Ч.Мандахбаяр: Алдаанаасаа суралцан, бэлтгэлээ сайжруулсны хүчинд дэлхийд тэргүүлсэндээ баяртай байна

Автор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 28

Мөсөнд авиралтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Канадын Эдмонтон хотод болж, Монголын баг тамирчид амжилттай оролцон, багаараа тэргүүллээ.

Мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт Ч.Мандахбаяр гурван тэмцээний нийлбэр дүнгээр дэлхийн чансааг тэргүүлсэн амжилттайгаар тэргүүн байрын шагналын тавцанд зогсож, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Энэ талаар ОУХМ Ч.Мандахбаяр, түүний дасгалжуулагч багш Батжаргал нартай ярилцлаа.


Сурв: Он гарснаас хойш гурав дахь алтан медалиа эх орондоо авчирлаа. Мөн багийн амжилтаараа тэргүүллээ. Канад улсад болсон мөсөнд авиралтын тэмцээнээс алтан медаль авч, цомын эзэн болсон Ч.Мандахбаяраас сэтгэгдлийг нь хуваалцъя.

Тамирчин: Канадын Эдмонтонд болсон Мөсөнд авиралтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн рүү явсан зорилгоо биелүүлж, дэлхийн цомын цувралын аварга болж медаль, цомтой ирлээ.

Сурв: Сая болсон тэмцээнд хэдэн улсын хэчнээн тамирчин оролцсон бэ. Олон улсын тамирчдын хүч, самбаа ямар байна вэ?

Тамирчин: Канад улсын мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 20-иод улсын 100 гаруй тамирчин оролцлоо. Бусад орны өрсөлдөгч нарын хувьд яван чангарсан байсан.

Сурв: Бэлтгэлээ хэрхэн хийсэн бэ? Хөдөө орон нутагт хийнэ гэж байсан.

Тамирчин: Швейцарын тэмцээнээс ирээд Говь-Алтай аймаг руу долоо хоногоор бэлтгэлд явсан.

Сурв: Дасгалжуулагч багшийн хувьд шавь нараа хэрхэн дасгалжуулсан бэ. Мөсөнд авиралтын тэмцээн нь сэтгэлзүйн тэмцээн. Дээрээс нь маш сайн бэлтгэлтэй байж олон улсын тамирчидтай өрсөлдөх эрх нь бий болдог. Манай улсын баг тамирчдын хувьд олон улсын тэмцээнээс энэхүү амжилтаа ахиулахаар явсан байх. Таны хувьд ямар ур чадвараар шавь нараа бэлтгэсэн бэ?

Дасгалжуулагч: Бид юуны өмнө бэлтгэлээ базаахын тулд Говь-Алтай аймгийн Тонхил сум руу явсан. Үүнд сая явсан тамирчид маань бүгд хамрагдаж, бэлтгэлээ 6-7 хоног бэлдсэн. Бид хоёрын хувьд хоёр, гурав хоногийн дараа очиж 6-7 хоног бэлтгэл хийсэн. Сумын биеийн тамирын багш болон Н.Хэрлэн, Н.Сэлэнгэ нарын маань багш байсан. Бид дор бүрдээ бэлтгэлээ базааж, амжилттай оролцохын тулд хичээж ажилласан.

Сурв: Монгол Улсаас оролцсон дөрвөн тамирчин бүгд шагналт болон медальт байр эзэлж, багийн амжилтаараа нэгдүгээрт бичигдсэн. Энэ талаар?

Дасгалжуулагч: Манай дөрвөн тамирчин үүргээ биелүүлж, шигшээ 16-д үлдэж, дөрвүүлээ шагналт байр, медалийн буухиаг үргэлжлүүлж чадсан. Үүнд, Олон улсын хэмжээний мастер Хэрлэн мөнгөн медаль, Спортын мастер Сэлэнгэ хүрэл медаль авч, “Алтайн бар” клубийн тамирчин Сайханжаргал шигшээ 5 дугаар байрт орсон. Ч.Мандахбаярын хувьд Канадын тэмцээнд маш сайн бэлдсэн ч тэмцээнд орох тэр мөчид тухайн үеийн нөхцөл байдал нөлөөлсөн. Гэхдээ үүргээ биелүүлж, шигшээ 16-д орж оноогоо гүйцээн дэлхийд чансаагаараа нэгдүгээрт бичигдсэн амжилтаа гаргаж чадсан.

Сурв: Энэ тэмцээнд оролцсон ах дүү хоёр хоёулаа нэг клубийн тамирчин уу?

Дасгалжуулагч: Нямдаваагийн Хэрлэн, Нямдаваагийн Сэлэнгэ нар маань багаасаа спорт авиралтаар хичээллэж, өнөөдрийн хүртэл явж байна. Тууштай хичээллэснийхээ үр дүнд хоёулаа дэлхийн тавцанд мөнгө, хүрэл медальтай зогсож чадсан. Энэ амжилтаараа Монголын баг түрүүлж, хувийн үзүүлэлтээр Ч.Мандахбаяр маань дэлхийд тэргүүлэн Монголын баг тамирчид төрийн дууллаа гурвантаа эгшиглүүлсэн сайхан үйл явдал боллоо.

Сурв: Монгол Улсын мөсөнд авиралтын тамирчид ямар чансаатай байгааг дэлхийд танилцуулсан үйл явдал боллоо. Цаашдын тэмцээн уралдааныг яаж төлөвлөж байна вэ. Хэрвээ олимпын төрөлд мөсөнд авиралтын тэмцээн орвол манай улсын тамирчид хүч сорих боломж нь ямар байгаа вэ?

Дасгалжуулагч: Уг нь мөсөнд авиралтын төрөл нь өвлийн олимпын төрөлд орох боломжтой. Удахгүй орох байх гэж найддаг. Хэрвээ орвол манай улсын баг чансаагаараа эхний гуравт орох боломжтой гэж харж байна. Түүнийг ч энэ жил харуулж чадлаа. 2023, 2024 оны цувралын нийлбэр дүнгээр багаараа болон хувь үзүүлэлтээрээ тэргүүлнэ гэдэг нь олимпын эхний гуравт үзэхэд бэлэн гэсэн итгэл байна.

Сурв: Ч.Мандахбаярын хувьд тэмцээн уралдаанд орохдоо сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

Тамирчин: Сэтгэл зүйгээ тэмцээний өмнөх өдөр болон тэмцээний өдөр тухайн нөхцөл байдлаасаа хамаарч бэлддэг. Тамирчин хүний алдаа тухайн мөчид яаж ч гарч болно. Ямартай ч алдаагаа давтахгүй байхыг боддог.

-Олон алдааны ард амжилт байдаг. Таны хувьд өмнө нь оролцож байсан тэмцээн уралдаанууд дээр ямар хэцүү асуудал байсан бэ. Мөсөнд авиралтын спортоор хичээллэдэг, тэмцээнийг зорих олон тамирчин бий байх.

Тамирчин: Би 2019 оноос хойш мөсөнд авиралтын олон улсын тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. Ерөнхийдөө олон улсын тэмцээнүүдэд зориулж бэлтгэлд хамрагдаж байсан ч 2022 он хүртэл шигшээ 8, 16-д үлдэж чадахгүй, тиймэрхүү жилүүд байсан. Алдаа бүрээ бэлтгэлдээ сайжруулж явсны хүчинд 2023 онд анхны хүрэл медалиа авч, дэлхийн цом болон дэлхийн тэмцээний тавцанд түрүүлж зогсох боломжтой гэдгээ бага багаар мэдэрч эхэлсэн. Түүний хүчинд энэ жил дэлхийд түрүүлсэндээ маш баяртай байна.

Энэ спортыг сонирхож байгаа хүмүүст хандаж хэлэхэд энэ бол өвлийн үзүүштэй спортын нэг төрөл. Байгалийн хүрхрээнд авирч болдог. Нөгөө нь техникийн төрөл буюу хамгийн үзүүштэй төрөл гэж явдаг.

Сурв: Улаан цутгалан дээр болсон мөсөнд авиралтын тэмцээнээс харахад мөсөнд авирахад өндрийн айдас гэж байдаг юм байна. Дээрээс нь мөсөө цоолоход гар, хөлийн хүч маш чухал санагдсан. Таны хувьд энэхүү спортод анх яаж суралцаж байсан бэ? Мэдээж шантрах үе байсан байх.

Тамирчин: Өндрийн айдас шууд нөлөөлдөг. Хүн 1, 2 метрээс дээш гараад ирэхээрээ айдастаа шууд автаж эхэлдэг. Түүнийгээ ялж, бага багаар дээш явах нь нөгөө талаараа кайф авна. Байгалийн мөсөнд авирахын давуу тал нь, тухайлбал Улаан цутгаланд авирахад наад тал нь хөлдсөн байхад цаад талдаа ус нь урсаж байдаг, 100 хувь хөлддөггүй. Тэр утгаараа байгалийн сайхан мэдрэмжийг авах давуу талтай.

Сурв: Олон улсын тэмцээнд оролцоход мөс нь ямар байдаг вэ? Манай улсын бодит байгалийн мөсөн хүрхрээтэй хэр дүйцдэг вэ?

Тамирчин: Улс орнуудад цаг уурын онцлогоос хамаарч өөр байдаг. Манай оронд хуурай, хүйтэн нөхцөл учраас мөсний хөлдөлт нь хатуу байдаг. Өмнөд Солонгост чийглэг, дулаан уур амьсгалтай учраас мөс нь зөөлөн, тэмцээний үеэр бага зэрэг хайлсан байдалтай байдаг.

Энэ жил Канад руу анх удаа тэмцээнд явж байгаа учраас мөсний хөлдөлтийн байдлыг нэлээд судалсан. Мөсний зөөлөн, хатуугийн зэрэг нь Швейцар болон Өмнөд Солонгостой ойролцоо, зөөлөн талдаа байсан.

Дасгалжуулагч: Мөс зөөлөн байх нь хүч бага ордог ч хагарал бутрал их, эрсдэлтэй байдаг нь сая Мандахбаяр дээрээс харагдсан. Тийм учраас мөсөнд авиралтын төрөл бол ямар ч аварга, хэзээ ч мөс нь хагараад салах эрсдэл байдаг. Тиймээс өөрийн цэвэр хүч биш байгалийн мөсний тогтцоос шалтгаалж амжилт нь ухрах нөхцөлүүд бүрддэг. Жишээлбэл, 2012 онд 10 дугаарт явж байсан тамирчин 1-ээр гарч ирж байсан үе бий.

Сурв: Дасгалжуулагчийн хувьд шавь нартаа, мөсөнд авиралтын хичээллэж байгаа хүүхдүүдэд чин сэтгэлээсээ юу хүсдэг вэ? Одоо медаль, цом аваад ирж байгаа нь сайн хэрэг боловч нөгөө талд нь эцэж цуцашгүй бэлтгэл хийсэн ч амжилтад төдийлөн хүрээгүй, зорилгынхоо төлөө явж байгаа олон тамирчин байгаа байх гэж харж байна.

Дасгалжуулагч: Манай улсад 2011 оноос үндсэндээ мөсөнд авиралтын спорт хөгжиж эхэлсэн. Тэр үеэс олон улсын тэмцээнд орж эхэлсэн. Зарим хүн харж байгаа байх. Төдийгөөс өдий хүртэл явахад 2018 оноос л анхны хүрэл медалиа Азийн аваргаас авч, амжилт нь эхэлж, өнөөдөр Дэлхийн цомыг тэргүүлээд явж байна. Энэ хугацаанд маш олон хүнд асуудлыг даван туулж ирсэн. Тамирчдын бэлтгэл сургуулилт, сэтгэл зүй, санхүү гээд олон асуудал яригдах учраас бид бэлтгэл сургуулилтдаа анхаарч амжилтаа ахиулахыг зорьсон. Амжилт гаргавал мэдээж спонсор гарч ирнэ.

Тиймээс дасгалжуулагчийн хувьд та нар хүчтэй бай, сэтгэл зүйгээ бэлд, гэмтэл бэртлийн асуудал их үүсдэг учраас багаж техниктэйгээ сайн харьцах тал дээр байнга зөвлөдөг. Тиймээс тамирчид маань өнөөдөр дэлхийн тэмцээнд амжилттай оролцож, амжилт үзүүлж ирлээ. Мөн мөсөнд авиралтын төрөл нь Дэлхийн уулын холбоонд харьяалагддаг учраас Монголын уулчдын үндэсний холбоо энэ жилээс шинэ зохион байгуулалтад орж, мөсөнд авиралтын төрлийг түлхүү анхаарч, тамирчдынхаа бэлтгэл сургуулилт дээр хамтарч ажиллах байх гэж найдаж байна. Тийм учраас дараагийн цувралууд дээр манай шинэ залуу тамирчид гарч ирэх магадлал их. Олон клубүүд шинээр ажиллаж эхэлж байгаа болохоор миний хувьд сэтгэл өндөр байгаа.

Сурв: Монгол Улсын хэмжээнд олон улсын тэмцээнд оролцохоор мөсөнд авиралтын спортоор хичээллэж байгаа хэчнээн тамирчин байгаа вэ?

Дасгалжуулагч: Улсын хэмжээнд Ховд, Увс, Эрдэнэт, Улаанбаатар гэсэн цөөн газраас тамирчид маань гарч байгаа. Энэ бол мэргэжлийн зүгээс нэлээд ач холбогдол өгч ажиллах шаардлагыг харуулж байгаа.

Тиймээс Монголын спортын авиралтын холбоо, Монголын уулчдын үндэсний холбоо хоёр үүнд анхаарч, энэ сайхан спортыг задалж, олон залуу үеийг гаргаж ирэх байх гэж найдаж байгаа.

Тамирчин: Сүүлийн жилүүдэд мөсөнд авиралтын төрлийг сайн анхаарч

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top