ОTO NEWS | Олимпын өмнөх оршил мэдээ

Админ | Zindaa.mn
2024 оны 07 сарын 25

Ж.Отгонцагаан (Парис хотоос мэдээлэв)

Франц улсад зуны олимпийн наадмын бамбар бадамлан асахад ердөө ганцхан хоног үлдлээ. Долоон жилийн өмнө Перу улсын нийслэл Лима хотноо хуралдсан ОУОХ-ны чуулганаар өрсөлдөгч Парис, Лос-Анжелес хотыг эвлэрүүлэн, олимпизмийн түүхэнд анх удаа 2024 & 2028 оны Зуны олимпийг тус тус  найрсгаар хуваарилан өгөх шийдвэр гаргасан билээ.

Ийнхүү орчин цагийн олимпийн хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, их соён гэгээрүүлэгч Пьер де Кубертений (1863-1937) эх орон олимпийн наадмыг 3 дахь удаагаа хүлээн авч буй нь энэ бөлгөө.

Өмнө нь 1900, 1924 онд хоёронтаа олимпийн наадмыг зохион байгуулсныхаа яг 100 жилийн ойн дурсгалт өдрүүдэд Парис хот дэлхийн 206 орны баг тамирчдыг хуран цуглуулж буйдаа туйлын баяртай байна. Зохион байгуулах хорооны дарга, каноэ завины олимп, дэлхийн аварга, 48 настай Тони Эстангет нь ОУОХ-ны гишүүдэд бэлтгэл ажлын эцсийн тайлангаа тавьж, сайн үнэлгээ авлаа. 

Олон улсын олимпийн хорооны 142 дугаар чуулган амжилттай хуралдаж, хоёр шинэ Дэд Ерөнхийлөгч ба 8 шинэ гишүүнийг сонгожээ. А.Медани (Египет), С.Уокер (Шинэ Зеланд), П.Парето (Аргентин), Х.Робертсон (Их Британи), Д.Янг (Панам), Ж.Сайкс (АНУ), Я.Честерманн (Австрали), Ж.Элиаш (Их Британи) нар тангаргаа өргөснөөр ОУОХ  нь 107 гишүүнтэй боллоо.

Монгол Улс нь дэлхийн олимпизмийн эрхийг барих дээд байгууллага ОУОХ-нд хоёр гишүүнтэй. Энэ жил 97 нас сүүдэр зооглосон, буурал өвөө Шагдаржавын Магван нь 1977 онд анх ОУОХ-ны хорооны гишүүнээр сонгогдож, 2008 оноос хүндэт гишүүнээр өргөмжлөгдөн, насаараа дархлагдан, 23 дахь өвөл, зуны олимпдоо уригдаад байна. Харин энэ нэр хүндтэй байгууллагын гишүүнээр 2020 онд 34-хөн насандаа сонгогдсон Б.Баттүшигийн 38 насны ой  нь VII сарын 23-нд тохиож, том босс Томас Бах том баяр хүргэжээ.

ОУОХ-ны чуулганаар өвлийн олимпийг зохион байгуулах 2 хотыг мөн "бөөндөж", 2030 оных Францын Альпад, харин 2034 онд АНУ-ын Солт Лейк нь 2 дахь удаагаа өвлийн наадмыг хүлээн авах үүрэг хүлээв. “Давст нуур" хотынхон 2002 онд Юта муждаа Өвлийн XIX олимпийг амжилттай зохиосон юм.

"Парис-2024" олимпийн наадамд ОУОХ-ны гишүүн 206 орон, Дүрвэгчдийн баг оролцохоор зэхэж байна. Харин ОУОХ-ны хянаж баталсан нэрсийн дагуу ОХУ, Беларусийн тамирчид нь АIN (Athletes individual neutral) буюу бие даасан, төвийг сахисан статустай гимнастик, завь, дугуй, таэквондо, хүндийг өргөлт, буудлага, теннис, усанд сэлэлтэд оролцох эрхтэй болжээ. Харин ОХУ, Беларусийн чөлөөт бөх, жүдогийн холбоо нь өөрсдөө  олимпод оролцуулахаас татгалзсан хариу өгчээ. ОХУ нь 4 дэх олимпдоо ийнхүү дээрээс хориг дарамттай оролцох нь.

Монгол Улс "Токио-1964" олимпод анх оролцсоноос хойш 15 дахь удаагаа алтан соёмбот далбаагаа мандуулна. Харин 1984 онд АНУ-ын Лос Анжелес хотноо болсон олимпийг ЗХУ тэргүүтэй социалист орнуудын хамт бойкотолж, түүний оронд зохиогдсон "Найрамдал-1984" тэмцээнд зодоглосон юм. Хэрвээ монголчууд Лос "Анжелес-1984"-т оролцсон бол чөлөөтийн Б.Болд, Н.Бүргэдээ, А.Баатархүү, боксын Н.Энхбат, Ц.Амаржаргал, жүдогийн Ц.Дамдин, С.Эрхэмбаяр, О.Балжинням гээд л олон сайхан тамирчид маань нэгийг дуулгах байсан гэж тэр үеийнхэн харамсан хуучлахыг олонтаа сонссон. Олимпоо алдана гэдэг бол тамирчин хүний хувьд байж болшгүй харамсал шүү.

Сена мөрний эрэг Сен Дени, Сен Оүэн, Лилль-Сен Дени гурван дүүрэгт тэлэн байрласан Тамирчдын тосгонд 32 спортын 329 цогц медалийн төлөө өрсөлдөх 15000 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс байрлана. Гучин хоёр тамирчинтай "Team Mongolia" нь тосгонд тугаа мандуулж, штабаа нээж, өнөөдөр эхний тэмцээний салхийг хагална.

Байт харвааны улсын 3 удаагийн аварга, Ханжоу Азийн наадмын алтан медальт, Азийн цом булаалдах тэмцээний II, III байрын шагналт, энэ жил 28 настай Баатархуягийн Отгонболд орой "уугална". 

“Токио-2020" олимпод цэц мэргээ сорьсон туршлагатай харваач маань Улаанбаатарын цагаар 20:15-д Парис хотын "Эспланада де Инвалиде" задгай бичил цэнгэлдэх хүрээлэнд чансаа тогтоох харваандаа оролцоно. Байт харваа нь "Парис-1900" олимпийн наадмын хөтөлбөрт анх багтсанаас хойш нийт 17 олимпийн нүүр үзжээ (1972 оноос хойш тасралтгүй).

Монголын багийн тугчаар хөнгөн атлетикийн марафонч Б.Сэр-Од, эмэгтэй боксчин О.Есүгэн нар хөл нийлүүлэн алхана. ОУОХ-ны шийдвэрээр "Токио-2020" олимпоос эхлэн жендерийн тэгш эрхийг хангах зорилгоор баг бүрээс нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчныг тугаа залахыг үүрэг болгосон билээ. Харин зарим лалын шашинтай улс үүнийг хүлээн зөвшөөрдөггүй.

Эх орныхоо тугийг залан, нээлтийн ёслолд жагсана гэдэг бол нэр төрийн хэрэг. Зарим том багийнхан тамирчдынхаа саналаар сонгодог. Нөгөө талаар туг барина гэдэг бол 4-5 цагийн их ачаалалтай тулгардаг тул маргааш нь тэмцээнд өрсөлдөх тамирчдыг нээлтийн жагсаалаас шууд чөлөөлдөг. Бас Зохион байгуулах хороо нь сүүлийн үед нээлтэд жагсах төлөөлөгчдийн тооны хязгаарыг тогтоож эхэлсэн. Хамгийн гол нь маргааш Сена мөрнөөр тусгай завь хөлөглөн орж ирэх 206 орны баг тамирчид ба бамбараа хэрхэн өвөрмөц асаахыг сонирхон харах л үлдлээ.

Монголын багийн тугчаар жүдочид 7, чөлөөтийнхөн 5, хөнгөнийхөн 3, бокс, сагс тус бүр 1 удаа ажиллажээ.

Энэ удаагийн олимпод баг тамирчдаа дэмжихээр жүдогийн баатар Ч.Насантогтох, чөлөөтийн гавъяат "Оска" О.Пүрэвбаатар, боксын олон улсын шүүгч С.Баясгалан, дэлхийн аваргын анхны мөнгөн медальт жүдоч О.Балжинням, МҮОХ-ны ахмад ажилтан, "Волейболын" хэмээх Ж.Баасанхүү, сагсны зүтгэлтэн "Цоёо" Д.Батцолмон гээд л  олон монголчууд Парисыг зорихоор айсуй гэнэм.

Монголын спортын сэтгүүлчдийн анхны сурвалжилсан Аргентин-Марокко хөлбөмбөгийн тоглолт "боксоор" өндөрлөв. Шведийн шүүгч үндсэн цагийг 15 минутаар сунгасан нь "дайр дээр давс нэмэх" шиг болгож, олимпийн аварга аргентинчууд тоог 2:2 тэнцүүлсэн ч тоглолтын дараа шүүгч уг гоолыг отон хэмээн цуцалж, дахин бөөн хэрүүл дэгдэв. Харин алдарт Тьерри Анри дасгалжуулагчтай,  дошны эзэн Францын шигшээ нь А.Лаказетт, М.Олис, Л.Баде нарын гоолоор АНУ-ыг 3:0 бут ниргэв.

Олимп эхлээгүй байхад дэг журамтай Японы багийн гимнастикийн найдвар, дэггүй охин Шоко Мияата тосгонд тамхи татаж, архи уусан хэргээр хөөгдлөө, хөөрхий. Багийн ахлагч, 19 настай Ш.Мияатаг хувцсаа хамаад, хурдан нутаг буцах шийдвэрийг холбоо нь гаргажээ.

Олимпийн нээлт эхлэхэд хэдхэн цаг үлдлээ. Гурван өнгөт тугтай францчууд "Марсельеза" сүлд дууллаа дуулсаар байнам.

Mонголын спортын сэтгүүлчдийн холбооны сэтгүүлчид Парис хотоос мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(101.185.149.39) 2024 оны 07 сарын 25

MAGVAN GUAI AVILGACHINII HUU HOERIIN HOOROND HOL ZURUUTEISHUU.... TENGER GAZAR CH BAGADNASHUU...

0  |  0
Top