СУУТ бас ЭГЭЛ БУС Марлон Брандо

2024 оны 04 сарын 05

Алдарт жүжигчин Марлон Брандод суут ухаан, эгэл бус байдал зэрэгцэн оршиж байсан гэгддэг. Агуу бөгөөд хамгийн сонин жүжигчдийн нэг болох Марлон Брандо амьд сэрүүн байсан бол дөрөвдүгээр сарын 3-нд 100 нас хүрэх байв.


Марлон Брандогоос өөр маргаантай бөгөөд биеэ даасан дүр кино урлагт байсан эсэхийг хэлэхэд хэцүү. Тэрээр бүдүүлэг, ааштай, босогчийн дүрд амьдарч, тэдний илүү эмзэг талыг хэрхэн ил гаргахаа мэддэг байв. Брандо жүжигчний мэргэжлээр хувьсгал хийсэн гэгддэг. Замдаа тэрээр эмэгтэйчүүдийн зүрхийг байлдан дагуулж, шархлуулж байв. Брандо Стелла Адлерын арга барилаар жүжигчний мэргэжлийг эзэмшсэн бөгөөд тэр үед Холливудад жүжигчид голчлон бие махбодын дохио зангаагаар өөрийгөө илэрхийлэхийг заалгадаг байжээ. Харин Брандо кино арга барилын эсрэг явж, шинэ хандлагыг алдаршуулсан байна.

Марлон анх “Хүслийн трамвай” жүжгээр тайзан дээр алдаршиж, дараа нь кино урлагийг байлдан дагуулж, нэг ч удаа театрын өнгө аясгүйгээр тоглож, 1952 оноос хойш “Оскар”-т дөрвөн удаа нэр дэвшиж байв. Эцэст нь алтан баримлыг гэртээ авчрах хүртэл Америк түүнийг шүтэн биширч, бусад алдартай жүжигчид түүний зан авирыг дуурайж эхлэв.

Брандо үргэлж үзэгчдийг гайхшируулахыг хичээдэг байлаа. Тэрээр яриа, хоолойны өнгөөрөө “туршилт хийж”, тодорхой бус бувтнаж, бодитой байхаас айдаггүй байв. Түүний хэллэгийг шүүмжилдэг байсан ч “Юлий Цезарь”-т Шекспирийн яриа хэллэгийг чадварлаг амилуулахдаа шүүмжлэгчдийн амыг таглажээ.

Үнэний төлөө

Брандо сэтгэл хөдлөлийн үнэний төлөө бүхнийг хийсэн. Тэрээр дүрүүдийг өөрийнхөөрөө тайлбарлан харуулж, гол сэжүүрийг нь олох дуртай байв. Марлон Фрэнк Синатратай “Guys and Dolls” мюзиклд тоглоход тэдний үзэл баримтлал зөрчилдсөн гэдэг. Алдарт дуучин хамтрагчаа үл тоомсорлож, бэлтгэл сургуулилтаа тэвчихгүй, анги бүрийг нэг удаа тоглоход хангалттай гэж үздэг байжээ.

Брандо карьерынхаа эхэнд төгс төгөлдөрт дуртай байсан бөгөөд цээжлэх дургүй байв. Тэр өөрийнхөө хүсэл тэмүүллийг үнэмшилтэй жүжиглэх хэрэгсэл гэж үздэг байв. Түүний бодлоор жүжигчин хүн хэлэх мөрөө л мэддэг, бичвэртэй цаас хайж байдаг бол “худлаа” юм. Брандогийн уламжлалт бус арга барил нь гүн гүнзгий дүрүүдийг бүтээх боломжийг олгосон.

Тэвчихийн аргагүй

Тэвчихийн аргагүй зан авир дунд өнгөрсөн, эцэг, эхийн хайрыг хангалттай хүртээгүй Брандогийн бага нас... Архичин, дарангуйлагч аав нь хүүгээ болон эхнэрээ дорд үзэж, зоддог байжээ. Марлон бүх амьдралаа эрх баригчдыг түлхэн унагахад зориулж, захирлуудтайгаа байнга зөрчилддөг байсан нь гайхах зүйл биш юм.

Хүү ямар нэгэн байдлаар ээжийнхээ анхаарлыг татахын тулд долоон настайгаасаа эхлэн түүний нүдэн дээр “дүр бүтээжээ”. Жүжиглэх нь түүний хувьд үргэлж амьд үлдэх хэрэгсэл байсаар ирсэн.

Хүмүүсийн хайртай жүжигчин эр Мэрилин Монро, Грейс Келли, Марлен Дитрих болон бусад олон гоо бүсгүйтэй үерхэж, хэд хэдэн удаа гэрлэж, найман хүүхэдтэй болжээ.

Брандо ээжийгээ 1954 онд нас барсны дараа мэргэжлээрээ ажиллах сонирхолгүй болж, залхуурч, аажмаар гутарч эхэлсэн байна. 1960-аад оны туршид тэрээр бүтэлгүйтэлд нэрвэгдэж, продюсеруудыг айлгаж байв. Марлон өөрөө кино урлагийн арилжааны шинж чанарт урам хугарч, уйтгар гунигт автаж байлаа.

Кино зураг авалтын үеэр түүний өмд 52 удаа урагдаж байв. Илүүдэл жинтэй холбоотой асуудал нь түүнийг амьдралынх нь эцэс хүртэл зовоож, сэтгэл татам чанарыг нь аажмаар дарж байлаа.

1970-аад оны эхээр хэн ч Брандотой хутгалдахыг хүсээгүй ч найруулагч Фрэнсис Форд Коппола “Загалмайлсан эцэг” кинонд түүнийг сонгож, асар их хүчин чармайлт гаргажээ. Мафийн толгойлогч Дон Карлеонегийн дүр нь түүхэн дэх хамгийн гайхалтай дүрүүдийн нэг болж, Брандо “амьд” байгаа гэдгээ харуулав. Тэрээр карьераа сэргээж чадсан боловч дараа нь нэлээд “галзуурчээ”.

Галзуу

Тэрээр ярилцлага өгөх нь ховор. Нэгэн ярилцлагадаа ийнхүү хэлж байлаа.

-Та яагаад олон нийтээс далд байхыг хүсдэг юм бэ. Ярилцлага ч ховор өгөх юм?

-Би хүмүүсийг залхаамааргүй байна. Надаас бас хүмүүс уйдаасай гэж хүсэхгүй байна. Бас хүмүүсийн огт тоодоггүй сэдвээр яриад байхыг хүсдэггүй. Хүүхдүүдээс Аусшвиц, эсвэл Америкийн индиануудын амь насанд яаж халдаж байсныг асуу даа. Тэд юу ч мэдэхгүй. Тэд мэдэхийг ч хүсэхгүй. Ихэнх хүмүүс пиво, савангийн дуурь, эсвэл бүүвэйн дууг л хүсдэг.

-Таны карьер унаж байхад хэн ч ярилцлага хийхийг хүсээгүй гэж үү?

-Онгоцны үйлчлэгчийн царайнаас, машин түрээслэхдээ, ресторан ороход хүсэхгүй байгааг нь харж болно. Хит кино хийвэл дэлгэцэн дээр гарч болно. Харин чамайг аажим аажмаар алга болоод эхэлмэгц өнөөдүүл чинь “Чи одоо хүртэл кинонд тоглож байгаа юм уу? Тэр зургийг санаж байна, бла бла бла” гэнэ. Юу вэ гэхээр хүмүүс амжилттай хүмүүсийг л сонирхдог юм.

-Жүжигчин байх нь танд үнэ цэнтэй санагддаггүй гэж үү?

-Хүн болгон жүжигчин. Бүтэн өдрийг жүжиглэж өнгөрөөнө. Хүн болгонд бодсоноо, сэтгэснээ илэрхийлдэггүй зовлонтой мөчүүд бий. Тэр чинь л жүжиглэх. Хүн бодож сэтгэж байгаагаа нуудаг. Бусдых нь сэтгэл зовчих вий гэсэндээ эсвэл тэдний сэтгэлийг зовоохгүй гэсэндээ үзэн ядалтаа илэрхийлэхийг хүсдэггүй. Бид бүгд л жүжиглэдэг. Мэргэжлийн жүжигчин, амьдрал дээрх жүжигчин хоёрын ганц ялгаа бол жүжиглэж байгаагаа арай илүү мэддэг, бас мөнгө авдагт л байгаа юм.

-Та эмэгтэйчүүдийг үзэн яддаг гэж үнэн юм уу?

-Миний бодлоор, үнэндээ эрчүүд эмэгтэйчүүдээс айдаг. Эмэгтэйчүүдийг тулгуураа болгодог тэр мэдрэмжээс төрсөн юм. Яагаад гэвэл эмэгтэй хүн эрчүүдийг өсгөдөг. Тэдэнгүйгээр эрэгтэй хүн биеэ дааж чадахгүй. Бүх л нийгэмд эмэгтэйчүүдийг зөвшөөрдөггүй байгууллууд бий. Түүх эмэгтэйчүүд ямар муу болох, ямар аюултай болох талаар дүүрчихсэн. Библид ч эмэгтэй хүнийг дорд үзсэн юм бий. Бид бүгд буруутай. Ихэнх эрчүүд эмэгтэй хүнийг мэдэхгүй байж ялгаварладаг. Би уг нь өөрийгөө тийм хүн гэж боддоггүй байлаа. Тэгтэл хараад байхнээ тийм хүн байжээ.

-Тэгвэл өнгөрсөнд байсан эмэгтэйчүүдийн өмнөөс та буруутай сэтгэгдэл төрдөг юм уу?

-Огт үгүй. Өөрийгөө буруутгах чинь хэрэггүй сэтгэлийн хөдөлгөөн. Хэнд ч сайныг авчрахгүй.

-Үзэн ядалтын захиа их авч байсан уу?

-Тийм ч их биш. Заналхийлсэн захиа бол авч байсан.

-Армид орохоос яаж зайлсхийж чадсан юм бэ?

-Намайг галзуу гэсэн. Би “ямар гаралтай” гэхээр нь “хүн”, “өнгө” гэхээр нь “янз бүр” гээд биччихсэн юм. Цэргийн сургуулиас ч гэсэн би хөөгдчихсөн. Тэр нь ч тустай юм болсон. Цэргийн сургуулиас хөөгдөхөд эцэг маань намайг “Хэнд ч хэрэггүй, юунд ч хүрэхгүй” гэж байсан. Жүжигчин болоод эхэлсэн чинь хамгийн муу зүйл тохиолдсон. Мөнгө хийгээд эхэлтэл тэр үнэмшиж чадахгүй байсан л даа. Их мөнгөөр яахаа мэдэхгүй байсан юм.

-Та мансууруулах бодис, согтууруулах ундаанаас хамааралтай болж байв уу?

-Хувь хүн, эсвэл нийгмийн дарамтанд яаж хариу үзүүлэх нь хүний сэтгэлзүйн үндсэн эрүүл мэндийг тодорхойлж байгаа юм. Хүний оюун ухаан, халуурлыг нь өөрчилж чадах хиймэл юм бүтээсэн тийм нийгэм энэ дэлхийн хаана ч байхгүй. Гэхдээ бүх төрлийн мансууруулах бодис хүнтэй хамт үүрд, өдөр болгон байсаар ирсэн. Хэрэв мансууруулах бодисыг асуудлаас зугтаах гэж хэрэглэж байгаа бол асуудал чинь харин ч улам ихэснэ. Асуудал гэдэг чинь зүгээр л яваад өгдөггүй юм. Мансууруулах бодис бол шийдэл биш. Түр зуурын л аргацаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top