Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа эхэллээ. Санал авах ажиллагаа 07:00 - 22:00 цагийн хооронд үргэлжилнэ.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо, хэсгийн хорооны гишүүд болон мэдээллийн технологийн баг, даамлаар ажиллаж буй 23.500 гаруй, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан 2564, Цагдаагийн 12.000 гаруй албан хаагч, Онцгой байдлын 100 гаруй албан хаагч, нийтдээ 40 шахам мянган төрийн албан хаагчид хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлж, санал авах ажиллагааг эхлүүллээ.
Сонгогч Та санал өгөх байрныхаа хаяг, байршлыг https://m-election.mn/main/cG9zdDo2NTAx холбоосоор харна уу.
Түүнчлэн https://election.burtgel.gov.mn/ цахим холбоосоор иргэний бүртгэлийн дугаараа оруулах, эсвэл 1800-2800 сонгогчдын лавлах (Энгийн утасны тарифаар)-аас мэдээлэл авах боломжтой.
Санал авах байранд сонгогч танд хоёр хэсэгтэй саналын хуудас өгнө. Нам, эвслийн нэртэй саналын хуудаст та зөвхөн 1 нам, эвслийн өмнө зууван дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ. Харин нэр дэвшигчийн нэртэй саналын хуудас та мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийн өмнөх зууван дугуйг дүүргэн будаж, саналаа тэмдэглэнэ. Илүү эсхүл дутуу тэмдэглэвэл таны санал хүчингүй болно.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 19 нам, 2 эвслээс болон бие даан нэр дэвшсэн нийт 1341 нэр дэвшигч өрсөлдөж байгаа.
Тэдгээрийн 61.3 хувь нь эрэгтэй, 38.7 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байгаа нь хуульд заасан хүйсийн харьцааг хангаж байна.
Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт 2.224.233 иргэн саналаа өгнө. Нийт сонгогчдын 1.143.172 нь орон нутагт, 1.081.061 нь нийслэлийн сонгогчид байна. Эдгээрээс 16.259 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан бөгөөд өнөөдөр 09.00-20.00 цагийн хооронд хэсгийн хорооны гишүүд батлагдсан хуваарийн дагуу саналыг нь авч байна.Сонгогчийн ирц, санал хураалтын дүнг шууд дамжуулахаар Монгол Улсын алслагдсан хэсэгт байрлаж буй хэсгийн хороодод 410 (старлинк) интернэтийн сүлжээний төхөөрөмж байршуулж бэлтгэжээ.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хувьд сонгууль зохион байгуулах бүхий л үйл явцыг сонгуульд оролцогч талууд, ажиглагч, иргэд олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй зохион байгуулан ажиллаж байна.
Монгол Улсын хэмжээнд ашиглагдах бүх санал тоолох төхөөрөмж болон саналын хуудсыг нам, эвсэл, төрийн бус байгууллага хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн нээлтэй оролцоотойгоор шалган туршиж, баталгаажуулсан.
Сонгогчийн саналыг 2943 санал тоолох төхөөрөмжөөр уншуулж, дүн гаргах бөгөөд энэ удаагийн сонгуулийн бас нэгэн онцлог бол бүх хэсэгт 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийнэ. Хяналтын тооллого хийх энэхүү ажиллагааг хяналтын камерын дор зохион байгуулах бөгөөд үүнд нам эвслийн 30,000 гаруй ажиглагчид биечлэн оролцож шууд хяналт, ажиглалт хийнэ.
Энэ удаагийн сонгуулийг нам эвсэл, гадаадын 259, дотоодын 30,000 гаруй ажиглагч ажиглаж, олон улсын 12 агентлаг, дотоодын бүхий л хэвлэл мэдээллийн байгууллага нээлттэй сурвалжлахаар болжээ.
Сонгуулийн автоматжуулсан машиныг зөөвөрлөх, аюулгүй байдлыг хангахад дэвшилтэд техник төхөөрөмж ашиглаж байгааг цагдаагийн байгууллагын төлөөлөл онцолсон бол сонгуулийн сурталчилгааны 17 хоногт ямар нэг ноцтой зөрчил илрээгүй гэдгийг Харилцааны холбооны зохицуулах хорооноос өчигдөр мэдээлсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )