Гэрэл зургийн эх сурвалж: GNB
Модон луу жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Улсын наадамд дөрөв шөвгөрсөн, энэ цаг үеийн идэр залуу аварга О.Хангай түрүүлж, Улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэснээр Ховдын хоёр хүчтэн хамтдаа бага наадамд тодорлоо. О.Хангай аваргын хувьд энэ нь сар шинийн барилдааны анхны түрүү болов. Шөвгийн дөрөвт “Увс нуур” дэвжээний бөх, Улсын аварга П.Бүрэнтөгс, "Булганхан" дэвжээний бөх, Улсын начин Д.Амарсайхан нар шалгарсан бол шөвгийн наймд Улсын заан Б.Бат-Өлзий, Д.Анар, М.Лхагвагэрэл, Улсын харцага Г.Ганхуяг нар үлдэж, барилдааныг өнгөллөө.
Нэг сонин зүйл нь, бөх сонирхогч олны анхаарал хүчийг үзэн барилдах бөхчүүдээс дутуугүй хүмүүс дундуур чимээгүй алхсаар орж ирсэн хоёр арслан руу чиглэв үү гэлтэй... Улсын арслан Э.Оюунболд, Улсын арслан М.Бадарч нар допингийн шуугианыг сөрөн, бөхөөр дүүрэн “Бөхийн өргөө”-ндөө саатсан энэ дүр зураг, энэ хэлэмж нэгийг өгүүлэх мэт.
Төр, түмний наадмыг цэнгүүлж явсан хүчтэнүүд ир бяраар илүүрхэх нас, зүсэн дээрээ зодог, шуудгаа эвхэж үлдээгээд, барилдаан тийш очино гэдэг гунигтай. Гэхдээ яалт ч үгүй ийм байдал нэгэнт үүсжээ.
Монгол Улсын 24 дэх аварга цолыг хүртэж явсан Э.Оюунболд 2019 оны Үндэсний баяр их наадамд түрүүлсэн онцгой жилдээ допингийн шинжилгээнд бүдэрч, аварга цолоо хураалгасан (2020 он) гол гогдом өдрүүдийг туулж явна. Арбитрын шүүх, Монголын шүүх, ер нь шүүхээс шүүхийн хооронд явсан энэ өдрүүдийн араас тэр дэвжээн дээрээ эргэн ирсэн ч өнгөрсөн жилийн цагаан сарын барилдааны үеэр авсан допингийн шинжилгээнд дахин таагүй хариу сонсож, үүнийх нь төлөө МҮБХ-ноос Допингийн эсрэг дүрмийн дагуу (2021 онд шинэчилсэн) урт хугацаанд барилдах эрхийг хассан. Допингийн зөрчлийг гурав дахь удаагаа гаргасан бөхөд (Хүй долоо худагт болсон барилдааны үеэр авсан шинжилгээнээс мөн допинг илэрсэн гэж үздэг) доод тал нь найман жил, цаашлаад насан туршид нь барилдах эрх хасах шийтгэл оноох дүрэмтэй. Э.Оюунболд энэ шийтгэлийг нэг дэх жилдээ хүлээгээд байна.
Улсын арслан М.Бадарч бол өнгөрсөн жилийн баяр наадмын түрүү бөх. Улсын баяртаа түрүүлсэн хөлгүй их баяр, бахдал нь намжиж амжаагүй байхад түүнд энэ амжилтыг нь бүрмөсөн үгүйсгэсэн допингийн мэдээ хүрч очсон.
Баяр наадмын Зохион байгуулах хорооноос хамгийн сүүлд (2023.09.27) олон нийтэд өгсөн албан мэдээлэлд “Монгол Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул бүх давааг хүчингүйд тооцож, Улсын арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар шийдвэрлэсэн. М.Бадарчийн Үндэсний их баяр наадамд барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хасаж, Улсын гарди Ц.Бямба-Отгоныг ес давсанд тооцож, Улсын арслан цол олгох саналыг Ерөнхийлөгчид уламжилна” гэж мэдэгдсэн нь бий. Одоогоор Ерөнхийлөгч зарлиг гаргаж, цол хураах, цол ахиулах тухай албан ёсны үйл явдлууд хараахан өрнөөгүй байна. Харин тэр мэдээг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлсэн М.Бадарч арслан аравдугаар сараас хойш Арбитрын шүүхэд хандан, гомдол мэдүүлж яваа.
Өчигдөр нь улс даяараа хүндлүүлж, өнөөдөр улс түмнээрээ зүхүүлж яваа энэ эрчүүд допинг хэрэглэсэн нь үнэхээр үнэн байсан уу? Үнэн байх нь гэж бодож, допингийн хэрэглээг эсэргүүцэж, бөхчүүдийг буруушааж явсан хувь хүмүүсийн нэг би гэхэд жишээ нь өнгөрсөн намар болсон явдлуудын дараа эсрэгээрээ Допингийн эсрэг байгууллагыг хардаж, хэн нэгэн бөх рүү санаатайгаар тээж очдог хорлол биш байгаа гэж эргэлзэхэд хүрсэн.
Намар болсон явдал гэдэг нь Допингийн эсрэг үндэсний төвийн тэргүүнээр ажиллаж байсан Ж.Хатанбаатар, Гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын оффис болон гэрт хийсэн нэгжлийн тухай Авлигатай тэмцэх газраас өгсөн мэдээлэл бөгөөд нэгжлэг, шалгалтын үеэр Ж.Хатанбаатарын ажлын өрөөнөөс допингийн төрлийн бодисууд олдож, бөхчүүдийн шинжилгээний хариуг өөрсдийн хувийн хаягаар авдаг байсныг тогтоож, шалгаж эхэлсэн нь олон нийтийг, бөхөд үнэнч үзэгчдийг гайхашруулсан мэдэгдэл. Гэхдээ одоогоор тэдэн рүү чиглэсэн хяналт, шалгалт хаа хүрээд саарсныг мэдэхгүй юм. Тэглээ гээд сааруулж яагаад ч болохгүй сэдэв юм. Яг энэ явдлаас, хуулийн шалгах явцаас олон жил үргэлжилсэн байж мэдэх үндэсний бөхтэй холбогдох будилаан, авлига, нууж, хааж, тохиролцож, наймаалцаж ирсэн зүйлсийн эргэлзээ тайлагдаж, бөхийн үнэн тодрох хамгийн өндөр магадлалтай.
“Долингтой бөх”-д анхаарч байгаа шигээ допингийн эсрэг ажиллаагүй MONADA (Монголын допингийн асуудал эрхэлсэн байгууллага)-г зэрэгцүүлэн засаж, хэний ч үнэн мөнийг төөрүүлэхгүй байх нь бөхийн хувьд өнөөдөртөө гол зүйл юм шиг улам илүү санагдах боллоо.
Бөх үнэн оршиход бөх ганцаараа буруутдаг, гунддаг цаг үе биш болсон. Бөх тойрсон бүх юм үнэн байж чадвал олон цагаан сар, олон наадам дэлгэр болно. Тэртээ тэргүй бөхчүүд өөрсдийн хүсэл, шуналаар допинг хэрэглэх эсэх, түүндээ тохирох хариуцлага хүлээх тухай бол бичиж, маргаж, шүүж, хардаж дуусдаггүй сэдэв юм билээ. Тэр угаасаа тусдаа асуудал. Зодгондоо чангарч, хүч тэлдэг эрчүүдийг цаашид зоолох хүн олдох вий л гэж...
Сэтгэгдэл ( 10 )
Заас энэ бүдүүн гахайнууд монголд яаж авилга хулгаагаас салхав нүүрс бүүр автобус хүртэл хуучнаар сольж иргэдиин боломжииг хуулгаалсан байхад сонсоогүй мэт өөрсдиин өчүүхэн амь ходоодоо бодсон бааснууд
Энэ Хангайгийн зүүн гуян дээрх алчуур шиг юм чинь одоо казакстаны далбаа шиг л харагдаад байх юм, буруу хараад байна уу
Бөх морь дуулж хуурдаад хөгжих үү бид...
Зоолох гэдэг үгээ эхлээд ойлгоод дараа нь бич.
Түрүү бөхийн бай шагнал тэнгэрт хадаад ирэхээр чинь ямарч хамаагүй аргаар түрүүлэхийг л бодоно биз дээ
Тэгвэл Санжаадамбыг юу гэх вэ. Шударга бустай тэмцээнд өөрөө хохироод явж байгаа нь дэмий үйлдэл үү. Тэгээд ч энэ бөхчүүдийн допингийн асуудлаас болж их спортын тамирчид чирэгдэж эхлээд байгаа биз дээ.
Эхлээд бөхчүүд өөрсдөө допинг илэрсэн тохиолдолд MONADA гээчид хахууль өгч аргалуулдаг байжээ, дараа нь MONADA нь шуналдаа хөтлөгдөөд эргээд бөхчүүдээ шантаажилж эхэлсэн юм байна гэж ойлгогдоод байна даа, гэхдээ ямар ч баталгаа, нотолгоо гаргаж чадаагүй, хоосон хардлага төдий, допингчин бөхчүүдээс мөнгө авч хөлсөөр бичсэн зүйл шиг л харагдаад байх юм
Допинг хүртэхийг зодгондоо чангарах гээд байна уу, шинэ нэр томъёо юм уу, кк
муу алан бомбоо
МАШ ШУНАХАЙ ХОВДОГ ТОМОО ХАР ХЭРЭЭНИЙ СҮҮДЭР МОНГОЛ БӨХИЙН ЗҮЛЭГ НОГООН ДЭВЖЭЭНД ХАР ТОЛБО ҮЛДЭЭЖ БАЙГАА