Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2024.06.05) хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан өргөн мэдүүлсэн малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, “Цагаан алт” хөдөлгөөн өрнүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Улсын Их Хурлын тогтоолын төсөлд мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах, гүн боловсруулах болон хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээний төлөвлөгөөний төслийг хавсаргаж, “Цагаан алт” хөдөлгөөнийг хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог дэмжих, үйлдвэрлэл, борлуулалт, экспортыг нэмэгдүүлж, зах зээлийг тэлэх болон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлүүдээр авах арга хэмжээг тодорхойлон, Засгийн газарт үүрэг болгохоор заагаад байгаа юм.
Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг байгуулаагүй талаар Байнгын хорооны дарга Г.Ганболд дурдаж, өөрийн гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг танилцуулав. Түүний саналуудтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Т.Энхтүвшин нар үг хэлж, тогтоолын төсөлд тусгагдсан асуудлууд ихээхэн чухал болохыг онцолсон юм.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, МАН-ын түүхий эд, АН-ын түүхий эд гэж байхгүй тул улстөржилгүй, 150 мянга орчим малчин өрхийн орлогын гол эх үүсвэр болсон түүхий эдийг эргэлтэнд оруулах, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих тухай энэ асуудлыг хугацаа алдалгүй шийдвэрлэх нь зүйтэй гэлээ. Мөн тэрбээр, Дарханы арьс ширний цогцолбор зэрэг зогсонги байдалд орсон боловсруулах үйлдвэрийн төслүүдээ урагшлуулахгүй мал аж ахуйн түүхий эд өдөр ирэх тусам үнэгүй болж, малчдын орлого улам хумигдсаар байна гэв.
Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин төрийн тусгай чиг үүргийн байгууллагууд, цэрэг, цагдаа, онцгой байдлын албад хувцас, хэрэглэлээ дотоодын үйлдвэрүүдээс нийлүүлж байх нь томоохон дэмжлэг болно гэдгийг онцлоод, малын гаралтай түүхий эдээ манай улс эцсийн шат хүртэл нь боловсруулах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Байнгын хорооны дарга Г.Ганболдын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )