Парисын зуны олимпын наадмын талбайн теннисний журмыг Сербийн алдарт тамирчин Новак Жокович шүүмжиллээ.
Их Британийн Энди Маррэй эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцохоос татгалзсаны дараагаар түүний оронд Австралийн 36 настай Мэттью Эбденийг оруулсан юм. Эхний шатанд Эбденийг Жокович 6:0, 6:1-ээр буюу маш хөнгөн хожсон.
Эбден 2022 оноос хойш ганцаарчилсан төрлөөр ганц ч тэмцээнд оролцоогүй нь шүүмжлэх гол шалтгаан боллоо.
“Би энэ журмыг ойлгосонгүй. Логикийн том алдаатай юм шиг санагдлаа. Спортын нэр хүндэд ч нэг их сайнгүй болов уу. Ганцаарчилсан төрөлд оролцохыг хүсч буй олон сайн тамирчин байсан. Гэтэл тэднээс дуудсангүй. Үүнийг л би ойлгосонгүй” хэмээн Новак Жокович мэдэгджээ.
Испанийн Карлос Алькарас ч Жоковичийн шүүмжлэлийг дэмжсэн байна.
“Ойлгоход хэцүү журамтай юм. Олимпын наадамд оролцох хэмжээний олон сайн тамирчин байгаа шүү дээ. Хэн нэгэн тэмцээнд оролцохоос татгалзах юмуу ямар нэгэн байдлаар боломжгүй болвол оронд нь Дэлхийн чансааны дээрээс сонгож оруулах нь зүйтэй гэж би бодож байна” хэмээн Алькарас өгүүлжээ.
Дашрамд сонирхуулахад, эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хоёрдугаар шатанд хоёр домогт тамирчин Рафаэль Надаль – Новак Жокович нар халз тулахаар болсон. Энэ тоглолт өнөө орой Улаанбаатарын цагаар 19:30-аас эхэлнэ.
Сэтгэгдэл ( 0 )