Засгийн газрын өнөөдрийн /2024.02.28/ хуралдаанд УОК-оос сурагчдын улирлын амралтад өөрчлөлт оруулах асуудлыг танилцуулсан. Хуралдаанаар БШУ-ны сайд мэдээллийг сонсож, сурагчдын амралттай холбоотой дараах шийдвэрийг гаргалаа.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Сурагчид, оюутны амралттай холбоотой асуудлыг малчид ихээр хөндөж ярьсан. Учир нь хаврын зудын нөхцөл байдал хүнд байна. Энэ цаг үед хүн хүчний хомсдолд хүрлээ. Хоёулхнаа олон тооны малыг тэжээх, мал төллөлтийн цаг үеийн даван гарахад маш бэрх байна. Тиймээс хүүхдийн улирлын амралтын хугацааг нааш нь татаж, амрах хугацааг нь сунгаач, оюутны амралтыг үүнтэй зохицуулж өгөөч ээ гэсэн хүсэлтийг малчид ихээр гаргасан. Тиймээс Засгийн газраас БШУ-ны сайдад чиглэл өглөө.
Хаваржилт хүндэрч байгаа сумдын нөхцөл байдлыг харгалзан үзэж, тухайн орон нутгийн Засгийн даргын саналыг үндэслэн аймаг, орон нутгийн Засаг дарга нар сурагчдын амралтад зохицуулалт хийх боломжийг нь олгох шийдвэр гаргалаа.
Нэг ёсондоо Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд суралцаж байгаа хүүхдийн амралтын хуваарь, хугацаанд өөрчлөлт орох боломжгүй. Харин цас зуд хүндэрч байгаа сумдын нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгсний үндсэн дээр аймгийн Засаг дарга нар хүүхдийн амралтын хугацааг нааш нь татах, хугацааг 7 хоногоор сунгах эрхтэй болж байна.
Гэхдээ аймгийн Засаг дарга нар мэдээж БШУ-ны сайдаас зөвшөөрөл авсны үндсэн дээр уг шийдвэрийг гаргаж явах боломж нь бүрдэж байна." гэв.
Одоогийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар улирлын хичээл нэгдүгээр сарын 29-ний өдрөөс гуравдугаар сарын 29-нийг хүртэл хичээллэж, дөрөвдүгээр сарын 01-07-ны өдрүүдэд улирлын амралттай байх хуваарьтай байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )