Дэлхийн сүүний өдрийг угтан Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр, Энэтхэг улсын Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл, Тайланд улсын Мал аж ахуйн хөгжлийн газар, Индонези улсын Үндэсний судалгаа инновацын агентлаг, Хятад улсын Сүүний ассосиацтай хамтран Ази тивийн сүүний түншлэлийн ээлжит хэлэлцүүлгийг “Органик сүү үйлдвэрлэл” сэдвийн хүрээнд 2024 оны 05 дугаар сарын 30-нд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үг хэлж, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа мэндчилгээ дэвшүүлэв.
Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэлсэн үгэндээ “Цаг уурын эрс тэс нөхцөлтэй, байгалийн унаган төрхөө хадгалж үлдсэн дэлхийн цөөхөн улсын нэг Монгол орны хувьд органик мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх таатай нөхцөл боломжтой юм. Иймд Монгол Улсын Засгийн газраас органик салбарыг стратегийн түвшинд анхаарч, бодлогоор дэмжиж байна. Монгол Улсын Их Хурлаас 2016 онд Органик хүнсний тухай хуулийг баталж, 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хууль тогтоомжийн хүрээнд хөдөө аж ахуйн органик үйлдвэрлэл эрхлэх, органик хүнс, тэжээл, бордоо үйлдвэрлэх, тэдгээрийг баталгаажуулах, худалдах, импортлох, органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэх, сурталчлах чиглэлд бодлогын олон арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүллээ. Монгол Улсын хэмжээнд 180 гаруй органик үйлдвэрлэгчид үйл ажиллагаа явуулж байна. Органик хүнсний тухай хуулийн зохицуулах харилцааг өргөжүүлж, Монгол Улсын Их хурлаас 2024 онд Органик бүтээгдэхүүний тухай хуулийг баталж, энэ хуулиар органик салбарыг дэмжих эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлээд байна” гэж онцлов.
Бүс нутгийн хэлэлцүүлгийг Ази тивийн сүүний түншлэлийн зохицуулагч, Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатар хөтлөн явууллаа. Цахим хэлэлцүүлэгт Энэтхэг, Индонези, Хятад, Бангладеш, Филиппин, Тайланд, Бельги, Непал, Кени, Бутан, Япон, Шри Ланк зэрэг улсаас 30 гаруй хүн цахимаар оролцсон байна.
Хэлэлцүүлэгт Энэтхэг улсын Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн дэргэдэх Органик сүү үйлдвэрлэлийн хоршооны Ерөнхий захирал Шри Випул Миттал “Энэтхэг улсын органик аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдвээр, Хятад Улсын Сүүний Ассоциацийн гишүүн, “Мэнгнү” компанийн хариуцсан захирал, доктор Ёнгша Жан “Хятад улсын органик аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдвээр, Тайланд улсын Хөдөө аж ахуйн яамны Фермерийн аж ахуйг дэмжих байгууллагын хэлтсийн дарга, доктор Наванон Чантапрасарн “Тайланд улсын органик аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдвээр, Индонези улсын Үндэсний судалгаа шинжилгээ, инновацын агентлагийн судлаач, доктор Агустин “Индонези улсын органик аж ахуй, сүү үйлдвэрлэл” сэдвээр, Монгол Улсын “Үлэмж органик” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Далайжаргал “Монгол Улсын органик сүүний үйлдвэрлэл” сэдвээр тус тус илтгэл тавьж мэдээлэл хийлээ.
Хэлэлцүүлгээр дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын чиг хандлагад органик үйлдвэрлэлийн органик хүнсний салбарын үзүүлэх нөлөө ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж, органик бүтээгдэхүүний зах зээл өргөжих хандлагатай байна. Органик сүүний үйлдвэрлэлийн хөгжлийн явц бүс нутгийн улс орнуудад харилцан адилгүй ахицтай байгаа боловч нийтлэг дараах асуудлууд тулгамдаж байгааг дурдлаа. Үүнд:
Түүнчлэн органик мал аж ахуйн үйлдвэрлэлд малын эрүүл мэнд, тавлаг байдал, байгалийн гаралтай тэжээл үйлдвэрлэл, хангамж, органик үйлдвэрлэлийн эдийн засгийн үр өгөөжийг үнэ цэний сүлжээгээр малчид, фермерүүдэд хүртээх зэрэг нь олон талын ач холбогдолтой. Ялангуяа органик баталгаажилтад хамрагдсан аж ахуйн малыг тусгайлан маллах, бүртгэлжүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, сүргийн хяналтыг хэрэгжүүлэх нь чухал байна.
Хэлэлцүүлгээс Ази тивийн сүүний түншлэлийн хүрээнд ажлын хэсгийг байгуулж, бүс нутгийн улс орнууд органик сүү үйлдвэрлэлийн салбарын мэдлэг, мэдээлэл, сайн туршлага, хөгжлийн үр шимээс харилцан суралцдаг байх нөхцөлийг бүрдүүлж, цаашид хамтран ажиллахад санал нэгдлээ.
Сэтгэгдэл ( 0 )