Сонгогчдын тоонд хамгийн өндөр жин дарах хэсэг нь 26-45 насныхан байна
Ес дэх удаагийн УИХ-ын сонгууль зургаадугаар сарын 28-нд болно. Энэ өдөр бол иргэд, олон нийт төр барих өдөр билээ. Гэхдээ төр барих энэхүү өдрөөр залуусын оролцоо сул байдгийг өнөөг хүртэл шүүмжилсээр ирсэн. Тэгвэл сонгуулийн ерөнхий хорооноос 18-35 насны залуусыг сонгуульд идэвхтэй оролцуулахын тулд цахим платформуудад мэдээ мэдээллүүдийг түлхүү байршуулахад анхаарч байгааг онцоллоо.
Санал өгөх сонгогчдын 11,52 хувийг 25 хүртэлх насны залуус эзэлж байна
Сонгуулийн ирцийг мэдээг сонгуулийн хэсэг бүрд ажилласан иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнуудын гаргасан мэдээллийг нэгтгэн албан ёсоор гаргадаг. Залуус гэх тодотголд багтаж буй “Z” үеийнхэн энэ удаагийн сонгуулийн гол сонгогчид билээ. Тэдний сонгуульд оролцсон байдлыг харвал, УИХ-ын 2012 оны сонгуульд 18- 35 насны залуучууд 40 хувийн ирцтэй буюу 60 хувь нь саналаа өгөөгүй. Харин 2016 оны сонгуульд 18-25 насны залуу сонгогчдын ирц 50.8 хувь, 2020 оны сонгуульд 62 хувийн ирцтэй оролцсон юм. Мөн Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиас харахад, 20-24 насныхны ирц хамгийн бага буюу залуучууд бусад насныхнаас 8.3 хувиар доогуур ирцтэй байжээ.
Энэ жилийн хувьд 18-35 насны сонгогчид 890 мянга гаруй байгаа бол 35-аас дээш насны нэг сая 300 мянга гаруй иргэн санал өгөх эрхтэй сонгогчдыг бүрдүүлж байна. Сонгогч нэг бүрийн санал чухал тул иргэд та бүхнийг иргэний үүргээ биелүүлж, сонгогчдын боловсролтой холбоотой мэдээ, мэдээлэлд анхаарлаа хандуулж байхыг уриалж байна.
Сэтгэгдэл ( 0 )