ЭНЭ ӨДӨР I "Дөрвөлийн хаан" Нейтан Чен 25 нас хүрч байна

2024 оны 05 сарын 05

Өнөөдөр олимпын хоёр удаагийн, дэлхийн гурван удаагийн аварга уран гулгагч Нейтан Чений төрсөн өдөр тохиож байна. АНУ-д төрж, өссөн Нейтан Чен Бээжингийн олимпын үеэр олон улсын тэмцээнд дөрвөлсөн эргэлтийг таван удаа гүйцэтгэсэн анхны уран гулгагч болж, энэ амжилтаараа “Дөрвөлийн хаан” гэх нэр авсан. Түүний бага нас, амжилт, бүтэлгүйтлийн талаар өгүүлье.


“Миний ажил бол гулгах”

Нейтан Чен олимпын аварга болсныхоо дараа "Намайг дэмждэг бүх хүмүүс байгаагүй бол энэ медаль минийх болохгүй байлаа" хэмээн ярьжээ. Уран гулгагч залуу мөн "Бүх зүйлийг ухаарахад сэтгэл хөдлөл дэндүү их байна. Би аз жаргалаар дүүрэн байна. Мэдээж надад сайжруулах ёстой олон зүйл байна. Гэхдээ би төлөвлөсөн гулгалтаа үзүүлж чадлаа. Одоо миний дотор хуй салхи шиг байна" гэв.

"Эдгээр бүх жилүүдэд намайг дэмжиж ирсэн эцэг эх, гэр бүл, дасгалжуулагч нар болон бусад маш олон хүн байгаагүй бол би энэ медальд хүрэхгүй байсан. Мэдээж бүхий л тамирчдын ард түүнд тусалдаг хүчирхэг баг бий. Тэдний нэгэн адил миний ард ч хүчирхэг баг байдаг" хэмээн ярих олимпын шинэхэн аварга богино үзүүлбэрийн төрөлд дэлхийн дээд амжилт тогтоосныхоо дараа ч “Миний ажил бол гулгах. Харин шүүгч нарынх бол дүгнэх. Гэхдээ би ийм оноо авна гэж хүлээж байсангүй” хэмээн даруухан ярьсан юм. Тэр дэлхийн дээд амжилт тогтоож, олимпын аварга болсон ч өөрийгөө илүү сайжрах ёстой гэж үзэж байгаагаа хэлсэн билээ.

Уран гулгагч Америкийн NBC News телевизийн Nightly News нэвтрүүлгийн хөтлөгч Лестер Холтод өгсөн ярилцлагадаа “Би найман удаа хүнд гэмтсэн. Эцэс төгсгөлгүй өвдөлт, гэмтэл... Өглөө маш эрт босно, бага унтана. Дөрвөлсөн үзүүлбэр бол хагас секундын л зүйл. Харин спортын төрлөө өөрчлөхөд бүх амьдралаа зарцуулах шаардлагатай болдог” хэмээн ярьжээ. Нейтан Чен найман жил балетаар хичээллэсэн байна.

Чинээлэг бус айлын хүү

Нейтан Чен 1999 оны тавдугаар сарын 5-нд АНУ-ын Юта мужийн Солт Лейк хотод Хятадын цагаачдын гэр бүлд төрсөн. Түүний хятад нэр нь Чэнь Вэй аж. Нэтан хоёр ах, хоёр эгчтэй, айлын бага хүүхэд юм.

Нэтан гурван настайгаасаа уран гулгалтаар хичээллэсэн байна. Хүү анх эгчийнхээ “эмэгтэй хүүхдийн” цагаан тэшүүрийг өмсөж байжээ. Түүнийг уран гулгалтаар хичээллэж эхэлсэн 2002 онд Солт Лейк хотод Өвлийн олимпын наадам болсон юм.

Чений гэр бүл Хойд Америкийн уран гулгагчдын хувьд хангалттай чинээлэг байгаагүй гэдэг. 1988 онд АНУ-д цагаачилж очсон анагаах ухааны эрдэмтэн Жидун Чен болон орчуулагч мэргэжилтэй Хетти Вонг нар хүүдээ тэшүүр авч өгөхийн тулд Майкл Вайсын санд хандаж байжээ. Авьяаслаг залуу тамирчдад дэмжлэг үзүүлдэг Майкл Вайсын сан Нэтан хүүд олон дэмжлэг үзүүлсэн байна. Уг сангийн дэмжлэг болон Зөвлөлтийн дасгалжуулагчдын хичээл зүтгэл түүнийг амжилтын оргил руу хөтөлжээ.  Нэтаны анхны дасгалжуулагч нь ЗХУ-ын уран гулгагч, хосын төрөлд Дмитрий Сухановтой гулгадаг байсан Евгения Чернышева юм. Чернышева спортын карьераа өндөрлүүлсний дараа АНУ руу явж, Юта мужид дасгалжуулагч хийжээ. Дараа нь Нэтаныг ЗХУ-д төрсөн гүрж дасгалжуулагч Рафаэл Арутюнян дасгалжуулж эхэлсэн байна. Мөн ЗХУ-ын уран гулгагч Марина Зуева түүний дасгалжуулагч хийж байлаа.

Нэтан Чен уран гулгалтын хажуугаар балет, спортын гимнастикаар хичээллэж, хоккей тоглодог байв. Нэтан Солт Лейк хотод байдаг Ballet West Academy-д балетаар хичээллэж, театрын тайзнаа “Щелкунчик”, “Хунт нуур”, “Нойрсож буй гүнж” балетад тоглодог байлаа.

Нейтаны төрсөн хотод өдгөө түүний нэрэмжит өдрийг тавдугаар сарын 16-нд тэмдэглэдэг аж.

Олимпын өмнөх дуулиан

Азид төдийгүй дэлхийд алдартай болсон уран гулгагчийг тойрсон дуулиан Бээжингийн олимпын өмнөхөн дэгдсэн. Уран гулгагч залуугийн хэлсэн гэмгүй хэдэн үг бэлгийн цөөнх гэгддэг бүлгийнхний зүгээс түүн рүү дайрахад хүргэсэн юм. Тэд Ченийг “Хүлцэнгүй нийгмийг гутаан доромжилж буй гетеросексуал залуу” гэсэн юм.

Нейтан сэтгүүлчийн “Яагаад жинхэнэ эрчүүдийн спорт хоккейгоор биш уран гулгалтаар хичээллэдэг юм бэ гэсэн асуулт чамд байнга ирдэг үү” гэсэн асуултад “Би ижил хүйстэн болон ЛГБТК бүлгийн төлөөлөгчид давамгайлж байгаа спортоор хичээллэдэг гетеросексуал залуу. Хүмүүс надад байнга “Эрэгтэйчүүд тэшүүрээр гулгаж байгааг харахыг хүсэхгүй байна. Эрчүүд хоккей тоглож байгааг харахад илүү сайхан байдаг. Харин уран гулгалтад бүсгүйчүүдийг харахад сайхан” гэж хэлдэг. Миний харж байгаагаар энэ нь их хачин. Уран гулгалт бол миний хувьд жинхэнэ спорт, жинхэнэ амьдрал. Би бүх зүйлийг тийм өнгөцхөн хүлээж авдаггүй” гэж хэлжээ. Үүнээс нь болж Нейтаныг гомофобиатай гэж буруутгасан юм. Уран гулгагч залуу ЛГБТК бүлгийнхнийг ихэд эмзэглүүлсэн зүйл ярьсандаа уучлалт гуйсан билээ.

Бүтэлгүй хайр дурлал

Нейтан Чений зүрх сэтгэлийг уран гулгагч бүсгүй байлдан дагуулжээ. Тэр бол АНУ-ын уран гулгалтын аварга, Техас мужийн шаргал үст бүсгүй, бисексуал цагдаагийн охин Эмбер Глен юм. Нейтан түүнд хайртайгаа Инстаграм хуудсаараа дамжуулан илэрхийлсэн билээ. Эмбер түүнд зүрх илгээж байжээ. Тэд аз жаргалаа олсон мэт санагдаж байсан ч спортын болон оюутны амьдрал нь тэднийг өөр өөр зүг рүү салгажээ.

Эмбер Нэтанаас салаад шууд бисексуал гэдгээ зарласан аж. Уран гулгагч бүсгүй “Бисексуал эмэгтэйн хувьд би хэн нэгнийг хүйс, жендерийн байдал харгалзалгүйгээр хайрлахыг хүсэж байна” гэж ярьжээ. Тэр мөн “Шүүгч нарт одоо намайг мөсөн талбайд гарахаас өмнө өрөөсгөл ойлголт төрж байж магадгүй” гэж байв. Гэхдээ энэ үг Эмберийг 2021 оны АНУ-ын аварга болоход нь саад болоогүй. Бүсгүй Бээжингийн олимпод нөөц тамирчны тоонд орж иржээ. Нейтан Чен жинхэнэ эр хүний зангаар экс найз бүсгүйнхээ бэлгийн баримжааныхаа талаар хэлсэн үгэнд ямар ч тайлбар хэлээгүй юм.

Оюутан, олимпын аварга, сайхан залуу...

Уран гулгагч залуугийн хайр дурлал нь бүтэлгүй байгаа ч боловсрол нь эсрэгээрээ маш сайн байгаа юм. Нейтан Чен АНУ төдийгүй дэлхийд алдартай Йелийн их сургуулийн Анагаах ухааны факультетэд элссэн. Ийм нэр хүндтэй их сургуулийн оюутан байх нь түүнээс цаг хугацаа их шаардана. Гэвч тэр уран гулгалтын бэлтгэлээ зогсоож болохгүй. Үүнээс гадна мөсөн талбай болон дасгалжуулагч нь түүний амьдардаг Нью-Хейвен хотоос 5000 км зайд Калифорнид байдаг.

Нейтан энэ асуудлыг эхэндээ орон зайг туулах шинэ технологийн ачаар шийдвэрлэж байжээ. Хичээлийнхээ дараа тэрбээр оюутны жижигхэн мөсөн гулгуурын талбайд бэлтгэлээ хийж, гулгалтын бичлэгээ дасгалжуулагч Арутюнян руугаа илгээдэг байв. Гэвч эцэст нь Нейтан олимпод бэлтгэхийн тулд их сургуулиасаа чөлөө авахаас өөр аргагүй болжээ. Олимп бол Нейтаны хувьд мөрөөдлөө биелүүлж, уран гулгалтын хаан болох алдаж болохгүй боломж байлаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.187.175) 2024 оны 05 сарын 10

яах арагүй л хятад хүн биз дээ хичнээн өөр орчинд өссөн ч мах ясны тасархай шүү

1  |  1
1(202.9.40.119) 2024 оны 05 сарын 05

Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

0  |  0
Top