Улаанбаатар хотод 17-19 см цасан бүрхүүл тогтсон

Автор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 14

Нийслэлийн 24 хорооны 33 байршил болон Сэлбэ гол дагуу халиа тошин үүссэн бөгөөд цаашлаад шар усны үер болох эрсдэлтэй байгаа юм. Иймээс мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн Нийслэлийн онцгой комисс /НОК/-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үерийн эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн шар түвшин тогтоосон.

Үүнтэй холбоотойгоор халиа тошингийн нөхцөл байдал, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Мөн цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт зэрэг байгалийн хүчин зүйлээс хамаарч шар усны үер их хэмжээний хохирол дагуулах эрсдэлтэйг анхааруулсан юм.


НОК-ын нарийн бичгийн дарга Д.Оюунбат:

-Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн холбогдох байгууллагуудын 284 ажилтан, алба хаагч 48 техник хэрэгсэлтэйгээр гар аргаар болон механизмаар 8460 метр суваг, шуудуу татаж, 400 тонн гаруй мөсийг тээвэрлэн, далан босгох ажлыг зохион байгуулсан.

Халиа тошингийн нөхцөл байдлаас шалтгаалж есөн айл хашаандаа байх боломжгүй болж, долоон айл нүүсэн. Хоёр айлыг онцгой байдлын байгууллагаас нүүлгэн шилжүүлээд байна.

Есдүгээр сард олон жилийн дунджаас 1-1.5 дахин их хур тунадас орсон. 11-12 дугаар сард олон жилийн дунджаас 2-3 дахин их цас орж, Улаанбаатар хотод 17-19 см цасан бүрхүүл тогтсон. Эдгээр нь цаашид шар усны үер үүсэж болох нөхцөлийг бүрдүүлж байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах талаар Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс НОК-т зөвлөмж ирүүлсэн. Үүнтэй холбогдуулан НОК хуралдаж, Засгийн газрын 2018 оны Гамшгийн зэрэг тогтоох журмын дагуу үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшинг тогтоолоо.

Ийнхүү халиа тошинд өртсөн айл өрхийн аюулгүй байдлыг хангах, мөсийг нэн даруй зөөж тээвэрлэх, далан босгох, суваг шуудуу татах, лаг хагшаас, хог хаягдлыг цэвэрлэж, ус чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн найдвартай ажиллагааг хангах, хаврын шар усны үер, зуны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай байна хэмээв.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэ(202.179.15.130) 2024 оны 02 сарын 14

буруу хориотой газар буусан бол хая татвар төлөлгчдиин мөнгөөр нүүлгэхгүй шүү\n

0  |  0
Top