Д.Амарбаясгалан: Малчдад бизнес эрхлэх боломжийг “Шинэ хоршоо” олгоно

Автор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 06

Төвийн бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлт Дархан-Уул аймагт өнөөдөр /2024.05.06/ эхэллээ. “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 500 гаруй малчин, хоршоо эрхлэгчийн төлөөлөл оролцож байна.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан  “Шинэ хоршоо” хөдөлгөөний үндсэн илтгэл, танилцуулгыг хийлээ.  Энэхүү хоршооны нээлтэд УИХ-ын гишүүд, салбарын сайд болон бусад албаны хүмүүс оролцож байна.

 

 

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж, малчид, хоршоологчид маань идэвхтэй оролцож байгаад  баяртай байна. Цаг үеэ олсон ажил гэж иргэд дэмжиж байгаад талархал илэрхийлье.

2023-2024 оны өвөл нийт газар нутгийн 90 хувьд цасан бүрхүүл үүссэн байлаа. Цас зудын давтамж ойртож байна. Засгийн газар энэ асуудалд анхаарч, бодлогын арга хэмжээ авах шаардлагатай болсон. Зуд болсон үед өвс тэжээл өгснөөр малчдын асуудлыг шийдвэрлэхгүй. Энэ асуудлыг углуургаар нь шийдвэрлэх хэрэгтэй. Тийм учраас Засгийн газар УИХ-аар холбогдох хуулийг дөрөвдүгээр сарын 19-нд батлууллаа. Энэ бол цаг үеийн шаардлагаар батлагдсан хууль юм. Засгийн газар  “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлэх хөтөлбөрөө дөрөвдүгээр сарын 24-нд баталлаа. 

Монгол Улсын нийт газар нутгийн 72 хувийг бэлчээр эзэлж байна. Мал аж ахуйн салбар ДНБ-ий 10 хувийг эзэлдэг. 30 жилийн өмнө мал аж ахуйн салбар Монгол Улсын ДНБ-ий 70 хувийг эзэлдэг байлаа. Мах, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ тогтворгүй явж ирлээ. Мал аж ахуйн салбар үнийн хөөрөгдлийн суурь болж ирлээ. Мөн мал аж ахуйн салбар эрсдэл өндөртэй бизнес. Малчид арилжааны банкнаас жилийн 20-25 хувийн хүүтэй зээл авдаг. Бид цас зудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, малчидтай уулзаж ярилцсан. Ингээд малчдын түгжрэлийн  асуудлыг тэдний саналаас гаргаж ирсэн. Нэг малаас авч байгаа ашиг бага.   Өнөөдрийн байдлаар дундаж малчин өрхийн сарын орлого 1.5 сая, зарлага 2.1 сая төгрөг. Сар бүр 600 мянган төгрөгийн алдагдалтай явж ирлээ.

Малчид нэг төлгөөр 50 кг гурил худалдаж авдаг байсан бол өнөөдөр зарим аймагт гурван төлгөөр худалдан авч байна. Тиймээс малын тоо биш чанарт анхаардаг байх хэрэгтэй. Нэг үхрийг нэг жил тэжээгээд нэг сая төгрөгөөр худалдаж байна. Гэтэл үхрийг худалдан авсан ченж таван сая төгрөг хүргэж байна. Малчид олон малтай байж банкны зээл авч байна. Энэ бүх түгжрэлийн тойргийг арилгах хэрэгтэй.

Төвийн бүс болох Дархан-Уул аймаг 260 мянга, Төв аймаг 5 сая, Сэлэнгэ аймаг 1.8 сая малтай.  Бүс нутгийн хувьд эрчимжсэн, хагас эрчимжсэн мал аж ахуйтай бүс.  Дархан-Уул аймаг нэг малаас олдог орлогоороо бусдыгаа тэргүүлж байна. Гэхдээ бодлогын дэмжлэг дутуу.

Орон нутагт ажиллаж явахдаа  “Малчин гэж 50 гаруй насны эхнэр, нөхөр хоёрыг хэлнэ” гэж дүгнэхээр байна.  Хүүхдүүд нь сургуульд явсан, ахмадууд нь хот суурин газар бараадсан. Гэтэл тэр хоёр малчин 1000 малыг яаж маллах вэ гэдэг асуудал байна.

Малчдад ямар асуудал тулгамдаж байна вэ гэсэн санал асуулгаар ган зуд, малын тэжээл үнэтэй, бэлчээрийн даац хэтэрсэн байгааг дурджээ. 

Төр, засгаас малын мах, түүхий эдийн үйлдвэр, борлуулах цэг байгуулах хэрэгтэй гэж үзжээ. Гэвч үйлдвэрт нийлүүлэгдэж байгаа үхрийн ширний 70 хувь нь хаягдаж байна. Гар аргаар төхөөрсөн, малын гуур зэргээс арьс цоохортож, цоорсон байна. Нөгөөтэйгүүр мал эмнэлгийн үйлчилгээ хүрэхгүй байгааг харуулж байгаа юм. Тогтвортой ханган нийлүүлэлт байхгүй учир үйлдвэр доголдоно.

Өвлийг давахын тулд өвс тэжээл бэлтгэдэг нийтлэг ойлголт байна. Гэтэл бид малынхаа хүчээр хүүхдийн сургалтын төлбөрөө төлж, банкнаас зээл авч, хүнсний хэрэгцээгээ хангаж байгаа. Төвийн бүсээс Төв аймаг өнгөрсөн өвлийг хүнд давсан.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд “Шинэ хоршоо” хөдөлгөөний өрнүүлэн хэрэгжүүлж байна.

Засгийн газраас малаа их хэмжээгээр алдсан малчдад зориулж  таван жилийн хугацаатай, хүүгүй, найман сая төгрөгийн санхүүжилттэй Малжуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Мөн малчдын арилжааны банкнаас авсан зээлийг нэг жилээр хойшлуулах хүсэлтийг гаргасан. Хуримтлагдах хүүгийн 75 хувийг төр даана.

“Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр малчдад 3-5 жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн  хөрөнгө оруулалтын зээл олгоно.  Ингэснээр “Малчдад шинэ хандлага, шинэ сэтгэлгээ бий болно. Шинэ цагийн бизнесмэн малчид болно. Тийм учраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнөө “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” уриатайгаар эхлүүлж байна. Засгийн газар мянган мэргэжлийн эзэд болсон малчдад бизнес эрхлэх боломжийг “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр олгож байгаа юм" хэмээв.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан илтгэлдээ “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр малчдыг анхан шатны хоршоо байгуулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулдаг байхыг Засгийн газар зорьж байгааг онцлов. Ингэснээр малчдын амьжиргаа шинэ хэв маягт шилжих юм. “Шинэ хоршоо “ хөдөлгөөнөөр малчид мал аж ахуйн бүтээгдэхүүнээ  жилийн дөрвөн улиралд өдөр бүр зах зээлд нийлүүлж, ашиг шимийг нь хүртэх юм. Үүнийг  Монгол Улсын сайд Д.Амарбаясгалан мал аж ахуйн салбартаа шинэчлэл хийж, өндөр ашиг, орлоготой болгосон Шинэ Зеланд улсаар жишээлэн тайлбарлав.

Малчид хөрөнгө оруулалтын зээлийг авч, ямар бизнес хийх талаар ихэд сонирхож байлаа. Хоршооны гишүүн малчин арилжааны банкнаас  50 хүртэлх сая төгрөгийг 3-5 жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэйгээр авах боломжтой. Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зорилготой хоршоо бүрд дээрх зээлийг олгохоор Засгийн газар Монголбанктай тохирсон байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.223) 2024 оны 05 сарын 07

Тархи угаалт, түүхий эд боловсруулах үйлдвэр байхгүй нөхцөлд хоршоо ашигтай ажиллах боломжгүй л хэн тэднээс юу авах юм бэ

0  |  0
Top