваанд би Загдсүрэн начинг аваад, Загдсүрэн “Давъя” гэнэ. “Битгий дэмийрээд бай, чи. Би барилдана аа” гээд өнөөхөө давчихлаа. Тэгсэн зургаагийн даваанд Цэрэнтогтох авчихсан байна аа, намайг. Мөөеө аварга “Наадамд түрүүлсэн бөх чамайг авсан байна шүү дээ” л гэж байна. Тэгэхэд нь “Хан уулын ард түрүүлсэн хар аваргыг чинь би хар сээрээр нь тавина аа, хараарай” гээд гарсан шүү дээ, би. Ичмээр, бүр санаа зовмоор. Тэгээд би үүрч, далаар нь тавьчихаад гүйгээд очсон. Тэгсэн Мөөеө аварга “Ээ, Дооёо чи ямар аймар юм бэ” гэж хөөргөөд л... Би Цэрэнтогтох аваргыг ер нь хаячихдаг байсан шүү.

Сурв: Та улсад дөрвөн удаа тав, таван удаа зургаа, хоёр удаа долоо давсан бөх. Таныг арслан бол элбэг болчих байсан гэж ярьдаг шүү дээ. Улсад түрүүлэх ч боломж байж дээ?

Д.Долгорсүрэн: Би харин нэг муухай алдаа хийсэн юм. Би 1979 онд Мөнхбатад өгсөн нь буруудсан юм байна лээ. Хаячихаад тантай үлдэх л ёстой байсан юм.

Х.Баянмөнх: Хэзээ?

Д.Долгорсүрэн: 1979 онд. Та түрүүлээгүй юу. Би тэр жил “Бушхүүгийн үлгэр” кинонд тоглочихсон жигтэйхэн амьтан. Тэгээд Мөнхбат авчихсан байхаар нь “Та яагаад намайг авчихав? Дүвчинг авахгүй яасан юм” гэсэн чинь “Дүвчинг Хадаа авсан” гэнэ. “Юу яриад байгаа юм. Хадаа танаас түрүүлж ам авна гэж юу байсан юм” гээд. Тэгээд гарахгүй юу. Тэгсэн баахан юм яриад барилдуулаагүй дээ, намайг.

Х.Баянмөнх: За, юу гэж байх юм? (Шоолонгуй асуув)

Д.Долгорсүрэн: Би ерөөсөө байна шүү дээ, Баянаа. Их тэнэг толгой. Хүн өмнөөс юм яриад байхаар шууд барьж аваад хаяж чаддаггүй. Тэгсээр байгаад унасан шүү дээ. Өөр хүн бол би ёстой хаячихаар байсан, тэр жил. Би тэгээд Мөнхбатад уначихаад иртэл Баянмөнх “Яаж байгаа юм чи” гэж загнаад... Тийм ээ, Баянаа?

Х.Баянмөнх: Үгүй, яахав. Тийм юм гардаг хог л доо, спорт гэдэг...

Д.Долгорсүрэн: Эгзэгтэй үед бол ерөөсөө яс үзээд л дуусах хэрэгтэй. Би тэгээд хүүхдүүддээ бага байхад нь хэлдэг байсан. “Миний хоёр хүү яс үзэж байгаарай. Ах дүү хоёр үлдэх юм бол өөрсдөө мэдсүгэй. Өөр тохиолдолд бол яс үзээд л дуусгаарай. Аав шигээ битгий бантан хутгаж байгаарай” гэж хэлдэг байсан.

Б.Гантогтох: Ам мэх гэдэг ёстой аюул­тай. Манай А.Сүхбат бол ёстой барилдуул­даггүй. Чихэн дээр бараг роман уншчихна шүү дээ. Бараг унтуулж байгаад тэгээд хусаад хаячихдаг.

Х.Баянмөнх: (Хөгжилтэй хөхрөв) Манай Гантогтох тайван амгалан, номхон хүн юм чинь яах вэ дээ. Сүхбатын лекцэнд зүгээр орчихдог байхгүй юу. 

Д.Долгорсүрэн: Тэр барилдааны дараа Баянбат гуайн жолооч надад юу гэж хэлсэн гээч. “Мөнхбатыг хаячихвал арслан цолыг нь өгье” гэж ярьж байсан гэсэн шүү. Давчихвал арслан болох байсан. Тэгээд найм дээр тантай барилдаж таарна шүү дээ, би. Би тантай барилдахгүй шүү дээ. Барилдаад яах юм. Арслан болчих юм чинь. Ойлгомжтой.

Х.Баянмөнх: Баянбат чинь тэр үед Бөхийн холбооны дэд дарга. Мэдэлтэй хүн байсан юм аа.

Д.Долгорсүрэн: Тэгэлгүй яах юм. Тэр үед чинь тэр хүн гарын үсэг зурлаа л бол цол өгнө. Зурлаа, гүйцээ. Асуудал байхгүй. Тэгээд л би арслангаа алдчихсан шүү дээ. (Хэлээ гаргав)

Сурв: Та өмнө нь Мөнхбат аваргыг хаядаг байсан юм байна, тийм үү?

Д.Долгорсүрэн: Үгүй, үгүй.

Х.Баянмөнх: Яг тэр үед бол ерөөсөө дийлэхээ больчихсон үе байхгүй юу. Яахав, даваа авч байхгүй юу даа.

Д.Долгорсүрэн:  Гэхдээ спорт бол спорт л байдаг байхгүй юу. Тэгэх байсан, ингэх байсан гэж ер гомдох юм байхгүй. Тийм ээ, Баянаа?

Х.Баянмөнх: Тэгэлгүй яахав. Бид сайхан барилдаж, сайхан өрсөлдөж явсан. Түүний дараа хүүхдүүд минь бидний нөхөрлөлийг ч, өрсөлдөөнийг ч сайхан үргэлжлүүлж яваа. Өөрийн хүүхдүүд барилдахыг үзнэ гэдэг хувь ерөөл юм. Хүүхдүүд минь бид хоёрыг барилдахаа больсон үед бидний нэрийг гаргаад, хэчнээн сайхан байдаг гэж бодож байна. Тэрэн дотроо би одоо Дагвадоржоо шүтдэг хүн. Манай Дагваа бол гишгэлт, барилдаанд өөрийгөө дайчлах чадвар, зүрх зоригоороо бол чөлөөтөд орсон ч дэлхийн аварга, жүдод барилдсан ч Олимпын аварга, үндэсний бөхөөр явсан бол Дархан аварга болох байсан. Ийм л хүүхэд. Сүүлд Сумъяабазар маань аварга боллоо. Үзүүрт үлдчихээд Азжаргалтай хамаа намаагүй барилдахад нь “Ингэж байж ачуулах вий дээ” гэж айж байлаа. Би барилддаг хүн болохоор дандаа аюул л бодож явдаг байхгүй юу. Тэгсэн харин сайхан даваад аварга болсон. Миний хүү ч гурван удаа үзүүрт үлдсэн бөх. Арслан цолоо авах байлгүй л гэж бодож явдаг даа.

Д.Долгорсүрэн: Тэгэлгүй яахав. Удахгүй авна.

Сурв: Одоо ингээд бүхний ард гараад, алдар гавьяаныхаа амралтыг эдлээд сууж байхад юу хамгийн их жаргал өгдөг вэ?

Д.Долгорсүрэн: Одоо энэ үр хүүхдүүд, бэр, ач зээтэйгээ л шаагилдаад, тэднийхээ амжилтыг хараад сууж байх л жаргал шүү дээ. Хүүхдүүдээ хажуудаа л байлгаад баймаар байгаа биз, Баянаа?

Х.Баянмөнх: Үгүй ээ, одоо. Болдог юм бол хамт л байж баймаар байна. Даанч хамт байж өгөх хүн олдохгүй юм байна шүү дээ. Одоо Дэжимбээ бид хоёр энэ уулын мухарт өглөө босоод л гадаах муу хоёр сандал дээрээ жаахан суудаг юм. Агаар амьсалж байгаа юм уу даа. Шинэ агаар сайхан шүү. Амьд байгаа өдөр бүхэндээ талархдаг даа. Тэгчихээд орж ирээд, цайгаа чанаж уугаад, зурагт үзээд л, би хааяа ганц нэг хуудас юм бичнэ. Ингээд л байж байдаг ухаантай. Өө, тэгээд өдөр дорхноо л өнгөрнө дөө. Сүүлийн үед Дагваа барилдахаа больсноос хойш сумо үзэхээ больсон. Харин Гантогтохын охин волейбол тоглоод, түүнийгээ л үздэг болсон.

Д.Долгорсүрэн: Та залуудаа волейболоор бас мундаг байсан биз дээ?

Х.Баянмөнх: Би яг л тэр Хандаагийн хийдэг богинын цохилтыг чинь тас хийтэл л авдаг байлаа шүү дээ. Нэг хэсэг би волейбол тоглох уу, бөх барилдах уу гэдгээ мэдэхгүй явсан үе бий.

Аварга, заан хоёрын хөөрөлдөхийг сонсон суух зуур цаг хугацаа яаж өнгөрснийг ч мэдсэнгүй. Хоёр гэргий эхэлж хөдөлгөөнд орж, Б.Пүрэвбадам гуай тэндээс “Алив, өвгөөн. Одоо хөдөлцгөөе. Цаг орой болчихлоо” гэж хэлэхэд л бид гадаа хэдийнэ харуй бүрий болсныг анзаарав. Заан “Өө, яг сайхан яриа халж байхад...” гэж хоргодонгуй дуугарч, аварга “Жаахан бай л даа. Алив Дэжимбээ, ахиад цай хоол...” гэж арга ухаан сийлсэн ч удалгүй хөдлөх болсноор яриа өндөрлөж билээ. Гэвч ийм илэн далангуй, халуун дотно ярианы ард бүгд л мишээл дүүрэн байв. Аваргын гэрээс гарахад тэнгэрт цөөн од хэдийнээ тодроод, улам улмаа олшрон гялалзаж эхлэхийг хөөр төрөн харж зогслоо.

ДАМДИНСҮРЭНГИЙН ДАМДИНЖАВ

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITY (197.211.61.29) 2024 оны 10 сарын 12

Hello everyone If you want to sell a kidney for money $780,000 contact this hospital email address:\nDr.pradhan.urologist.lt.col@gmail.com

0  |  0
DR. ADITY (197.211.61.29) 2024 оны 10 сарын 12

Hello everyone If you want to sell a kidney for money $780,000 contact this hospital email address:\nDr.pradhan.urologist.lt.col@gmail.com

0  |  0
DR. ADITY (197.211.61.29) 2024 оны 10 сарын 12

Hello everyone If you want to sell a kidney for money $780,000 contact this hospital email address:\nDr.pradhan.urologist.lt.col@gmail.com

0  |  0
DR. ADITY (197.211.61.29) 2024 оны 10 сарын 12

If you want to sell a kidney for money $780,000.00 contact this hospital email address:\nDr.pradhan.urologist.lt.col@gmail.com

0  |  0
Зочин (103.212.117.148) 2024 оны 02 сарын 20

Баянмонх хун муулахдаа гаргуун, бух хунийг оороосоо дор болгоно, их муухай санаатай, Монхбат аваргыг Бол байнга муулайстай, ер нь Баруун аймгийнхан Монголчуудад их хонзорхуу, хачин хумуус, Долгорсурэн Цэрэнтогтох аваргаа бас муулчихжээ, таарсан 2 таар шуудайнууд

0  |  0
Бөх сонирхогч(66.181.190.238) 2024 оны 01 сарын 31

Заан дээхнэ өгсөн ярилцлагадаа кинонд тоглоод ид сайн байсан жилээ Баягаа аваргад бууж өгсөн, учир нь тэр жил волга 21 гэж машин олж өгөөд баярласандаа нутгаараа аялуулж ямар тус авмаар байна гэхэд нь нөгөөх нь нэг гар аираана биздээ гэж... тэр нь тэр наадамд таарч тэрэндээ их харамссанаа өгүүлсэн санагдана. Олоо бол Мөөеө аваргад панаалдуулсан болчихож,

1  |  0
Har buh(122.201.31.30) 2024 оны 01 сарын 31

Mмуу 2 нохой төрсөн үрсий нь хар ида

2  |  0
бөх сонирхогч(139.5.219.152) 2024 оны 01 сарын 31

аварга заан 2 шунал хүн чанар хоёроороо адилхан гэж бөх ,бөх мэддэг ахмадууд ярьдаг юм билээ үнэн юм шиг байдаг даа

4  |  0
С.Баянмандах МУГЖ(103.140.10.198) 2024 оны 01 сарын 30

Их аварга манлай заан хоёрын хууч яриа амттай,сонирхолтой түүх өгүүлсэн сайхан байлаа

1  |  0
Ц.ням(139.5.217.28) 2024 оны 01 сарын 30

Сайхан байна Өдрийн сонин дээр аваргуудын ээж гээд гэргий нарынх нь зураг гарсныг хайчилж калиндарын нүүрэн дээр наагаад ажлын ширээнийхээ хажууд 20 иод жил хадгалж өглөө бүр харж инээмсэглэж ажлаа эхлэдэг \nбайсан. Зарим нь ээжийн чинь зураг уу гэдэг байж билээ. Шүтэж байсан нь биелэлээ олж тооны аваргын ээж болсон 2 нь Японд суралцаж байна.

1  |  0
туяа(202.179.27.218) 2024 оны 01 сарын 31

хөөрхөн юмаа хөгжилтэй хоёр буурайнууд юмаа

3  |  0
туяа(202.179.27.218) 2024 оны 01 сарын 24

хөөрхөн юмаа хөгжилтэй хоёр буурай байнаа

1  |  0
туяа(202.179.27.218) 2024 оны 01 сарын 24

хөөрхөн юмаа хөгжилтэй хоёр буурай байнаа

1  |  0
Top