Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргаж, эздэд нь хүлээлгэн өгөх ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд төвийн зургаан дүүрэгт зохион байгууллаа. Энэ хүрээнд хоёр өдрийн хугацаанд нийт 3051 тоо толгой малыг суурьшлын бүсээс гаргасан байна.
Малын эздийг тогтоох хугацаанд тухайн малыг Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн тодорхой байршлуудад хашаалж, түр байршуулсан юм. Өнөөдрийн байдлаар тухайн түр хашаануудад үлдсэн мал байхгүй.
Тодруулбал, гуравдугаар сарын 9-ний өдөр 2153, 10-ны өдөр 898 малыг суурьшлын бүсээс гаргасан бөгөөд түр хашаанд мал хонуулалгүйгээр эздийг нь тогтоож, хүлээлгэн өгсөн байна. Мөн эцэж туйлдсан малд Нийслэлийн Мал эмнэлгийн газраас анхан шатны тусламж үзүүлж, өвс, тэжээл өгсөн юм.
Суурьшлын бүсэд мал орж ирснээр зам тээврийн осол гарах, ногоон байгууламж, авто зам, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг бохирдуулах, улмаар малын гоц халдварт өвчин гарах эрсдэл үүсдэг.
Иймд Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журмыг НИТХ-аар хэлэлцэн, баталсан. Энэ хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал, амьтны гаралтай гоц халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг гуравдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сэтгэгдэл ( 0 )