Олимпын өрсөлдөгчөө дроноор тагнасан этгээдэд 8 сарын ял оноолоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2024 оны 07 сарын 25

Парисын олимпын наадам эхнээсээ л дуулиан шуугианаар дүүрэн байна.

Өчигдөр Аргентины эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ багийнхан шүүгчийн мэдлийн минутад гоол оруулсан ч түүнийг нь VAR хараад тооцсонгүй. Мөн тоглолтын дундуур Мароккогийн фанатууд талбай дээр гарч гүйлдэн, дуут бөмбөг чулуудаж танхайрсан явдал гарлаа. 

Тэгвэл эмэгтэйчүүдийн хөлбөмбөг дээр ч дуулиан дэгдэв. Канадын эмэгтэйчүүдийн шигшээ багийн нэгэн ажилтан өрсөлдөгч Шинэ Зеландын бэлтгэлийг дроноор бичлэг хийн тагнаж байгаад баригдлаа. Зочид буудлын өрөөнөөс нь тагнуулын бичлэг хийсэн дроныг илрүүлж, Сэнт Этьений шүүх хэргийг нэн даруй хянан үзээд тагнуул хийсэн этгээдэд 8 сарын тэнсэн харгалзах ял оноолоо.

Үүнтэй холбоотойгоор Шинэ Зеландын Олимпын баг тамирчдын төлөөлөгч гомдол гаргаж, улмаар Канадын Олимпын Хороо уучлалт гуйсан юм.

Мөн Канадын эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Беверли Пристман болсон явдалд харамсаж буйгаа илэрхийлээд уучлалт гуйж, Шинэ Зеландын эсрэг тоглолтод багаа удирдахгүй байх нь шударга ёсонд нийцнэ гэж үзсэнээ мэдэгдлээ. Ингээд тэрбээр энэ тоглолтод багаа удирдахааргүй болсон байна. 

Канад-Шинэ Зеландын энэхүү тоглолт өнөөдөр болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.177) 2024 оны 07 сарын 27

Баригдсан л Канад болохоос бараг л бүгд дрон хэрэглэж байгаа байх оо

1  |  0
Top