Суут Бетховены ер бусын АМЬДРАЛ ба ЭЭДРЭЭТ ХАЙРЫН түүх

2024 оны 02 сарын 08

Германы суут хөгжмийн зохиолч Людвиг Ван Бетховен бүтээлүүдээсээ гадна дурлалын захидлууд, ээдрээт хайрын түүхээрээ алдартай. Түүний дүлийрсэн ч агуу бүтээлүүдээ туурвисан түүх, цорын ганц хайрт бүсгүйнх нь тухай өгүүлье.


Хатуу гараар хүмүүжсэн нь

Людвиг ван Бетховен уух дуртай ордны дуучны гэр бүлд төржээ. Аав нь түүнийг хоёр дахь Моцарт, хөгжмийн шинэ гоц авьяастан болгохоор хичээсэн бөгөөд өдөржингөө төгөлдөр хуурын ард суулгаж, хийл тоглуулж, хөгжмийн онолд сургадаг байв. Людвигийг сурч чадахгүй бол тэр зооринд түгждэг байжээ.

Бетховен 10 настайдаа төгөлдөр хуурыг мэргэжлийн тоглож сурсан байв. 11 настайдаа сургуулиа хаях хэрэгтэй болсон ч бие даан итали, франц, латин хэл сурч, шөнөөр эртний Грекийн философчидоос эхлээд Шекспир хүртэл хамгийн сайн номнуудыг уншдаг байжээ.

Хачин залуу

Бетховен их сургуульд сурахыг мөрөөддөг байсан ч 17 настайдаа дүү нараа тэжээхийн төлөө ажил хийх хэрэгтэй болов. Тэр оркестрт хийлчээр орсон ч төгөлдөр хуур тоглох ур чадвараар Германд төдийгүй дэлхийд түүнтэй зэрэгцэх хүн байсангүй.

Бетховен залуугаасаа их хачин хүн байжээ. Хайш яаш, бараг л ноорхой хувцаслан гудамжаар явахдаа гараа даллан, амьсгалаараа дуулах мэтээр ая бувтнадаг байв. Гэр нь үргэлж маш эмх замбараагүй... Суут хөгжмийн зохиолч залуу наснаасаа л гаднах ертөнцийг үл тоож, зөвхөн уран бүтээлд л анхаарлаа хандуулдаг байжээ.

Таг дүлийрэв

Бетховен 26 настайдаа сонсголоо эрс алдаж эхлэв. 40 настайдаа тэрээр бараг юу ч сонсохоо больж, 44 настайдаа таг дүлийрчээ. Тэр амиа хорлох талаар ч бодож байсан бөгөөд толгойд нь үргэлж хөгжим сонсогдож байсан нь л түүний амьд үлдэх шалтгаан болсон гэдэг. Түүний бүтээлүүд гайхалтай болж, агуу төгөлдөр хуурчийн нэр хүнд нь дэлхийгээр түгэв. Бетховен өвчнийх нь талаар хүмүүс мэдчих вий гэхээс үхтлээ айдаг байжээ.

Тэрээр “Хоёр жилийн турш би бараг бүх арга хэмжээнээс зугтсан. Яагаад гэвэл сонсголгүй болсноо хүмүүст хэлэхээс би хүчин мөхөстөж байлаа. Хэрэв би өөр мэргэжилтэй байсан бол хэлэхэд хөнгөн байх байсан. Гэвч миний мэргэжлийн хувьд сонсголгүй болох нь сүйрэл” хэмээн ярьсан байна.

Нэгэн удаа тэрээр төгөлдөр хуураа тоглож чадаагүй бөгөөд түүнээс хойш аливаа арга хэмжээнээс татгалзахаар шийджээ. Түүний хөгжим амьгүй, түгшүүртэй, аймаар болж эхлэв. Хөгжмийн зохиолч ертөнцөөс өөрийгөө бүрэн тусгаарлаж, дэвтэр барин дотны хэдхэн хүнтэйгээ л захиа бичилцдэг болжээ. Амандаа харандаа зуун хөгжмөө зохиож, харандааныхаа нөгөө үзүүрээр төгөлдөр хуур дээр даран чичиргээг нь мэдэрдэг байв. Тэрээр толгойдоо хөгжмөө сонсон гайхамшигтай бүтээлүүдээ зохиожээ.

Хайр...

Хачин, суут, тэвчишгүй, ер бусын ухаалаг энэ хүн хоосон толгойтой ганган хүүхэнд дурлажээ. Жульетта Гвиччарди Бетховеныг Венад амьдарч байхад хөгжмийн хичээл сурахаар иржээ. Суут хөгжмийн зохиолч түүний үзэсгэлэн гоог бишрэн татагдаж, хичээлээ үнэгүй зааж, гэрлэхийг мөрөөдөж байв. Тэр дүлий, баян биш, бусадтай адилгүй, харин бүсгүй гоо үзэсгэлэнтэй, баян, залуухан гэдгийг сайн ойлгож байсан ч Бетховены хүсэл харамсалтай нь ийм байв... Бас нэг гунигтай зүйл нь Жульетта хөгжимд ямар ч авьяасгүй байжээ.

Бетховен уурлаж, нотуудыг шалан дээр шидэж, хашгирдаг байв... Гэвч дараа нь гэмшиж, Жульеттад хайрын захидал бичиж, уучлалт гуйдаг байлаа. Тэрээр бүсгүйг ч бас өөрт нь хайртай гэж бодон жаргалтай байжээ... Тэд зуныг Унгарт хамтдаа өнгөрүүлж, дурласан Бетховен тэнд алдарт “Сарны сонат”-аа Жульетта Гвиччардид зориулан бичсэн байна.

Залуухан ганган бүсгүй удалгүй дүлий суутнаас залхаж, гүн Роберт Галленбергтэй харилцаа үүсгэжээ. Гүн энгийн хөгжим зохиодог байсан бөгөөд Жульетта түүнийг бас суут гэж бодсон аж. Тэр Галленбергтэй гэрлэж, Итали руу явсан бөгөөд тайж Пюклер-Мускаутай уулзах хүртлээ хөгжилдөж, хүмүүсийг “сэгсэрч” байв. Харин Пюклер-Мускау Жульеттаг бүрэн дээрэмдэж, үргэлжлүүлэн мөнгө нэхжээ. Бүсгүйн нөхрийн ажил мөн уналтад орж, Жульетта Венад ирэв.

“Хагацъя даа...”

Бетховеныг орхисноосоо 20 жилийн дараа бүсгүй түүн дээр ирэн “Людвиг, бидний агуу хайрын төлөө ядуу эмэгтэйд мөнгө зээлээч” гэж гуйсан гэдэг. Бетховен найзууддаа ярихдаа түүнд мөнгө өгөхөөс татгалзсан гэж хэлсэн ч харамч биш тэрээр Жульеттад сүүлийн зоосоо ч өгөхөд бэлэн байжээ.

Бүсгүй түүнийг дэндүү хүчтэй шархлуулсан байв. Хөгжмийн зохиолчийг нас барсны дараа бичгийн ширээнийх нь булангаас мөнхийн хайртдаа бичсэн захидлыг олжээ. Захидалд “Тайван амгалан байгаарай, амьдралдаа амгалан тайван хандаж байж л бид хамт амьдрах зорилгодоо хүрнэ. Өнөөдөр, маргааш ч намайг хайрлаарай. Чамайг, зөвхөн чамайг л харах хүсэл минь яасан гачлантай вэ. Зүрх сэтгэл минь, амьдрал минь, хагацъя даа. Өмнөх шигээ намайг хайрлаарай, чамайг хайрласан үнэн сэтгэлд минь хэзээ ч бүү эргэлзээрэй” гэсэн байв.

 20 мянган хүнээр үдүүлэв

Бетховен нийтдээ 32 эгшиглэнт аялгуу (сонат) бичсэн юм. Тус бүр хэн нэгэн хүнд зориулагдсан эдгээр бүтээлд суут хөгжмийн зохиолчийн дотоод сэтгэл, зориг эрмэлзэл, зовнил, дуртгал нэвт шингэсэн байдаг.

57 настайдаа Бетховен сүүлчийн бүтээл болох чавхдаст хөгжмийн дөрвөлийг дуусгаад байхдаа салхинд цохиулжээ. Мянга дахин амьдрахыг хүсэж, өөр хэд хэдэн том бүтээлээ ертөнцөд бэлэглэнэ гэж бодож явсан хөгжмийн зохиолч таалал төгсөв. Оршуулах үеэр 20 мянган хүн түүний шарилыг дагаж яван, Вена хотын Верингийн оршуулгын газарт түүнийг нутаглуулах үеэр Луижи Керубинийн “Реквием до-минор” бүтээлийг тогложээ.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.139.111) 2024 оны 02 сарын 15

Aguu IH a ibiastan yabad Ingej zobdog bnaa

0  |  0
ganaa(178.174.229.45) 2024 оны 02 сарын 10

BI 9th simfoni d mash ih durtai

0  |  0
Top