Галд өртсөн барилга, байгууламжийн нэгдсэн дүгнэлт гуравдугаар сарын 15-ны дотор гарна

2024 оны 02 сарын 05

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2024.02.05/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан зохион байгуулав.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны гал түймэрт өртсөн барилга, байгууламжийг цаашид ашиглах боломжтой эсэх дүгнэлтийн явцын талаар Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам:

-Барилгуудад нийт найман төрлийн үзлэг хийж, сорьц авч, хэмжилт хийж дууссан. Галд өртсөн таван объектод дүгнэлт гарна.  207-р байрыг 58 айлаар төлөвлөсөн ч техникийн давхарт 2018 онд нэмэлтээр дөрвөн айл төлөвлөсөн, зураг төсөлгүй, үндсэн барилгын хийцлэлээс өөр материалаар хийсэн. Сургууль, цэцэрлэгийн барилгыг Г206 дугаартай барилгатай хүзүүвчээр холбосон, голд байрлах барилгад сургалтын танхим, хоолны заалтай. 207, 208-р байрыг 2015 оны  зургаар 2017 онд Улсын комисс хүлээж авсан. Тус барилгууд өөр газар баригдсан ч комиссын нэг дүгнэлттэй байсан.

207-р барилгын хойд болон зүүн тал, урд талын зүүн хэсгийн гадна хөөсөнцөр фасад галд өртсөн, техникийн давхрын зүүн талд байрлах өргөтгөлийн талбай бүрэн шатсан. Гадна фасадны материалын хувьд галын аюултай 15кг/м3 нягттай хөөсөнцрөөр хийсэн. Нэгдүгээр давхарт чулуун хөвөн дулаалга, чулуун хавтан фасад шатаагүй үлдсэн, бусад ашигласан материал бүрэн шатсан байдалтай.

830-р барилгын зүүн хойд хэсэгт байрлах үйлчилгээний талбай галд өртсөн. Барилгын гадна талын гоёлын өрөгт хийц бүхий баганыг дэлбэрэлтийн хүчинд шидэгдсэн ёмкос мөргөж гэмтээсэн. Тус барилгын гуравдугаар орцны зүүн хойд хэсэгт байрлах 1-6 дугаар давхрын айлуудын цонх дэлбэрэлтийн долгионы хүчинд хагарсан. Дэлбэрэлтийн улмаас нийт 85 айлын цонх хагарч, гэмтсэн бөгөөд хоёр болон гуравдугаар орцны 1-6 давхрын айлуудын цонхыг бүрэн сольж дууссан. Долоогоос дээш давхрын айлуудын цонхны шилийг солилоо.

Хохирлын хэмжээ, сэргээн засварлах өртөг, зардлыг Барилга хөгжлийн төвөөс гуравдугаар сарын 1-ний дотор гаргах ёстой. Барилгын чанар, аюулгүй байдлын дүгнэлт, дээж, сорьцын хариу гарсны дараа барилгын байцаагчийн ерөнхий дүгнэлт гарна. Гуравдугаар сарын 15-ны дотор нэгдсэн дүгнэлтийг гаргахаар ажиллаж байна хэмээв.

Хотын дарга ослын хор хохирлыг бууруулах, дахиж осол гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийг орон сууцанд оруулах ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(60.41.246.196) 2024 оны 02 сарын 05

ЗУРАГ ЗӨРЧИЖ ГАДНА ФАСАДЫГ ГАЛД ТЭСВЭРГҮЙ МАТЕРИАЛААР ХИЙСЭН БОЛ БАРИЛГА БАРЬСАН КОМПАНИ, ХҮЛЭЭЖ АВСАН УЛСЫН КОМИСС ХОХИРЛЫГ ХАРИУЦАЖ БАРАГДУУЛНА. ДЭЭР НЬ ХУВИЙН СУУЦ НЭМЭЛТЭЭР БАРЬСАН БОЛ ТЭР АЙЛ ӨӨРӨӨ ХАРИУЦАНА.

0  |  0
Top