"Сонгуулийн бууз"

Б.Төрбат | Zindaa.mn
2024 оны 02 сарын 09

-Төрд дахин санаархсан гишүүд, улстөрчид "Сонгуулийн бууз ажиллагаа"-аа эхлэхтэй зэрэгцэж тэд хаа явсан газраа "хайр" зарлаж, олонд таалагдахын тулд цахим сүлжээнд "матрын нулимс" унагаж эхэллээ-


Үүдээр гаргахаар тооноор ороод ирдэг улстөрчдийн балаг дуусахгүй ээ. Тэд ямар нэгэн аргаар яаж ийж байгаад л парламентад ороод ирдэг нь энгийн үзэгдэл болж. Дөрвөн жил төрд зайдалж, УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийг эдэлцгээсэн тэд сонгуулийн жил тойргоо эргэж, сонгогчдоо "халамжилж" эхэлдэг нууц биш. Ингэхдээ тойргийнхоо сонгогчдод, ялангуяа өндөр настай иргэдийг цуглуулж гарын бэлэг өгнө. Тэрхүү гарын бэлэг нь уянгын сайхан үгтэй, өөрийнх нь зураг хөрөгтэй, гарын үсэгтэй байдаг нь "хууль" болжээ.

Өөрөөр хэлбэл, тэд өөрсдийнхөө зурагтай бал, тэмдэглэлийн дэвтрээс эхлүүлээд сүү, гурил, будаа, гоймон, хэвийн боов, халуун сав, шанага, данх, бидон хүртэл тараана. Ер нь, нэр дэвшигчид болон гишүүдийн гарын бэлэг гэх "доромжлол" дөрөв, дөрвөн жилээр хэдэн ч сонгууль дамжсан юм, бүү мэд.

Хэрэв уншигчид санаж байгаа бол 2007 онд Д.Тэрбишдагва цаг тооны бичиг, өөрийн зурагтай аяга тарааж байв. УИХ-ын дарга асан М.Энхболд 2008 онд Ерөнхий сайд, 2012 онд Шадар сайд байхдаа мөн л өөрийн зурагтай аяга тарааж байлаа. УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан өөрийнхөө зурагтай ширээний цаг, Ц.Ганболд мөн л өөрийн хөрөг зурагтай аягыг тойргийнхоо иргэдэд өгсөн байдаг. Түүнчлэн өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа өөрийн нэрийг сийлсэн бугуйн цаг, УИХ-ын гишүүн Н.Учрал 2018 онд тойргийнхоо сонгогчдод өөрийнхөө нэртэй халуун сав өгч байв. Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Архангайн сонгогчдодоо шанага, Баянхонгорт УИХ-ын гишүүн асан М.Билэгт өөрийн хөрөг зурагтай данх, УИХ-ын гишүүн Д.Ганбат өөрийн зурагтай бидон хүртэл тараасан. Бүр Увс аймагт малын өвс хүртэл тарааж байсан тохиолдол бий.

Тэгвэл орчин цагт, өнөө үед түшээд гарын бэлэг гэхээсээ илүүтэй сонгогчдынхоо тархийг "сошиалаар угаах" хэлбэрт шилжжээ. Саяхан Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Ч.Ундрам хоёрын "бууз ажиллагаа" цахим сүлжээнд нэг хэсэгтээ л олон хүний амны зугаа боллоо. Шалтгаан нь, нэг нь хөлдүү бууз өмнөө тавьчихсан буузаа чимхэж, нөгөө нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн ширээн дээрээ буузаа хийхээр зогсож байгаа зургаа уран сайхан үгтэй олон нийтийн сүлжээнд нийтэлсэн явдал юм.

Гэхдээ олон нийтийн анхааралд орсон нь УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Ч.Ундрам хоёрын бууз ажиллагаа болохоос гишүүдийн "Сонгуулийн бууз" ажиллагаа аль эрт эхэлчихсэн. Ялангуяа УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулган өндөрлөж, 2024 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийхийн өмнөхөн гишүүд тойрогтоо ажиллаж байгаа билээ. Дээр нь Монгол түмний цагаан сар болоход хэдхэн өдөр үлдсэнийг ч хэлэх үү улстөрчид, УИХ-ын гишүүд сонгогчдодоо "хайр" зарлаж, олонд таалагдахын тулд цахим сүлжээнд "матрын нулимс"  унагаж эхэлжээ. Тухайлбал, АН-ын дарга Л.Гантөмөр өөрийн цахим хуудаснаа “Ажлын далимаар хотоос гарч салхи амтлав. Нартай цэлмэг хэдий ч цасны жавар хацар хайрах. Гэхдээ л хавар айсуй гэхээр цаанаа л нэг сэтгэлд дулаан. Малчид маань их ажлынхаа хажуугаар цагаан сарынхаа бэлтгэл хангаад борви бохисхийх завгүй. Хөдөөх ажил угаасаа л барагддаггүй хойно доо” гэх мэтээр бичжээ.

Энэ мэтээр тойрогтоо ажилллаж байгаа болон тойрог горилж байгаа улстөрч, УИХ-ын гишүүд гарын бэлэг тараахаас гадна олон нийтэд таалагдахын тулд “матрын нулимс” унагаж, сонгогчдынхоо сэтгэлийг татахын тулд ямар л арга хэлбэр байна түүнийгээ ашиглаж эхэлжээ. Хамгийн гол нь, тэрхүү сэвэлт нь ихэвчлэн хуурамч, дүр эсгэсэн байхаас гадна эрх мэдэлд хүрч, эд хөрөнгө олж авахын тулд "сүнс"-ээ худалдахаас ч буцахгүй аашилж, сошиал сэвэлтээ хийж эхэлжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top