Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asian folk” наадмын нээлт өчигдөр /2024.06.14/ төв талбайд ёслол төгөлдөр болж өнгөрлөө.
Наадмыг нээж Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш, “Asian folk” наадмын хүндэт зочин, Ардын урлагийн дэлхийн наадмуудын дэлхийн ассиоциацын ерөнхийлөгч Калоян Николов нар үг хэлсэн бол Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төвийн дарга Х.Отгонзул, “Asia folk” наадмыг санаачлагч “АртЛар соёл, урлаг” ТББ-ын тэргүүн Б.Цацрал, Дэлхийн ардын урлагийн академийн маэстро, Ардын урлагийн дэлхийн ассиоциацын хүндэт гишүүн, наадмын шүүгч, Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, наадмын шүүгч, хөгжим судлалын ухааны доктор, Д.Энхцэцэг, мөн наадмын шүүгч, Малайзын Пенангийн урлагийн зөвлөлийн ерөнхийлөгч, дэлхийн алдарт “Райнфорест” наадмыг үндэслэгч “Жое Сидек” продакшныг үндэслэгч Росли Сидек, “Фар истерн” их сургуулийн урлагийн төвийн захирал урлагийн менежер Мартин Эмиль Замора Лопез, “Мукарам Тургунбаева”-гийн нэрэмжит “Бахор” бүжгийн улсын чуулгын захирал Гульнора Мусаева нар оролцлоо.
”2019 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү наадамд энэ жил Азийн арван орны 170 уран бүтээлч гар урчууд оролцож байгаа бөгөөд тэд жанжин Д.Сүхбаатарын талбайд өчигдрөөс эхлэн өөрсдийн уран бүтээлээ толилуулж, гар урлалын бүтээлүүдээ дэлгэн тавиад байгаа юм.
Наадмын нээлтэд зориулж орон орны ардын урлагийн өвийг тээгчид уран бүтээлийн дээжээ сонирхуулсан бол манай Улаанбаатар театрын уран бүтээлчид өөрсдийн сор болсон уран бүтээлүүдийг тэдэнд зориулан өргөн барьсан юм.
Наадмын шүүгчид шилдгүүдийг тодруулж шагнал гардуулах үйл ажиллагаа маргааш төв талбайд болно. Та бүхэн гэр бүл, найз нөхөд, хамт олноороо ирж Азийн ардын урлагийн шилдгүүдийн тоглолтыг үзэж сонирхохоос гадна орон орны гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн яармагт оролцохыг урьж байна.
Сэтгэгдэл ( 0 )