Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс, “Тэгш Нийгэм холбоо” ТББ-аас хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн зөрчилд хариу үзүүлэх, үр нөлөөг сайжруулахад иргэний нийгмийн байгууллагуудын хувь нэмэр” сэдэвт сургалт 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Holliday Inn” зочид буудалд эхэллээ.
Энэ сургалтад Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ын төлөөллүүд оролцож байна.
Сургалтын хөтөлбөрт “Хүний эрхийн тухай ойлголт, хүний эрхэд суурилсан хандлага”, “Хүний эрхийн олон улсын гэрээ”, “Хүний эрх ба жендер”, “Хүүхдийн эрх ба хамгаалал” гэх мэт өргөн хүрээний мэдээлэл орсон байна.
Энэ сургалт нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг чадавхжуулж, хүний эрхийн хамгаалагч бэлтгэх урт хугацааны зорилготой бөгөөд сургалт хоёр жилийн хугацаанд тодорхой сэдвүүдээр үргэлжлэн хийгдэх юм байна.
Ингэснээр сургалтад оролцогчид Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчлийг илрүүлэх төвлөрлийг сааруулах мониторингийн механизм байгуулахыг зорьж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаар мэдээлэл цуглуулж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөв байдлын илтгэлд тусган УИХ-д мэдээлэл хүргэх чадамжтай болох юм байна.
Түүнчлэн сургалтад оролцогчид Монгол Улсын “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ба сүүдэр илтгэл”-д НҮБ-ын Хүний эрхийн комиссоос өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн зөрчил, гомдлыг шийдвэрлэхэд ХЭҮК-той хамтран ажиллах талаар санал солилцож, төсөл хэрэгжих хугацаанд ХЭҮК-ын орон нутгийн референтүүдтэй хамтран ажиллах юм.
Сэтгэгдэл ( 0 )