БҮРЭН МОНГОЛ | Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж нутгаа зорьсон залуу

2024 оны 01 сарын 25

"БҮРЭН МОНГОЛ” ТӨСӨЛ БАЯНХОНГОР АЙМАГТ

Хөх Азийн цээжинд орших хүмүүн төрөлхтний өлгий нутаг Монгол Улс. Түүх соёл, зан заншлын хэлхээг түгээн дэлгэрүүлэх үйлсийн түүчээ "Бүрэн Монгол" төсөл.

Монгол Улсын 25 дахь аварга П.Бүрэнтөгсийн санаачлан, “Бидний бүрэн Монгол” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын хэрэгжүүлж байгаа “Бүрэн Монгол-Гэр” төслийг "Эрхэт Монгол" групп, ТВ8 телевиз хамтран 21 аймагт хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд аймаг бүрээс хичээнгүй, зорилготой амьдарч, өөрсдийн ариун цагаан хөдөлмөрөөр бусдыг үлгэрлэж яваа энгийн гэр бүлийг сонгон, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж байна. Тухайлбал, бүрэн тавилгатай монгол гэр өгөхөөс гадна тухайн аймгийн Засаг захиргаатай хамтран, ажлын байранд зуучлах гэх мэт олон төрлийн санаачилгууд багтаж байгаа. Ингэхдээ амьдралын төлөө гэсэн сэтгэл, зүтгэлтэй, багахан дэмжлэг үзүүлэхэд цаашдаа амьдрал ахуйгаа өргөн тэтгэх чадвартай залуусыг сонгон, оролцуулж байгаа билээ. 


Хонгор нутгийн залуус төслийн багийг дуун дугараа, ерөөлийн үгс, алд цэнхэр хадаг, ам цагаан мөнгөн аягаа барин угтлаа.

Баянхонгор аймгийн нийт 727 гэр бүлээс бүтээлч сэтгэлгээ, ажилсаг хичээнгүй зан чанараараа шалгарсан өрхийн тэргүүнийг Дашлхагвын Төмөрпүрэв гэдэг.

Тэрээр Хөдөө аж ахуйн их сургуулийг агрономич мэргэжлээр төгссөн бөгөөд өөрийн сурсан мэдсэнээ төрсөн нутагтаа хийж, хэрэгжүүлж буй залуусын төлөөлөл билээ.

Эхлэл бүхэн амаргүй байдаг. Харин хийх, чадах зүйлсээ дотроо тунгаан бодож, мэдсэн, сурсан зүйлсээ хэрэгжүүлэхэд саад, алдаа, оноо бүхэн туршлага болон үлдэнэ. Ийм ч утгаараа салхи ихтэй, хөрс төдийлөн сайн биш газарт өөрийн гараар бүтээсэн хүлэмжийн аж ахуйгаа амжилттай барьж, өгөөж шимийг нь өдгөө хүртэж байна.

Сэлэнгэ аймгаас ажил мэргэжлийн гараагаа эхэлсэн түүний нутагтаа ирэх болсон шалтгаан нь эхнэр, хүүхэд нь... Өөрийн мэргэжлээр нутагтаа юу хийж болох талаар бодож, төлөвлөж 2018 оноос хүлэмжийн үйл ажиллагаагаа эхэлжээ. Өдгөө нутгийн иргэд түүнээс туршлага хуваалцаж, хашаандаа бичил хүлэмж байгуулж, хэрэглээгээ хангадаг болсон нь бахархалтай.

 

НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ

Эх сурвалж: ТВ8 телевиз

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top