Хиймэл оюун ухаанаас бүтсэн хуурамч мэдээллээс сэргийлэх программ боловсруулжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 05

 

Өмнөд Солонгосын цагдаа нар хиймэл оюун ухааны боловсруулсан мэдээллээс үүдэлтэй гэмт хэргийг таслан зогсоохын тулд хуурамч мэдээллийг илрүүлэх технологи боловсруулсан тухайгаа мэдээлжээ. NOI хэмээх энэхүү программ нь хиймэл оюун ухаан дээр суурилсан бичвэр болон видео зэргийг таних чадвартай аж.

Хиймэл оюун ухаан болон хуурамч мэдээллийн хослуулан бүтээсэн мэдээллийг Deepfake хэмээн нэрлэдэг. Уг мэдээллийг олон нийт бодит хэмээн итгэх явдал цөөнгүй байдаг бөгөөд ихэвчлэн залилан болон гүтгэлэгийн шинж чанартай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархан бусдын нэр хүнд хийгээд санхүүд хохирол учруулдаг байна. Цагдаа нар энэхүү программийг хуурамч видеог 80 хувьтай илрүүлэх магадлалтай тухай мэдээлжээ. 

Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр тус улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль авлига, хээл хахуульд идэгдсэн чадавхигүй засгийн газарынхаа төлөө уучлалт гуйж буй хуурамч бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тухайн хэрэгтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн тамгын газраас хуурам мэдээлэл тараасан этгээдэд хатуу арга хэмжээ авах тухайгаа мэдэгдсэн байна. 

Тус улсын Парламентийн сонгууль ирэх дөрөвдүгээр сард болно. Олон нийтийн санаа бодол эмзэг байгаа энэ үед ийнхүү худал мэдээлэл тархсан нь сонгуульд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. 

Энэхүү хуурамч бичлэгийг олон нийтийн сүлжээнд тараасан этгээд Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн 2022 оны хоёрдугаар сард сонгуульд нэр дэвшиж байх үедээ оролцсон телевизийн нэвтрүүлгийн хэсгүүдээс таслаж видео болгосон нь тогтоогджээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top