Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх ажил үргэлжилж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 08 сарын 02

Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх үерийн хамгаалалтын байгууламжийн угсралтын ажил 40 хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар далангийн хэв гаргах, бусад бэлдцүүд хийх ажлууд бүрэн дууссан. Мөн далангийн баруун талын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээ шилжүүлэх ажил 50 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд наймдугаар сарын 15-нд цутгалтын ажлыг эхлүүлнэ. Түүнчлэн эл өдөр далангийн зүүн талын хөрсний ус зайлуулах болон шугам сүлжээ чөлөөлөх ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд буй.

УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга, Ерөнхий инженер М.Балдандорж “Уг ажлын хүрээнд нийт 1.5 км урт, 4.1-6.1 метр өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн даланг Натурын гүүрнээс урд талын төмөр замын гарам хүртэл хийх юм. Ашиглалтын хугацаа 30-40 жилийн насжилттай” гэв.

Ташрамд, болзошгүй үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 25 байршилд борооны ус зайлуулах шугам сүлжээ болон үерийн хамгаалалтын барилга байгууламж барьж байгаа бөгөөд ажлын явц 60 хувьтай байна.

Тодруулбал, Жаргалантын аманд шинээр үерийн хамгаалалтын байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бол Дарь-Эх, Ганц худаг орчимд усан сан байгуулах ажлын тендерийг нээж, наймдугаар сарын 10-нд ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн НЗД-аас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Натур орчмын төмөр гүүрнээс Арслантай гүүр хүртэл, Нарны гүүрнээс “Тайгам-Алтай” ХХК орчмын гүүр хүртэл шинээр үерийн хамгаалалтын барилга байгууламж барих зураг төслийг боловсруулж, тооцоо судалгааг нь гарган тендер зарлах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгааг тэрбээр онцолж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top