ХҮН нам: Салбар бүрийн мэргэжлийн, нэр цэвэр, шинэ хүмүүсийг төрд илгээлээ

Г.Ганчимэг | Zindaa.mn
2024 оны 05 сарын 22

-Нийт 126 нэр дэвшигчийн 46 хувь нь эмэгтэй, үлдсэн нь эрэгтэй байна-

ХҮН намаас УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших 78, жагсаалтын 48 нэр дэвшигчээ сонгосон талаар өчигдөр хэвлэлийн хурлаар дамжуулан олон нийтэд мэдээлсэн. ХҮН намын Төлөөлөх зөвлөлийн хурал хоёр хэсэгтэй болсон бөгөөд эхний хэсэгт 13 тойргийн нэр дэвшигчийг баталсан юм. ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Монголын улс төрийн намууд, ялангуяа Парламентад бүртгэлтэй намуудын хувьд шийдвэр гаргах онцгой өдөр. ХҮН намын хувьд хурлаа амжилттай зохион байгууллаа. Хурал хоёр үе шаттай болсон. Нэг нь 78 нэр дэвшигчтэй тойргийн төлөөлөл, хоёр дахь нь 48 нэр дэвшигчтэй жагсаалт гэсэн хэлбэрээр явсан. Бид 78 нэр дэвшигчээ баталгаажууллаа. Энэ удаагийн сонгуулиар ХҮН намын зүгээс салбар бүрийн 126 мэргэжилтнээ дэвшүүлэхээ зарласан. ХҮН намын нэр дэвшигчдийн 70 хувь магистр, докторын зэрэгтэй, үлдсэн 30 хувь нь бакалаврын боловсролтой.

Нийт нэр дэвшигчдийн 46 хувь нь эмэгтэй, 54 хувь эрэгтэйчүүд байна. Жагсаалтад багш, малчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 48 төлөөлөл, нийт 126 гишүүний нэрсийг эцэслэн хэлэлцсэн. Нэр дэвшигчдийн 50 хувь нь баруунд өндөр боловсрол эзэмшсэн. Дундаж нас 43” гэж танилцуулав.

ХҮН намаас нэр дэвших 220 хүсэлт ирснээс хамгийн өндөр боловсрол, эрэлттэй мэргэжилтэй 78 төлөөлөгчөө сонгожээ, тэд. Мэргэжлээр нь ангилж үзвэл, багш судлаачид 23 хувь, инженер, мэдээллийн технологийн салбарынхан 23 хувь, жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийн салбарынхан 18 хувь, санхүү, эдийн засгийн салбарынхан 15 хувь, хууль эрх зүй, гадаад харилцааны мэргэжилтнүүд 13 хувь, эм, эмнэлгийн байгууллагын мэргэжилтнүүд найман хувь, хөдөө аж ахуй, байгаль орчин, батлан хамгаалах болон соёл урлагийн салбарынхан үлдсэн хувийг эзэлж байна.

ХҮН нам салбар бүрийн мэргэжилтнүүдийн төлөөллийг сонгохыг хичээжээ. Бодлого ярьдаг, бодлогыг санхүүжүүлдэг хүмүүс төрд байх ёстой болохоос олон жил дарга дагасан, цүнх барьсан хүмүүс төрд очих ёсгүй. Тиймээс шинэ жишиг тогтоож байгаагаараа онцлогтой юм.

ХҮН намынхан Төвийн бүсэд инженерүүдийг явуулж байгаа. Хангайн бүсэд илүүтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх багаа явуулах нь. Говийн бүсэд эдийн засагчид болоод инженерүүдийн багаа явуулж буй юм.  Харин Зүүн бүсэд хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, эдийн засагчдын багаа явуулахаар болжээ. Тухайлбал, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт гэхэд эдийн засагч Б.Отгонтөгс, С.Санасэр, А.Мандахнаранг явуулж байна. Баянзүрх дүүрэгт доктор П.Наранбаяр, эмч О.Цэцэгбал нарыг илгээнэ. Өөрөөр хэлбэл, дүүрэг бүрийн онцлогт тохирсон мэргэжилтнүүдийн баг явуулах нь.  

Харин УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржхандын хувьд  Хан-Уул дүүрэгт нэр дэвших хүсэлтээ илэрхийлжээ. Гэхдээ жагсаалтаар нэр дэвших нь. Парламентын засагтай улсуудын онцлог бол намын дарга Засгийн эрхэнд гарвал Ерөнхий сайд болдог. Түүнээс биш Ерөнхийлөгч болно гэж мөрөөдөөд УИХ-ын даргын зөөлөн суудалд тухлах нь зарчимгүй үйлдэл. Энэ дунд нам, институцийн тогтолцоо эвдэрч, хулгай нүүрлэдэг. Тиймээс бусад намын удирдлагууддаа уриалга гаргаж, Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр зэрэг хүмүүс тойрог төлөөлөх ёсгүй гэж мэдэгдэж байгаа юм.

Нийслэлийн ИТХ-д одоогоор ХҮН намын гурван төлөөлөгч бий. П.Ганзориг, Д.Гантулга, П.Наранбаяр нар сөрөг хүчнийхээ үүргийг маш хариуцлагатайгаар сайн биелүүлсэн гэж намын гишүүд, дэмжигчид нь үздэг. Тэднээс П.Наранбаяр УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвших хүсэлтээ өгчээ. УИХ-д суудалтай, Нийслэлийн ИТХ-д бүлэгтэй ХҮН нам өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх, олон намын тогтолцоог бий болгох улс төрийн намыг төлөвшүүлэх тогтолцооны өөрчлөлтийг манлайлж ирсэн. Авлига, хулгайг илчилж, таслан зогсоох чиглэлд хүчтэй дуу хоолой болж, шүгэл үлээж ажиллав. Хөгжлийн банкны хулгай, нүүрсний хулгай, “Цавчаа ногоон”-ы хулгайг илчилж, хотын дарга, хариуцсан сайд нарт улс төрийн хариуцлага хүлээлгэхээр “шүгэл үлээсэн” аж.

Үүсэн байгуулагдсан цагаасаа хойш 10 гаруй жил ХҮН нам мятаршгүй, тууштай, тасралтгүй улс төр хийсний үр дүнд өнөөдөр УИХ-ын ээлжит сонгуульд салбар бүрийн мэргэжилтэн, мэдлэг боловсролтой, эрч хүчтэй, иргэддээ итгэл найдвар өгөх  чамбай, чадварлаг, нэр цэвэр, шинэ хүмүүсийн багаа буюу өөдрөг залуусаас бүрдсэн 126 нэр дэвшигчтэй бүтэн багаа бүрдүүлж чаджээ. Тэд одоо олуулаа болсон байна. ХҮН намын хувьд УИХ-ын ээлжит сонгуульд анх удаа дангаараа орох хариуцлагатай, түүхэн  мөч ирээд байгаа юм. Хүндрэл бэрхшээлтэй байсан ч УИХ-д цор ганц суудалтай намаас олон түмний дэмжлэгтэй, аймаг орон нутгуудад салбартай, улстөрийн том нам болж өргөжиж чаджээ.

Үнэндээ, Монгол Улсад ардчилал гажуудсан. Гажуудлыг үүсгэж буй гол хүчин зүйл нь сүүлийн 30 жилд тогтсон хоёр намын тогтолцоо юм. Хоёр нам нийгмийн туйлшралыг өдөөж, популизмыг сонгуулиас сонгуульд өөгшүүлсээр ирлээ. МАНай, тАНай нам ялах нь чухал гэж халамж амлан, гоё нэртэй хөтөлбөрүүдээр уралдан сонгуульд ордог нь уламжлал болж, золиос нь Монголын эдийн засаг, эгэл жирийн иргэд, бүр тодорхой хэлбэл, амьдрал хөөж гадагшаа явахыг зорьсон, ирээдүйдээ итгэлгүй залуус болоод байгаа юм. Төрийн эрхэнд гарахаараа Харилцан хяналттай байхыг умартаж, хамтарч хулгай хийн, хариуцлагаас мултардаг болчихлоо. Харин ХҮН нам энэхүү хүндрэл бэрхшээлийг сөрж, өөрчлөлт хийх улс төрийн шинэ хүчин байх болно гэдгээ харуулахыг хичээж байна. Сонгогчид олон намын тогтолцоотой Парламентын засаглалыг үнэт зүйл гэж тодорхойлж, түүндээ итгэдэг.  Гэхдээ бид одоо нэг сургамжийг ойлгож авч байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, нэг нам дарангуйлал руу шууд хөтөлдөг бол хоёр нам автократ дэглэм рүү аажуухан хөтөлдөг юм байна. Энэ хандлагыг Монголд зогсоох цор ганц улс төрийн хүчин бол ХҮН нам байх магадлалтай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top