Нийслэлийн онцгой комисс /НОК/ халиа тошингийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуралдлаа. Өнөөдрийн байдлаар Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хөрсний ус гарч, халиа тошин үүсэн, айл өрх, хашаа байшин, гудамж, авто замд мөс тогтож, халтиргаа гулгаа үүсээд байна.
Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгож байгааг албаныхан хэлж байна.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ерөнхий инженер Б.Жаргалан "Өнгөрсөн долоо, наймдугаар сард олон жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Олон жилийн дундаж гэдэг бол сүүлийн 30 жилийн харьцуулсан үзүүлэлт. Өнгөрсөн зун болон энэ өвлийн хур тунадас орох ёстой хэмжээнээс 100-120 хувиар илүү байгаа гэх мэдээлэл бий. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байсан. Тухайлбал, дулаарахдаа олон жилийн дунджаас 15-20 хэмээр дулаарч, хүйтрэхдээ 10-15 хэм хүйтэрдэг онцлог жил байлаа. Арванхоёрдугаар сард хэт хүйтрэл олон хоног үргэлжилж, олон жилийн дунджаас хүйтэн байсан. Энэ өвөл Улаанбаатар хотод хасах 42 хэм хүрч хүйтэрсэн. Хоёрдугаар сард нийслэл орчмоор олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас их орох төлөвтэй байна. Улаанбаатар хот орчмоор томоохон гол мөрний мөсний зузааны хэмжээ 40-120 см байна” гэлээ.
Цаг агаарын хэт хүйтрэл нь зам дээр цацсан давс, бодисын нөлөөг бууруулж байсныг мөн албаныхан онцолж байв.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын ус судлалын хэлтсийн ерөнхий инженер Э.Батбаяр “Шар усны үер болоход орсон цасны хэмжээ, цаг агаарын огцом дулаарал нөлөөлдөг. Олон жилийн дунджаар өдийд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 50 хувь нь цасан бүрхүүлтэй байдаг байсан бол энэ жил 80 орчим хувьтай байна. Энэ нь эрсдэлийг нэмэгдүүлж байгаа. Хур тунадас их орсонтой холбоотойгоор гадаргын усны хэмжээ нэмэгдсэн” гэв.
Сэтгэгдэл ( 0 )