ХЭҮК-оос сонгуулийн үеэр анхаарах асуудлаар мэдээлэл хийлээ

2024 оны 06 сарын 27

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар зохион байгуулагдахтай холбогдуулан Хүний эрхийн Үндэсний комиссоос мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд сонгуулийн санал өгөх эрх бүхий иргэд саналаа нууцаар, чөлөөтэй өгөх эрхээ бүрэн эдлүүлэх асуудлаар Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц мэдээлэл өгөв.

Тэрээр “Сонгууль зохион байгуулах үүргийг хуулиар хүлээсэн төрийн байгууллагуудтай ХЭҮК хамтран ажиллаж, тодорхой зөвлөмж чиглэл өгч, сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажлыг хийж иржээ.  Иргэдийн сонгох, сонгогдох эрх болон сонгуулийн үед анхаарах асуудлаар Сонгуулийн Ерөнхий Хороо, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Мөн улс төрийн 22 намтай 2024 оны эхэнд уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хүний эрхийн асуудлыг тусгайлан тусгаж оруулахыг зөвлөмж болгосон. Энэ хүрээнд Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын тухай тойм мэдээллийг улс төрийн намуудад хүргэсэн. Түүнчлэн нийт улс төрийн намууд, сонгогчдод хандсан уриалга, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд хүргэсэн байна.

Өнөөдөр болж байгаа зөөврийн хайрцагаар санал авах ажиллагаанд ХЭҮК-оос хяналт тавьж, мониторинг хийж байна.

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр Цагдаагийн байгууллагап 2569 гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээлэл ирсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 182, зөрчлийн шинжтэй 2387 гомдол, мэдээлэл байсан. Тухайлбал бэлэн мөнгө, эд зүйл тараасан 27, нэр төр, алдар хүнд гутаасан, худал мэдээлэл тараасан 63, самбар алдсан, самбар гутаасан гэх мэт цөөнгүй гэмт хэрэг бүртгэгдэж байжээ. Мөн Сонгуулийн хууль зөрчсөн 1000 гаруй тохиолдол бүртгэгджээ” гэв.

Дараа нь 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр хүний эрхийн анхаарал татсан зарим асуудлын талаар Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар нар мэдээлэл хийлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top