АН-ын хувьд УИХ-ын 2024 оны сонгууль адал явдал ихтэй эхэлсэн. Нэр дэвшүүлж дуусах хуулийн хугацаа дуусахтай зэрэгцэн шөнө дунд тэдний нэрсийг хольж сольж “драм дэглэсэн” АН-ын эрх мэдэлтнүүд гарын үсэг дутуу хагас материал СЕХ-нд өгч, араас нь “Техникийн алдаа гарсан” гэх агуулгатай давхар материал, гурван ч тогтоол илгээж сонгуулийн төв байгууллагынхны толгойг эргүүлсэн. Анхлан АН-аас 126 нэр дэвшигчийнхээ нэрийг Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлсэн боловч гарын үсэг дутуу, араас нь гарын үсэг бүрэн материал илгээтэл С.Баярцогт, Д.Оросоо нар нэр дэвшилттэй холбоотой маргаан үүсгэхүйц баримт мэдээлэл явуулж гурван ч зэрэгцээ материал, тэр дунд 09, 32 тоот хоёр ч тогтоолыг СЕХ-нд хүргүүлснээс болж тус намаас ирүүлсэн нэр дэвшигчдийн баримт материалыг СЕХ нягтлахад хүндрэлтэй болсон. Эцсийн бүлэгт СЕХ-нд явуулсан 32 тоот тогтоолыг хүчин төгөлдөр хэмээн АН үзэж маргааныг тасалжээ.
Өчигдөр АН-ын эрх бүхий хүмүүс энэ байдлыг тайлбарлаж, жагсаалтын есдүгээрт эрэмбэлэгдэхийн учир жанцангийн талаар ч цуврал мэдээлэл өрнөв. Гол нь маргааны гол цэгийг хатгасан “Есийн төлөөх” тэмцэл их л утга учиртай зүйл байсан болоод явчихлаа. Яг л нэгдүгээр ангийн сурагчдын үсэглэлийн баяраар “А” үсэг болохын төлөөх өрсөлдөөн шиг. Ядахдаа энэ удаагийн сонгууль 1992 оны анхны сонгуулиас хойших УИХ-ын ес дэх удаагийн сонгууль гэдгээрээ бас есийн тоотой “холбоотой”.
Ингээд УИХ-ын ес дэх удаагийн сонгууль ба “Есийн төлөөх” тэмцлийн эргэн тойронд юу болсныг авч үзье. АН-ын ҮБХ-ны гишүүн, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын тайлбарласнаар тэрхүү жагсаалтын ес дэх эрэмбэ буюу “Ес” хэмээх онцгой тоо нь “Ерөнхий сайд” гэсэн үгийн товчлол хэмээн үзэх боломжтой гэсэн. Монголчуудын эрхэмлэдэг тооны бэлгэдлээр “Ес” нь “Ерөнхий сайд”-ын товчлол учраас С.Баярцогт алс ирээдүйд Ерөнхий сайд болохоо “зөгнөж” өөрийгөө жагсаалтын есдүгээрт бичиж оруулсан юм байх. Тэгээд л АН-ын ҮБХ-ны гишүүд тэмцэл өрнүүлж С.Баярцогтыг хазаарлаж байж УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжинг оронд нь оруулсан гэх. Хэрэв жагсаалтын есийн тоон дээр эрэмбэлэгдсэн хүн Ерөнхий сайд болох магадлалтай юм бол С.Баярцогтын оронд Х.Тэмүүжин “Засгийн газрын тэргүүн” болох уу гэсэн бас нэг асуулт эндээс гарах учиртай.
АН-ынхан есийн тооны учир бэлгэдэл, С.Баярцогт, Х.Тэмүүжин хоёрын “Есийн төлөөх тэмцэл”-ийн талаар өчигдөр ийм зүйл ярьцгаав. Ядахдаа нэр дэвшигчдийн материалыг СЕХ-нд илгээсний дараа хүргүүлсэн тогтоол нь 09 гэсэн дугаартай. АН-ынхны тайлснаар бол бас л “Ерөнхий сайдын бэлгэдэл”.
АН-ынхны ярьж буйгаар сонгуульд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах хороог долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Тэр дунд С.Баярцогт орж ирээд өөрийнхөө нэрийг жагсаалтын есдүгээрт бичээд, Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ руу явуулахад танхимд байсан ҮБХ-ны 500 орчим гишүүн С.Баярцогт, Б.Хурц нарын хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэж эсэргүүцсэн. Үүний үр дүнд ҮБХ-ноос С.Баярцогт, Б.Хурц нарын нэрийг татсан. Ингэснээр ҮБХ-ны хурал эрүүл, сайхан уур амьсгалтай болсон гэж гишүүд үзэж буйг О.Амгаланбаатар тайлбарлаж байв. Эндээс харахад, сүүлийн хэд хоногт АН-ын нэр дэвшигчидтэй холбоотой үүссэн маргаан тэрхүү “Ерөнхий сайд” гэсэн далд бэлгэдлийг агуулж байгаа “Ес”-ийн тооноос ихээхэн шалтгаалсан бололтой юм.
АН-ын дарга Л.Гантөмөр өчигдөр сэтгүүлчдэд хандаж “Ялагдаагүй Ерөнхийлөгч Х.Баттулга, хэлмэгдсэн Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарыг нэр дэвшүүлсэн” хэмээлээ. Н.Алтанхуяг нь Ерөнхий сайд байгаад хэлмэгдсэн гэхэд Х.Баттулга Ерөнхийлөгч бол угаасаа хуулийн дагуу бүрэн эрх нь өндөрлөсөн л Төрийн тэргүүн. Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийг дахин сонгохгүй гэсэн өөрчлөлт ороод л албанаасаа буусан. Энд ялах, ялагдах гэсэн зүйл байхгүй. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөс өмнөх бүх Төрийн тэргүүн бүрэн эрх нь өндөрлөж сэнтийгээс буусан. Нэг удаа сонгогдоод ахин нэг бүрэн эрх эдлэхийн төлөө сонгуульд оролцоод ялагдсан гэвэл П.Очирбат 1997 онд Н.Багабандид, Н.Энхбаяр 2009 онд Ц.Элбэгдоржид ялагдсан.
АН-ын даргын мэдээлснээр тус намын 126 нэр дэвшигчийн 102 нь шинэ залуу үеийн төлөөлөл, анх удаа нэр дэвшиж байгаа хүмүүс бөгөөд УИХ, Засгийн газрын түвшинд ажиллаж байсан 20 орчим хүн тэдний дунд бий ажээ. “Бид тодорхой шийдэл, туршлага харахаас гадна сонгогчдын итгэлийг тээж, дэмжлэгийг авч чадах шонхруудыг илгээсэн” хэмээн Л.Гантөмөр дарга хэлсэн. Жагсаалтад орсон 48 нэр дэвшигчийн дунд улс төрийн ажлын туршлагатай таван хүнээс бусад 43 нь нийгмийн бүх салбарын төлөөлөл тул МАН-ын жагсаалтаас төдийлөн ялгаагүй гэдгийг ч тайлбарласан. АН-ын нэр дэвшигчдийн дундаж нас 45, ерөнхийдөө залуу үеийн төлөөлөл багтсан байна.
АН-ын дарга Л.Гантөмөр ҮБХ-ны гишүүдийн бужигнааныг тайлбарлахдаа “Олон ургальч үзэлгүй, бүхнийг хөшигний ард шийддэг, юу ч болж байсан гишүүд нь дарга нарынхаа үгээс гаждаггүй хуурамч эв нэгдэл ямар хортойг бид өнгөрсөн найман жил хангалттай харлаа. АН бол дарга бүгдийг шийддэг, дарангуйллын тогтолцоотой нам биш. УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэхээр 240 хүн саналаа ирүүлснээс 126 нь дэвшиж, мөн тооны хүмүүс дэвшиж чадалгүй үлдсэн. Тэд эмоцио илэрхийлсний төлөө АН эв нэгдэлгүй гэдэг. Уг нь бодож санаж байгаагаа ил гаргаж, өөрийгөө илэрхийлэх нь ардчиллын үндэс юм. Ингэж байж л АН байна. Түүнээс биш гишүүдийнхээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, уурлаж бухимдах эрхийг хаачихвал ардчилал нурж, Хойд Солонгос болно. АН алга ташиж, уриа лоозон тавиад, хуйвалдаад суувал ялагдана. АН тэсэрч байвал олон түмнийхээ талд байна гэсэн үг. Манай намд байгаа бүх хүн монголчуудын эрх чөлөөний төлөө байдаг. АН-д эрх чөлөөний дайсан нэг ч байхгүй” гэсэн.
Ийнхүү тавдугаар сарын 20-ноос хойш үймсэн АН-ын дотоод зөрчил намжиж сонгуулийн ажилдаа шуудрах тийшээ болов. Жагсаалтын “Ес” буюу есдүгээрт хэн бичигдэх, тэр нь С.Баярцогт байх уу, Х.Тэмүүжин байх уу гэсэн “Есийн төлөөх тэмцэл” болон нэр хольсон, сольсон, олон тогтоол тойрсон бусад маргаан алсуураа бол Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын далд сөргөлдөөн байсан бөгөөд СЕХ 32 тоот тогтоолыг хүлээн зөвшөөрснөөр энэ нь цэглэгдлээ гэж сүүлийн долоо хоногийн бужигнааныг үзэж болохоор байна.
Сэтгэгдэл ( 9 )
АН -д хэцүү улсууд цугларах юм уу нийгмийн гологдлууд юм уу хаашаа ч юм вэ дээ
SEXSDI80955877
АН ялбал Монгол ялна. МАН 8 жилд яг юу хийсэн юм бэ. Бараг 1 ч үйлдвэр барьсангүй, Монголын хөрөнгөөр бараг 1 км зам ч тависангүй. Цөмийг нь өөрсдөө идлээ, уулаа, Одоо болоо юм биш үү
АН чинь билэгдлийг чухалчилдаг нам. Тээр жил Батбаяр гэдэг гишүүн 5 тоо яриад л байсан. 5 хошуу мал, 5 тив гээд л балайраад байсан
АН бол хамгийн муухай хүмүүсийн бөөгнөрөл
Ээ хөөрхийс буруу замаар будаа тээж буцахдаа шороо тээх бий дээ намтай хүнтэй тэмцдэг нөхөд нөгөө намаа муу хэлж доош хийхдээ гаргуун түүнийгээ ажил хийж бнатэмцэж бна гэж боддог алиа гарууд
АНамынхныг төрөөс хол байлгах хэрэгтэй! Хэрэв эд гарвал хамгийн түрүүнд Эрдэнэтийн 49% будаа.
Эд гарч ирвэл ерөнхий сайдаа сонгох гэж бас зодолдоно өөрсдийн ашиг сонирхлоо ардчилал гээд гоё нэрлэчихнэ эд нараар улс орноо бужигнуулаад юу гэхэв
ene orkuud zasag barilaa gej bodokh yum bol mongolchuud khezeech taiwan amidrakhgui , mongol uls modoo barina shuu