Монгол орны хэмжээнд өвөлжилт хүндэрч, зудын гамшиг малчдын хотонд нүүрлээд буй. Тэгвэл энэ хүнд цаг үед Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас салбарын мэргэжлийн байгууллага, холбоодтой хамтран “БАЙГАЛИЙН ГАМШГИЙН ЭСРЭГ БАЯЛАГ БҮТЭЭГЧИД ХАМТДАА” аяныг салбарын хэмжээнд өрнүүлж эхлээд байна.
Аянд Үндэсний геологийн алба, Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ,Монгол геологийн холбоодын нэгдсэн зөвлөл, Монголын уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл, Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Монголын Үйлдвэрлэлийн Геологичдын Холбоо хамтран “ оролцож байна.
Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянгаас тодрууллаа.
-Уул уурхайн салбарынхан “Байгалийн гамшгийн эсрэг Баялаг бүтээгчид хамтдаа” хандивын аяныг өрнүүлж эхэлжээ. Аяны хүрээнд ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Манай салбарт геологи, уул уурхайн компаниуд, газрын тосны бүтээгдэхүүн импортолж, хайж байгаа аж ахуйн нэгж холбоод, хүнд үйлдвэрийн төсөл хөгжүүлэх эрхээ авсан байгууллагууд гэхчлэн том бүтэц хамаардаг. Энэ онцлог, давуу талаа ашиглаж, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрхэн үр дүнтэй ажил зохион байгуулж, олон хүнд тусалж болох вэ гэдэг үүднээс тодорхой санал, санаачилгуудыг өрнүүлж байна. Урьд нь салбарын хэмжээнд гамшгийн үед одоогийнх шиг өргөн хүрээнд нэгдэж уриалга гаргаж байгаагүй юм билээ. Тиймээс Монгол оронд, малчдад тулгамдаж буй байгаль цаг уурын нөхцөл байдалтай холбоотойгоор салбараараа нэгдэж тусалъя гэдэг уриалгыг мэргэжлийн зөвлөл, холбоодтойгоо хэлэлцэж байгаад гаргасан юм. Салбарынхан ч идэвх зүтгэл гаргаж байна. Тэгэхээр хамтдаа нэгдээд явах нь илүү үр дүнтэй гэж харж “Байгалийн гамшгийн эсрэг баялаг бүтээгчид” уриалгыг гаргасан юм.
Бидний бас нэг гол зорилго бол гамшиг болсны дараа гэхээс илүү хаваржилт хүндрэх, үерийн асуудал, цаашлаад зуншлагатай холбоотойгоор урт хугацаандаа хохирлоос урьдчилан сэргийлэх ажилд анхаарах юм. Өвөлжилт хүндэрч гамшиг болсон газар нутгийн иргэдэд зөвхөн мөнгөн тусламжаас гадна зам харгуйг нь гаргах, түлш, хоол хүнс, хувцас хэрэглэл, эрүүл мэндийн үйлчилгээ, малын өвс тэжээл гээд хэрэгцээтэй бүх зүйлээр нь туслахыг зорьж байна. Мөн уул уурхайн компаниуд машин механизм, техник технологи гээд бүх чадлаараа онцгой байдлын удирдлага дор ажиллаж байгаа. Зарим компаниуд мөнгө босгоод малчдад тусалж байна.
Өнгөрсөн зун хотод үер болоход Онцгой комиссоос холбогдоод усны насосуудыг ашиглах зэргээр зохион байгуулалтад орж, дайчлагдаж байсан. Энэ мэтчилэн уул уурхайн салбарынхан тоног төхөөрөмж, машин техникээ ашиглаад зам даваа хаагдах, үер уснаас сэргийлэхэд нөөц боломжоо дайчлан оролцож байна.
-Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтарч энэ удаагийн аяныг зохион байгуулж байгаа гэж байсан. Хэрхэн, яаж хамтарч ажиллах вэ?
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын мэргэжлийн зөвлөл, холбоодын зүгээс гамшгийн үед ажилласан туршлагатай, мэргэшсэн, орон нутагт багтай гэдэг утгаар нь Монголын улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран ажиллахаар болсон. МУЗН-ийн хандивын дансанд мөнгөн тусламжаа хуримтлуулна. Мөн цар тахлын үед яаман дээр ажиллаж байсан Гамшгаас урьдчилан сэргийлэх штабын үйл ажиллагааг сэргээж тогтворжуулсан. Долоо хоногийн пүрэв гараг бүр салбарынхан хандив, тусламжийн мэдээллээ штабт ирүүлж байх юм.
Бид Онцгой комиссоос өвөлжилт хүндэрч, улаан түвшинд очсон аймаг, сумын мэдээллийг авч тухайн газар нутагт ойр үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд руу холбож, боломжоор нь туслах ажлыг зохион байгуулна. Амьжиргаа нь хүндэрсэн малчдад өөрсдийн нөөц боломжоороо ямар нэг хэлбэрээр тусалъя гэдэг уриалгыг гаргаад байгаа. Зарим холбоод аль хэдийн туслах газруудаа судалсан байсан. Жишээлбэл, Үйлдвэрлэлийн геологийн холбооныхон Төв аймгийн дөрвөн суманд туслахаар болсны гурав нь өвс тэжээл, нэг нь түлш шатахууны хэрэгцээтэй байна гэсэн. Энэ мэтээр аймаг, сум бүр өөр өөр хэрэгцээтэй байна.
Аж ахуйн нэгжүүд мөнгөн тусламжаа МУЗН-ийн дансанд “баялаг бүтээгчид” нэрээр төвлөрүүлнэ. Харин хэчнээн айл өрхөд хэрхэн тусалсныг эргээд бидэнд тайлагнах учраас шилэн байж чадна гэж бодож байна.
-Аян хэр хугацаанд үргэлжлэх вэ. Дээр хэлсэнчлэн хаваржилт, үер ус, зуншлагын үед ч энэхүү хандив тусламжийн аян үргэлжлэх үү?
-Яг энэ агуулгаар бид уриалгаа гаргасан. Зөвхөн өвөл гэж харахаас илүү хаваржилт хүндрэх, шар усны аюул болох өндөр магадлалтай гэдгийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. Магадгүй зун эрсдэл үүсвэл тусламжийн аян урт хугацаандаа тогтвортой үргэлжлэх боломжтой. Тэр хэрээр урьдчилан сэргийлэх, цаашлаад багаж хэрэгслийг зөв төлөвлөж, туслахад болохгүй гэх зүйлгүй. Ерөнхийдөө уул уурхайн салбарынхан гамшгаас урьдчилан сэргийлэх аяныг урт хугацаанд тогтвортой өрнүүлнэ гэж ойлгож болно.
Салбарын мэргэжилтний хувьд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, түүнийг сааруулах талаар ард иргэдэд мэдлэг, ойлголт өгөх, цаашлаад төрийн бодлогын түвшинд анхаарч ажиллах шаардлага тулгарчээ гэж харж байгаа. Тиймээс урьдчилан сэргийлж төлөвлөх, хаа хаанаа бэлтгэл, бэлэн байдлаа хангах нь чухал байна.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ хүүхэн чинь УИХ-д МАН-с нэр дэвших эмэгтэйчүүдийн жагсаалтанд орчихсон харагдсан шүү. Сонгуулийн шоуг ч ёстой нүдэнд харагдтал мундаг хийх юм аа. Лүд гэж...
Маш сайхан санаачлага гаргасан Уул уурхайн яаманд талархал илэрхийлье. Геологичид хөдөө ажиллаж байхдаа малчиддаа боломжийн хирээр тусладаг сайхан уламжлал бий. Малчид ч геологичиддоо сүү цагаан идээ, айраг цагаагаар хангаж ирсэн. Энэ уламжлалыг улам сэргээх хэрэгтэй. Малчин, геологич хоёр нэг нь газрын дээрхи, нөгөө нь газрын доорхи баялагаа арвижуулж эх орныхоон хөгжлийг хангаж ирсэн зорилго нэг хүмүүс шүү дээ.