Тархиа шинэ мэдээллээр цэнэглэх нь: Танин мэдэхүйн чадварыг хэрхэн хөгжүүлэх вэ?

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 22

Эрдэмтэд хүний танин мэдэхүйн чадвар хэрэглэж буй хоол хүнстэй нь холбоотой болохыг тогтоожээ. Зөв хооллолт мэдрэлийн тогтолцоо, тархины үйл ажиллагааг сайжруулдаг бол түргэн хоол эсрэгээр оюуны үйл ажиллагааг бууруулдаг байна. Гэхдээ хооллолт нь тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг зөвхөн нэг л хүчин зүйл. Үүнд мөн нэг хэвийн байдал, өдөр тутам нэг хэвийн ажил, хийх нь сөргөөр нөлөөлдөг аж. Энэ тохиолдолд ажиллагаагүй болсон мэдрэлийн эсүүд үхдэг байна. Энэ талаар Москвагийн Сэтгэл зүй, сурганы улсын их сургуулийн Мэдрэл, танин мэдэхүйн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Вера Третьякова RT агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. Гэхдээ ийм сөрөг нөлөөллийг саармагжуулж, тархины үйл ажиллагааг удаан хугацаанд идэвхтэй байлгах боломжтой аж.

-Уорикийн их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар зөв хооллолт, тархины үйл ажиллагаа хоёр холбоотой болохыг тогтоосон байсан. Тэгэхээр тархины үйл ажиллагаа, танин мэдэхүйн чадвар олон янзын хүчин зүйлсээс шалтгаалан өөрчлөгддөг болж байна уу?

-Тархи амьдралын туршид хуримтлуулсан туршлагын нөлөөгөөр өөрчлөгдөх чадвартай гэсэн санааг анх XIX зууны сүүлээр АНУ-ын сэтгэл судлаач Уильям Жеймс гаргаж байсан. Тухайн үед түүний энэ санаа дэмжлэг авч чадаагүй. ХХ зууны ихэнх үед тархины бүтэц хүүхэд насанд бүрэлдэж, түүнээс хойш амьдралын туршид өөрчлөгддөггүй гэсэн үзэл ноёрхож байлаа. Харин технологи хөгжихийн хэрээр эрдэмтэд амьд тархинд болж буй үйл явцыг ажиглах боломжтой болж, тархи нь өөрчлөгдөх, сэргэх чадвартай гэдгийг нотолсон байдаг. Амьдралын хэв маяг, ажил эрхлэлт нь хүний тархины бүтэц, үйл ажиллагаанд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл энд дийлэнх системд үйлчилдэг дүрэм мөн үйлчилдэг гэсэн үг. Байнга ашиглахад хөгжиж, ашиглахгүй бол уналтад ордог.

Хэрэв хүн хөгжихөө больж, амьдралынхаа туршид нэг ижил үйлдэл хийгээд л байвал тархинд хүчтэй нөлөөлдөг.

Энергийн нөөцөө хадгалах зорилгоор тархи зөвхөн байнга ашигладаг мэдрэлийн эсийн сүлжээнүүдийг л дэмждэг бол харин ашиглагддаггүй эсийн сүлжээг тасалдаг. Улмаар идэвхтэй сүлжээний гадна үлдсэн эсүүд үнэтэй энергийг хий хоосон зарцуулахгүйн тулд устдаг.

Цаашид ой тогтоолт, сурах чадвар, мэдээлэл боловсруулах чадвар зэрэг танин мэдэхүйн чадварт сөргөөр нөлөөлж эхэлдэг.

-Тухайн мэргэжлээс шалтгаалан нэг хэвийн ажил хийхээс өөр аргагүй бол яах вэ? Энэ тохиолдолд тархины үйл ажиллагааг хэрхэн дэмжих вэ?

-Мэдрэлийн эсийн доройтол буюу нейродегенератив өвчин улам бүр залуужиж байгаа энэ үед хүмүүс тархи болон мэдрэлийн тогтолцооны эрүүл мэндээ хэрхэн дэмжих талаар байнга асуудаг болсон. Энэхүү асуултын хариултыг хайх явцад эрдэмтэд тархины биохакинг гэсэн үзэл баримтлалыг гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл, тархины үйл ажиллагааг сайжруулах, танин мэдэхүйн чадварыг дээшлүүлэх, эрүүл мэндийг ерөнхийд нь дэмжих зорилгоор янз бүрийн арга, техник ашиглах явдал юм.

Мэдээж хэрэг тархины биохакингийн үр дүн тухайн хүний онцлог болон эрүүл мэндийн байдал, гений өгөгдөл, байгаль орчин зэрэг олон бусад хүчин зүйлсээс шалтгаалдаг. Гэхдээ ямар ч тохиолдолд тархины биохакинг танин мэдэхүйн чадвар болон эрүүл мэндэд эергээр нөлөөлдөг болох нь олон судалгаагаар нотлогдсон байдаг.

-Энэхүү арга, техникийн гол зарчмын талаар дэлгэрэнгүй ярина уу?

-Тархины биохакингт хэд хэдэн үндсэн чиглэл бий. Юуны өмнө хүний бие организм өөр хоорондоо харилцан хамааралтай элементүүдийн нэгдсэн тогтолцоо гэдгийг онцолмоор байна. Тиймээс тархины эрүүл мэндийг хүний эрүүл мэндийн ерөнхий байдлаас тусад нь авч үзэх боломжгүй юм.

Юуны түрүүнд хооллолтыг онцлох нь зүйтэй. Хоол, хүнс тархинд хэрхэн нөлөөлдгийг эртнээс судалсан байдаг. Цэвэршүүлсэн нүүрсус, ханасан өөх тос болон хэт их тэжээллэг хоол, хүнс танин мэдэхүйн чадвар болон тархинд сөргөөр нөлөөлж, хөгшрөлтийг түргэтгэдэг. Ногоо, жимс, самар, буурцаг, загасыг түлхүү, мах, сүүн бүтээгдэхүүнийг бага хэрэглэхэд эсрэгээр тархинд эергээр нөлөөлдөг. Үүнийг олон судалгаагаар баталсан байдаг. Ийм хоол хүнс хэрэглэдэг хүмүүсийн тархины бор гадаргын зузаан хадгалагддаг тул танин мэдэхүйн чадвар буурах, тэнэгрэх өвчний эрсдэл бага байдаг.

Үүнээс гадна “шулуун гэдэс-тархи” гэсэн ойлголт байдгийг шинжлэх ухаанаар баталсан нь бий. Өөрөөр хэлбэл гэдэсний бичил орчин тархинд нөлөөлдөг гэсэн үг.

-Спорт сэтгэл гутралыг эмчлэхэд үр дүнтэй гэдгийг бид мэднэ. Тэгвэл биеийн ачаалал танин мэдэхүйн чадвар болон тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Амьдралын идэвхгүй хэм маягтай хүмүүс танин мэдэхүйн чадвар буурах, тэнэгрэх өвчний өндөр эрсдэлтэй бүлэгт багтдаг. Эсрэгээр биеийн тамираар хичээллэх нь хөгшрөлтөөс үүдэлтэй бүтцийн болон үйл ажиллагааны үр нөлөөнөөс тархийг хамгаалахаас гадна эсрэгээр эдгээр үйл ажиллагааг сэргээдэг.

Гүйх, алхах, дасгал хийх зэрэг нь тархины эрүүл мэнд болон танин мэдэхүйн чадварт эергээр нөлөөлдөг. Гэхдээ эдгээрийн үр нөлөө зарчмын хувьд ялгаатай байдаг. Тиймээс хөдөлгөөн, дасгалын бүхий л төрлийг хослуулан хийх нь дээр.

Хамгийн гол нь амьдралынхаа туршид жигд хэмнэлээр идэвхтэй байх нь чухал. Гэнэт хэт их ачаалахад бие организм бэлэн бус байдаг тул үрэвслийн үйл явц эхэлдэг эрсдэлтэй. Биеийн ачаалал, хөдөлгөөн нь эерэг сэтгэл хөдлөлийг төрүүлэх учиртай. Тиймээс хийх дуртай дасгал, хөдөлгөөнийг сонгох, хослуулах нь зүйтэй.

-Унтах үед тархи хуримтлагдсан хорт бодисуудаа цэвэрлэдэг. Өөрөөр хэлбэл нойр тархины эрүүл мэндэд нөлөөлдөг. Хүний тархинд хэр их хэмжээний нойр шаардагддаг вэ?

-Нойрны дутагдал танин мэдэхүйн болон сэтгэцийн үйл явцад сөргөөр нөлөөлөхөөс гадна бие организмын бүх тогтолцооны үйл ажиллагаа алдагдахад хүргэдэг. Хүмүүсийг хэд хэдэн бүлэгт хуваадаг. Шар шувуунууд 00.00-10.00 цаг, болжморууд 20.00-22.00 – 04.00-06.00, тагтаанууд 22.00-00.00 – 06.00-08.00 цагийн хооронд унтдаг. Мөн унтах хугацаагаар нь 4-6 цаг унтаг нойр багатай, 10-12 цаг унтдаг нойр ихтэй гэж хуваадаг. Ер нь бол 7-9 цаг унтах нь хангалттай гэж үздэг. Эдгээр нь гений өгөгдөлтэй байдаг ба тохиромжтой хугацаа хүн бүрд өөр өөр байдаг. Нойр чанартай эсэхийг тодорхойлохын тулд өдрийн турш нойрмоглохгүй, кофе зэрэг сэргээгч хэрэглэх шаардлага байгаа эсэхийг ажиглах хэрэгтэй. Эсвэл мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө авах хэрэгтэй. 

Нойрны чанарыг сайжруулах зөвлөгөөнүүд бий. Хамгийн гол нь тогтмол цагт унтаж, босдог байх нь чухал. Ингэснээр биологийн цагаа өөрт тохируулах боломжтой байдаг. Унтахаас хоёр цагийн өмнө хоол идэхгүй, нэг цагийн өмнөөс эхлэн цэнхэр туяа бүхий утас, ноутбук зэрэг хэрэгсэл ашиглахгүй байх хэрэгтэй. Цэнхэр туяа мелатонин даавар ялгаруулахад саад болдог.

-Тэгвэл стресс хүний оюуны чадамжид хэрхэн нөлөөлдөг вэ?

-Ер нь стресс гэдэг нь танин мэдэхүй үйл ажиллагааны чухал хэсэг. Гэхдээ хүчтэй эсвэл архаг стресс нь тархины үйл ажиллагаа, бүтцэд сөргөөр нөлөөлдөг. Айдас түгшүүр, танин мэдэхүйн үйл ажиллагаа буурсантай холбоотой болохыг судалгаа харуулсан байдаг.

Хүчтэй стресс нь өтлөх насанд тэнэгрэх өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тиймээс стрессийг хянаж сурах нь чухал.

Мэдээж хэрэг стресст орохоос зайлсхийх хэрэгтэй. Гэхдээ амьдрал дээр ингэх нь бараг боломжгүй байдаг. Тиймээс стрессийн менежмент тусалдаг. Үүний хамгийн түгээмэл арга нь амьсгалын дасгал. Удаан амьсгал аваад, түгжээд, амьсгалаа аажим гаргах арга юм.

Дасгал, хөдөлгөөн стресстэй тэмцэхэд үр дүнтэй. Дасгал, хөдөлгөөн сэтгэл засалтай ижил үр дүнтэй байдаг.

Йог нь хөдөлгөөн, амьсгалын дасгал, бясалгалыг хослуулдаг тул ач холбогдол өндөр. Энэ бүхэн сэтгэцийн эрүүл мэндэд таатай нөлөө үзүүлж, түгших, стрессийн түвшинг буруулахад тустай.

Сүүлийн жилүүдэд дасан зохицох био менежмент ихээхэн дэлгэрч байгаа. Энэхүү дасгалыг хэвшүүлснээр хүн стрессээ хянаж сурдаг.

-Өндөр настан болон нэг хэвийг ажилтай хүмүүс хэрхэн тархиа сэргээх вэ?

-Интернэтэд үнэгүй хичээл, үнэгүй апп олон тоогоор гарсан байдаг. Тархиа сэргээх дасгалуудыг тогтмол хийснээр танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулахад үнэхээр дэмтэй. Гэхдээ өдөр тутам ийм дасгал хийхэд хангалттай биш.

Тиймээс тархиа шинэ мэдээллээр тэжээх хэрэгтэй. Үүний тулд ажилдаа өөр замаар явах, хүмүүстэй танилцах, шинэ хоол идэж үзэх, мэдээллийг тэмдэглэх бус тогтоож байх нь чухал.

Энэ бүгд тархины дасгал юм шүү дээ. Нийгмийн харилцааны эерэг нөлөөг дутуу үнэлж болохгүй. Нийгмээс өөрийгөө тусгаарлах нь танин мэдэхүйн чадвар алдагдах эрсдэлийн хүчин зүйл болдог. Ялангуяа өтөл насанд.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top