"Парис-2024" зуны олимпийн XXXIII наадмын спортын гимнастикийн тэмцээн өнөөдөр өндөрлөж байна.
Тэмцээний сүүлийн өдөр Бразилийн нэрт гимнастикч олимп, дэлхийн аварга Ребека Андраде чөлөөт дасгалд алтан медаль хүртэж, олимпын хошой аварга боллоо.
Энэ үеэр түүнд мөнгөн медаль хүртсэн Симоне Байлс (Олимпын 7 алт, 1 мөнгө, 1 хүрэл медальт), хүрэл медаль хүртсэн АНУ-ын Жордан Чайлз (Олимпын алт, мөнгө,хүрэл медальт) нар шагналын тавцанд Ребека Андрадед хүндэтгэл үзүүлсэн нь дэлхий нийтийн сэтгэлийг хөдөлгөлөө.
Ребека Андраде бол өрх толгойлсон найман хүүхэдтэй ээжийн охин бөгөөд дөрвөн настайгаасаа гимнастикаар хичээллэж, ээж нь айлын гэр цэвэрлэж олсон мөнгөөрөө охиныхоо бэлтгэлийн төлбөрийг төлдөг байжээ. Олон удаа гэмтэл авч, олон мэс заслын ард гарч, хүнд хэцүү амьдралын бэрхшээл саад, бэртэл гэмтлийг даван туулж, эцэст нь олимпын тавцан дээр алтан медаль хүртэхээр зогсож буй Ребека Андраде-д дэлхийн шилдэг тамирчид, түүний хамгийн хүчтэй өрсөлдөгчид нь ийнхүү гүн хүндэтгэл үзүүлж буй энэ мөч олимпын наадмын шударга өрсөлдөөн, хүндлэл, хүлээн зөвшөөрөхийн бодит үлгэрлэл болж байна.
Парисын олимпод эмэгтэй тамирчид улс орон, өрсөлдөөн, амжилтаас үл хамааран хайр, ухаарал түгээж байгааг дараах зургуудаас харж болно.
Өрсөлдөгчид бие биенийхээ хөгжөөн дэмжигч болж байгааг харах нь спортын хүчийг улам гайхалтай болгодог.
Олимпыг зорьсон охид, бүсгүйчүүд бүхэн бүгд ялагч юм.
Сэтгэгдэл ( 0 )