Авлигачид үржиж, ардууд ядарсан 30 ЖИЛ ба найдвар дагуулсан "5Ш АЖИЛЛАГАА"

2024 оны 05 сарын 03

 

 

Авлига ардчилалд итгэх итгэлийг бууруулж, эдийн засгийн нөөцийг багасгаж буй тул авлигын эсрэг зогсох хэрэгтэйг олон улсын судалгааны дүнгүүд өнгөрсөн жилүүдэд нотолсон. Улс орнуудын хувьд авлигаас үүдэн учирсан хохирлын хэмжээг нарийн тооцож гаргах, цаашлаад зохист арга хэмжээнүүдийг авах хандлага давамгайлж байна. Жишээ татахад, Европын холбооны түвшин дэх авлигын цар хүрээ байнга нэмэгдэж, жилд хамгийн багадаа 120 тэрбум евротой тэнцэх хэмжээний хохирол учирдаг нь тогтоогдсон учраас холбооны улс орнууд авлигатай хийх тэмцлээ эрчимжүүлэх болсон.

Тэгвэл манай Монгол Улсад хагас жилийн хугацаанд гэхэд авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 12 их наяд төгрөгөөр хэмжигдэж буйг Авлигатай тэмцэх газрын мэдээллээс харж болно.

Тухайлбал, 2019 оны эхний хагас жилд Авлигатай тэмцэх газар 984 үйлдэлтэй, 283 холбогдогчтой 834 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулж дууссан бөгөөд гэмт хэргийн улмаас 11 их наяд 901 тэрбум 374 сая 285 мянга 250 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогджээ. 12 их наяд төгрөг гэдэг бол Монгол Улсын жилийн төсвийн орлогын тэн хагасаас давсан дүн. 11.9 их наяд төгрөг гэдэг бол дан 20 мянгатын дэвсгэртээр тооцвол 40 тонны 11 контейнер дүүргэх мөнгө, энэ мөнгөөр 4181 км хатуу хучилттай зам тавьж, 700 мянган айлын орон сууц барьж болох байсан. Нийслэлд 200 гаруй мянган өрх гэр хороололд амьдарч байгаа шүү дээ.

Гэтэл зургаахан сарын дотор илэрсэн авлигын гэмт хэргийн хохирол ийм хэмжээнд байна гэдэг бол Монгол Улс, Монголын ард иргэдийн хөгжиж дэвжих боломж төдийчинээгээр хулгайлагдаж байна гэсэн үг л дээ. Монгол Улс цаашид хөгжиж дэвшье гэвэл авлигын торыг тасдахаас өөр гарцгүй. Хөгжихийг эрмэлзэж буй л бол энэ зайлшгүй нөхцөл юм.

“Монгол төрийн эд эс бүхэнд нэвчсэн авлигатай жинхэнэ утгаар нь тэмцэнэ гэдэг үнэндээ саяхныг хүртэл зүүд мэт хол ойлголт байлаа” гэдэг үгийг бичвэрийн эхэнд зүгээр ч нэг хэлээгүй юм. Ерөөсөө л Монголын нийгэм тэр чигтээ авлигатай тэмцэнэ, авлигыг бууруулна гэх ойлголтыг утопи маягаар хүлээн аваад дадчихсан байсан хэрэг л дээ. Ямартаа л манай топ эдийн засагчдын нэг Д.Лхагвасүрэн хэдэн жилийн өмнө хэлэхдээ “Монгол төрийн авлигыг одоогийн түвшнээс нь багасгана гэдэг нь зүүд мэт. Олон хүн хавь орчноосоо үүнийг мэдэрнэ. Найз нөхөд, танил тал, хамаатан садан, сонгууль, дарга, төсвийн мөнгө, тендер, шинэ ажил, цэцэрлэг, сургууль гээд... Харин, манайд авлига нь экспортынxoo орлогоос удаан өсөөсэй гэж дотроо би залбирна. Ялангуяа, Хятадын эдийн засгийн асуудал урт хугацаандаа эгзэгтэй болж байгаа энэ мөчид манай авлига өнгөрсөн 15 жилийнхээ эрчээр өсвөл яана даа, бид! Манайд авлига нь уул уурхайн бүтээгдэхүүний эрэлтийн өсөлтөөс илүү хурдан ӨСВӨЛ бид дундаж орлогын XABX-нд биш, харин бүр бага орлогын TAM руу унана” хэмээж байлаа.

Тэгэхээр Монгол Улс ер нь орших уу, эс орших уу гэдэг нь авлигаас ангижирч чадах эсэхээс л хамаарсан дүр зураг харагдаж буй юм. Эс тэгвээс авлигачид үржсээр, энэ улс орныг цөлмөсөөр эцэстээ тэд дайжин зугтацгаах болно. Ийм дүр зураг хэдийний манайд нутагших янзандаа орчихсон гэхэд хилсдэхгүй. Хэдий тийм ч Засгийн газрын 5Ш ажиллагааны хүрээнд арга хэмжээнүүд авагдаж эхлээд буй билээ. 5Ш ажиллагааны талаар тухайлан өгүүлэхийн өмнө Л.Оюун-Эрдэнийн удирдаж буй Засгийн газраас авлигатай тэмцэх үйл ажиллагааг хэрхэн авч хэрэгжүүлж ирснийг эргэн харъя.

 

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ЗУРАГЛАЛ

 

Авлигын эх үүсгэл нь хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш өөрийн төрөл садан болон хэн хэндээ ашигтай байх гэсэн хүсэл эрмэлзлээр өдөөгдсөн гэдэг. Гэхдээ ёс суртахуун, улс төрийн тогтолцоо доройтсон үед авлига илүүтэй цэцэглэдэг гэдгийг сэтгэгчид тодотгосоор ирсэн билээ. Тэгэхээр авлигыг халъя гэвэл нийгэмд шударга бусаас татгалзах хандлага төлөвшүүлэхэд зайлшгүй анхаарах ёстой л доо.

Түүнчлэн “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод авлигагүй засаглалын талаар тусгахдаа, Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулна гэсэн байдаг. Үе шатуудыг тодорхойлохдоо:

I ҮЕ ШАТ 2021-2030

Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх хууль, эрх зүйн болон бодлогын орчин, шударга ёсыг эрхэмлэсэн бүх нийтийн хандлагыг төлөвшүүлэх үе

II ҮЕ ШАТ 2031-2040

Авлигатай бүх нийтээр тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх үе

III ҮЕ ШАТ 2041-2050

Авлигагүй нийгмийг цогцлоох үе хэмээн тодорхойлжээ.

Тэгэхээр 2021-2030 онд нийтийн хандлагыг авлигын эсрэг чиглүүлэн төлөвшүүлэхэд илүү анхаарсан цаг хугацаа байхаар тусгажээ. Гэхдээ Засгийн газраас авч хэрэгжүүлж буй алхмуудыг харахад цаг хугацаа, өдөр сударт баригдалгүйгээр асуудлуудыг шийдэхэд түлхүү анхаарч байна. Засгийн газар 2021 оны долоодугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа Авлигын эсрэг Ажлын хэсэг байгуулж байв. Хууль зүйн сайд Х.Нямбаатараар ахлуулсан салбар бүрийн төлөөлөл 15 хүнээс бүрдсэн Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд авлигын эсрэг хийх ёстой алхмуудаа засгийн түвшинд зураглан гаргасан гэж ойлгогдож байгаа.

Тухайн үед Монгол Улс Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагын гаргадаг "Авлигын төсөөллийн индекс"-ээр 180 улсаас 111 дүгээрт жагсаж байв. Засгаас Авлигын эсрэг Ажлын хэсэг байгуулсан зорилт нь "Авлигын төсөөллийн индекс" жагсаалтад хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоо буюу 100-гаас доош оронтой тоонд Монгол Улсаа оруулах явдал болохыг тодотгож байв. Гэхдээ асуудлыг улаан гараараа барьж аваад, тулж ажиллаад, гүн рүү нь ороод ирэхээр тогтолцоо руу нэвчсэн энэ том зүйлтэй хийх тэмцэл тийм ч амар эд биш болох нь ойлгогдсон байх. Тиймээс ч Засгийн газар авлигын эсрэг тэмцлийн агуулгаа аль нэг индекст төвлөрүүлэхээс илүүтэй идээ бээртэй, үндэстэй нь тэмцэхэд анхаарч байгаа дүр зурагтай байна. Түүнчлэн 2023 оны нэгдүгээр сард Засгийн газар Авлигын эсрэг шинэ ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн үүрэг нь ”Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого болон Монгол Улсын Засгийн газрын 2020- 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгын хүрээнд авлига, хүнд суртлыг арилгах аргачлал боловсруулах, олон нийтийн саналыг нэгтгэх, олон улсын сайн туршлага судалж, авлигатай тэмцэх ажлыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах гэж засгаас тодотгосон.

Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахалж, гишүүдээр Авлигатай тэмцэх газрын дэд дарга Г.Азжаргал, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж, Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга С.Хүрэлчулуун, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд, Шинэ сэргэлтийн бодлогын “Хурдасгуур” төвийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн нар ажиллахаар болсон юм.

Засгийн газар ийнхүү авлигатай тэмцэх Ажлын хэсэг шинээр байгуулсны дараа буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагаас "Авлигын төсөөллийн индекс 2022" шинэчилсэн мэдээллийг танилцуулахад Монгол Улс 33 оноотойгоор 180 улс орноос 116 дугаар байрт эрэмбэлэгдсэн байсан. Энэ нь 2021 оныхоос таван байраар ухарсан үзүүлэлт л дээ. Тэгэхээр Монгол Улсын төр засаг авлигын эсрэг тэмцлийг урьд өмнө байгаагүйгээр эрчимжүүлсэн энэ үед индекс ийнхүү хойшилсон нь мэдээж анхаарал татах асуудал мөн л дөө. 2021 онд авлигын индексийг хоёр жилийн дотор хоёр оронтой тоонд оруулна гэсэн Засгийн зорилтын өөдөөс Транспэрэнси Интернэшнлийн төлөөлөгчид “амар зүйл биш шүү” гэсэн байр суурийг илэрхийлж байсныг сануулахад илүүдэхгүй байх.

 

БИД ЯАГААД УХАРСАН БЭ

 

Транспэрэнси Интернэшнл байгууллага Монгол Улсын авлигын индекс ухарсан шалтгаануудыг тайлбарлахдаа дараах зүйлсийг тодотгосон.

Авлигаас ангид байх ёстой Улс төрийн намын санхүүжилт, үйл ажиллагааны ил тод байдал тулгамдсан асуудал болоод байгаа төдийгүй улс төрийн намын хууль одоо болтол шинэчлэгдээгүй бөгөөд улс төрийн намууд авлигын гол үндэс суурь болон хувирсан нь авлигын индексийн оноонд сөргөөр нөлөөлж байна.

Авлигын хэргийг мөрдөн шалгах, ял төлөвлөх, АТГ шүүхэд шилжүүлсэн хэрэг шүүх дээр шийдэгдэхгүй удааширдаг явдал нь Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн адил Авлигын хэргийн төрөлжсөн шүүх эсхүл дагнасан шүүгч прокурор, мөрдөн шалгах байгуулах шаардлагатайг харуулж байна.

Төрийн албан хаагчийн хөрөнгө, орлогоос гадна зарлага мэдүүлдэг болох тогтолцоог бий болгох шаардлагатай. Авлигын эсрэг шүгэл үлээгч, эрэн сурвалжлагч сэтгүүлчдийг хамгаалах хууль одоо болтол батлагдаагүй.

Монгол Улсын авлигын гол эх үүсвэр болсон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудыг Компанийн хуулиар зохицуулж Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, олон нийтийн хяналт, ил тод байдлыг хангах эрх зүйн орчинг бий болгох хуулийг батлан гаргаагүй байгаа нь авлигын индексэд мөн сөргөөр нөлөөлж байна. Авлигын гол эх үүсвэр нь Төрийн албаны болон ТӨК-ийн шударга бус томилгооноос үүдэн сонирхлын зөрчилтэй хэлцлээс бий болж, улс төрийн намын санхүүжилтэд шингэж байх өндөр магадлалтай бөгөөд шударга бус, монопол давуу эрхийг хэсэг бүлэг этгээдэд төвлөрүүлсэн нь урт хугацааны туршид индекст сөргөөр нөлөөлсөөр байна.

Ардчиллын үндсэн зарчим болох төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцох, хяналт тавих эрх зөрчигдсөн, хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хэрэгжилтийг орхигдуулсан нь нэгэн адил сөргөөр нөлөөлсөн. Төрөөс хууль тогтоомжоор иргэний нийгмийн байгууллага, сэтгүүлчдийн дуу хоолой, орон зайг хумих оролдлого гарсан гэх асуулгын дүн гарсан нь иргэдийн эвлэлдэн нэгдэх салшгүй эрхтэй холбоотой зөрчилд тооцогдсон.

Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтийн үндэс суурь болсон уул уурхайн салбарын засаглалд хамгаас чухал нөлөөтэй Олборлох салбарын ил тод байдлын хууль батлагдаагүй байгаа нь авлигын индекст сөргөөр нөлөөлсөн.

Мөн Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу заасан Үндэсний Баялгийн сангийн эрх зүй тодорхойгүй хэвээр байгаа нь байгалийн баялгийн үр өгөөжийг иргэдэд хүртээмжтэй болгох, сангийн засаглалд эрсдэл учруулахаар байгааг анхааруулсан.

Бизнесийн салбарынхны асуул­гаар төрийн дарамт шалгалт буурахгүй, гомдлыг зохистой шийдвэрлэхгүй, бизнесийн орчинг сайжруулах боломж, санхүүжилтийн олдоц хомс, нийт бизнесийн салбарын засаглал, комплаенс хангалтгүй, зохицуулагч байгууллагуудын хяналт, хариуцлага тааруу байгаа нь нөлөөлсөн. Хөрөнгө оруулагчдын эрх, ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн орчинг сайжруулах, төрөөс хөрөнгө оруулалтын баталгааг бий болгох эрх зүйн орчин дутмагт тооцогдсон байна.

Энд дурдагдаж буй хүчин зүйлсэд анхаарах шаардлагатайг Засгийн газар, Ерөнхий сайд сайн мэдэж буй. Өнгөрсөн 30 жилийн алдаагаа засаж залруулах зорилгын хүрээнд дээр дурдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг гарц гаргалгаагаа тодорхойлоод, урагшилж буй гэдгээ хэлж, ярьж байна.

 

5Ш БА БИД ХАА ХҮРЭХ ВЭ

Засгийн газар Авлигатай тэмцэх ажлыг хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах шинэ Ажлын хэсэг байгуулснаас 14 хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 8-нд Авлигатай тэмцэх 5Ш ажиллагаагаа танилцуулсан юм. 5Ш ажиллагаа нь дараах таван ажиллагаанаас бүрдэж байгаа.

 

ШҮГЭЛ АЖИЛЛАГАА

Авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар нийтийн эрх ашгийн төлөө мэдээлж байгаа шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар батлуулах;

Шүгэл үлээх үйл ажиллагааг бүх талаар дэмжих хөдөлгөөн зохион байгуулж, авлигыг үл тэвчих, үл эвлэрэх хандлагыг төлөвшүүлэх, олон нийтийн дэмжлэг авах;

Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгах, иргэд, хувийн хэвшлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах.

 

ШҮҮР АЖИЛЛАГАА

Улс төрд нөлөө бүхий этгээдийн хууль ёсны орлогоос давсан хэрэглээг таслан зогсоох, нийтийн албанд танилын хүрээгээр томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх;

Авлига, албан тушаалын гэмт хэргийн хариуцлага гарцаагүй байх, холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх;

Төрийн алба, төрийн өмчийг “шимэгчид”-ээс салгах;

Авлига, албан тушаалын гэмт хэргийг хуулийн хүрээнд бүрэн гүйцэт, шуурхай шалган шийдвэрлүүлэх

 

ШУВУУ АЖИЛЛАГАА

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчрах, хариуцлага хүлээлгэх;

Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх;

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах.

Шилжүүлэн авах ажиллагаа

Оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг илрүүлэн буцаан авчрах;

Гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлогыг хураах үйл ажиллагааг ил тод болгох, сан бүрдүүлж, олон нийтийн оролцоотойгоор зарцуулах тогтолцоог бүрдүүлэх.

 

ШИЛ АЖИЛЛАГАА

Цахимжилтыг эрчимжүүлж, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, хүнд суртлыг арилгах, бүх төрлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох;

Төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналттай, нээлттэй компани болгох, ур чадвар бүхий менежментийн багийг ажиллуулах;

Улс төрийн намын хууль, эрх зүйн орчныг сайжруулж, улс төрийн болон улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, олон намын оролцоотой, шударга өрсөлдөөнтэй, ардчилсан парламентын засаглалыг төгөлдөржүүлэх;

Ёс зүйтэй, шударга өрсөлдөх орчныг бүрдүүлж, цэвэр, тунгалаг бизнес эрхлэхүйг дэмжинэ гэсэн байгаа юм

Тэгэхээр Засгийн газар энэ таван ажиллагааг яв цав хэрэгжүүлж чадвал Монголын төр дэх авлигын түвшин онц их хэмжээгээр буурч, нийгэмд шударга ёсыг эрхэмлэх хандлага төдийчинээгээр нэмэгдэх боломжтой харагдаж буй юм.

 

“Ш” АЖИЛЛАГААНУУДЫН ЯВЦ ЯМАР БАЙНА ВЭ

 

Засгийн газраас аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороодын Засаг дарга, удирдлагууд оролцсон "Шинэ сэргэлтийн бодлого - Анхан шат 2023” зөвлөлдөх уулзалтыг 2023 оны зургаадугаар сард анх удаа зохион байгуулсан юм.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого дахь Засаглал сайжруулах зорилгыг хэрхэн биелүүлж байгаа талаар илтгэл мэдээлэл танилцуулсан. Тэрбээр “Авлигагүй засаглалын хүрээнд Засгийн газраас 5Ш ажиллагааг хэрэгжүүлж эхэлснийг тодотгоод, Шүүр ажиллагаа гэхэд төрийн албан дахь хууль бус томилгооны эсрэг ажиллаж одоогоор 1421 мэдэгдэл хүргүүлж, 481 хүнийг ажлаас чөлөөлж, 27 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ аваад байгааг мэдэгдсэн юм.

Шүүр ажиллагааны хүрээнд, Улс төрд нөлөө бүхий этгээдийн хууль ёсны орлогоос давсан хэрэглээг таслан зогсоох, нийтийн албанд танилын хүрээгээр томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх; Авлига, албан тушаалын гэмт хэргийн хариуцлага гарцаагүй байх, холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх; Төрийн алба, төрийн өмчийг “шимэгчид”-ээс салгах; Авлига, албан тушаалын гэмт хэргийг хуулийн хүрээнд бүрэн гүйцэт, шуурхай шалган шийдвэрлүүлэх зэрэг ажлуудыг шат дараатай хийнэ гэдгээ ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн юм.

Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хариуцаж буй Шувуу ажиллагааны хүрээнд МАНАН-гийн авторуудын нэг гэх тодотголтой Т.Бадамжунайг Филиппин улсаас авчирсан нь энэ ажиллагаа үр дүн дагуулах юм байна гэсэн мессежийг нийгэмд өгөв.

Х.Нямбаатар сайд 2023 оны зургаадугаар сарын 7-нд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ, Миний бие "Шувуу" ажиллагааг ахалж ажиллаж байна. Бид анх 92 хүний асуудлыг танилцуулсан. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан, бусад төрлийн гэмт хэрэг үйлдээд, мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан 92 нэр бүхий хүмүүсийг Монгол Улсад авчирч, мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр ажиллана гэдэг зүйлийг ярьж байсан. Энэ тоо нэмэгдэж, 127 хүний нэр гарч ирсэн. Тэднийг "Шувуу" ажиллагааны хүрээнд тасралтгүй эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэх, зарим улстай хамтран ажиллаж авчрах чиглэлээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар авлигатай тэмцэх "Шувуу" үйл ажиллагааны хүрээнд интерполын улаан буланд 22 хүн, хөх буланд 70 хүнийг эрэн сурвалжлуулж байна. Үүнээс нийт 45 хүнийг олж тогтоосон. Таван хүнийг авчирсан. Одоо 12 орчим хүнийг авч ирэхээр бэлтгэл ажлыг хангаж байна гэсэн юм.

Тэрбээр мэдээлэлдээ "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эх оронд нь авч ирэхээр ажиллаж байна. Гэхдээ бид бусад улсын нутаг дэвсгэр, тэр дундаа АНУ-ын нутаг дэвсгэрт мөрдөн шалгах болон бусад чиглэлээр ажиллагаа явуулах хуулийн боломжгүй. Тэр хүнийг санхүүжүүлж байж болзошгүй гэх асуудлыг шалгаж байгаа. Хаана байрлаж, амьдарч байгаа гэх мэдээлэл нь иргэдээс хууль сахиулах байгууллагад ирсэн" гэсэн. Мөн нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татагдсан ч эх орноосоо оргон зугтаасан "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалыг Малайзад байгаа нь тогтоогдсон, тиймээс “Шувуу” ажиллагааны хүрээнд авч ирэхээр хууль сахиулах байгууллагууд руу нь бичгээ хүргүүлээд ажиллаж байна" гэдгээ мэдэгдсэн юм.

Засгийн газар зургаадугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлэхийг даалгалаа. “Шувуу” ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан юм. Үүнтэй холбогдуулан Бүгд Найрамдах Киргиз Улсад хэрэгт холбогдон хоригдож байгаа нэг, Бүгд Найрамдах Казахстан Улсад хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гурав, БНСУ-д байгаа зургаа, БНХАУ-д байгаа хоёр зэрэг оршин суугаа улс, хаяг нь тогтоогдсон нийт 25 этгээдийг шилжүүлэн авч ирэх болон оршин суугаа улс нь тогтоогдоогүй байгаа нийт 22 этгээдийг эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлж ажиллахыг даалгаад байна.

“Шүгэл" ажиллагааны хүрээнд гол хүлээлт үүсгэсэн сэдэв бол Улсын Их Хурлаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлах явдал юм. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос (2023.04.04) Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийн талаар мэдээлэл өгч, санал солилцох эхний хэлэлцүүлгийг зохион байгуулах үеэр спикер Г.Занданшатар хэлсэн үгэндээ, Авлигын хэрэг нууц далд байдалд хийгддэг, эрх бүхий албан тушаалтнуудтай холбогддог учраас язгуур үндсийг таслан зогсооход зөвхөн нэг байгууллага, төрийн байгууллагын үүрэг мэтээр хязгаарлагдаж болохгүй. Бүх нийтийн оролцоо дэмжлэг чухал. Тиймээс Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл нь онцгой ач холбогдолтой” гэсэн юм.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, дэд ажлын хэсгийн гишүүн П.Сайнзориг хууль санаачлагчийг төлөөлж, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар хийсэн танилцуулгадаа, Монгол Улс Нэгдсэн Үндэстний байгууллагын Авлигын эсрэг конвенцод 2005 онд нэгдэн орж, Улсын Их Хурлаар соёрхон баталсан. Тус конвенцын 33 дугаар зүйлд “Оролцогч улс бүр энэхүү конвенцын дагуу тогтоосон гэмт хэргийн талаарх аливаа баримт нотолгоог сайн санааны үүднээс, үндэслэлтэйгээр эрх бүхий байгууллагад мэдээлж буй аливаа этгээдийг аливаа шударга бус хандлагаас хамгаалахаар заах талаарх зохих арга хэмжээг өөрийн дотоодын эрх зүйн тогтолцоонд нэвтрүүлэн оруулах асуудлыг авч үзнэ” гэж тунхагласан. Монгол Улс гишүүн орны хувьд мэдээлэгч, илчлэгчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх үүргийг хүлээж байгаа. Тиймээс төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд хууль зүйн хариуцлагад татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өш хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс уг анхдагч хуулийн төслийг боловсруулсныг тодотгосон.

“Шүгэл" ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хэсгийн төлөөлөл долоо хоног бүр Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдтэй уулзаж мэдээлэл авч буй юм. Шилжүүлэн авах ажиллагааны хүрээнд 2 сая гаруй ам.доллар Монгол Улсад орж ирээд байгааг Авлигатай тэмцэх газраас мэдэгдлээ. "Нүүрсний" гэх хэргийн улмаас учирсан хохирлын мөнгөнүүд гадаад улсууд руу шилжүүлэгдсэн болохыг тогтоогоод буй юм. Тухайлбал, 5.3 сая ам.долларыг АНУ руу, БНСУ руу 6 сая орчим ам.доллар шилжүүлсэн нь илрээд байгаагаас 2 сая гаруй ам.доллар эргээд Монгол Улсад орж иржээ. Гадагш шилжүүлсэн хууль бус мөнгө хөрөнгийг олж илрүүлэх чиглэлд БНСУын Ерөнхий прокурорын газартай АТГ хамтран ажиллаж байгаа аж. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтан Бүгд Найрамдах Казахстан улсад их хэмжээний хөрөнгөө нуусныг тогтоожээ.

Тэгвэл Шилэн ажиллагааны хүрээнд далд байсан олон мэдээллүүд ил тод болоод байна. Одоогийн байдлаар shilen.gov.mn сайтад 14.344 тусгай зөвшөөрөл, 3258 тусгай хамгаалалттай газрын мэдээлэл, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын ТУЗ-ийн 1178 мэдээлэл, 2598 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн мэдээлэл, 2944 түрээстэй холбоотой мэдээлэл, 54.146 газрын мэдээлэл, дүүргүүдийн газрын мэдээлэл, Засгийн газрын 20 тусгай сангийн мэдээлэл ил тод болоод байна.

 

ИРГЭДЭД БИШ ЭРХ МЭДЭЛТНҮҮДЭД ҮЙЛЧИЛДЭГ ТУСГАЙ САНГУУД

 

Тусгай сангуудын хөрөнгө мөнгө эгэл жирийн иргэдэд биш эрх мэдэлтнүүдэд хамаатай болох нь ЖДҮ-ийн сангийн хэрэг явдлаар ил тод болсныг өмнө нь дурдсан билээ. ЖДҮ-ийн хэрэг явдал шуугиж байх ид үед улстөрчдийн мөнгө угаадаг сан нь ганц ЖДҮ биш. Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Инновацыг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан зэрэг бусад сангууд ч мөнгө угаах суваг болсон талаар яригдаж байв. Тухайн үед Засгийн газрын тусгай сангуудад Сангийн яамнаас шалгалт хийсэн. Тухайлбал, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох санд хийсэн шалгалтын талаар Ч.Хүрэлбаатар сайд хэлэхдээ “Зарим санг 2005 оноос хойш байгуулагдсан үеэс нь эхэлж шалгасан. Бусад сангийн өнгөрсөн оны тайланд нь шалгалт хийлээ. Яагаад гэвэл, Үндэсний аудитын газраас болон бусад аудитаас өмнө нь шалгалт хийгдэж байсан юм билээ. Ямар зөрчил гарсныг эцэслэсний дараа олон нийтэд мэдээлнэ” гэж байсан юм. Гэвч сангуудын луйвар дарагдаад өнгөрсөн нь үнэн юм.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсад Засгийн газрын тусгай сан гэх нэршлийн хүрээнд 40 гаруй сан байгуулагдсан байдаг. Уг нь хууль журмыг харахаар “Засгийн газрын тусгай сан" гэдэг нь Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зориулалттай төсвийн тусгай дансыг хэлдэг. Тэгвэл Засгийн газрын тусгай сангаас олгосон “эргэн төлөгдөх зээл" гэдэг нь тодорхой хугацааны дараа төсөвт буцаан төвлөрүүлэх нөхцөлтэйгөөр олгож байгаа улсын төсвийн шилжүүлгийг хэлдэг байна. Тусгай сангийн орлого, зарлагын тайлан нь Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна гэж хуульчилжээ. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар Засгийн газрын 25 тусгай сан үйл ажиллагаа явуулж байна.

Тухайлбал, Боловсролын зээлийн сангийн талаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд тусгахдаа: Санхүүгийн дэмжлэг, тэтгэлэг, сургалтын төлбөрийн зээл олгох замаар дээд боловсрол эзэмших хүсэлтэй тодорхой шалгуур, шаардлагыг хангасан иргэнийг төрөөс дэмжих бодлогыг хэрэгжүүлэх зориулалттай байна.

Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг Засгийн газраас баталсан журмын дагуу иргэдэд олгох сургалтын төлбөрийн зээл, хуулиар тогтоосон бусад санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээ болон сангийн үйл ажиллагаа, үндсэн хөрөнгөтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна.

Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална” гэж заажээ.

Хуульд ингэж заасан ч тус сангийн хөрөнгийн зарцуулалт шударга явагдахад үе үеийн Засгийн газрууд хяналт тавьж чадаагүй нь ойлгогдож буй.

Засгийн газраас сүүлд өгч буй мэдээллээр, Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, санхүүжилт олгох журам, хөрөнгийн зарцуулалтыг нээлттэй, ил тод болгох аж. Боловсролын зээлийн санд хөндлөнгийн шинжээчдийн баг үнэлгээ хийж, тус сангийн үйл ажиллагаа, санхүүжилт олгох журам, хөрөнгийн зарцуулалтын үйл явцад процессын дахин инженерчлэл хийх замаар ил тод, тэгш, шударга, хүртээмжтэй, тодорхой болгох шаардлагатай гэж дүгнэжээ.

Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр зээл, тэтгэлэг, дэмжлэг олгох үйл явцыг сайжруулахад дийлэнх процессыг боловсролын зээлийн санд төвлөрүүлэх, хүний оролцоог багасгах, тэргүүлэх мэргэжлийн чиглэл, дэлхийн шилдэг их, дээд сургуулийг нээлттэй зарлах, сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй, ил тод зохион байгуулах, дүнг систем боловсруулалтаар гаргах нь зүйтэй гэж үзсэн байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ “Боловсролын тухай хуулиар дамжуулан тэргүүлэх чиглэлийн мэргэжлийг тодорхойлж, олон нийтэд зарладаг, дэлхийн топ сургуулиудад, тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцах оюутанд улсаас тэтгэлэг олгох нь зөв. Ингэхдээ олон нийтэд нээлттэй, ил тод байх зарчмыг хангана” гэсэн юм.

Өнгөрсөн 30 жилийн нөхцөл байдлыг харахаар, хүний эрх, эрх чөлөөг ус, агаартай зүйрлэн ярьж гурван арваны ард гарсан ч үнэн хэрэгтээ агуулгыг нь хаа хаанаа бүрэн дүүрэн ойлгоогүй учраас л хэсэг бүлэг этгээдүүд баялаг болон баялгийг бий болгох боломжийг давуу эрхтэйгээр эзэмшиж ирсэн байдаг. Үүний тод жишээнүүд тусгай сангуудын хөрөнгийг эрх мэдэлтнүүд дураараа өмчлөн зарцуулснаас харагдсаар байгаа. Хүн амын олонх нь ядуу, ядуурлын шугамд дэндүү ойрхон амьдарч буй өнөөдрийн нийгэмд цус ойртсон улс төр, бизнесийн талбараас эрүүл угшилтай нөхдийг олоход бэрх гэдэг нь Хөгжлийн банкны хэрэг явдлаар ч нотлогдоод буй. Ерөөс хүний нийгэмд шударга үнэн гэдэг зүйл байнгын л асуудал маргаан дагуулж байдаг гүнзгий сэдэв ч манай нийгэмд хулгай, луйвар дэндүү ихээр нутагшчихсан нь төрд хамаатай ийм авлига, ашиг сонирхол дагуулсан асуудлуудаас тод харагдаж байгаа юм.

 

АВЛИГЫН ЭСРЭГ АЛХАМ ӨНӨӨДӨР, МАРГААШ

 

Монгол Улсын Засгийн газар авлигын эсрэг таван чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг Транспэрэнси Интернэйшнлийн үүсгэн байгуулагч Петер Айген Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэтэй уулзахдаа онцолсон юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Авлигын индексийг сайжруулах ажлын хэсгийг 2021 онд Хууль зүйн сайдаар ахлуулан байгуулсан. Авлигын төсөөллийн индексийг хоёр оронтой тоонд оруулах, авлига үүсгэгч хүчин зүйлүүдийг шийдвэрлэх зорилттой ажиллаж байгааг дурдсан. Мөн эрх зүйн зохицуулалтын хүрээнд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Эрүүгийн хууль, Улс төрийн намын тухай хуулийн төсөл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Мөн төрийн үйлчилгээний цахимжуулалтыг эрчимжүүлж нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг татварын болон бусад системтэй холбох ажил хийгдэж буйг тодотгосон юм. Монгол Улсын экспортын 93 хувь нь уул уурхайн салбар бөгөөд энэ салбарыг ил тод болгох нь авлигын эсрэг тэмцлийн гол зорилт гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Харин Транспэрэнси Интернэйшнлийн үүсгэн байгуулагч Петер Айген Монгол Улсын Засгийн газар авлигын эсрэг таван чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг онцлоод цаашид хамтарч ажиллахаа илэрхийлж, авлигатай, ялангуяа уул уурхайн салбарын авлигатай тэмцэхэд олон улсын түвшний хамтын ажил­лагаа чухал гэдгийг хэлсэн юм.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Даш­даваа 2023 оны дөрөвдүгээр сарын 11-нд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр - Авлигатай тэмцэх үндэсний стратеги”-ийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт танилцуулсныг тодотгоё.

Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр - Авлигатай тэмцэх үндэсний стратеги нь нийт 10 зорилго, 45 зорилт, 225 үйл ажиллагааг томьёолон тусгасан бөгөөд 2023-2030 онд хэрэгжих тус хөтөлбөрийг Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн зорилтот хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн хугацаатай нийцүүлж, мөн төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн саналыг түлхүү тусгасан.

Тухайлбал, олон нийтийн итгэлийг хүлээсэн авлигаас ангид нийтийн албыг бэхжүүлэхэд найман зорилтыг тодорхойлсон. Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн бодит оролцоо, үр дүнтэй хяналтыг бэхжүүлэхэд таван зорилтыг тодорхойлсон. Мөн авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын хараат бус, бие даасан байдлыг хангаж, аливаа нөлөөллийн эрсдэлийг бууруулахад таван зорилтоор томьёолсон. Түүнчлэн, төсөв, худалдан авах ажиллагаанд авлигын эрсдэлийг бууруулж, хулгайлах, завших, үрэгдүүлэх боломжийг бүрэн хаана гэж долоодугаар зорилгыг тодорхойлсон гэсэн юм.

Засгийн газар 2023 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хуралдаанаараа “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон билээ.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нь "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, нийгмийн бүх түвшинд шударга ёсыг эрхэмлэсэн хандлагыг төлөвшүүлэн, шударга ёсны засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн 10 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр авлигын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хянан шийдвэрлэх эрх зүйн орчин сайжирч, төрийн албан хаагч, иргэдийн ёс суртахууны түвшин болон үндэсний шударга ёсны тогтолцоог үнэлэх механизм бүрдэнэ гэж Засгийн газраас тодотгож байна.

Төгсгөлд нь тодотгоход, “авлигын эсрэг тэмцэнэ” гэдэг ойлголт Монгол Улсын иргэн бүрд хамаатай, ирээдүйд мэндлэх шинэ хүүхэд бүрийн амьдралын чанартай холбоотой тун чухал асуудал юм. Энэ бол сошиалаар сэвэгддэг нэг, хоёрхон өдрийн настай сэдэв огтоос биш. Авлигатай тэмцэнэ гэдэг хэдхэн хүн хоорондын асуудал биш, бүхэл бүтэн системтэй тэмцэж буй явдал учраас амар биш. Улс орны хөгжлийг, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах бүхий л боломжуудыг шат шатанд нь хумьсан авлигын гинжийг таслах Засгийн газрын зорилт үе шаттайгаар хэрэгжиж чадваас Монголын маргааш илүү гэрэл гэгээтэй, урагшлах итгэл найдвартай байх биз ээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Итгэмжлэгдсэн зээлий(105.116.4.101) 2024 оны 05 сарын 03

Итгэмжлэгдсэн зээлийн компани нь 5000-аас 50000 доллар хүртэл бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000-аас 00,000 доллар хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө.\nХэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй, хүссэн зүйлээ хэлнэ үү\nэргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. Имэйл, trustedloanfirm0@gmail.com

0  |  0
Иргэн(66.181.189.73) 2024 оны 05 сарын 03

Ардчилал нэрээр анархизмыг үүсгэж ард түмний баялгыг цөлмөж хармааг нь ухсан Ардчилагчдын хийсэн гайг засаж залруулах гэж яваа Ерөнхий Сайд болон шударга үнэний төлөө явж байгаа хүмүүст амжилт хүсье. 5Ш ажиллагаагаар хулгай булхай нь илэрсэн новшнууд янз бүрээр харааж зүхэж дайрч байгаа. Бүү тоо бүү шантар

0  |  0
Top