Т.Наранбат: Сонгогчид тойрог, хэсэг, санал өгөх байраа тодорхой мэдэж авах үүрэгтэй

2024 оны 04 сарын 08

Сонгогчдын нэрийн жагсаалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооны Хуулийн газрын ахлах референт Т.Наранбатаас тодрууллаа.


-Сонгуулийн бэлтгэл ажил ямар шатандаа байна вэ?

-Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу өнгөрсөн сарын 22-24-ний өдрүүдэд нам, эвслүүд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Энэ сарын 7-ны дотор хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ. Үндэсний аудитын газраас мөрийн хөтөлбөр болон тайланд хийсэн дүгнэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд энэ сарын 29-нөөс өмнө өгнө. Бие даан нэр дэвшигчийн тухайд Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө дөрөвдүгээр сарын 22-24-ний хооронд өгөх бөгөөд Сонгуулийн ерөнхий хороонд дүгнэлтийг ирүүлнэ.

-Зохион байгуулалтын тухайд мэдээлэл өгөхгүй юү?

-Зохион байгуулалтын тухайд сонгуулийн хэсгийн хороодод ажиллах хүний нөөц бүрдүүлэх зорилгоор www.e-election.mn цахим системээр төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчдыг бүртгэж байна. Уг цахим системд бүртгүүлж холбогдох хичээлүүдийг судалж, сорил өгсний дараа аль хэсгийн хороонд ажиллах вэ гэдэг хүсэлтээ гаргана. Улмаар томилогдож гэрчилгээ авснаар давтан сургалтад хамрагдах юм. Одоогийн байдлаар найман мянга гаруй албан хаагч цахим системд бүртгүүлээд сургалтад хамрагдаад байна. Сонгогчдын тухайд Улсын бүртгэлийн ерөнхий газар дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж, сонгууль дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулж байна.

-Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Сонгогчдын нэрийн жагсаалтад ямар мэдээлэл байх билээ?

-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т зааснаар Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг, эхийн болон өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороогоор болон хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргасан. Өөрөөр хэлбэл, тухайн иргэний овог нэр, нас хүйс, үндсэн хаяг болон хаяг дээрээ байгаа эсэх, сонгуулийн тойрог, хэсэг, санал өгөх байрыг заана. Мөн тухайн хаяг дээр бүртгэлтэй иргэдийн тоог харуулна.

-Цахим санд яаж нэвтрэх, мэдээллээ хэрхэн харах вэ?

-Сонгогчид нэрийн жагсаалтаа яаж харах вэ гэхээр https://election.burtgel.gov.mn/ цахим хаягаар нэвтэрч орно. Нэвтрэхдээ регистрийн дугаар, оршин суугаа хаягийнхаа мэдээллийг оруулна. Ингэснээр таны нэрийн жагсаалтын мэдээлэл гарч ирнэ. Энэхүү мэдээлэлд таны хувийн мэдээллээс гадна сонгуульд санал өгөх тойргийн дугаар, хэсгийн дугаар, санал өгөх байрны хаяг зэрэг мэдээлэл гарч ирэх юм. Хэрэв таны хувийн болон бусад мэдээлэл зөрүүтэй байвал “Мэдээлэл зөрүүтэй” хэсэг рүү нэвтэрч, бүртгэлээ засуулах хүсэлт гаргах боломжтой.

-Хүсэлтийг хэдий хугацаанд шийдвэрлэх вэ?

-Бүртгэлийн байгууллага хүсэлтийг шалгаж, шийдвэрлэнэ.

-Сонгогчдын хувьд нэрээ шалгаж үзэх шаардлага ер нь бий юу?

-Байлгүй яах вэ. Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрийгөө байгаа эсэхийг нягтлахаас гадна дээр хэлсэн тойрог, хэсэг, санал өгөх байраа тодорхой мэдэж авна. Үүнээс гадна манай хаяг дээр танихгүй хүмүүс байна гэх мэт яриа гардаг шүү дээ. Өөрийнхөө хаягийн бүртгэл дээр хэн хэн бүртгэлтэй байгааг нягтлан шалгах, ингэснээр хаягийн давхардлыг арилгах, хэрэв жагсаалтад бүртгэгдээгүй бол бүртгүүлэх зэрэг боломжийг иргэнд олгох юм. Бүртгэлтэй иргэдийн тоо гэсэн цэсийг дарж орсноор хэн гэдэг хүн танай хаяг дээр байгааг мэднэ. Хэрвээ мэдээлэл зөрүүтэй байгаа бол зөрүүтэй мэдээллийн ард байрлах товчийг дарж, хүсэлтээ гаргах юм. Өөрөөр хэлбэл, иргэн сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гомдлоо улсын бүртгэлийн байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх хуулийн зохицуулалттай.

-Сонгуулиас өмнө мэдээллээ шалгасан байх ёстой юу?

-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд “Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино” гэж заасан. Өөрөөр хэлбэл, сонгогчид нэрийн жагсаалтад өөрийгөө байгаа эсэхийг нягтлахаас гадна тойрог, хэсэг, санал өгөх байраа тодорхой мэдэж авах үүрэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu