М.Сайханбаяр: Ээзгий, ааруул, бяслаг, өрөм, шар тосыг уул хэлбэртэй засдаг

2024 оны 02 сарын 11

“Их Монгол хүний хүч” ТББ-ын тэргүүн М.Сайханбаяртай монголчууд Цагаан сүүний сарыг тэмдэглэж байсан өв уламжлалын талаар ярилцлаа.


-Та Цагаан сарыг буруу нэрлэж байна гэж үздэг юм байна. Яагаад гэдэг асуулт ургах нь зүй ёсных учир тайлбарлаж өгнө үү?

-Би сэтгэц, хэл шинжлэлийн мэргэжилтэй хүн. Хүний бодож сэтгэж, хэлж ярьж байгаа зүйл, үйлдэл нэг байх ёстой. Гэтэл өнөөдөр энэ нь алга болчихлоо. Би түүхэн эх сурвалж дээр нь сэтгэц, хэл шинжлэлийн мэргэжлээ нэгтгээд судалсан юм. Их Хүн улсын үед Цагаан сүүний сар гэж хийдэг байжээ. Манайхан ч, гадныхан ч түүхэн эх сурвалжийг хуулж бичихдээ санаатай болон санамсаргүйгээр алдаа гаргаад байна. Сүү гэдэг үгийг орхиод Цагаан сар гэж бичээд байна шүү дээ. Ингэхээр чинь өнөөдөр маргаан үүсээд байгаа юм. XIII зууны үед буюу 1206 онд Их Чингис хааны үед Их Монгол улс Цагаан идээний сар гэж хийдэг байжээ. Одоо хуулж бичихээр яагаад заавал үг хаяад байдаг юм бэ. Идээ гэдэг үгийг орхиод бас л Цагаан сар гэж бичээд байна.

-Цагаан сар гэдэг үгэнд цагаан идээ, сүү гэдэг утга аль аль нь байгаа юм биш үү. Уламжлалаа дагаад ихэнхи айл цагаан идээгээрээ гол идээгээ засч, чихэр жимсээ тусад нь таваглаж тавьдаг шүү дээ?

-Ерөнхийдөө санаа нь яваад байгаа ч Тэнгэрт тэтгэгдсэн Их Чингис хааны үед тэмдэглэдэг байсан өв уламжлал ой санамжаас арчигдсаар байна. Бидний өвөө эмээ тодорхой сайн хэлж яриагүйгээс “Нэг иймэрхүү л байдаг” гээд баримжаа таамгаар яваад байна шүү дээ. Биднээс хойшоогоо, ач зээ нарын үеийнхэн маань бараг цахимаар тэмдэглэхээр болчихлоо. Ой санамжаас арчигдсаар байгаад, тэр дунд нь засвартай түүх орж ирээд эмх замбараагүй байдалд ороод байна гэсэн үг. Сэтгэц, хэл шинжлэлийн шинжлэх ухааныг гадныхан 1967 оноос хэрэглээд эхэллээ. Дандаа нууцыг судалдаг. Тухайлбал, монголчууд аз жаргалтай байна уу, үгүй юу. Ямар баярыг яаж тэмдэглэдэг юм бэ. Тэдний сэтгэл хэр хямралтай байна вэ. Энд ямар бараа авчирч “шахах” вэ. Торго сонирхож байна уу,  үгүй юу гэх мэтээр энд тэндээс биднийг судлаад, эдийн засгаар доройтуулаад байна. Үүнийг бид ойлгохгүй, амьдралаа аргацаасан болоод л яваад байна шүү дээ. Хар Манжийн дарлалын үед Төвдөөс шарын шашныг оруулж ирээд Их Монгол Улсын үеийн түүх, соёл, бичиг үсэг, ташуу энгэртэй дээл, Их Монгол Улсын баяр, ялангуяа бидний өвөг дээдсийн бэлэгдлүүдийг түйвээж дуусгасан.

-Зориудаар шүү дээ?

-Их хорлонтой. Аймаар хонзогнуур хүмүүс. Азийн түүхэнд хамгийн арчаагүй, адгийн амьтад чинь Зүрчин Манж шүү дээ. Зүрчин Манж гэдэг чинь боол гэсэн үг шүү дээ. Ерөөсөө л боол заяатай. Гарал угсаа нь тэр. Харин монголчууд бид тэнгэр язгууртай, хан гаралтай сайхан эрчүүд, хатан заяатай хацар гоо охид бүсгүйчүүд байхгүй юу. Энэ чинь зүгээр нэг толгой холбосон үг биш. Мянга мянган жилээр өвлөн уламжлагдаж, тэнгэрээс тэтгэгдэж ирсэн заяа тавилан байхгүй юу. Гэтэл манжууд боол заяатай байж дандаа тэнгэр заяатай ихэс дээдэс рүү халдаад байдаг. Бүр хүний ёсноос гадуур яраглал үйлдэж байсан. Энэ тухай Манжийн хаадыг гар бичмэлүүд дээр байна. Тэгээд “Монголчуудыг шүтдэг шашнаар нь барина, гэхдээ бэлэгдлүүдийг устгана” гэж бичсэн байгаа юм. Их Монгол хүн тэнгэрт тэтгэгдсэн учраас их хүчирхэг явсан. Их Чингис хаан, Далай их хаан Өгөдэй гээд алтан ургийн их хаадууд дэлхийг эзэгнэж засаглаж явсан учир үүнд байна шүү дээ. Гэтэл Хятадад байгуулсан “Бузар” Юань улсын үеэс энэ их өв соёл тасарч эхэлсэн. Дараа нь Манжийн дарлалд 220 жил, залгуулаад Хятадын Гоминданы колоничлолд 10 жил, тэгээд Зөвлөлтийн колончлолд 90 жил “цусаа холиулаад”, 2000 оны үед л арай гэж саллаа шүү дээ.

-Зөвлөлтийнх нь 70 жил биш үү?

-Үгүй ээ, би 90 жил гэж хэлнэ. Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсууд өөрийнхөө бичиг үсэг, дээл хувцас, шашин шүтлэгийг аваад 1990-ээд оны үед зам мөрөө хөөчихсөн. Гэтэл бид өнөөдрийг хүртэл бахь байдгаараа байгаа нь ичгэвтэр юм. Колончлуулаад байсан улс ерөөсөө л ийм болчихдог юм байна. Академич Ц.Дамдинсүрэн гуай хүртэл бичиж үлдээсэн байгаа шүү дээ. “Монголын бичиг соёлын дурсгалыг Бээжин орох замдаа л устгаад явсан байна” гэж. Зам зууртаа шатаагаад л оронд нь даавуунд ороосон төвд тарнийн ном хийгээд явсан байгаа юм. Тарнийн ном гэдэг чинь хараалын ном. Үүнийг уншуулж огт болдоггүй. Одоо гэтэл бүгдээрээ засал хийлгэж байна гээд тангад, төвдийн хараал хийлгээд л. Тэр ч байтугай идээгээ засч мэдэхээ байсан. 

-Ямар идээг яаж засдаг байсан юм бол? 

-Нэгэн жилд тохиодог ганц сайн өдрөө монгол хүн тэнгэрт ямар идээ засах вэ. Эхлээд цар тавина. Түүн дээрээ уул хэлбэртэй идээ засдаг. Дээд тэнгэртээ засч байгаа учраас бөх батыг илэрхийлж нураад унахааргүй засна. Хамгийн доор нь бат бөхөөр нь ээзгий, түүний шим ааруулыг дараагийн үед тавиад, ааруулын шим баяслаг тавиад, дээр нь өрөм, тэгээд өрмөө хайлуулж шар тосоо тавьдаг учиртай. Их энгийн, эгэл даруу. Гол нь дээд тэнгэртээ хүндэтгэл үзүүлж, засч байгаа учир их бэлгэдэлтэй. Гаднаас өөр юу ч, ялангуяа харь идээ огт оруулахгүй. Цагаан идээнийхээ шим, шимийг л тавьдаг байжээ. Ингэхээр тухайн гэр бүл, хувь хүний хийморь бадарч, цог золбоо сайжирч байдаг. Гэтэл бид яаж доромжлуулсан гээч. Манж хүний яг шаахайны хэмжээтэй ул боовоор энэ их хүндэтгэлийн идээг одоо хүртэл засаад байна. Хүндэтгэлийн бэлгэдэл болсон идээний царан дээр нь гишгэж байна гэдэг утгаар Манжийн хаан ул боов болгосон байх нь. Бид өнөөдөр үүнийгээ ойлгохгүй буруу мэдээллээрээ л буцлаад, савлаад байна.

-Үүнээс гадна жилийн зурхай, зүг мөрөө гаргах дээр их маргадаг. Харин энэ жил аядуу зөөлөн байх чинь? 

-Бид одоо Төгс буянтын зурхай гэж буруу цагалбар хэрэглэж байгаа. Буруу цагалбар хэрэглэхээр буруу өдрөө л шинэлэх нь ойлгомжтой. Их Монгол хүнд цээрлэдэг зүйл юу вэ гэвэл зүг мөрөө буруу гаргах шүү дээ. Би үүнийг зохиож хэлээгүй. Судалсанаа хуваалцаж байгаа юм. Их Хүн улсынхаа, тэнгэрт тэтгэгдсэн Их Шаньюй нарынхаа зурхайг сэргээж хэрэглэхгүй юм уу. Шар зурхай гэсэн үг л дээ. Хятадууд ханзаар бичихдээ Хүннү гэж доромж утгаар бичсэнийг бид хуулаад байдаг. Эх сурвалж дээрээ айж хүндэтгэх учиртай Их Хүн улс гэж байгаа юм. Зөв хэлж ярьж, зөв бичих ёстой. Дэлхийг эзэлсэн Их Хүн улс шүү.

Г.Ганчимэг

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(103.212.117.105) 2024 оны 02 сарын 13

Байсхийгээд нэг ийм хоосон их мэдэгчид, хоосон цэцэрхэгчид, хоосон амлагчид, хоосон толгойтой хулгайч шинжтэй хүмүүс гарч ирж хоосон юмаа ярьж, хоосон юмаа бичих аж.

0  |  0
Khulangoo(59.153.115.130) 2024 оны 02 сарын 12

Uuchlaarai aldaa harlaa

0  |  0
Ха ха(172.91.182.247) 2024 оны 02 сарын 11

Ийм мундаг судалдаг хүн ирээдүйн хөгжилд хэрэгтэй юм судалвал зүгээр юм даа

0  |  0
mnbvcб(176.66.87.78) 2024 оны 02 сарын 11

Солиорох юмаа биднээс бусад н бүгд тэнэг юмуу

0  |  0
Эба(103.212.116.217) 2024 оны 02 сарын 12

Цаг үeээ дагаж бүх юм хувьсан өөрчилөгдөнө мэргэжилтэн гуай дураараа чалчихаа бол манж байна уу \nмонгол байна уу адилхан л оюун ухаант хүмүүс

1  |  0
Top