Нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын төрсөн өдрийг тохиолдуулан жил бүр тоглолт, арга хэмжээ зохион байгууллагддаг. Энэ жилийн хувьд Жанцанноров сан, Монгол Улсын Үндэсний урлагийн их театр хамтран хөгжмийн зохиолчийн гоцлол, найрал хөгжмийн бүтээл, дуу, романсын концерт зохион байгуулах гэж байна.
"Хүслийн төвөргөөн" хэмээх энэхүү тоглолт 2024 оны 03 дугаар сарын 25-нд 19:00 цагаас Соёлын төв өргөөнд болно.
Тоглолт болохтой холбогдуулан 2022 онд тоглогдож байсан Н.Жанцанноровын "Мөнх тэнгэрийн хүчин дор" уран бүтээлийн тоглолтын сурвалжилгыг дахин нийтэлж байна. Та түүний шинэ тоглолтыг үзэхээр төлөвлөсөн бол энэ бичлэгийг уншиж, догдлоход гэмгүй.
Мандухай илүү юу, Чингис илүү юу!
Хөшиг нээгдмэгц Н.Жанцанноров гуай хөгжимчдийн дундуур зөөлөн алхсаар тайзны буланд хөтлөгчийн үүргээр ирж зогсоод, яриагаа эхэллээ.
Тэр “Та бүхний сайн мэдэх "Мөнх тэнгэрийн хүчин дор” киног хийгээд, дэлгэцнээ гаргаад 30 жил болжээ. Энэ ойгоороо бид нэлээд юм хийцгээж байна. Тухайн үед киноны хөгжмийг бичих үүрэг надад оногдож байлаа. Биднийг энэ ойг ямар нэг хэмжээгээр тэмдэглээрэй гэж хэлсэн болохоор анх удаа та бүхэндээ киноныхоо хөгжмийг бүрэн эхээр нь сонсгохоор бэлтгэж, "Мөнх тэнгэр" хэмээх энэхүү тоглолтоо тавьж байна.
"Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны хөгжим нийтдээ 52 минут үргэлжилдэг. Ер нь хөгжмийг үргэлжлүүлэн сонсох хүний чадвар дээд тал нь 2 цаг 20 минут байдаг гэж шинжлэх ухаанд тооцдог. 1 цаг 20 минутаас доошгүй байвал “Хангалттай” гэж үзэж байгаа юм. Хэрэв та бүхэнд “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны хөгжмийг дангаар нь сонсговол тэр 52 минут хангалттай биш. Тийм учраас тоглолтын эхэнд “Тэнгэрийн хүлэг” хөгжимт туульсыг нэмж тоглуулъя гэж бодсон хэрэг. Монголд анх удаа сонсгож байгаа гэсэн үг. Ингэхээр олон улсын жишгээр бол та бүхэн өнөөдөр хангалттай хөгжим сонсоно гэсэн үг. Гурван цаг хүрвэл харин ядарна. Дан хөгжим сонсох хэцүү” гээд “Тэнгэрийн хүлэг” туульс хэрхэн төрсөн тухай ярьж өгөв.
ТЭНГЭРИЙН ХҮЛЭГ
..."Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны хөгжим, “Тэнгэрийн хүлэг” хоёрыг яагаад нэг дор оруулсан бэ гэхээр энэ хоёр ерөөсөө л нэг агуулгыг илэрхийлж байгаа учраас. Корона эхлэхээс өмнө Өвөр Монголд маш том морин цирк тавигдсан юм. 150 морьтонтой. Өвөрмонголчууд 140 метр өргөнтэй, доош 50 метр гүн танхимд 150 морьтой цирк хийсэн юм. Нүсэр ажил байсан. Намайг хөгжмийг нь бичнэ үү гэж урьсан юм. Энд “Морин хуурын чуулга”-ын үндэсний хөгжимчид маань тоглож, Хятадад Бээжингийн симфони найрал хөгжим хөгжимдөж, бичлэгээ хийлээ. Ингээд бүх юм бэлэн болсон ч эцсийн шатанд нам, төр нь хянахаар боллоо. Тэгсэн нам, төр хянаж үзээд, энэ хэмжээний том бүтээлд гадаадын хөгжмийн зохиолчоос бүтээл авахаа больё, өөрсдөө хийх нь зөв гэж үзсэн.
Ингээд энэ хөгжим тэндээ дууссан. Харин өнөөдөр анх удаа Монголд, та бүхний өмнө эгшиглэх гэж байна...
Өнөөдрийн тоглолтод яагаад “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ын хөгжим “Тэнгэрийн хүлэг”-тэй нийлчихэв гэхээр хоёулаа адилхан 13-р зууны Их Монгол Улсын тухай өгүүлж байгаа бүтээл болохоор нь би нэг дор сонсгоё гэж бодсон юм.
Тэнгэрээс их сайхан цагаан морь бууж ирэн, хүнтэй таарна. Хүн, морь хоёр ижилдэн дасна. Тэр хоёр хамтдаа өсөж өндийнө. Хүү нас биед хүрч, сайхан эмэгтэйтэй учирна... Тэр тухай циркийн урлагаар л харуулаад байх нь. Ан гөрөөнд явна. Олон морьд шаардах нь байна шүү дээ. Өсөж том болсон хүү Их хааны цэрэгт дуудагдана. Тэгж явахдаа шархадна. Энэ үед морь нь түүнийг аварч, дүүрч явсаар нутагт нь авчирна. Нүүдэл, хурим, найр гээд л тэр чигтээ 13-р зууны үеийн монгол ахуйг харуулсан бүтээл. Циркийн маш гайхалтай тоглолт байсан...” гэж тэр яриагаа дуусгаад, “Тэнгэрийн хүлэг“ циркийн хэсгээс гар утсаар хийсэн арваад минутын бичлэгийг үзэгчдэд сонирхуулав.
Гэрэл зургийг Б.ЧАДРААБАЛ
Саяхан нээлтээ хийсэн “Анир” поп оркестр Б.Алтанхуяг удирдаачийн дохисноор хөгжимт туульсыг бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглов.
Эхлэл, Нүүдэл, Хүн хүлэг хоёр, Өсөх нас, Үхэрт хөндий, Болзоо, Хурим, Дайн, Эргэж гэртээ, Тэнгэрийн хүлэг, Салхи мэт гэсэн 11 хэсэгт 11 хөгжим эгшиглэв.
Өвөрмонголчууд Н.Жанцанноров гуайд анх хөгжим бичүүлэхээр захиалахдаа аль нэг хэсэгт нь өөрийнх нь “Нар сарны зааг” киноны хөгжмийн гол хэсгийг, нэмээд “Хайрлан дуулмаар байна” дуугаа заавал оруулж өгөөрэй гэж хүссэн юм билээ. Тэр дагуу бүтэн хөгжмийн бүтээлийн “Болзоо” хэсэгт дуучин Д.Отгонжаргал “Хайрлан дуулмаар байна” дууг амилуулж, гол дүрийн залуу дайн тулаанаас эргэж гэртээ ирэх үест “Нар сарны зааг” киноны хөгжим эгшиглэхээр найруулжээ.
Дуучин Б.Мөнхбаатар, Н.Дашдэмбэрэл, хөөмийч Н.Ашид, “Увертюра” хамтлаг хөгжимт туульсын дундуур уртын дуу, хөөмий, найрал дууны ая эгшгийг таарууллаа.
Үнэхээр л “Тэнгэрийн хүлэг” туульсыг сонсоход яг “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны хөгжим явж байгаа мэт санагдана. Хоорондоо их адилхан. Эсвэл киноны хөгжмийн хоёрдугаар хувилбар нь ч юм шиг. Үнэндээ бол “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны нэг ч аялгуу туульс руу очоогүй гэдгийг хөгжмийн зохиолч онцлоод, “Адилхан, ойролцоо юмнууд бий. Хоёулаа дүрслэлийн хөгжим учраас аялгуу нь өөр, найруулга нь өөр байгаа мөртлөө ерөнхий хөгжмийн аяс нь нэг суурин дээр явж байгаа юм. 13-р зуун буюу нэг үзэл санаа шүү гэдгийг л хөгжмийн хэлээр, тэр үеийн сэтгэлгээгээр бичих гэж хичээсэн юм. Та бүхнийг анзаарч сонссон гэдэгт найдаж байна” гэсэн нэмэлт тайлбар өгч байв.
МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР
Тоглолтын эзэн, хөгжмийн зохиолч, хөтлөгч Н.Жанцанноров тайзнаа “Морин хуурын чуулга”, Улсын филармонийн симфони найрал хөгжимчдийг урив. Мөн дуучдаа урьж, баяр хүргэлээ.
Н.Жанцанноров гуай “Та бүхэн ойлгосон байх. Дуучид маань гоцлон дуулах концерт тоглоогүй. Хөгжмийн бүтээлд оролцож байгаа учраас хөгжимчдийн ард зогсохгүй бол болдоггүй юм. Тэрнээс дуучдаа хүндэтгээгүй асуудал биш шүү. Энэ тайзан дээр өнөөдөр алдар, цолтой улсууд олон байна. Би Гавьяат жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан гэж цоллож дуудаагүйд уучлаарай. Тайзан дээр бол Ардын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан хоёрт ялгаа байдаггүй. Зөвхөн амиа л авч гарах ёстой. Тийм учраас зиндаархуулж, энэ нь илүү юм, энэ нь тааруухан юм гэж хэлэлтгүй, цөмөөрөө сайхан уран бүтээлчид билээ. Та бүхэнд баярлалаа” гэхэд үзэгчид тасралтгүй алга ташсаар байлаа.
...Бид цагаа барьж байгаа. Одоо дараагийнхаа бүтээлийг сонсоно.
1988 онд “Мандухай”-г дэлгэцэнд гарсны маргаашаас нь л Б.Балжинням найруулагч их хааныхаа тухай кино хийх ёстой юм байна гэдгийг ярьдаг байсан. Цаг үе өөр байлаа. Хааны тухай ярих боломж ч бага байсан. Гэхдээ бид битүүхэндээ их хааныхаа киноны ажил руу орсон. Нэлээн том төсөв гарсан. 1989 оноос үндсэндээ эхэлсэн ч 1990 он гараад нийгэм, цаг үе өөрчлөгдөж, хүнд нөхцөл байдалд орсон. Гэсэн ч Япон гэхчлэн хамтарч ажилладаг улсуудтайгаа харилцаж байж “Мөнх тэнгэрийн хүчин дор” киногоо босгосон. Түүх нь бол ийм юм. Б.Балжиням найруулагч, Л.Шаравдорж оператор, Б.Пүрэвсүх зураач, миний бие, Н.Сувд бид нарын хувьд хүнд сорилтод орсон. “Мандухай”-г хийсэн баг Чингис хааны кино хийхдээ давах уу, унах уу гэсэн хүлээлт үүссэн байсан. Бид нар бол чадлынхаа хэрээр давсан гэж бодож байна (Үзэгчид алга ташив).
Дээр үед надаас сэтгүүлч асууж байсан юм.
-Таны хувьд “Мандухай” нь илүү болсон уу, “Мөнх тэнгэрийн хүчин дор” нь илүү юм уу гэж?
Би юу гэж хэлсэн бэ гэхээр “Мандухайг нэг удаа үзэж болно. Харин Чингисийг бол гурван удаа үзэх хэрэгтэй” гэж хэлж байсан... (Дахин алга ташилт)
Б.Балжинням найруулагчийн хувьд “Мандухай”-г хийхэд сэтгэлийн асар их хөдөлгөөнийг илэрхийлэх хэрэгтэй байсан. Тэрийгээ ч тултал хийсэн, үзэгчдээс ч маш өндөр үнэлгээ авсан. Аан, харин Чингисийн тухай киног ингэж сэтгэлийн хөдөлгөөнтэй хийх юм бол би унана гэдгээ Б.Балжинням маш сайн мэдэж байсан учраас Чингис хааныг огт хөдөлгөөнгүй, их дотогшоо хийсэн. Манай киноны Чингис маш намуухан, маш зөөлхөн, дотор нь л орохгүй бол гадагшаа юу ч гарахгүй дүр болсон. Тийм дүрийг Б.Балжинням бүтээсэн. Та бүхэн санаж байгаа байх, гурван ангит киноны турш Чингис хаан ганцхан удаа “Дохиогоо асаа, мориндоо” гэж ташуураа билүү, сэлмээ бариад өргөдөг. Өөр хэний ч өөдөөс хэзээ ч сэлэм гаргаагүй. Гурван бүтэн ангид шүү дээ. Гэтэл түүх бол өөрөөр их хааныг илэрхийлдэг. “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд Чингис хааныг ганц ч удаа сэлэм бариулж зогсоогоогүй. Энэ бол Б.Балжиннямын Чингис дотор хэлсэн том санаа байсан юм шүү.
Чилүгэний дүрийг та бүхэн санаж байгаа байх. Тэр дүр түүхэнд огт байхгүй. Кино дөнгөж эхлэхэд Чилүгэний хэлийг огтолдог. Тэгэхээр бүхэл бүтэн гурван ангид Чилүгэнийг ярих эрхгүй болгож байгаа юм. Чилүгэн кинонд гурван удаа “үхдэг”. Гэхдээ үхдэггүй. Чингисийг үхсэний дараа ч тэр босоод цувааны араас явж байдаг... Чилүгэнийг Чингисийн өөрийнх нь дотоод дүр гэж Б.Балжинням гаргасан гэж би тааж байлаа. Тийм учраас Чингисийн бодол, Чилүгэн хоёрыг нэг хөгжмөөр хийсэн. Үүнийг та бүхэн анзаарч сонсоорой.
Чилүгэний хэлээ огтлуулчихаад хуурддаг хэсгийн хөгжмийг алдарт хуурч Ц.Батчулуун өөрөө ширэн цартай хуураараа хуурдсан юм. Анхны бичлэгт.
Өнөөдөр түүний шавь, морин хуурч Н.Жигжиддорж багшийнхаа 30 жилийн өмнө барьж тоглосон өөрийнх нь хуураар тэр хэсгийг тоглож сонирхуулна (Үзэгчид алга ташиж, хүндэтгэл илэрхийлэв).
Тэр яриагаа цааш үргэлжлүүллээ.
...Цаг хугацаа асар хурдан. Бас их удаан. Хурдныг нь одоо нэг жишээнээс хэлж болно. 30 жилийн өмнө Японы мэргэжилтнүүд Монголд ирж, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны хөгжмийг Үндэсний найрал хөгжим, ДБЭТ-ын Симфони найрал хөгжим хамтран тоглосноор Монголын үндэсний радиогийн зааланд бичүүлсэн юм. Тэгэхэд Ж.Чулуун багш удирдаад, 30 жилийн өмнө бичлэг хийлгэж байсан тэр 300-гаад хүнээс өнөөдөр ганцхан хүн оркестрт тоглож байна. Тэр хүн бол манай Ц.Батчулуун багшийн гэргий Б.Алтантуул. Өнөөдөр Туул маань та бүхэнд сайхан хөгжим сонсгож байна. Дөчөөд жил хөгжмөө тоглож байна.
Өнөөдөр энд тоглож байгаа хөгжимчид маань одоо гуч, дөч гарч яваа гэхээр “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны хөгжмийг бичүүлж байх үед тав, аравтай л байжээ дээ. Хөгжимчин болоогүй байсан гэсэн үг...
...Би одоо бүтэн хөгжим явж дуустал, концерт тоглож дуустал дахин тайзан дээр гарч ирэхгүй учир нэг зүйл хэлээд, тайзны ар руу оръё.
...Киноны хөгжим бичих амаргүй. Хөгжмийн зохиолчид ихэвчлэн гол гол аяа базаж байгаад үйл явдалтай холбож, найруулга хийдэг. Тэгж байж сонсогчдод нэг цул болж очдог. Жишээлбэл, Өэлүн эхийн аялгууг та бүхэн эндээс гурван өөр хөгжмөөр сонсоно. Нөгөө ая чинь л яваад байна гэж бодохгүйгээр найруулгыг сонсох нь чухал. Өөрөөр хэлбэл, Хасар Өэлүн хоёр хамт байхад нэг өөр, Өэлүн эх, Чингис хоёр байхад нэг өөрөөр дугарна гэсэн үг.
Киноны хөгжмийн хэсгээс манай Үндэсний найрал хөгжмийнхөн тоглосон байдаг. Тэгэхээр та бүхэнд танил сонсогдох байх. Ингээд “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны хөгжмийг та бүхэн анх удаа бүрэн эхээр нь хүлээн авч сонсоно уу...
Тэр хөгжимчдийг үлдээн, тайзны арагш орлоо.
Эхлэл... Жамуха андтай... Хасар, Номун хоёр, Эх нутаг, Ван хааны өчил, Есүй, Есүгэн хоёр... Хөөцөлдөөн, Хасар Өэлүн эхэд бараалхав, Чингисийн бодол, Жамухыг цаазлав, Эхийн ариун шарил, Тулаан... Өэлүн, Чингис хоёр, Хаан суув... Бурхан Халдун өршөө, Төгсгөл...
"Мөнх хөх тэнгэрийн хүчин дор” киноны Чингис хаан Бурхан халдуны өвөрт очдог хэсгийг Н.Жанцанноров гуай дандаа магтаад байдаг Н.Ашид хөөмийчдөө зориулан найруулсан гэдэг. Зургаан минут үргэлжилсэн энэ хөгжмийг үнэхээр Н.Ашидын хөөмийгүйгээр төсөөлшгүй. Тайзан дээр хуураа татан суусан Н.Ашид хөөмийч “Бурхан Халдун өршөө” хэсгийг хөөмийн түрлэгээр амилуулж, үзэгчдийг өөрийн эрхгүй суудлаас нь өндөлзүүлж байв.
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайханы удирдсан “Морин хуурын чуулга”, Улсын филармонийн сомфони найрал хөгжим, “Анир” поп оркестрын хөгжимчид энэ тоглолтыг гайхалтай сайхан толилууллаа.
"Тайзан дээр муу хөгжим тоглогдож болно. Харин хөгжимчин аль ч бүтээлийг муу хөгжимдөж болохгүй. Би эднээрээ үнэхээр их бахархдаг” гэж агуу Н.Жанцанноров хөгжимчдөдөө талархлаа илэрхийлсэн нь хамгийн сайхан мөчийн нэг байлаа.
Их хааны тухай түүхэн киноны хөгжмийг бүхэлд нь анх удаа сонсгосон, түүн дээр нэмээд бүтэн 50 минут үргэлжлэх хөгжимт туульсыг эгшиглүүлсэн “Мөнх тэнгэр” хэмээх өндөр зэрэглэлийн тоглолт Н.Жанцанноров гуайн “Урт хөгжим сонсгож, ядраасан бол уучлаарай. Та бүхэн маш сайхан хүлээж авсанд их баярлаж байна” гэсэн даруу үгээр даруухан эхэлсэн шигээ даруухнаар жаргалаа.
Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноровын “Тэнгэрийн хүлэг” хөгжимт туульс Монголдоо үлдсэнд нь үзэгчид харин талархан, талархан алга ташсаар...
2022.11.20, Соёлын төв өргөө
Сэтгэгдэл ( 0 )