Нийслэлийн 24 хорооны 33 байршил болон Сэлбэ гол дагуу халиа тошин үүсэж, цаашлаад шар усны үер болох эрсдэлтэй тул мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн Нийслэлийн онцгой комисс /НОК/-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үерийн эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн Шар түвшин тогтолоо. Цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт зэрэг байгалийн хүчин зүйлээс хамаарч, шар усны үер их хэмжээний хохирол дагуулах эрсдэлтэйг анхааруулж байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн холбогдох байгууллагуудын 284 ажилтан, алба хаагч 48 техник хэрэгсэлтэйгээр гар аргаар болон механизмаар 8460 метр суваг, шуудуу татаж, 400 тонн гаруй мөсийг тээвэрлэн, далан босгох ажлыг зохион байгуулж эхэлжээ. Халиа тошингийн нөхцөл байдлаас шалтгаалж есөн айл хашаандаа байх боломжгүй болж, долоон айл нүүсэн байна. Хоёр айлыг онцгой байдлын байгууллагаас нүүлгэн шилжүүлээд байгаа аж.
Есдүгээр сард олон жилийн дунджаас 1-1.5 дахин их хур тунадас орсон. 11-12 дугаар сард олон жилийн дунджаас 2-3 дахин их цас орж, Улаанбаатар хотод 17-19 см цасан бүрхүүл тогтсон нь цаашид шар усны үер үүсэж болох нөхцөлийг бүрдүүлж байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах нь маш чухал байна.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ерөнхий инженер Б.Жаргалан цаг агаарын нөхцөл байдлын талаар "Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшигт болон аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа. Зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн жилийн долоо, наймдугаар саруудад 3-4 удаагийн гэнэтийн үер усны үзэгдэл болж, Сэлбэ голын усны түвшин нэмэгдсэн. Хур тунадас их байгаагаас голын усны түвшин болон хөрсний чийгийн хэмжээ нэмэгдэж буй.
Мөн дэлхийн дулааралтай холбоотойгоор өвлийн улиралд гэнэтийн дулаарал болон хүйтрэл ажиглагдаж байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар дулаарахаараа олон жилийн дунджаас 15-20 хэм дулаарч, говийн бүс нутгаар нэмэх хэмд хүрсэн. Харин эсрэгээрээ хүйтрэхээрээ олон жилийн дунджаас 15-20 хэмээр хүйтэрч, уулархаг нутгаар -50 хэм хүрсэн үзэгдлүүд ажиглагдаж байна. Эдгээр үзэгдэл нь цаашдаа ч гэсэн ажиглагдах магадлал өндөр. Өнгөрсөн 9-12 дугаар сард орсон цасны хэмжээгээр нийт нутгийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон. Улаанбаатар хотод ч мөн адил зузаан цасан бүрхүүл тогтоод байна. Үүнтэй холбоотойгоор гэнэтийн дулаарал ажиглагдах магадлал өндөр байгаа тул шар усны үер хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүсээд буй.
Энэ сарын 15, 16-ны өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр буюу Ховд, Говь-Алтай, Баянхонгор, төвийн аймгуудын нутгаар буюу Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн нутгаар огцом дулаарах төлөвтэй байна.
Говийн аймгуудын нутгаар өдөртөө нэмэх хэм хүрч дулаарна. 17-ний өдрөөс эхлэн ихэнх нутгаар огцом хүйтэрч, хүчтэй цасан шуурга болох төлөвтэй байгаа. Мөн хоёрдугаар сарын 18-ний өдөр өмнөх өдрөөсөө 10-20 хэм хүйтрэх төлөвтэй байна. Иймд цаг агаарын нөхцөл байдал хүндэрч болзошгүйг анхааруулж байна" гэдгийг онцоллоо.
Сэтгэгдэл ( 1 )
Za bolio