Л.Энхсайхан: Хуульч, өмгөөлөгчдөөсөө харилцан суралцаж яваа он жилүүд  миний амьдралын үнэт зүйл

Админ | Zindaa.mn
2024 оны 07 сарын 05

Хугарч нугарч, хувирч өөрчлөгдөлгүй “Өмгөөлөгч” хэмээх хүндлэл хүлээсэн мэргэжилдээ тун хайртай явж ирсэн, одоо ч үйлчлүүлэгчдэдээ итгэл гэрэлтүүлж яваа хуульч, өмгөөлөгч Л.Энхсайханыг дугаарын зочноор онцоллоо. Нийгмийг эрүүлжүүлж эерэгжүүлэх, гэрэлтүүлэх үүрэгтэй хуульч, өмгөөлөгчийн ажилдаа хэдийнэ ээнэгшсэн түүнээс хүний төлөөх сэтгэл, хүч, ур чадвар мэдрэгдэж байв. Аливааг мяндсан ухаан, торгон мэдрэмж, ухаан сэтгэлээрээ учиглаж яваа тэрбээр хүнийхээ хувьд зөөлөн дулаан нэгэн аж. Мэргэжлээ, хариуцсан ажлаа хэдийн олчихсон, түүндээ эзэн нь болсон хүн л ийм байдаг даа.



-Манайд олон хууль батлагдан гараад л байна, түүнийг дагаж мөрдөж хэрэгжүүлэх тал дээр ямар байдаг вэ. Хуульчийн хувьд та юу гэж бодож байна?

-Нэн түрүүнд хууль санаачлагч, хууль тогтоогчид хуулийг маш хийдэлтэй гаргаж байгаа нь учир дутагдалтай. Тиймээс хууль тогтоогчид хуулийн хоорондын нийцэл, давхардлыг сайн судалж байж тогтоох хэрэгтэй гэж үздэг. Тэгэхгүй бол их олон хуульд адилхан зохицуулалт, зүйл заалтуудыг их оруулж өгч байна. Мөн хуульд “Журмаар зохицуулна” гэсэн зохицуулалт их байх юм. Манайд салбарын сайд нар нь их солигддог, нэг шинэ сайд ирээд л өмнөх сайдынхаа баталсан журмыг хүчингүй болгоод  шинээр журам баталдаг. Тиймээс хуулийн зохицуулалт нь маш сайн, хийдэлгүй л байх хэрэгтэй.  Журам хуулиас давах ёсгүй. Хууль гэдэг нэг талаараа аливаа харилцааны дэг журам бөгөөд тэр харилцаанд оролцогч бүх хүнд ижил тэгш үйлчлэх, шударга ёсны зарчим, тэгш байдлын зарчмыг хангах учиртай. УИХ-ын гишүүд болон хууль санаачлагчид маань хуульчидтайгаа  маш сайн хамтарч ажиллаж, хууль боловсруулах ажлын хэсэгтээ хуульчдыг аль болох олноор нь оруулж, хууль хоорондын уялдаа, нийцэл дээр анхаарч ажиллах хэрэгтэй гэж бодож байна.

-Хүний хувь тавиланг шийдвэрлэхэд оролцдог хуульч, өмгөөлөгчдийн нийгэм дэх байр суурь, нэр хүнд ямар байдаг бол?

-Ер нь бол хуульч, өмгөөлөгчдийн нийгэм дэх байр суурь, нэр хүнд өндөр байдаг гэж боддог. Харин сүүлийн үед  сошиалд манай хуульч, өмгөөлөгчдийн нэр хүндийг унагаах янз бүрийн хэтрүүлэг ихтэй зүйл гарч хуульч, өмгөөлөгчдийг нийгэмд муухай харагдуулах, нэр хүндийг унагаах хандлага байх шиг. Жишээ нь, өмгөөлөгчийн үйлчлүүлэгчийг гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад л гутаан доромжлох, мөн хэрэг маргааныг хуульд заасныг дагуу хянан шийдвэрлэсэн  шүүгчдийн талаар янз бүрээр  сошиалд бичих нь тэдний нийгэм дэх байр суурь, нэр хүнд унахад хүргэж байна. Өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчдэдээ  үнэнч байж нууцыг нь хадгалах үүрэгтэй. Тухайн хүнийхээ хууль ёсны эрх ашиг, сонирхлыг тууштай  хамгаалах зарчмаар ажиллаж, гэмт хэрэг хийсэн байлаа ч эрх ашгийг нь хамгаалах үүрэгтэй. Хуульд хөнгөрүүлэх нөхцөл юу байна вэ, миний үйлчлүүлэгчид ямар боломж байна вэ гэдгийг эрэлхийлж, энэ талаар хүсэлтээ гаргаж өгөх, өмгөөллийн арга тактик боловсруулах гэх зэргээр ажилладаг. Гэтэл түүнийг нь харлуулаад түгээгээд эхэлдэг. Үүнээс улбаатайгаар хуульч, өмгөөлөгчдийн нэр хүнд унаж байгаа болов уу. Өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчтэйгээ анхнаасаа хариуцлагатай, ёс зүйтэй, мэргэжлийн өндөр түвшинд ажиллана гэсэн гэрээ хийгээд үүнийхээ дагуу ажиллах ёстой. Тийм учраас өмгөөлөгч хохирогчийг өмгөөлж байна уу, холбогдогчийг өмгөөлж байна уу, нэхэмжлэгч, хариуцагчийг өмгөөлж байна уу гэдгээс үл шалтгаалан ерөнхий чиг шугам нь үйлчлүүлэгчийнхээ л эрх ашгийг хамгаалах учиртай. Гэхдээ өмгөөлөгч хуулийн хүрээнд ажиллаж л хамгаална. Хуулийн боломжуудыг ашиглах тал дээр мэргэжлийн ур чадвараа гаргаж ажиллах нь хамгийн чухал. Тухайн этгээд гэм буруугаа хүлээнэ гэдэг хөнгөрүүлэх нөхцөл байдалд ордог юм. Сошиалаар хэт их хэрэг яриад, хэрэг задлаад байгаа хүмүүсийн хувьд энэ маш буруу. Яагаад гэвэл энэ нь нэг талаараа үйлчлүүлэгчийнхээ нууцыг задалж байна гэсэн үг.

-Таниас нийтэч сэтгэлгээ, нэгтгэж зангидах арга барил олонтаа харагддаг. Иймд залуу өмгөөлөгчдөдөө хандаж юу хэлэх вэ?

-Юуны түрүүнд хэрэг болон холбогдох хууль  дээрээ маш сайн ажиллаж  сурах хэрэгтэй.  Хавтаст хэргээ маш сайн судласнаар миний үйлчлүүлэгчийн ямар эрх ашиг яаж хөндөгдөж байна вэ? Өмгөөлөгчийн зүгээс хэрхэн яаж хамгаалах вэ гэдэг талаасаа хуулийн гарц гаргалгааг хийж, хэрэгт ач холбогдолтой  нотлох баримтуудыг цаг хугацаанд нь хуулийн шаардлага хангасан байдлаар гаргаж өгөх гэх мэтээр хэрэг дээрээ маш сайн ажиллаж сурах хэрэгтэй. Сэтгэлээ гаргаж, хэрэг болгоноо  том, жижиг, хүнд хөнгөн гэж ялгахгүй ажиллах учиртай. Сэтгэлээ өгч ажилласан ажил болгон амжилт авчирдаг.

-Ингэхэд та өмгөөллийнхөө чиглэлээр олон нийт рүү чиглэсэн сайн дурын ажил олныг хийдэг, заримаас нь дурдахгүй юу?

-Баярлалаа. Эргээд харахад гар сэтгэл нийлсэн өмгөөлөгч нартайгаа хамтарч чамлахааргүй олон ажлуудыг  хийжээ. Тухайлбал, Өмгөөлөгчдийн Холбооны түүхэнд анх удаагаа 2011 онд “Өмгөөлөгчийн хараат бус байдал, үйл ажиллагааны зохицуулалт” гэсэн сэдвийн дор гадаадын найман орны өмгөөлөгч  оролцсон Олон улсын хурлыг өмгөөлөгч З.Алтангэрэл, Ж.Батзоригт, Д.Пүрэвбаатар, Л.Баярт нарынхаа  хамтаар  Төрийн ордонд зохион байгуулж байлаа. 2012 онд анх ОХУ-ын Эрхүү хотын өмгөөлөгчдийн танхимаас миний нэр дээр урилга ирүүлсний дагуу Сибирийн тойргийн өмгөөлөгчдийн спартакиадад Монголынхоо өмгөөлөгчдийг зохион байгуулан зочин багаар спортын таван төрлөөр тус арга хэмжээнд оролцуулж, үүнээс хойш 2013,2014,2015,2016 онд ОХУ-ын Красноярск, Томск, Кемирово, Хакаст болсон Сибирийн тойргийн өмгөөлөгчдийн спартакиадад манай өмгөөлөгчид амжилттай оролцсон. 2014 онд ОХУ-ын Томск хотод болсон Сибирийн тойргийн өмгөөлөгчдийн спартакиад  Монголын өмгөөлөгчдийн нэрэмжит шилжин явах цомыг санаачлан авч очиж, тус спартакиадад хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлсэн шилдэг Өмгөөлөгчдийн багт  шилжүүлдэг уламжлалтай болсон. Мөн өмгөөлөгч З.Алтангэрэл, Л.Баярт бид гурав  Иркутск, Красноярск, Томск хотод болсон Сибирийн тойргийн өмгөөлөгчдийн спартикиадад оролцсон Монголынхоо өмгөөлөгчдийн зургаар зургийн цомог гаргаж, Өмгөөлөгчдийн холбоондоо өгсөн. Энэ Сибирийн тойргийн өмгөөлөгчдийн спартакиадыг  2017 онд Монголдоо зохион байгуулахад би ажлын хэсэгт нь орж ажилласан юм.

-Анх удаа өмгөөлөгчид явган аялалд явлаа. Хуульчид анх удаа Про-Боно чуулга уулзалт хийлээ гээд зөндөө ажил хийсэн дээ?

-Мөн анх удаа өмгөөлөгчдийнхөө дунд явган аялал санаачлан, өмгөөлөгч З.Алтангэрэл, Л.Баярт нарынхаа хамт  зохион байгуулж байсан түүх бий. Мөн хуульчдын холбоонд олон ажил хийж байгаа, Хуульчдийн Холбоо үүсгэн байгуулагдаж байх үед  Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хороог анх үүсгэн байгуулалцсан хүний нэг. Монголын Хуульчдын Холбоонд  2017 онд анх “Хуульчийн Про-Боно чуулга уулзалт”-ыг зохион байгуулж, үүнээс хойш 2018,2019 онд мөн чуулга уулзалтыг зохион байгуулсан. 2018, 2019, 2022 онд Азийн про-боно олон улсын чуулга уулзалтад Монголынхоо хуульчдыг оролцуулах ажлыг зохион байгуулж, 2025 онд Монгол Улсдаа Азийн Про-боно 13 дахь чуулга уулзалтыг зохион байгуулах эрхийг Монголын Хуульчдын Холбоо авсан, одоо  энэ чуулга уулзалтыг зохион байгуулах ажлын хэсэгт ажиллаж байна. 2018 онд жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг “Хуульчийн про-боно өдөр” болгох санаачилга гаргаж, тухайн үеийн Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан дэмжиж, 2019 оны гуравдугаар  сарын 19-ний өдөр 84 дугаартай тушаалаар албажуулснаар Монголын Хуульчдийн Холбооноос жил бүр зохион байгуулдаг том ажил болсон. Жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдөр нийслэл, 21 аймагт зохион байгуулагддаг “Хуульчийн Про-Боно өдөр” маань жилээс жилд илүү өргөн хүрээнд зохион байгуулагдаж, төрийн болон хуулийн бүх байгууллагууд нэгдэж, нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлдэг олон нийт рүү чиглэсэн үр дүнтэй сайхан ажил болсон доо. Энэ үеэр  ЕБС, зарим их, дээд сургуулийн I,II дамжааны оюутнуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хичээл ордог. 2019 онд хорих ангид хуульчид маань очиж ажилласан гэх мэт сайн дурын ажил гэвэл олныг нэрлэж болох байна.

-Хийж бүтээе гэсэн хүн дандаа л шинэ зүйл рүү тэмүүлж, гүүр гарцыг хайж явдаг. Энэ утгаар та ажлаа улам эрчимжүүлээд зөвлөх үйлчилгээний компаниа ч байгуулаад амжжээ?

-2023 оны наймдугаар сард хуулийн зөвлөх үйлчилгээний “Амитис легал” ХХК-аа том хүүгийнхээ хамтаар байгуулсан. Эндээс хууль зүйн үйлчилгээг иргэн аж ахуйн нэгжид баг хамт олноороо хүргэх нь илүү үр дүнтэй, хүртээмжтэй, өгөөжтэй  байна гэдгийг бодолцсон. Шинэ тулгар компанид маань шүүн таслах ажиллагааны туршлагатай хоёр хуульч, хяналтын прокуроор ажиллаж байсан хоёр хуульч, мөн хоёр залуу хуульчтай. Бид  аж ахуй нэгж байгууллагад Гэрээний эрх зүй, Компанийн засаглал, Хөдөлмөр эрхлэлтийн харилцааны чиглэлээр хуулийн этгээдэд зөвлөх үйлчилгээ үзүүлж, мөн иргэний эрх зүй, захиргааны эрх зүйн чиглэлээр зөвлөгөө өгч ажиллаж байна.

-Их замын уртад буюу энэхүү баялаг амьдралд таны хамгийн их талархаж явдаг зүйл тань юу вэ, өөрөөр хэлбэл таны амьдралын үнэт зүйл?

-Сайхан асуулт байна, баярлалаа. Миний хувьд хуучнаар ЗХУ-ын /ОХУ/ Эрхүүгийн Улсын Их сургуулийг түүхч, угсаатны эрх зүйч мэргэжлээр төгсөж ирээд эрдэм шинжилгээний байгууллага болон дээд сургуульд багшилж байхад мэргэжлээ сольж, эрх зүйчээр суралцахыг зөвлөсөн хүн бол социалист нийгмийн үед миний дарга байгаад, дараа нь  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш болсон гавьяат хуульч Тэшигийн Мөнхжаргал гуай маань юм шүү дээ. Би энэ дарга, эрхэм багшдаа маш их талархаж явдаг даа. Ингээд 2001 онд  МУИС-ийн Хууль зүйн сургуулийг дүүргэж эрх зүйч мэргэжил эзэмшиж Монголын Өмгөөлөгчдийн холбоо гэдэг том айлын нэг гишүүн болж олон хуульч, өмгөөлөгч нартайгаа хамтран ажиллаж, харилцан бие биесээсээ туршлага солилцон, суралцаж яваа он жилүүд маань миний амьдралын салшгүй нэгэн хэсэг, үнэт зүйл минь юм. Миний өдий зэрэгтэй сайн сайхан яваа маань эцэг эхийн минь надад өгсөн их хайр, ухаан, хүмүүжил, мөн  цуцашгүй эрдмээ надад хайрласан Орос, Монгол эрдэмтэн багш нарын минь ач буян гэж тэдэндээ талархаж явдаг даа. Энэ ташрамд Монголын Өмгөөлөгчдийн холбоо болон Хуульчдын холбооны үе үеийн удирдлагууддаа маш их баярлаж талархаж явдгаа илэрхийлье.

Д.НЭРГҮЙ

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард(103.212.116.17) 2024 оны 07 сарын 05

Энэ шал тэнэг авгай. Сэтгэлээ үзүүлвэл таарна

0  |  0
Top