Р.Базарааг суллуулах хүсэлтийг ШҮҮХ ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 09

“Алтайн хүдэр” ХХК-ийн захирал Р.Базарааг одоогоос өнгөрөгч дөрөвдүгээр сард Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилсан.

Улмаар түүнийг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хориод байгаа бөгөөд түүний өмгөөлөгчийн зүгээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлж, суллуулахаар хоёрдахь удаагаа шүүхэд хандсан ч шүүх хүлээж авсангүй.

Тодруулбал, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 171 дугаартай захирамжаар яллагдагч Р.Базарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг өмгөөлөгч Т.Пүрэвбазараас гаргасныг тус шүүхийн шүүгчийн болон Ерөнхий шүүгчийн захирамжуудаар Мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй байгууллага болон прокурорын хяналтыг хэрэгжүүлж байгаа байгууллагын нутаг дэвсгэрийн харьяалах газрын шүүхэд хандаж хүсэлтээ шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэн хүсэлтийг хэлэлцэхээс татгалзжээ.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өмгөөлөгч Т.Пүрэвбазараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, өнөөдөр /2024.05.09/ шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.

Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар “хохирогч нарын амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэл арилаагүй байх тул өмгөөлөгч Т.Пүрэвбазараас гаргасан хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top